Нийтлэл 01 сарын 22, 2017

Монголчуудын сүмог хаанчилсан түүх хэрхэн эхэлсэн бэ?

Японы хүн ам 127 сая орчим. Үндэсний спорт нь 1500 жилийн түүхтэй сүмо. Мэргэжлийн сүмод энэ сарын байдлаар 12 орны нийт 629 бөх хүч сорьж байна. Тэднээс 23 нь монгол хүү. Гурав нь Ёкозүна. Нэг нь сүмогийн түүхэнд урд хожид үзэгдэж байгаагүй олон олон амжилтыг гаргасан, өдийг болтол хэний ч яваагүй замаар өөрийн мөрөө гаргаж яваа Хэйсэй эриний их Ёкозүна.

Монгол хөвгүүн японы сүмод амжилттай барилдах нь наанадаж хувь хүний амьдрал ахуй, цаанадаж хоёр орны харилцаанд туйлын ач холбогдолтой. Тухайлбал, монгол гэдэг нэрийг сүмогоос өөр зүйлээр, жишээлбэл, телевизийн зар сурталчилгаагаар дамжуулж япончуудад ингэтэл нь танил дотно болгоё гэвэл лав асар их хөрөнгө мөнгө орох байсан биз. Тэгвэл монголчуудын сүмогийн түүх яаж эхэлсэн юм бол? Хэн гэдэг хүнийн толгойд ”за, энэ монгол хүүхдүүдийг японд аваачиж барилдуулъя” гэдэг санаа анх орж ирсэн юм бол?

Монгол хөвгүүд мэргэжлийн сүмод орохоор японд анх хөл тавьсан нь одоогоос яг 25 жилийн өмнө. 1992 оны 2 сарын 22-нд ”анхны зургаа” маань японд бууж байж. Хүнд хэцүү бэлтгэл, соёлын ялгаа зэрэг бэрхшээлээс шалтгаалаад гурав нь удалгүй нутаг буцсан ч, Б.Энхбат, Н.Цэвэгням, Д.Батбаяр гурав үргэлжлүүлэн барилдаж ”монгол сүмочдын замнал”-ыг маш амжилттайгаар эхлүүлсэн гэдгийг бид сайн мэднэ.

Харин хэн бүхний сайн мэдэхгүй нэг чухал үйл явдал үүнээс яг 10 жилийн өмнө болжээ. 1982 оны 5 сарын 19-ний өдөр. Монгол, Япон хоёр улс хоёр өөр дэглэмд харьяалагдан, жирийн иргэд төдийлөн чөлөөтэй ирж очиж чаддаггүй байсан энэ үед Токиогийн сүмогийн ордонд хоёр монгол хүн барилдаан үзэж суусан нь тухайн үеийн МАХН-ын Төв Хорооны Гадаад Харилцааны хэлтсийн эрхлэгч Ц.Балхаажав, элчин сайдын яамны ажилтан С.Хүрэлбаатар нар байв. Ц.Балхаажав гуай цөмийн зэвсгийн эсрэг олон улсын зөвлөгөөнд оролцохоор Токиод очоод байсан бөгөөд орчуулагчийг нь хийж байсан Ц.Хүрэлбаатар гуайн хамт хурлынхаа завсар чөлөөгөөр японы соёл уламжлалтай танилцаж явсан нь тэр аж.

1982 он (зүүн гар талаас Ц.Балхаажав, Чиёнофүжи, С.Хүрэлбаатар, Т.Янагисава)

”...Япон Монголын найрамдлын сайн дурын нийгэмлэгийн тэргүүн Т.Янагисава гуай надад анхаарал тавин хандаж... сүмо бөхийн барилдааныг үзүүлэв. Сүмо бөх үзэх үед жаахан зайд япон хүн шиг удтал сөхрөн сууж чадахгүй, хөлөө чөлөөтэй жийх газар байхгүй яггүй зүдэрч билээ.” (Ц.Балхаажав гуайн тэмдэглэлээс)

Япон ч гэсэн монголтой нэгэн адил үндэсний бөхтэй, тэр нь их сонирхолтой барилдаантай гэдгийг өөрийн нүдээр үзэж, олзуурхсан Ц.Балхаажав гуай завсарлагаанаар тухайн үед ид байсан Чиёнофүжи аваргатай хамт зургаа авахуулаад ч амжиж гэнэ. Ингээд орой нь японы парламентын гишүүн Үэда Такүми зэрэг япон хүмүүстэй хамт хоолонд оржээ. Энэ үеэр монголын тал ”монгол хүн сүмогоор сайн барилдаж чадна даа, энд ер нь ирж барилдаж болох болов уу” гэсэнд Үэда гишүүн ”хэрэгжүүлж болох сайхан санаа байна” хэмээж, хоёр тал энэ санааг ажил хэрэг болгохоор гар барин тохиролцжээ.

Ц.Балхаажав гуай монголд буцаж ирээд намын нөхөд зэрэгтээ энэ талаар ярьж танилцуулж байсан ба Т.Үэда гишүүн бараг жил болгон монголыг зорин ирж хөөцөлдөж байсан байна. Ингээд уг асуудал яван явсаар Монгол улс ардчилалын замд орсны дараа сая нэг биелэлээ олж, 1992 онд анхны зургаа маань японыг зорьжээ. Дашрамд дурьдахад, 92 оны өвөл Үэда гуай Оошима дэвжээний Оошима багшийг дагуулж ирэн 160-аад монгол хүүхдийг барилдуулж зургааг нь сонгож авсан бөгөөд тухайн үед М.Даваажаргал аваргын аав Ж.Мөнхбат аварга хүүхдүүдийг цуглуулж, барилдааныг зохион байгуулж байжээ.

1992 он (анхны зургаа Оошима багшийн хамт)

Уг түүхийг доктор, профессор, хүн судлаач, өдгөө 89 нас сүүдэр зооглож байгаа Ц.Балхаажав гуайгаас өөрөөс нь, мөн Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд С.Хүрэлбаатараас биечлэн сонссон бөгөөд Ц.Балхаажав гуайгаас ”Та тэр үед яагаад монголчуудыг японд барилдуулъя гэж бодсон юм бэ” гэж асуухад ”Жирийн иргэд нь ойртон нөхөрлөж байж л хоёр орны харилцан өргөжин батжина. Тухайн үед тэгтлээ гүнзгий бодолгүй энэ үйл явдлыг эхлүүлсэн ч одоо ингээд хоёр орон маань найрсаг сайхан харьцаатай, монгол залуус маань амжилттай сайхан барилдаад явж байхыг хараад бахархах сэтгэл төрдөг” гэж байсан юм.

О.Хонгорзул

Сэтгэгдэл бичих

    • Ch.enhee
    • 2017-01-23

    Mongol zaluus qelhiiqd baharhaltai

    • Зочин
    • 2017-01-23

    4 ёкозуна төрсөн гэж болоогүй юм уу

arrow icon