Нийтлэл 05 сарын 09, 2017

ЯЛАЛТЫН ПАРАД

Хойд хөрш ОХУ маань Аугаа Эх орны дайнд зөвлөлтийн улаан арми фашист германыг ялсаны 72 жилийн баярыг ёслол төгөлдөр тэмдэглэхэд бэлэн болжээ. Олон сая цэрэг эрс, ард иргэдийнхээ алтан амь, халуун цус, бүлээн нулимсаар олж авсан уг ялалт бол орос орон болоод зарим нэг улс орнуудын хувьд тун ч үнэ цэнэтэй зүйл юм. Тийм ч учраас оросууд ялалтын парадад тогтмол өндөр ач холбогдол өгч нэлээд эртнээс ул суурьтай бэлддэг. Тухайлбал ялалтын парадын хамгийн эхэнд алхдаг ОХУ-ын Ерөнхий цэргийн академийн "хайрцаг" буюу офицеруудын жагсаалыг аль өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн 8 сарын туршид бэлддэг юм. 

Ер нь аль ч улсын цэргийн парад гэдэг нь тухайн улс орны цэрэг, зэвсгийн хүчин чадал, сүр хүчийг дэлхий дахинд гайхуулан харуулдаг учраас олон улсын түвшинд, мөн дотооддоо тун ач холбогдолтой арга хэмжээ болдог билээ. Цэргийн парадын үеэр хамгийн сүүлийн үеийн зэвсэг, танк, онгоц, нисдэг тэрэг, техникийг харах боломж олдохоос гадна дайны үеийн амьдрал, орчин үеийн оросын цэргийн хөгжил, төрөл бүрийн цэргийн үзэсгэлэн, маш өндөр шатны агаарын шоуг үзэх ховор боломж олддог. 

Зөвхөн ТВ-ээр л харах боломжтой дэлхийд гайхагдаж буй хамгийн сүүлийн үеийн танк, хуягт тээвэрлэгчийг гараараа барьж үзэх, толгой дээгүүр нисэн өнгөрөх янз бүрийн онгоц, нисдэг тэргийг ойроос харж, хөдөлгүүрийн дуу чимээг нь амьдаар нь сонсох нь үнэхээр гүнзгий сэтгэгдэл үлдээж байсан. 
Ингээд та бүхэндээ хоёр жилийн өмнө Москва хотод цэргийн академид суралцаж байх үедээ ялалтын парад үзэхээр ирэх хүмүүст зориулан бичсэн бяцхан зөвөлгөөг дахин хуваалцаж байна. Таван толгой дахь цэргийн ангид ажил үнэхээр ихтэй, супер ачаалалтай ажиллаж байсан учраас цаг хугацааны хувьд оройтуулсан байж магадгүй тул та бүхнээс хүлцэл өчье. Мөн энэ зөвлөгөөнд дурьдагдаж буй мөнгөний ханш одоо өөрчлөгдсөн гэдгийг сануулья.

ЯЛАЛТЫН БАЯР ҮЗЭХЭЭР МОСКВА ХОТОД ИРЭХ ГЭЖ БУЙ ХҮМҮҮСТ ӨГӨХ БЯЦХАН ЗӨВЛӨГӨӨ

Сар гаруй хугацааны дараа ОХУ-ын нийслэл Москва хотод болох ялалтын парадыг үзэхээр (эсвэл зүгээр аялалаар ирж буй хүмүүс) төлөвлөж буй хүмүүст амласан ёсоор бяцхан зөвлөгөөг хүргэж байна. Хамгийн түрүүнд бичиг баримтын талаар албан ёсны байгууллагаас нь сайтар лавлаж асуух, хэзээ, ямар хүмүүстэй хамт явах, ямар тээврийн хэрэгсэл сонгох, мөнгө санхүүгээ хэрхэн зохицуулах талаар сайтар төлөвлөж, бодож байж ирэх хэрэгтэй. Москва бол Бээжин биш гэдгийг сайн санах хэрэгтэй. Ямарч байсан замдаа гарчихъя, очоод болох байлгүй гэсэн байдлаар асуудалд хандаж огт болохгүй. Яагаад гэвэл Москва бол дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотуудын нэг, мөн орчин үеийн оросуудыг ойлгоход хүндрэлтэй болсон цаг гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа гэж найдаж байна. Ялангуяа цагдаа, гааль, хуулийн байгууллагад ажиллаж байгаа оросуудтай хэл амаа ололцоход тун амаргүй. Оросын хууль чанга, гэмт хэрэг их гардаг учир цагдаа нар нь дурын хүнийг шууд зогсоогоод бичиг баримтыг нь шалгах, бичиг баримтын зөрчилтэй бол хаяг тогтоох газартаа аваачиж шалгах эрхтэй байдаг юм. Мөн монголоос ирж буй хүмүүст хөтөч хийдэг Москвад сурдаг оюутан залуус байдаг юм билээ. Тэдэнтэй “Facebook” дээр буй “Москвагийн оюутнуудын групп” гэсэн хаягаар холбогдож болно. 
Виза, бүртгэл, бичиг баримтын хувьд: ОХУ-Монголын хооронд 30 хоногийн хугацаанд “виза”-гүй болоод удаагүй байна. Харин та ОХУ-ын нутаг дэвсгэр дээр явахдаа гадаад паспортаа биедээ үргэлж авч явах ёстой. Гэвч юмыг яаж мэдэхэв, гадаад паспортаа канондож аваад цаасан хуулбараа өөр газраа хийчихсэн байхад зүгээр. Мөн таны паспортын дуусах хугацаа нь 6 сараас илүү байх ёстой гэдгийг мартав. Мөн боломжтой бол энэ бүх бичиг баримт, виза, бүртгэлтэй холбоотой асуултуудаа Монгол дахь ОХУ-ын элчин сайдын яам, мөн Орост суугаа манай элчин, консулаас сайн асууж лавлах нь зүйтэй. (Москва дахь Монголын консулын хаяг - Борисоглебский пер., 11, Москва, 121069, утас нь 8 (495) 690-67-92) Оросын хил гарахад гаалийн ажилтан танд “Декларация – мэдүүлэх хуудас” өгнө. Энэ хуудсыг хаяж болохгүй, таныг буцаад хилээр гарахад чинь мэдүүлэх хуудсыг гаалийн ажилтан таниас асуух бөгөөд хаясан байвал торгуулна. Мөн илүү ачаа, хориотой бараа авч явбал торгуулах болно. Замдаа хүний дайж өгсөн ачааг авч явахаар бол доторхийг нь сайн үзэх, ямар хүнээс хэнд очих зэргийг нь сайтар лавлаж байх хэрэгтэй. Москва хотод ирсний дараа 72 цагийн дотор ямар шугамаар ирсэн тэр газартаа “Регистрация – бүртгэл” заавал хийлгэх ёстой. Бүртгэл хаана хийлгэх тухайгаа албан ёсны байгууллагаас сайн асууж лавлаарай. Хэрвээ цагдаа таныг зогсоовол паспорт, регистрац хоёрыг чинь заавал шалгах болно. Хэрвээ байхгүй бол асуудалд орно гэсэн үг. 

Улаанбаатар – Москва хоёрын хооронд дараах гурван аргаар явж болно. 

Нэгдүгээрт: УБ – Москва гэсэн маршрутаар Монгол, Орос, Хятад гэсэн гурван улсын галт тэрэгнүүд тус тусын хуваарийн дагуу явдаг. Галт тэрэг энэхүү 6265 км замыг 5 хоног туулна. УБТЗ хувь нийлүүлсэн компани шинэ вагон аваад удаагүй байгаа. Тийм учраас тэр вагоноор тав тухтай яваад ирж болно. УБ – Москва ороход тийз нь нэг талдаа 300 гаруй мянган төгрөг гэсэн. Гэхдээ та бүхэн өөрсдөө төмөр зам руу утасдаад лавлаад асуусан нь хамгийн найдвартай. Харин Москва – УБ гэсэн маршрутаар нэг талдаа явахаар бол хоёр дахин үнэтэй гэдгийг санаарай. Тийм учраас Монголд байхдаа хоёр талдаа тийзээ худалдаж аваад ирсэн нь яаж ч бодсон хамгаагүй мөнгөнд хэмнэлттэй бөгөөд ашигтай тусна. УБТЗ-ын Монгол вагон ихэвчлэн Баасан гаригт хөдлөөд тав хоног замдаа яваад Москвад Мягмар гаригийн өдрийн 14.00 цагийн үед “Ярославский вокзал” дээр ирж зогсдог. Орчин үед интернет, байрлал тогтоогч өндөр хөгжсөн учраас энэ газруудыг интернетээс шууд харчихаж болно. Хэрвээ та ачаа ихтэй явж байгаа бол вокзал дээр мөнгөөр тээш хадгалдаг газар бий. Тэнд ачаагаа түр хадгалуулж болно гэдгийг сануулая. 
Хоёрдугаарт: Онгоцоор УБ – Москва чиглэлд шууд нислэг үйлдэх. Энэ чиглэлд Монгол, Оросын онгоцнууд нисэж байгаа. УБ - Москва нэг хүн МИАТ-ын онгоцоор нисэхэд тийз нь хоёр талдаа 1,7 сая төгрөг орчим байна. Бас л МИАТ-ын лавлах руу утасдаж асуусан нь хамгийн найдвартай. Буцах билетээ Монголоос аваад ирвэл дээр, яагаад гэвэл буцах үед Москвад билет бичүүлбэл үнэ нь ямагт өндөр гарна. ОХУ-ын Шереметьево олон улсын нисэх буудлаас гараад Москва хотын “Белорусская” галт тэрэгний буудалд хүрэхийн тулд “Аэроэкспресс” гэдэг цахилгаан галт тэрэг 30 минут тутам явж байгаа. Энэ цахилгаан галт тэрэгний билетийг нисэх буудал дээр автомат машинаар зардаг бөгөөд нэг том хүн 450 рубль төлнө. 
Гуравдугаарт: Холимог аргаар явж болно. Энэ нь УБ – ОХУ-ын Улаан-Үдэ хүртэл автобус, эсвэл галт тэргээр яваад, хил даваад Улаан-Үдээс орон нутгийн онгоцоор Москва хүртэл нисэж болно. УБ – Улаан-Үдэ хүртэл монголын автобус нэг хүний 65000 төгрөгөөр явна. Энэ автобус нь УБ хотын төмөр замын буудлын дэргэдээс өглөөний 07.30 цагт хөдлөөд оройны 8 цагт Улаан-Үдийн авто вокзал дээр ирж зогсоно. Оросын орон нутгийн онгоц өглөөний 09.00 цаг өнгөрөөгөөд нисдэг тул Монголоос оройтож ирсэн хүмүүс Улаан-Үүдэд заавал хонож таардаг. Улаан-Үдэ дэхь хувийн зочид буудалд 500 рубль, манай консулын буудалд 1000 рублийн үнээр хонож болно. Тэндээсээ нисэх буудал ороход 150-200 рублээр такси хөлсөлнө. Монгол хэлтэй буриад нөхдүүд олон бий. Улаан-Үдээс – Москва хүртэл орон нутгийн онгоцны үнэ 14000 рубль, харин Москвагаас – Улаан-Үдэ хүртэл нэг хүний 9500 рубль байсан. Буцахдаа мөн адилхан ирсэн маршрутаар явна. Москвагаас – Улаан-Үдийн нисэх буудал дээр буугаад Улаан-Үдийн авто вокзал хүртэл 150-200 рублээр такси барина. Авто вокзалаас Хиагт хот хүртэл 400-450 рубль, мөн хилээр нэг хүн 250-300 рубль төлж гарна. Хил гарсан бол 30000 төгрөгөөр УБ хүртэл явах такси бэлэн зогсож байна. 
Москва хотоор аялах: Москва хот хамгийн өндөр өртөгтэй гэдгийг дээр дурьдсан. Зочид буудал хоногийн 150 ам.доллараар олдоно. Мөн хоногт 3000-5000 рубль төлөөд хонож болдог хувийн газрууд бий. Мөн манай элчин сайдын яамныхан амьдардаг “105” гэсэн байр бий. Тэнд хоногийн 50 ам.доллароор хонож болдог сурагтай байсан. Москва хот дахь нийтийн тээвэр: Москва хотод хамгийн хурдан бөгөөд хялбар унаа бол метро юм. Метроны янз бүрийн билет байх бөгөөд үнэ нь өөр өөр байдаг. Дараах хаягаар ороод үнийг нь хараарай, энд автобус, трамвай, троллейбусны үнэ багтсан байгаа. http://news.metro.ru/uselect.html 

Москвад таксинд янз бүрийн машин явдаг, яг манай монгол шиг. Албан ёсны такси нь тоолууртай байж магадгүй ч үнэтэй тусна. Тийм учраас гар өргөөд зогссон машины жолоочдоо очих газрын хаягаа хэлээд үнээ тохирсны дараа суугаад явсан нь хамаагүй дээр. Хэлний хувьд огт орос хэлгүй хүмүүст нэлээд хүнд байна. Томоохон үйлчилгээний байгууллагад юу юм гэхээс биш бусад газар англи хэлтэй орос хүн бараг олдохгүй гэдгийг бодоорой. Хоол унд: Жаахан үнэтэй л болохоос бус янз бүрийн хоол, унд бий. Гэхдээ зоогийн газар, зах, дэлгүүрт ажиллаж буй хүмүүс үйлчилгээ, харьцааны соёл тааруухан гэдгийг анзаараарай. Бэлэн дурсгалын зүйлс дэлгүүрт бол үнэтэй байдаг, харин “Партизанский рынок” гэдэг захаас очиж авбал хамаагүй хямдхан. Цаг агаарын хувьд 5 дугаар сард ер нь дулаарчихсан байна. Хүмүүс гадуур нимгэн хувцастай явдаг, гэхдээ борооны цув, шүхэртэй явахад зүгээр. Оросын рублийг болж өгвөл Монголд байхдаа солиулсан нь ашигтай боловч нөгөө талаар биедээ их хэмжээний бэлэн мөнгө авч явах нь осолтой билээ. 
Москва хот бол том хот, үзэх сонирхох зүйл ихтэй. Миний хувьд та бүхнийг дараах газруудаар заавал орж үзээрэй гэж санал болгох байна. Тухайлбал: Улаан талбай, Останкиноны цамхаг, ВДНХ, музейнүүд, уран зургийн галерей, Их театр, москва голоор завьтай аялах, В.Лениний нэрэмжит номын сан, “Поклонная гора” дахь Аугаа эх орны дайны дурсгалын цогцолбор зэргээр орж үзэх хэрэгтэй. Мөн ВДНХ дээрээс автобусаар явж Москва хотыг танилцуулдаг хөтөлбөр байдаг юм билээ. Ингээд Москва орж үзэх гэж байгаа хүмүүс аль болох эртхэн бүх зүйлээ төлөвлөөд билетээ захиалвал хямдхан тусах ба баяр дөхөх тусам билетийн олдоц багасаж үнэ нь нэмэгдэнэ гэдгийг тооцоолох хэрэгтэй. Яагаад гэвэл оросууд олон хоног амарна, бас Москвад ирэх хүн олон байгаа. Ингээд миний бичсэн энэ бүх зөвлөгөө та бүхэнд бага ч гэсэн тус болно гэдэгт найдаж байна. Сайхан аялаарай.

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2019-06-13

    Баярлалаа маш үнэтэй зөвлөгөө өгсөн явдалд

arrow icon