Нийтлэл 05 сарын 25, 2017

Т.Аюурсайхан: Монголбанк 2012-2016 онд хууль зөрчиж, сонгон шалгаруулалтгүй хөнгөлөлттэй зээл олгосон байна

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын ажлын үр дүнгээс танилцууллаа. Үнэ тогтворжуулах хөтөлбөрүүдэд нийт 4,8 их наяд төгрөгийн санхүүжилт хийснээс 3,7 их наяд нь орон сууцны зээлийн хөтөлбөрт, 1 их наяд 167,9 тэрбум нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн зээл байна. Түүнчлэн, ноолуурын үйлдвэрлэлийн дэмжих, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээнд 29,7 тэрбум төгрөг 7 компанид олгосон.

“Сайн” хөтөлбөрүүд
Засгийн газрын “Сайн” хөтөлбөрүүдэд хөнгөлөлттэй зээл олгосон ба тухайлбал “Сайн малчин” хөтөлбөрт 3 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэй 120 тэрбум төгрөг, “Сайн оюутан” хөтөлбөрт 1 хувийн хүүтэй 1-10 жилийн хугацаатай 8 тэрбум төгрөгийн зээл, “Сайн хувьцаа” хөтөлбөрт 1 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай, 374 тэрбум төгрөгийн зээл олгожээ.

“АСЕМ”
АСЕМ-ын бэлтгэл ажилд барьцаат зээл, урт хугацаат репо санхүүжилт зэрэг санхүүгийн хэрэгслүүдийг ашиглан зочид буудлуудад 3-4 хувийн хүүтэй 108,4 тэрбум төгрөгийн зээл, Асем Виллад 2021 он хүртэлх эргэн төлөлтийн хугацаатай жилийн 3-4 хувийн хүүтэй 125 тэрбумын зээл олгосон байна.

“Сонгон шалгаруулалтгүй зээл”
Хөтөлбөрийн хүрээнд нийт 45 аж ахуйн нэгж 369,5 тэрбум төгрөгийн зээлийг зориулалтын бус зардалд зарцуулсан үр дүн гарсан. Х.Баттулга нар Шинэчлэлийн Засгийн газрын гишүүн байхдаа 45 аж ахуйн нэгжээс сонгон шалгаруулалтад тэнцэхгүй 13 аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж 127,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ.

“Шатахуун”
Монголбанкнаас шатахуун импорт, худалдааны 14 компанид нийт 226,4 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Шатахууны компаниудад 0,89 хувь буюу зах зээлийн хүүгээс 20-30 дахин бага хүүтэй зээл олгосны дээр арилжааны банкууд 2,91 хувийн хүү нэмээд эцсийн зээлдэгчид 3,8 хувийн хүүтэй зээлүүлсэн ба энэ хүүгийн зөрүүнээс Монголбанк нийт 53,4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Мөн энэ зээлээс авсан аж ахуйн нэгжүүд нийт 94,4 тэрбум төгрөгийг зориулалтын бус зардалд зарцуулсан байна. Тухайлбал, зээлийг зээлээр хаасан, агуулахын түрээс, хуулийн үйлчилгээ авах, торгууль төлөх, тоног төхөөрөмж авахад зарцуулах, дансанд удаан хугацаагаар байршуулж мөнгө хүүлэх , татварын өр төлөх, хувь хүний дансанд шилжүүлэх зэрэг ноцтой зөрчлүүд гаргажээ. Хөнгөлөлттэй зээл авсан компаниуд зориулалтын бус зарцуулалтын зээлийн хүүг зах зээлийн хүүгээр нөхөж төлүүлэх нөхцөл бүхий гэрээ хийсэн атал нөхөж төлдөггүй, Нийслэлийн аудитаас хийгдсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах, хяналт тавих тухайд Р.Бурмаа, М.Зоригт нарын өмнөх сайдуудад шаардлага хүргүүлж байсан ч дорвитой ажил хийгдээгүй байна.

Төгрөгийн хөнгөлөлттэй зээлээс гадна 2012-2015 оныг хүртэлх хугацаанд 1 тэрбум гаруй ам.долларыг шатахууны компаниудад хөнгөлөлттэй ханшаар худалдсан. Энэ ханшийн хөнгөлөлтөөс Монголбанк 354,2 тэрбум төгрөгийн ханшийн зөрүүний бодит алдагдал хүлээж, монгол төгрөгийн зээлийн алдагдалтай нийлээд нийт 408,5 тэрбум төгрөгийн алдагдалд хүрчээ. Зах зээлийн үнээс ийм хямд зээл авч эхлэсэн компаниудын ашиг орлогын үзүүлэлт огцом өсч, хөтөлбөрт хамрагдахаас өмнө 1,6 хувь байсан цэвэр ашиг жил тутам өссөөр 2013-2015 онуудад 4,8 хувь, 6,9 хувь, 7,8 хувь болж нэмэгдсэн дүр зураг харагдаж байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon