Нийтлэл 04 сарын 05, 2017

УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫН ХАВРЫН ЧУУЛГАНЫ НЭЭЛТ ДЭЭР ХЭЛСЭН ҮГ

Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганыг нээж Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын хэлсэн үгээс эшлэн хүргэж байна.

Засгийн газрын өрийн асуудлаар:

Сүүлийн жилүүдэд замбараагүй зээлж, бодлогогүй зарцуулсны уршиг, өрийн дарамт байсаар байна. Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээрх үлдэгдэл 18.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 76.9 хувьд хүрч,зээлийн хүүгийн зардалд 2017 оны төсвийн жилийн батлагдсан зардлын 16 хувийг буюу 1.3 их наяд төгрөг төлөхөөр болоод байна.

ОУВС-гийн хөтөлбөр, төсвийн тодотголын талаар:

ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” санхүүгийн салбарын засаглал, хяналт шалгалтыг сайжруулах шинэчлэлийг хийхэд бидэнд тусална. Мөн урьд нь гарсан алдаа дутагдал юунд байсныг ч тодруулж өгнө. 

ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хэд хэдэн асуудлыг энэхүү чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Юуны түрүүнд Монгол Улсын 2017 оны төсөвт тодотгол хийх шаардлагатай.

Төсвийн тодотголтой хамт зарим төрлийн татварыг үе шаттай нэмэх, тэтгэврийн насыг уртасгах зэрэг асуудлыг хэлэлцэх болно. Ингэхдээ олонх цөөнх гэж хуваагдалгүй, оноо очков авах гэлгүйгээр, иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөө багатайгаар шийдэх чиглэлийг баримтлах нь зүйтэй.

"Чалко"-гийн өр, Тавантолгойн ордын талаар:      

Монгол Улс “Чалько”-д тавьсан өрөө төлж дууслаа. Засгийн газраас зөв менежмент хэрэгжүүлснээр үлдээд байсан өрийг богино хугацаанд барагдуулж чадлаа. Одоо Тавантолгойн нүүрснээс олох орлого бүтнээрээ Монгол Улсын төсөвт орж, баялгийн үр шим монголчууддаа бүрэн зориулагдах болно.

Төмөр зам, авто замын бодлогын талаар:

Царигийн хэмжээ, цацсан хөрөнгө тойрсон ярианаас цаашгүй байгаа төмөр замын талаар оновчтой шийдвэр, бодит үр дүн гаргах цаг болсон. Энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” УИХ-ын тогтоол энэ ажлыг зөв замд нь нэг мөр чиглүүлэх гол хөшүүрэг болох учиртай.

Энэ онд 1200 гаруй км төмөр зам барих төслийн ажлыг эхлүүлж, 1400 гаруй км хатуу хучилттай зам, 640 уртааш метр төмөр бетон гүүрийн төсөл үргэлжлэн хэрэгжих ёстой.

Төрийн албаны тухай хуулийн талаар:

Энэ хаврын чуулганаар Төрийн албаны тухай хуулийг шинэчлэхээр төлөвлөж байгаа. Төрийн албанд ажлын үр дүнгээр албан тушаал дэвшүүлэх, бууруулах, цалин хөлс, урамшуулал олгох, эсхүл хариуцлага ногдуулах асуудлыг шийдвэрлэдэг тогтолцоог хуульчилна. Төрийн албаны төв байгууллагын хараат бус, бие даасан байдлыг баталгаажуулах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөнд олон нийтийн зүгээс хяналт тавьж оролцох эрх зүйн орчныг бүрдүүлэх зарчмыг мөн баримтална.

Авилгатай тэмцэх хөтөлбөрийн талаар:

Энэ УИХ Авлигатай тэмцэх хөтөлбөрийг намрын чуулганаараа хэлэлцэн баталж, төлөвлөгөө, зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх үүргийг Засгийн газар, Авлигатай тэмцэх газарт хүлээлгэснээс хойш 5 сар гаруйн хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд авлигатай тэмцэх чиглэлд бодитой, далайцтай ямар ажил зохион байгуулав, үр дүн нь юу болов гэдгийг хармаар байна. Тиймээс хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг гаргуулж, үнэлэлт дүгнэлт өгөх ажлыг зохион байгуулахыг Хууль зүйн байнгын хороонд даалгаж байна.

Оффшорын асуудлын талаар:

Оффшор гэдэг үг уулзалт хийсэн газар бүхэнд иргэдийн амнаас гарч, шүүмжлэн хэлэлцэж байна. Тиймээс “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьчилан сэргийлэх тухай” хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хойшлуулалгүй шийдвэрлэх ёстой. Миний хувьд төрийн алба хашиж буй хүн оффшор бүсэд данстай байж огт болохгүй гэсэн хатуу байр суурьтай байгаагаа хэлье.

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн талаар:

УИХ-ын энэ удаагийн хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд иргэд сонгогчид, улс төрийн намууд шударга ёс, үндэсний эв нэгдэл, улс орны эрх ашгийг эрхэмлэн оролцдог уламжлалтай. Энэ уламжлал хадгалагдаж, Сонгуулийн ерөнхий хороо, бүх шатны сонгуулийн байгууллага сонгуулийг хуулийн дагуу зохион байгуулна гэдэгт итгэж байна.

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon