Нийтлэл 08 сарын 14, 2017

Чагтлагдсан сэдэв: АНУ-ЫН ЦЭРГИЙН ДЭЭД УДИРДЛАГА СӨҮЛД АЙЛЧЛАВ

АНУ-ын Зэвсэгт хүчний дээд удирдлагуудын нэг Генерал Жосеф Дунфорд Өмнөд Солонгосын нийслэл Сөүлд айлчлан Ерөнхийлөгч Мүүн Жэ Интэй уулзлаа. Генерал Дунфорд Солонгосын хойг болон АНУ-Хойд Солонгосын хооронд үүсээд байгаа нөхцөл байдлыг дүгнэн “цэрэг зэвсгийн хувилбарыг бусад хувилбарууд бүтэлгүйтсэн тохиолдолд ашиглана” гэж мэдэгджээ. Гэхдээ Хойд Солонгосын асуудлыг шийдэхэд “АНУ-ын цэргийнхэн дипломатын болон эдийн засгийн арга хэрэгслүүдийг ашигласаар байх болно” гэсэн аж. Генерал Дунфорд АНУ-ын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зэрэг АНУ-ын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн байгууллагуудад цэргийн асуудлаар зөвлөх эрхтэй юм.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин Генерал Дунфордод хандан “Хойд Солонгос тив алгасах пуужин хөөргөж эхэлсэн нь дэлхийн дэг журам, бүс нутгийн энх тайван байдлыг сарниулж” байна гэжээ. Мөн тэд АНУ-Өмнөд Солонгос холбоотны харилцаагаа хэвээр хадгалахыг онцолжээ.

Эх сурвалж: Reuters

Сүүлийн өдрүүдэд үүсээд байгаа АНУ-Хойд Солонгос хоорондын хурцадмал байдал олон улсын асуудал болоод байгаа билээ. ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова АНУ-Хойд Солонгосын хооронд үүсээд байгаа харилцааг хүч хэрэглэхэд ойрхон байгаа хэмээн мэдэгдэж байсан. АНУ-ын Ерөнхийлөгч Хойд Солонгосын эсрэг хүч хэрэглэхэд бэлэн гэдгээ удаа дараа мэдэгдсэн бөгөөд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Хойд Солонгос “дипломат хэл ойлгохгүй” байсан нь ийм мэдэгдэл хийхэд хүргэсэн гэж тайлбарлаж байв.

Өнгөрсөн сарын сүүлээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Хойд Солонгосын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ тогтоосон. Мөн БНХАУ энэ сарын 15-наас эхлэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригийн дагуу Хойд Солонгосоос түүхий эд, далайн гаралтай бүтээгдэхүүн импортлохыг хориглохоор болсон. Хэдийгээр дэлхийн олон улс Хойд Солонгост цэрэг зэвсгийн болоод эдийн засгийн дарамт учруулж байгаа ч дайсагнасан харилцаа намжих биш улам ширүүсэж магадгүй байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon