Нийтлэл 07 сарын 31, 2017

500 үгэнд:  Бөөстсөн ч хужаа буруутай, тэмбүүрсэн ч хужаа буруутай

Өчигдөрхөн өмнөд хөрш Азид хамгийн томд орох цэргийн сургуулилтын  бааздаа  12000 цэрэгтэй, хамгийн орчин үеийн зэвсэг техниктэй жинхэнэ дайны байдалтай сургуулилт хийж, дэлхий дахины сэдэв болов.  Маргааш нь монголчуудын ярьж буй сэдэв: хужаа таавчигнаас болоод тэмбүүрээд байна гэнэ. Уржнан билүү дээ, Фэисбүүк дахь ээжүүдийн групп Момми Сентралд  хужаа резинээс болж  хүүхдийн үс бөөстөөд байна гэх ухааны яриа өрнөж байсан юм.  Дээгүүрээ хамуурсан ч хужаагийн буруу, доогуураа тэмбүүрсэн ч хужаагийн буруу.  Ерөөсөө монголчууд аливаа нэг асуудалд буруутах ёс үгүй. Ариун цэвэр сахихгүй, сам хольж, бэлгэвчгүй сэксдсэн ч  тэнгэрлэг хүмүүс тэр зэргийн юмнаас болохгүй нь лавтай ба урд захын урагшгүй  хужаа нар л буруутай байж таараад байгаа юм.

Гэхдээ Хятадыг их буруутгаад цамнаад байх нь араасаа хамуунаас том эрсдэл дагуулж байгааг ухаармаар байна.   Энэ удаа товч бичье.  Дэлгэрэнгүйг Трамптай хамт ямар дэлхий ирж байна вэ? зэрэг тэмдэглэлээс уншиж болно.

Бэлгэвчээ зүүгээд  үсээ угаая

Товчдоо улс хоорондын харилцаа бол хүчтэй нь хүчгүйгээ түрэмгийлэх маягийн байгаллаг харилцаанд хүний эрх, энх тайвнаар зэрэгцэн орших, төрт улсын бүрэн эрхт халдашгүй дархан байдал зэрэг либерал зарчмуудыг нэвтрүүлэх хичээл зүтгэлийн түүх юм.  Хүний түүхэн дэх хамгийн хөнөөлт дайн ердөө 70 жилийн өмнө гарсан гээд бодохоор НҮБ төвтэй дэг журам хэчнээн залуухан нь ойлгогдоно. Энэ дэг журмыг хоёрдугаар дайны дараа АНУ манлайлан бүтээсэн ба тухайн үед үйлдвэрлэлийн бүтээмжээр өрсөлдөгчгүй байсан тул нээлттэй худалдааны үзэл санааг улстөрийн либерал үзэл онолын хамт дэлхий дахинд түгээж ирсэн билээ.

Угаасаа дотоодын төр шиг засаглах эрх, заавал мөрдөх хууль дүрэмгүй энэ дэг журам голлох хоёр том шалтгаанаар хямралд ороод байна.  Нэгд, олон орны хувьд  1990 оны үеэс өндрөө авсан ардчилсан тогтолцоо, либерал худалдаанд итгэх итгэл үнэмшил, өөдрөг үзэл унтарч ирж буй. Хоёрт, системээ манлайлж ирсэн АНУ-ын хувьд 1945 оны үеэс нөхцөл байдал өөрчлөгдөж,  нээлттэй худалдаа, либерал зарчмуудаас ил тод татгалзсан Трамп гарч ирсэн.  Худалдааны давуу талтай болж ирсэн Хятад улс өөрөө улстөрийн коммунист тогтолцоотой.   Ингээд либерал зарчмын манаач ажлаа хийх хүсэлгүйгээ ил тод зарлаж, олон улсад тектоник хөдөлгөөн явж байх энэ үеэр Хятад юу юмб гээд цамнаад байх нь хуруугаа нүдэндээ хийхийн цондон гэж хэлж болно. Хятадын Ши байлдааны байдалд жагссан мега армидаа “дэлхий дахин энх тайван байгаа хэрэг огт биш” гэж сануулж, Трамп араас нь “Хятадад харамсч байна” гэж жиргэж байна. Энх тайванч дэг журмын эсрэг ‘not at all’ гэх мэт хүчтэй, ил тод үгүйсгэл хийх нь сайны дохио биш. 

Ийм хямралтай үед байтугай дэлхийн түүхэнд хамгийн олон орон ардчилсан тогтолцоотой болж ирсэн алтан зууны эхэнд АНУ өөрөө Иракт дайн хийснийг санаж байхад илүүдэхгүй. Либерал зарчмуудыг  тийнхүү уландаа гишгэж, тусгаар улсын дотоод хэрэгт халдаж ороход “justificaiton” буюу зөвтгөл хэрэгтэй байдаг. Хүчээр сул орон нь хүчтэйдээ ийм “зөвтгөл” өгөх нөхцөл байдал бүрдүүлэхээс бүх талаар болгоомжилж, хоёр улсын харилцаа хамгийн либерал зарчмуудад суурилж байх гадаад бодлогыг хэрэгжүүлж байх ёстой.  

Харин сүүлийн үед нэр бүхий улстөр, уран бүтээлчдээс улстөрийн зорилгоор тарьж ирсэн анти-шино үзэл савнаасаа хальж, хилээ хаа гэхчлэн хилийн чинадаас хийрхэж, бөөсөнд ч бөгсөнд ч хужааг буруутгах үзэл олон нийтийн сүлжээ дамжин тарах болов.  Өөрсдөө ингэж сөдөөд зүү шидээд байх тусам эргүүлээд тэвнэ шидэх  “зөвтгөл” үүсэх тул өнөө Хятад нь өөрсдөө ийм явуулга хийж байдаг мэт параной ч эрхгүй төрөхөд хүрнэ.

Өчигдөр дайны параад хийсэн бааз нь нэг зууны өмнөх тектоник хөдөлгөөнөөр хагаслаад алдчихсан ‘жүрхэн’ нутагт маань байрлана. Баяраар хийдэг ёслолын параадаас тэс өөр хачин жигтэй сургуулилтаа “бүс нутаг дахь нөхцөл байдалтай хамаагүй” гэж тайлбарлав. “Нөхцөл байдал” гэж юуг хэлсэн болох талаар дэлхийн дахин толгой гашилгаж байх зуур хэдхэн хоногийн өмнө хандив  татан барин нүцгэн гараараа түймэр  унтраасан монголчууд бөгс бөөрөө хүртэл хужаатай холбон цуурч, золоор сэргээсэн тусгаар тогтнолд нь хүн санаатай халдаад байгаа мэт “нөхцөл байдал”үүсгэн цуурч суух аж.  Америкчууд Иракт ардчиллыг хамгаалах нэрээр орж билээ. Хятадууд Монголд бөөс түүж өгье гээд орж ирэх вий дээ, тайван сууж байгаа том зааны хамар гижигдэж, бөөстүүллээ гэж буруутгаж гүйгээд байхаар чинь.

 

 

 

 

 

arrow icon