Засгийн газар Эрдэнэтээс юу хожив, юу алдав?

“Оросуудаас 49%-аа аваад Эрдэнэт ба Монросцветмет 100% Монголынх боллоо” гэдэг мэдээ тэнгэрээс бууж ирээд шуугиан тарьлаа.

Түүхий эдийн зах зээл, уул уурхайн M&А чиглэлийн хүн биш болохоор энэ арилжааны талаар дүгнэлт хийхийн тулд олон танил монгол экспертүүдийн бодлыг сонсож үзлээ. Бүгд олон улсад нэртэй хѳрѳнгѳ оруулалтын банк, хѳрѳнгѳ оруулалтын сан, түүхий эдийн зах зээлийн арилжааны туршлагатай хүмүүс.

Засгийн газраас (Ерѳнхий сайд) хийсэн мэдэгдэлд болохоор:

“ОХУ-ын Ростех компанийн эзэмшиж байсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын хувийн компани эзэмшихээр боллоо. Монголын компани гэдэг нь Худалдаа Хѳгжлийн Банкны (ХХБ) төлөөний компани болох "Монголын Зэс"компани юм” гэсэн байгаа. Удалгүй энэхүү наймаа $500 саяар хийгдсэн гэдэг мэдээ тарсан.

Харин ХХБ-ийн CEO-ийн мэдэгдэж буйгаар бол наймаа $400 саяын дүнтэй,  ХХБ $200-г нь босгоход зөвлөхөөр ажилласан гэж буй. Mongol Copper-ийн эзнийг болохоор хэн ч танихгүй. ХХБ 2 жил энэ хэлцэл дээр ажилласан, гэхдээ Mongol Copper-ийн талаар ч, энэ наймааны талаар ч хэн ч мэдээгүй.

Тэгэхээр, Монголын хувьд түүхэн үйл явдал гэж болох энэхүү наймааны талаар ийм хэдэн асуултууд байна:

  1. Бэлнээр $400-$500 сая тѳлѳх чадвартай компани Монголд одоогоор алга. Жишээ нь, тус наймаанд оролцсон ХХБ-ийн цэвэр ашиг 2015 онд грүппээрээ $30 сая, 2016 он гараад бол алдагдалтай ажиллаж байгаа. Хэдиийгээр тус банкны баланст нь ийм хэмжээний мөнгө бий ч, нэг дор бэлнээр гаргавал банкинд тавигддаг шалгуур үзүүлэлтүүдэд сөргөөр нөлөөлөх г.м эрсдэлүүд бий. Тэгэхээр мөнгө босгосон нь үнэн болов уу. Харин аль зах зээлээс ямар аргаар мѳнгѳ босгож уг наймааг хийсэн бэ? Хөрөнгө оруулагчид нь хэн бэ?
  2. Монгол Зэс (Mongol Copper) гэж урьд нь сонсогдож байгаагүй компани. Тэгэхээр Монголын нэртэй том фирмүүдийн хийж чадахгүй наймааг хийсэн энэ шинэ компани офшорт байгуулсан, цаасан дээрх компани байх магадлал ѳндѳр байна. MongolHDTV-ийнхний мэдээлж буйгаар Blue Sky Tower-ийн 401 тоот хаяганд нь тийм компани байгаагүй. Тэгвэл Mongol Copper-ийн эзэд хэн бэ, үнэхээр хэний ч танихгүй тэр нэг залуу юу? 
  3. ХХБ наймаанд яг ямар үүрэгтэй оролцсон бэ? Гол зөвлөх нь үү, өөр гадны банкууд байсан уу? Уул нь ХХБ өөрөө 2015 оны сүүлээр бонд гаргах гээд бүтээгүй сураг дуулдаж байсан. Түүнээс хойш кредит рейтинг нь нэмэгдээгүй ч, одоо харин гэнэт өөр компанид ийм хэмжээний мөнгө босгож өгөх чадвартай болсон уу? 
  4. Нефть газийн үнийн уналт, Европын талын хоригоос болж тѳсѳв нь цѳмѳрсѳн Орос улс ашиг багатай хэрэггүй хѳрѳнгѳѳ зарах үйл ажиллаагаа явуулж байгаа. Тэр дотор нь Эрдэнэт & Монросцветмент орсон байж болох. Гэхдээ $400-$500 сая бол 1 триллион долларын хэмжээтэй, 400 тэрбум долларын тѳсѳвтэй Оросын эдийн засагт юу ч биш. Мөнгөнөөс илүү стратеги ач холбогдол нь чухал. Тэгэхээр Монголд Эрдэнэт & Монросцветметээ ѳгѳѳд, хариуд нь юу нэхсэн бэ гэдэг сонин. Ѳѳрѳѳр хэлвэл Монголын талд 500 сая ам доллараас ѳѳр зардал байгаагүй юу?
  5. Ер нь 500 сая ам доллар гэдэг тооцоог хэн гаргасан бэ? Санхүүгийн наймаа ч бас жириийн наймаа шиг 2 тал уулзаад авах зарах үнээ хэлээд дундаа тохиролцох тохиолдол их. Зарах талын аналист аль болох ѳндѳр үнэ тогтоох санхүүгийн модел ашиглана. Харин авах талын аналист бага үнэтэй байхаар загвар, параметрүүдээ сонгоно. Тэгээд хэлэлцээ хийх чадвар сайтай/хүчтэй тал нь ѳѳртѳѳ арай ашигтай үнээр наймааг хийнэ. Тэгвэл 500 саяын энэ наймаанд хүчтэй тал хэн нь байв?
  6. Хэрэв $400-500 сая доллар хямд үнэ бол 4-р асуулт руу эргээд орно. Ѳѳрѳѳр хэлвэл Эрдэнэтийг хямд авсан бол эрх баригчид унахаасаа ѳмнѳ нэг хувийн компанид тусалсан үйл ажиллаагаа юу? Зѳрүүлээд ѳѳр ямар нэг зүйлийг Орост ѳгѳх үү? Эсрэгээрээ, $400-500 сая ѳндѳр үнэ бол яагаад ийм ашиггүй үйлдэл хийв? Монголын тал 49%-аас ѳѳр ямар ашиг энэ наймаанаас олов? Магадгүй тэр нь сонгуулийн ѳмнѳх улстѳрийн оноо авах зорилго уу? Улстѳрийн оноо авах зардлаа хувийн компаниар тѳлүүлсэн нь тэр гэж үзэх үү?  
  7. Эцэст нь үнэлгээний хувьд, Эрдэнэт улсын үйлдвэр болохоор санхүүгийн мэдээллүүд нь ил биш, дотор нь ажилладаг аналист л биш бол олон нийтэд ил мэдээллэр нь ямар нэг тооцоо хийчих аргагүй. Тэгвэл Оюу Толгойн мэдээллүүдтэй жишээд нэг энгийн тооцоо хийж үзье. 2015 онд 788 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн Turquoise Hill-ийн зах зээлийн үнэлгээ Торонтогийн бирж дээр $6.3 тэрбум орчим байна. Үүний 49% нь $3 тэрбум орчим гэсэн үг. Харин Эрдэнэт (Erdenet Mining Corporation)-ийн вэб дээр жилд 530 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэдэг гэж. Энэ нь OT-ийн үйлдвэрлэлийн 67%-тай тэнцэж байна. ОТ-ийн зэсийн нѳѳц Эрдэнэтээс их, баяжмал нь ѳндѳр агууламжтай, түүнээс гадна алт мѳнгѳний нѳѳцтэй орд. Тэгэхээр Эрдэнэтийн 49%-ийн зах зээлийн үнэлгээ хамгийн сайндаа $3 тэрбумын 67% буюу $2 тэрбум орчим байх нь. Харин үнэлгээ нь хамгийн багадаа, Монросцветмет-тэй нийлүүлээд $400-$500 сая байж магадүй.

    Тэгэхээр зүгээр ийм бүдүүлэг тооцоо хийгээд үзэхээр $2 тэрбум хүрч болох компанийг $500 сая хүрэхгүй үнээр авчихсан гэхээр, гайгүй хямд авчихсан ч юм уу?

Энэ бүгдээс харахаар Mongol Copper гэдэг цаасан дээрх байх магадлалтай компани Эрдэнэтийг Монросцветметтай нийлүүлээд боломжийн үнээр авсан байж болох. Харин мөнгөө хаанаас яаж босгосон нь тодорхойгүй... 

Тэгвэл Монголын Засгийн газар энд юу алдаж, юу хожив?

  • Нэгт, Оросны талын авдаг байсан ногдол ашиг нь Монголын засгийн газарт ирэхгүй. Mongol Copper-т очно.
  • Хоёрт, 49%-ийг Орос эзэмшдэг байснаа оффшор компани эзэмшдэг болсноор Монголын засгийн газрын татварын орлого ѳсѳхгүй.

Энэ бүх асуултад наймааны нѳхцѳл, дэлгэрэнгүй мэдээлэл ил болж байж илүү тодорхой хариулт өгөх боломжтой болно.

 

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4675

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%