Нийтлэл 05 сарын 08, 2017

Францын ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ба Монголчуудад сонирхолтой ГУРВАН зүйл

Нэгдүгээр зүйл

Энэ удаагийн францын Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай явагдлаа. Эхний шатанд 11 нэр дэвшигч өрсөлдөж, нийт хүчин төгөлдөр саналын 50 хувиас дээш санал дангаар авсан нэр дэвшигч байгаагүй тул сонгуулийн хоёр дахь шатанд сонгогчдоос хамгийн өндөр саналыг авсан хоёр нэр дэвшигч дахин өрсөлдөхөөр болж, өчигдөр буюу эцсийн шатны шалгаруулалт 5 сарын 8-ны өдөр болж явагдлаа. Энэ жилийн сонгуулийн онцлог бол францын шинэ үеийн түүхэнд анх удаа уламжлалт, тулгуур хоёр улс төрийн намын нэр дэвшигчид Ерөнхийлөгчийн сонгуульд эцсийн шатанд өрсөлдөх эрх олж авсангүй.

Өчигдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн шатанд өнгөрсөн жил байгуулагдсан шинэ намын 40 хүрээгүй залуу Иммануэл Макрон, хэт үндсэрхэг үзэлтэн бөгөөд хэзээ ч засаг барьж үзээгүй хязгаарлагдмал хүрээтэй намын дарга хатагтай Мэрин Лэ Пэн нар өрсөлдлөө.

Ийм хоёр шаттай сонгуулийн давуу тал нь нийт хүчин төгөлдөр сонгуулийн хуудсын саналын 50-аас илүү хувийг авсан буюу нийт ард түмний олонхын дэмжлэгийг авсан, бүх ард түмнээр хүлээн зөвшөөрөгдсөн удирдагчийг сонгох бодит боломжийг бий болгодог явдал юм.

Ийнхүү нийт олонхийн хүлээн зөвшөөрсөн Ерөнхийлөгч нь нийт ард түмний дэмжлэгээрээ “дулдуйдаж” өөрийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэхэд Парламентын дэмжлэгийг авч, түүнийг “сахилгажуулах” бүрэн эрхтэй болдог (гэхдээ энэ нь тэрээр парламентын хяналтаар гарч, хэмжээгүй эрхийг тогтоох боломжтой гэсэн үг биш!).

Өнгөрсөн Ням гарагт болсон сонгуулиар нийт хүчин төгөлдөр саналын хуудсын 66 хувийн саналыг авч өнгөрсөн жил байгуулагдсан шинэ залуу намын 39 настай  дарга Иммануэл Макрон Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Ирэх зургаан сард Францын Үндэсний Ассамблей (Парламентын) сонгууль болно.

Хоёрдугаар зүйл

Сонгуулийн үр дүнд францын ард түмэн цаашид Европын Холбоог бэхжүүлэх, Европын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн төлөө саналаа өглөө. Энэ нь Европын эдийн засаг төдийгүй, дэлхийн эдийн засаг, бизнест нэгэн сайн мэдээ юм. Нэн ялангуяа Франц-Германы бат холбоо нь Европын гэх дэлхийн гуравдагч хүчийг бодитойгоор бий болгох, энэ нь Хятад ба АНУ гэсэн хоёр хүчний харилцааг тэнцвэржүүлэхэд багагүй нөлөөтэй.

Гуравдугаар зүйл

Сүүлийн үед Европт гадаад иргэдийн асуудал хурцдаж, Франц болон Европын Холбооны бусад улсуудад амьдардаг монгол иргэд маань асуудал хэрхэн эргэх бол гэж ажиглаж байна.

Ямар ч гэсэн энэ удаагийн Францын Ерөнхийлөгчийн сонгууль, мөн өнгөрсөн гурван сард болсон Нидерландын сонгууль Европчууд нээлттэй бодлогоосоо буцахгүй гэдгийг харууллаа. Францын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Иммануэл Макрон Европын Холбооны гадаад хилийн хяналтыг сайжруулахын төлөө байгаа боловч нэгэнт Францад амьдарч байгаа гадаад иргэдэд илүү сайн боломж олгох, Францын соёл болон хөдөлмөрийн зах зээлд нэгдэж, гадаад иргэд Францын нийгмийн нэг хэсэг болж, нэгдэх, нэгтгэх бодлогод илүү анхаарна гэж амлалт өгч, сонгогдсон билээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon