Юун нусгай жаалуудын амь нас, шүүх мүүх, наана чинь ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байхад

М.Энхболдыг Ерөнхий сайдын суудлаас татгалзаж, УИХ-ын дарга болох тэр үед Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас өрсөлдөх нь гэж хэвлэлүүд таамаглаж, хариуцлагаас бултлаа гэж намын нөхөр Ө.Энхтүвшин зэмлэж байсан нь үнэн бололтой. 

Хар хүйтэнд морь унуулж болохгүй, тэдэнд ширүүднэ гээд жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хүүхдээр хурдан морь унуулахыг хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/36 тушаалаар хориглосон аж.

Гэвч мэргэжлийн засгийн газрын гишүүн Дүнжингаравын уралдааны “ногоон гэрэл”-ийг автоматаар тохируулав. Мэргэжлийн Засгийн газрын 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн өдрийн 63 дугаартай тогтоолоор Дүнжингарав уралдааныг 03 дугаар сарын 05-ны өдөр болно хэмээн ерөнхий сайд Ж.Эрдэнэбат улс даяар товлон гарлав.

Гай газар дороос, гахай модон дотроос гэхчээр хэсэг ТББ байгууллагаас 03 дугаар сарын 05-ны өдрийн уралдааны тов хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийг зөрчиж байна, хүчингүй болгож өгнө үү гэж захиргааны хэргийн шүүхэд хандав. Уралдаан юу юугүй болох гээд байсан, уралдаан болчих л юм бол шүүхэд хандсаны хэрэг гарахгүй, хүүхэд хохирох гээд байсан тул захиргааны процесийн хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу шүүхийн эцсийн шийд гартал уралдааныг зохион байгуулахыг зогсоох тухай 128/Ш32017/1643 дугаартай захирамжийг шүүх 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдөр гаргаж орхив. Нөгөө талаас шүүгч нэхэмжлэгч нарын хүсэлтийг хангалгүй,Хамгийн том чулууг хамгийн олон удаа хүүхдээрээ морь унуулж олсон мөнгөөр нь архи уудаг эцэг, эхчүүд, за тэгээд уяачид, феодалууд, бусдууд гээд өөр өөрийн атгаг санаагаар нүүр нүдгүй “чулуудах” байлгүй дээ.

Зохион байгуулагч ац бодолд автав. Шүүгчийн захирамжийг дагаж уралдааныг зогсоовол хууль дээдлэгч, шүүхийг хүндлэгч болох ч хамгийн ноцтой нь феодалуудынхаа дургүйг хүргэнэ. Уяач, феодалууд гэдэг чинь хүний, өөрийгүй, монголын өнцөг булан бүрт байдаг, дийлэнхдээ ходоодныхоо асуудлыг шийдчихсэн хоббигоо, бас бизнесээ болгочихсон, ойр орчмыхондоо нөлөөтэй, чөмөгтэй этгээдүүд бий. Тэдний хувьд өнөө маргаашгүй уралдаан болох гээд “зэрэг нэмэхийн өмнө” киноны ноён (нээрээ ноёны нэрийг нь хэн гэдэг юм бол, маш олон хүний төлөөлөл болохоор нэр өгөлгүй ноён гэдэг үгийг оноосон юм байлгүй дээ) шиг Богд хаанд мандал өргөж байгаагаар төсөөлж байгаад отго, жинсээ нохойд алдаад ямар юмных нь бэйл, бэйс, гүн мүн мантай юм болвол яана. Шүүхийн захирамж, хуулийг дагавал тэднийгээ хилэгнүүлэн бурхан тахил руугаа нуруугаа харуулахтай адил мунхаглал болж ерөнхийлөгчийн сонгуулиар амаараа шороо үмхэх нь дамжиггүй хэмээгээд нүд анин чичрэв.

Энэ бүхнийг залруулах хуулийн үндэслэлтэй тайлбар, бас бууны нохой хэрэгтэй, хэн бэ, аан тийм-дэд сайд Б.Энхбаяр. Мань эр хэцүү даалгавараа биелүүлэх болж бодож бодож 03 сарын 04-ний өдрийн жиргээн дээрээ захиргааны шүүх үндсэн хуулийн цэцийн урдуур орж том толгойллоо гээд авчихав. . Хавийн хуульч, судлаачдын эгдүүг хүргэж Б.Энхбаярыг дүэлд дуудав. Мэргэжлийн засгийн газрын хуулийн дэд сайд, түшээ Б.Энхбаярын яриад байгаа цэцийн дүгнэлт нь урьд оны 02 дугаар сарын 04-нд улсын их хурлаар хүчингүй болсон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 4 дүгээр зүйлд өгсөн дүгнэлт бөгөөд шүүх хуулынхаа дагуу шинэчилэн найруулсан 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж хэрэгжсэн захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг хэрэглэсэн. Энэ хуулиар засгийн газрыг захиргааны шүүх хянаж болохгүй гэж үзэж байгаа бол дахиад цэцэд хандах ёстой гэдгийг хуулийн сургуулийн 70000-г авах болзол хангадаггүй оюутан ч хэлнэ.

Нээрээ бэртсэн хүүхэд, түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нар юм яриагүй байхад юун төрийн бус байгууллагууд хүүхдүүдийн асуудлаар шүүхэд ханддаг билээ. Б.Энхбаярын ад үзээд байгаа, Засгийн Газрыг хянаад байгаа хуулийн 18 дугаар зүйлд сүүлийн гурван жил тогтвортой ажилласан, хүүхдийн эрхийг хамгаалдаг төрийн бус байгууллага нийтийн эрх ашгийн үүднээс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар хуульчилсан юм. Ахилийн өсгийдөө харвуулсан төр хоёрын том зодоон ийнхүү эхэлж, төр өөрийг нь хянах гэсэн хуулийг нүдэнд орсон хог мэт үзэж, дэд сайд нь мэдэгдэл хийж жиргэв. Засгийн газрыг хянах ажлыг Үндсэн хуулийн манаач Цэцэд тушаавал засгийн газар айдгаа авдрандаа хийлээ гэсэн үг гэдгийг Б.Энхбаяр хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Учир нь “шүдгүй арслан” амьд яваа насандаа засгийн газар хүний үндсэн эрхийг зөрчлөө гэсэн нэг ч маргааныг шийдэж байгаагүй, бүгдэнг нь ширээн доогуураа хийсэн ба цэцийн дээр үндсэн хууль, хүний эрх бус харин хөх тэнгэр, нам байгаа энэ цэвүүн цагт энэ хувилбар нь тэдэнд дэндүү ашигтай. Ямартаа л цэцийн энэ хямралыг засах гээд сэтгэл гутарсан үндсэн хууль судлаач, доктор, профессор, багш нэгэн захиргааны шүүхийн шинэлэг, шийдэмгий, хүнлэг, эрх зүйт ёсны удаа дараагийн шийдвэрүүдэд сэтгэл алдарч, захиргааны эрх зүй рүү урвая гэж байхав.

Хүйтэнд хүүхдээр морь унуулж уралдуулж болохгүй гэдэг шүүх хурал одоо болно, шүүх нэхэмжлэлийг шийдэх ёстой. Гэхдээ уралдаан аль хэдийн болчихсон, мөнгө төгрөг, бооцооны ажил дууссан, унаач хүүхдийн эцэг, эхчүүд хүүхдийнхээ. Фемида бурханы нүдээ боосон нь харахгүй байгааг нь далимдуулж доромжил гэсэн утгатай бус харин хөрөнгө мөнгөтэй, эрх мэдэлтэй, төрийн эрх барьж байгаа, ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа эсэхээс үл хамаарч хараат бусаар шударга ёс, хууль, дотоод итгэл үнэмшил, эрх зүйн ухамсарыг удирдлага болгож дэнслээд сэлмээрээ таслана гэсэн утгатай билээ.

Эцэст нь шүүхэд хандсан төрийн бус байгууллагын хуульч нартай санал солилцоход хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан үндэслэлээр шүүхэд хүсэлт гаргаж засгийн газарт хариуцлага ногдуулах (), нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн болж өнгөрсөн уралдааныг хууль бус болохыг тогтоолгож, үр дүнг цуцлах, бэртсэн, гэмтсэн бүх хүүхдүүдэд учирсан хохирол, зардлыг захиргааны хэргийн хариуцагч засгийн газраас гаргуулах, хууль зөрчиж шийдвэр гаргасан, уралдаан зохион байгуулсан, ёс зүйн зөрчил гаргасан үндэслэлээр ерөнхий сайд, улсын их хурлын даргад хариуцлага хүлээлгэх хууль зүйн боломжууд байна.

Интернет, хэвлэл мэдээллийн хэрэгсэл огт байгаагүй өмнөх цаг үед сайн, муу эрх мэдэлтнүүдийн бодлого, шийдвэр, үйлдлийн талаар ямар нэг байдлаар баримт олдож одоо бид тэднийг судалж, хэн нь хэн байсныг шүүж байгаатай адил нээлттэй болсон энэ цаг үед үлэмж их мэдээлэл дунд өнөөгийн эрх баригчдыг илүү их дэнсэлж, шийдвэр, үйлдлүүд нь гадаад, дотоодын судалгааны эргэлтэд орж, түүхийн өмнө, хойч үеийн өмнө шүүн хэлэлцэгдэх болно гэдгийг ойлгодог болов уу!?

 

Хуульч Р.Мөнхзул


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4977

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%