СЭХЭЭТНҮҮД ХАА БАЙНА...

Өнөөгийн байдлаар манай улсад Төрийн өмчийн 9 их, 7 дээд, 1 коллеж, Төрийн бус өмчийн 4 их, 54 дээд, 31 коллеж, Гадаадын их дээд сургуулийн 5 салбар, нийтдээ 110 гаруй их дээд сургууль, коллеж байна, тэдгээрт суралцаж буй оюутны тоо 150 орчим мянга. Дэлхийн бараг 40 гаруй улс оронд хэдэн арван мянган монгол оюутнууд суралцаж байна. Энэ хэдхэн жилийн хугацаанд нийтдээ 700 000 монгол залуус дотоод гадаадад их, дээд сургууль болон коллежид суралцаж төгсжээ. Бакалавр, магистр, докторуудын тоо ч арифматик прогрессоор өссөн. Хүн амд ноогдох их дээд сургууль, мөн нэг хүнд ноогдох ТВ, сониныхоо тоогоор дэлхийд манлайлав.

Хэрвээ энэ үзүүлэлтээр үнэлэх аваас монгол орон тунчиг хүчирхэг хөгжилтэй, соёлтой, оюунлаг, сэхээтэнлэг орон болно.

Гэвч бодит байдал дээр тийм бил үү? Өнөөгийн Монгол Улс маань ахуйн өндөр соёлтой, оюунлаг, сэхээтэнлэг орны тоонд орж чадах уу? Энэ үзүүлэлтээрээ дэлхийн 200 гаруй улс орнуудтай харьцуулбал альхан түвшинд нь явна вэ. Лавтай л эхний хагаст нь байхгүй юм.
.
Нэг л юм үгүйлэгдээд байна. Юу тэр вэ? СЭХЭЭТНҮҮД!... 30 жилийн өмнө дотоодын 8000 оюутантай байснаасаа бараг 20 дахин олон, эрдэмтэн докторууд нь 10 дахин олон болчихсон байхад шүү дээ.
Сэхээтэн гэж үнэлэгдэхэд зөвхөн диплом, эрдмийн зэрэг цол төдий хангалттай биш аж.

Хуучин цагийн сэхээтнүүдийг жинхнээс нь сэхээтэн болгож байсан тэр зүйл бол улс орны хөгжил дэвшил, үндэстнийхээ өв соёл, оюун сэтгэлгээ, хөгжил дэвшлийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа гүн гүнзгий мэдэрсэн ухамсар, эх оронч үзэл санаа юм

Харин өнөөгийн энэ олон дипломтонгуудын үнэмлэхүй олонхийн цээжнээс энэ бүхнийг хичнээн эрж хайгаад ч олохгүй гэдэгт  л асуудлын мөн чанар нь байна.
Өнөөгийн Монгол орны нүүр царай болсон сэхээтнүүд СЭХЭЭТЭН шиг байж чадахгүй байна.

Хэдий их дээд сургуульд олон жил сурч, боловсорсон, янз бүрийн алт, мөнгөн медаль, улаан  диплом авч , ромбо зүүн, эрдэмийн зэрэг цол авсан ч харамсалтай нь тэдний цээжинд хувиа бодохоос өөр ямар ч үзэл санаа алга.

Үзэл санаагүй нийгэм өөрөө аяндаа өмхөрдөг бол эх оронч үзэл санаагүй хувь хүн хар аяндаа өтөл бэртэгчин болж дуусдаг юм байна. Хичнээн сайхан мэргэжлийн ур чадвартай байгаад ч улс орон, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага гэдэг зүйлийг үл тоодог бол, эх оронч үзэл санаа байхгүй бол тэр мэргэжлийнх нь ур чадвар тийм их хүртээлтэй байж чадах уу... Зарим тохиолдолд тэр ур чадвар харин ч авилга, луйврийн хүчирхэг зэвсэг болох нь олонтаа байна. Хувиа бодсон, аймхай, бэртэгчин ийм давхрааг яавч сэхээтний давхарга гэж хэлэхгүй. Диплом, зэрэг цолны гол болсон хүмүүсийг сэхээтэн гэж тооцохгүй. Үндэсний гэх бахархалгүй, өөрийн гэх оюун сэтгэлгээний хэлтэрхий ч үгүй тийм хүмүүс их олон байна.

Сэхээтнүүдэд байдаг нийтлэг хэв шинж болох зарчимч, оюунлаг төлөв байдал хаа сайгүй ихээр үгүйлэгдэж байна.


- Тэд зальхай улс төрчид хуйвалдан хууль гаргаж, баялгийг нь цөлмөж байхад дуугүй л байна.
- Тэд эрх мэдэлтэн дураараа дургиж, эд хөрөнгөтөн хуулийг уландаа гишгэж байхад дуугүй л байна.
- Тэд улаан хийрхэгчид, популистууд улс орных нь хувь заяагаар эзэнгүй мэт даажигнан тоглож байхад дуугүй л байна.
- Тэд нийгэмд бурангуй соёл газар авч, бусчир явдал дэлгэрч байхад дуугүй л байна.
- Тэд олон даяараа мухар сүсэгт автаж, хуурамч бөөд шуулуулж, зальжин ламд амь амьдралаа даатгаж, хөёөгөө цуглуулагч оготно мэт гүйлдэцгээж явахад дуугүй л байна.
- Тэд мэдлэг, оюун, ойлголтын хүрээнд мэтгэлцэж, ойлголцох нь сөөмхөн, тэрсэлдэж үгүйсгэлцэх нь тэнгэр шиг болжээ.

 

Тийм ч учраас нийгмийн оюун санааг мухар сүсэг эзэлхийлж, овжин зальтнууд олны оройд заларч байна. Монголын оюун санааны ертөнц дэх сэхээтний орон зайг сайн дурынхан нөхөж, хөөрүү эх орончид эзлэн түрэмгийлж байна.

Бүхэл бүтэн үндэстний оюун санаа Орифлаймын Оюунгэрэлд ойж буутлаа дэлсүүлж, Сарандаваад санаа алдатлаа савуулж, Арго багшид алга хавсран залбирч байна..

Харийн соёлд хүүхэд залуусаа алдаж, ийн алдах хэрээр өөрийн юм үнэгүйдэж, үндэсний бүхэн он цагийн тоосонд дарагдаж байна. Харийн үзэл санааны дөрөөр төр улсаа дөрлүүлж, ийн дөрлүүлэх хэрээр хөгжил маань хөөс болон замхарч байна. Нийгмийн ёсзүй гүнзгий шоконд орсон сэхээний өвчтөн шиг байна. Эмгэнэл биш гэж үү?

Хүүхэд залуусынхаа сэтгэл зүрхэнд үндэс язгуураа мэдэрсэн эх оронч, тэргүүлэгч үзэл санааг суулгаж, тэднийг үндэсний эрхэм сэхээтэн болгодог тийм тогтолцоо маань нэг л мэдэхэд алга болчихож...

Ингэхэд улс орныг хөгжүүлдэг хамгийн хүчирхэг зэвсэг бол ямар ч их хөрөнгө оруулалтаас илүү эх оронч үзэл санаа байдаг. Тийм хүчирхэг зэвсэг байдаг гэдгийг нийгэм нийтээрээ бүр таг мартлаа... Зөвхөн хөрөнгө мөнгө, эдийн засаг, арга сүйхээ ярьдаг болж... Залуус маань ч хэрхэн яаж, ямар аргаар сүйхээ самбаа гарган улс төрч болох вэ, эсвэл яаж их мөнгөтэй болох вэ гэсэн аар саархан зүйлд эрч хүчээ сорихоос бус ухаарч, сэхээрч, ойлгож, танин мэдэх гэж тэмүүлэх нь хомс байна.


avatar
    • Зочин
    • 103.229.122.*

    Нэгийг бодогдуулсан, маш зөв зүйтэй асуудал хөндөсөн нийтлэл байна. Олон хүнд түгээх юмсан даа.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4670

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%