Нийтлэл 05 сарын 26, 2017

ТВИТТЕРТ ЮУ БОЛЖ БАЙНА ВЭ?: Хүүхэд хулгайлагдсан шуурхай мэдээний ард

Өнөөдөр үдээс хойш хятад эмэгтэй дунд сургуулийн 3 охиныг хулгайллаа гэх мэдээлэл нийгмийн сүлжээнээс эхлэн маш хурдацтай тархав. Мэдээллийн сэжүүр гармагц сэтгүүлчид газар дээр нь очиж мөн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс уг эмэгтэйг сэтгэцийн өвчтэй хэмээн мэдээлж эгч нь авахаар ирсэн хэмээв. Уг мэдээлэл бодит үгүйг нь мэдэх завгүй нийгмийн сүлжээ хэрэглэгчид уг эмэгтэйг үзэн ядаж, цагдаагийн байгууллагыг буруутгаж эхэлсэн юм. Харин энэ халдвар жиргээчдэд хэрхэн тусав? 

 

Жиргээчид фэйсбүүкчдийг бодвол уг мэдээлэлд үл итгэсэн байдлаар хандаж мөн улс төржүүлээд авахаа ч мартсангүй. Олон дагагчтай топ жиргээчид энэ тухай огт жиргээгүйг энд онцолъё. Хүмүүсийн боловсролын түвшинг мэдээлэлд хэрхэн хандаж,  хариу үйлдэл үзүүлж  байгаагаас нь харж болдог. Хүүхдийн асуудал бол ноцтой бөгөөд эмзэг сэдэв. Шуурхай мэдээнд өртөж байгаа аль нэгэн тал хохирогч болж үлдэх нь бий. 

Хятад эмэгтэй хүүхэд хулгайллаа гэх мэдээлэл хурдацтай тархсан дараа хуурамч байх гэсэн таамгийг жиргээчид гаргаж байгаа нь ямар ч мэдээлэлд эрүүл саруулаар ядаж л эргэлзэж ханддаг хэсэг онлайнд байдгийн жишээ. Олон хүмүүс Цагдаа болон хэвлэл мэдээллийг худлаа мэдээлэл цацлаа хэмээн буруутгасан ч хэвлэл мэдээлэл үүргээ сайн биелүүлсэн. Аливаа үйл явдлыг шуурхай дамжуулах нь хэвлэл мэдээллийн ажил. Энэ тохиолдолд  буруу ч, зөв ч НИЙГМИЙН СЭРЭМЖЛҮҮЛЭГ, СЭРҮҮЛЭГ. Мэдээлэл худал байлаа гэхэд эцсийн дүгнэлтийг хийдэг нь хэвлэл мэдээлэл биш. Өнөөдрийн хувьд үйл явдал нь үнэн байлаа. Нэгэн эмэгтэй 3 охиныг сэжигтэйгээр дагуулж явсан нь яах аргагүй баримттай үйл явдал. Харин сэтгэцийн эмгэгтэй эсэх, хүүхэд хулгайлсан эсэхийг мэргэжлийн байгууллагууд яаралтай шинжлэх учиртай. 

Зарим хүмүүс "өдий том охидууд байж гоё юманд хууртлаа" хэмээн шүүмжлэв. Хүүхэд буруугүй. Хүүхэд том байлаа гээд хууртагдахгүй байна гэсэн томъёо байхгүй. Хүүхэд бол хүүхэд. Хууртагдахад нас хамаардаггүйг томчууд өөрсдийнхөө жишээ дээр хангалттай мэддэг билээ. Мэдээлэгдсэн баримтад дүн шинжилгээ хийж үйлдэл хийх эсэх нь хүний өөрийнх нь асуудал. 

үйл явдлаас буруутныг хайхаасаа өмнө сургамж авч ХҮҮХДҮҮДЭЭ ХАМГААЛЪЯ. 

Сэтгэгдэл бичих

arrow icon