Нийтлэл 07 сарын 25, 2017

Цасан эмчийн зөвлөгөө: Хүүхдэд чихэр өгөхдөө эцэг эхээс нь асуугаарай

Анагаах ухааны доктор Т. Цасан эмчээс 3-5 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд амны хөндийн эрүүл ахуй, шүд цоорлоос сэргийлэхэд зориулж дараах зөвлөгөөг хүргэж байна:

Эхний хэсэг: Хүүхдэд хэдэн нас хүртэл чихэр өгөхгүй байх ёстой вэ?  

3-5 насны хүүхдийн шүд арчилгаанд дараах зүйлсийг анхаарна:

  • Бат бөх болгох
  • Нянгийн тоог багасгах
  • Нянгийн идэвхийг бууруулах

Гурав хүртэлх насанд үүдэн шүднүүдийн завсар амархан цоордог.. Сүүн шүднүүд ихэвчлэн багцаараа цоордог онцлогтой. Үүдэн шүд цоорох бол 2, 4 эсвэл 6 ширхэгээр цоорно. Учир нь ижил үед нэг орчинд цухуйдаг. Гурван нас 6 сартай болох хүртэл сүүн араа шүднүүдийн зажлах гадаргуу амархан цоорно. Харин гурван нас 6 сартайгаас хойш сүүн араа шүднүүдийн завсраар амархан цооролт үүсдэг. Ийм учраас эцэг эхчүүд энэ насанд араа шүднүүд болон тэдгээрийн завсраар угаахад анхаарах хэрэгтэй.

Араа шүдний цоорол нэг цоорсон шүднээс эсрэг талын хоршдог шүд эсвэл хажуугийн шүд рүүгээ халдварладаг учраас 4 эсвэл 8 шүд зэрэг цоордог. Энэ насны хүүхдүүд нийгмийн харилцаанд бүрэн орсон байдаг тул та хооллолтыг нь бүрэн хязгаарлаж дийлэхгүй, харин сахар орсон хүнсний давтамж болон хэмжээг хязгаарлах боломжтой. Гэхдээ сахар орсон хүнсийг 7 хоногт 1 удаа эсвэл зөвхөн баяр ёслолоор л ашиглах, өгөх бол өдрийн цагаар хүүхдийн сэтгэл ханатал идүүлнэ.

2015 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага насанд хүрсэн хүн болон хүүхдийн боловсруулсан хоол хүнсээр авах сахарын хэмжээг өдөрт хамгийн ихдээ 25 гр буюу 6 цайны халбагаас бага байлгахыг санал болгосон байна. Жишээгээр тайлбарлавал, 110 грамын жижиг пакежтэй йогуртад 2-оос дээш халбага сахар, 1 том халбага кетчупт 4г буюу 1 халбага сахар агуулагдсан байдаг тул чихэрлэг хүнснээс гадна боловсруулсан бүтээгдэхүүнд агуулагдсан нуугдмал сахарнаас болгоомжлохыг зөвлөсөн байна. Иймээс энэ насны хүүхдүүдийг орой унтахын өмнө заавал шүдийг нь угаана.

Хүүхдийн хүрээлэн буй орчин талаас:

Гэртээ чихэр, шоколад, ундаа, жигнэмэг огт хадгалахгүй эсвэл өдөр тутамдаа худалдан авахгүй байх ба эмээ өвөө найз нөхөд эх эцгийн зөвшөөрөлгүйгээр хүүхдэд эдгээрийг өгөхгүй байх хэрэгтэй.  Амттай юм, чихэр шоколад ховор байсан үеийг үзсэн эцэг эх, эмээ өвөө нар өөрийн багадаа идэж чаддаггүй байсан юмыг хүүхдүүддээ авч өгөх хандлагатай байдаг нь аль ч оронд ажиглагддаг учраас ямар бэлэг хүүхдэд нь өгөхгүй, ямрыг нь өгч болохыг эцэг эхчүүд тус бүрийн аав, ээждээ сайн хэлж ойлгуулаарай.

Аав нар хүүхдийнхээ шүдийг орой угаахад идэвхтэй оролцоорой. Хүүхдийн үздэг зурагтын нэвтрүүлэг, сувгуудыг анзаараарай. Монгол, Орос телевизийн сувгуудаар чихэр амттан сурталчилсан рекламанд хүүхэд тоглосон байх нь олонтой ба телевизийн өмнө удаан суудаг хүүхдүүд сурталчилсан хүнсийг илүү их иддэг гэж судалгаагаар мэдэгдсэн ба иймээс дэлгүүрт ороод эмээ өвөөгөөрөө амтыг нь мэдээгүй байсан ч тэдгээрийг авахуулах гэж нэхнэ гэсэн үг. Бас эрдэмтэд шүдний эмнэлэгт хяналтанд явж фторт түрхлэг, шүдний ховилыг бөглүүлэх, мэргэжлийн механик шүд өнгөлгөөгөөр 3-4 сар тутамд цэвэрлүүлэх нь үр дүнтэйг судалгаа практикаар нотолсон байдаг.

Сэтгэгдэл бичих

arrow icon