Нийтлэл 10 сарын 19, 2016

МСS-д Тавантолгой яагаад тийм чухал вэ?

Өнгөрсөн оны хоёрдугаар сараас эхлээд хэдэн сарын турш Тавантолгой ба төмөрзамын тендер тойрсон түмэн хэрүүл дэгдсэнийг санаж байгаа байх. Учиртай таван хүн учиргүй их зодолдож байх зуур зарим нь танктай кино зохиол бичиж, зарим нь таван тоог дөрвөн аргын үйлдлээр цэнхэр дэлгэцнээ нэмж хасч, зарим нь бээнц ба эмээ бандаашаа(энэ ч хөөрхий фотошоп бололтой байсан) барин учирлахад хүрч байсан билээ. Анхнаасаа Пийбоди Энержи нарын бусад тендерт оролцогчдын өргөдлийг буцааж, Шинхуа Сүмитомо MCS нарын консорициумын материалыг хүлээж авсан сонин эхлэлтэй тус тендерийн маргаан сунжирсаар юу болж дууссан нь мэдэгдэхгүй замхарсан. Гэхдээ хэрэг явдал хэрхэн дууссаныг MCS, Петровис компанийн хөрөнгө оруулалттай Mongolian Mining Corporation компанийн төлбөрийн чадварыг шүүх хуралд бэлдсэн  материалуудаас харж болохоор байх шиг байна.

Тус компанийн төлбөрийн чадвар, оршин тогтнох эсэхийг шийдэх Кэйман Арлын шүүх дээрх хоёр дахь удаагийн сонсгол энэ сарын 27-нд төлөвлөгдөж байгаа талаар энд мэдээлэл хүргэсэн:

Mongolian Mining Corporation одоо яах вэ? PROVISIONAL LIQUIDATION гэж юу вэ?

Дээрх тэмдэглэлд тайлбарласанчлан provisional liquidation хариуцсан төлөөлөгчид компанийн өр төлбөрийг хэрхэн дахин зохион байгуулах, зээлдэгчидтэй харилцан тохиролцоонд хүрсэн эсэх зэргийг судалж шүүхэд мэдүүлэх үүрэгтэй. Төлөөлөгчдийн гаргасан хоёр дахь удаагийн сонсголын материалд  Тавантолгойн ордын талаар компанийн цаашдын үйл ажиллагаа, төлбөрийн чадварт чухал нөлөөтэй төсөл гэж бичиж танилцуулаад, ашиг орлогын тооцоо хүртэл хийжээ.  Эхний удаагийн материалд “Монголын засгийн газартай 2016 оны 8 сарын 18, 19-нд ярилцаж үзэхэд ТТ төслийг хэрэгжүүлэх хүсэлтэй хэвээр, ММС-гийн оролцоог дэмжинэ гэдгээ илэрхийлсэн” гэж тайлагнасан байгаа нь сонирхолтой. (Эхний репортыг эндээс http://www.mmc.mn/uploads/First%20JPLs%20report.pdf , хоёр дахь тайланг эндээс http://www.mongolianmining.ky/downloads/MMC-JPLs-Second-Report.pdf  татаж авна уу)

 

Хэсэгчлэн орчуулбал:

“Анхны тайланд танилцуулсанчлан ТТ орд ба Төмөрзамын төсөл нь Групп(ММС)-д тулгараад буй санхүүгийн асуудалд бүтцийн шийдэл болгох зорилготой. Нэн ялангуяа ТТ төслөөр дамжуулан Группын операцын хэмжээг гурав дахин нэмэгдүүлснээр “хэмжээний эдийн засаг”-ийн томхон өөрчлөлт гарч,  үйлдвэрлэлийн сул хүчин чадлаа ашиглах, зах зээл дэх сайн чанарын нүүрсний борлуулалтаа нэмэгдүүлэх, улмаар орлогоо нэмэгдүүлэх боломж олгохоор байна.   Уг төслийн ач холбогдлыг үнэлж, төлөөлөгчдийн багийн зүгээс төслийг дэмжих байдлаар боломжит байдлын урдчилсан анализыг хийж гүйцэтгэсэн. Гэхдээ эхний тайланд дурдсанчлан тодорхойгүй бус зүйлс, хэрэгжүүлэхэд гарах эрсдлүүд байсаар байгаа тул яг бодит хөрөнгө оруулалтын шаардлага, хөрөнгийн бүтэц талуудын хэлэлцээрээс хамааралтай хэвээр байна.”

гэж дурджээ.

Дээрх тайланг үзвэл энэ сарын 27-нд болох шүүхийн сонсгол дээр ММС Тавантолгойн ордыг авна, түүндээ Монголын Засгийн газартай ярилцаж дэмжлэг авсан гэсэн үндэслэлтэй материал сонсгох төлөвтэй байна.  Шүүхийн сонсгол болтол хэдхэн хоног үлдсэнийг бодвол АН шиг тэнэг юм шиг хоёр хуваагдаад орон даяар медиагаар байлдаагүй болохоос аль хэдийнээ хийдгээ хийсэн байж магадгүй юм. Саяхан хуучин консорциумын хоёр гишүүн болох “Энержи Ресурс” ба “Сүмитомо” коксжих нүүрс нийлүүлэх санамж бичиг гарын үсэг зурсан. Хэрвээ Тавантолгойг харьяандаа авах бол эцэг өвгөдөөс өвлүүлсэн их баялгаа өрөнд тавиад туучилгүй өөрсдөө ч хөл дээрээ босч, Монголдоо ч хөрөнгө авчрах болтугай. ММС, Энержи Ресурс, Энержи Ресурс корпорац нийлээд одоогийн байдлаар 981 сая ам доллар буюу 2,3 их наяд төгрөгийн өртэй. 6 сарын байдлаар 1 тэрбум 33 сая доллар байсных нь ЕBRD-гээс зээлсэн 52 сая долларын дүнг мөн  Сайханбилэг, Болор нарын засаг Монголын ЗГ-ын баталгааны бичгээр хааж өгчээ.  Төмөрзамын нөхөн төлбөрт гэж байгаа ч төрөөс 52 сая долларын төлбөр төлсөн төмөрзам ба Цанхийн ордууд ямар нөхцлөөр гэрээлэгдэх болоод MМС-ийн ирээдүйн орлогын тооцоонд багтсан нь одоогоор Монголд мэдээлэгдээгүй байна.

 

arrow icon