Хүүхэд өсгөхөд тулгардаг асуудлууд ба жендэрийн тухай ойлголтууд

Анх хүүтэй болоод би түүнийгээ өнөөх л хэвшмэл, жендэрийн мэдрэмжгүй арга барилаар хайрцаглах бодолтой байснаа ухаарсан юм. Магадгүй энэ талаар гүнзгий мэдлэг хуримтлуулаагүй байсан минь ч үүнтэй холбоотой биз. Тиймээс би суралцахаар шийдэж билээ... Гэвч долоон жилийн дараа ч  суралцсаар л байгаа би үүнийгээ та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдсэн минь энэ.

  • Жендэр буюу хүйсийн тухай ойлголт нь зөвхөн эр, эмээр тодорхойлогддоггүй зүйл ажээ.

Үнэндээ би одоог хүртэл хүйсийг хоёрхон төлөвтэй гэж итгэж ирсэндээ харамсдаг юм. Гэтэл би чинь өөрөө “ягаан ба цэнхэр”-ээр хязгаарлагдахыг хүсдэггүй нэгэн шүү дээ.

Хүн төрөлхтөн ердөө хоёрхон янз биш байхад, мөн хоёр төрлийн арьсны өнгө байдаггүй атал хүний хүйсийг хоёр л байх ёстой мэтээр ойлгох нь хэр оновчтой бол? Дэлхийн хүн бүр хоёр өнгийн л нүдтэй байдаггүй юм бол  хоёрхон төрлийн бэлгийн чиг хандлага байх ёстой гэж үү? Эргэцүүлээд нэг үзээрэй.  Учир нь холимог хүйс буюу эр, эм хүйсийн дунд орших төлвийг хүлээн зөвшөөрөх цаг нэгэнт ирсэн байна шүү дээ.

  • Трансжендэр бол гаж зүйл биш.

Би хувьдаа трансжендэр хүмүүсийг “ховор тохиолдлууд” гэж бодож байлаа. Тиймдээ ч миний хүүхдүүд хүйсээ солих магадлал багатайг статистик тоо баримтуудыг үндэслэн дүгнэсэн хэрэг. Гэтэл би алджээ. Трансжендэр гэсэн ойлголт хэдий түгээмэл бус ч, бас миний хүүхдүүд тийм биш ч энэ нь тэдэнтэй уг сэдвээр төдийгүй хүний хувийн сонголт, эрхийг хүндлэх тухай ярилцахаас татгалз гэсэн үг биш байв.

Саяхны нэг судалгаагаар АНУ-ын хүн амын 0.6% орчим нь трансжендэр гэсэн дүн гарчээ. Гэхдээ би бодит байдал үүнээс их тоог харуулна гэдэгт итгэж байна.  Учир нь судалгаанд өөрийгөө транс гэж үзсэн хүмүүс л хамрагдсан. Тэгээд ч өөрийгөө тийн зарлах нь эрсдэлтэй шүү дээ. Жил бүр дунджаар хүйсээ солиулсан хорь гаруй хүн бусдын гарт амиа алддаг гэсэн баримт үүнийг нотолно. Бас маш олон хүн хүйсийн хоёр төлөвт хамаарахгүй нэгнийг трансжендэр бүлэгт оруулан тооцохоо мэддэггүй.

Миний хувьд хэдий эргэн тойронд маань ийм хүн бага ч үүнийг эрс үгүйсгэх нь шашин, үндэс угсаагаар нь ялгаварлахтай ижил гэдгийг ойлгосон бөгөөд илүү мэдрэмжтэй байхыг хичээх болсноо нуух юун.

  • Хүүхдийн хүйсийн чиг баримжаа гурван настайгаас нь илэрдэг.

Хүүхдүүд ихэвчлэн хоёр, гурван настай байх үеэсээ өөрсдийн хүйсийг тодорхойлж эхэлдэг төдийгүй дараа нь өөрчлөгдөж болох ч таван настайд нь энэ нь бүрэн тогтдог аж.

Гэтэл насанд хүрэгчид үүнийг мэдэх атлаа трансжендэр хүүхдүүдийн хувьд хүйсийн чиг хандлагаа илэрхийлэхэд нь бэрхшээл учирч, өөртөө эргэлзэх, сэтгэл санааны хямралд өртөх магадлал өндөртэйг ойлгодоггүй. Тийнхүү насанд хүрэгчдийн хэт их хичээл зүтгэл хүүхдийг бүр нярай байх үеэс нь охин бол хувцас, тоглоомыг нь ягаан өнгөтэй байхаар тулгаж, хөвгүүдийг цэнхэр өнгө, дэгжин халимагаар гоёдог бөгөөд мэдээллийн хэрэгслүүдээр энэ бүхнийг түгээн дэлгэрүүлсээр хүслээ илэрхийлэх боломжийг хүүхдүүдэд огтхон ч олгодоггүй шүү дээ.

Тэгэхээр:                                                                       

  • Эцэг, эхчүүд бид яах ёстой вэ?

Хэрэв бид сонголт хийх боломжийг хүүхдүүддээ өгдөг бол хичнээн сайхан байх билээ. Харамсалтай нь бидний амьдардаг дэлхий ертөнц жендэрийн цагдаагийн үүргээ дэндүү сайн гүйцэтгэхийг нь яана. Үүний учрыг эргэцүүлэн нэг харж, ирээдүй хойчийнхоо эрхэм чанарт халдахгүйн тулд бид өнөөдрөөс илүү сонор сэрэмжтэй байж, өөрөө өөрсдийнхөө өмнөөс шийдвэр гаргах боломжийг нь тэдэндээ олгох учиртай.

Би хувьдаа дотоод сэтгэхүйгээр нь хүүхдийн хүйсийг тодорхойлж, бас хэвшмэл байдлыг дагаагүйнх нь төлөө бусдыг үл хүндлэхгүй байхыг, хүний эрхийг дээдэлдэг бие хүн болон төлөвшихөд нь хүүхдүүдээ чиглүүлэх болно.

  • Хүүхдүүд биднээс хавьгүй илүү уян хатан, чөлөөтэй сэтгэж чаддаг.

Хүүхдүүд энэ хорвоод мэндлэхдээ хэн нэгнийг шашин шүтлэг, арьсны өнгөөр нь ялгах сэтгэлгүйгээр ирдэг. Гэвч тэд амьдарч буй нийгмийнхээ нөлөөгөөр буюу өссөн гэрээсээ бусдыг хүйсээр нь ялгаварлах, трансжендэр нарыг гадуурхахад суралцдаг нь нууц биш юм.

Энд өөрт тохиолдсон явдлыг сийрүүлэхээр шийдлээ. Нэг удаа би бага хүүтэйгээ “Миний бяцхан одой морь” хүүхэлдэйн кино үзэж байв. Гэтэл тэр миний анх эмэгтэй байх гэж бодсон одой морийг эрэгтэй гэж тодорхойлсон юм. Тэр хэлэхдээ “Одой морь нэг талаараа эрэгтэй ч бас эмэгтэй” гэлээ. Дөрвөн настай хүүхэд ийнхүү зөвхөн эр, эм хоёр хүйс байдаггүй талаар надад сургасан хэрэг.

Тийм ээ, түүний зөв. Бодит амьдрал дээр ч зарим хүн эрэгтэй, эмэгтэй шинж чанарыг хоёуланг нь өөртөө агуулсан байдаг шүү дээ. Тэгэхээр бид энэ тухай хүүхдүүдтэйгээ чөлөөтэй ярилцах хэрэгтэй. Хүү бид хоёр ч мөн удаан ярилцсан.  

Сонирхдог зүйлс, хувцаслах хэв маягаасаа болоод үеийнхэндээ гадуурхагдаж буй хүүхдээ харах мэдээж хэцүү. Тэгвэл хүүхдэд өөрт нь бүр ч хүнд байх нь ойлгомжтой. Чухам энэ үед л эцэг эхчүүд бид хүүхдүүдийнхээ сонголтыг хүндэтгэхийн зэрэгцээ тэдэндээ урам зориг өгч, баяр хөөр бэлэглэхийг хичээх нь зүйтэй юм.

Миний хувьд жендэрийн талаар тогтсон хатуу ойлголтууд, хэвшмэл байдалд баригдалгүйгээр бусад зүйлээс, соёл урлагаас таашаал авч буй хүүхдүүдээ хараад үнэхээр их баярладаг. Бусдын эрхэм чанарыг өөрийнх шигээ хүндэлж, хамгаалдаг хүч чадал, өөртөө итгэх итгэлийг бүрэлдүүлэн, өөрийгөө бас бусдыг ойлгоход нь туслахыг хичээдэг шүү. Бас тэднийхээ ялгаварлан гадуурхлаар бохирдоогүй сонирхол, хүсэл эрмэлзэлд нь би хайртай. Энэ бүхний ачаар хойч үе минь тэгш байдал, харилцан хүндэтгэлийг эрхэмлэдэг энэрэнгүй бие хүмүүс болон төлөвшинө гэдэгт нь би үргэлж итгэдэг билээ.

#PWLP2017                                                                                                        

      Орчуулсан: PWLP Төслийн багийн гишүүд

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      Эх сурвалж: www.erinhuman.com

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2823

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
67%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 67%