Нийтлэл 08 сарын 17, 2017

Чагтлагдсан сэдэв: МҮҮН ЖЭ ИНИЙ ЭХНИЙ 100 ХОНОГ

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин эхний 100 хоногоо тохиолдуулан өргөн хүрээтэй хэвлэлийн хурал хийлээ. Уг хуралд 250 орчим дотоод, гадаадын сэтгүүлчид оролцож Ерөнхийлөгч Мүүн Жэ Инээс сонирхсон асуултуудаа асуужээ. Хурлын үеэр Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин сонгогдсоноосоо хойш 100 хоногт ямар ажлуудыг эхлүүлсэн болон Өмнөд Солонгосын эдийн засаг, улс төрийн бодлого, Хойд Солонгосын асуудал зэргээр сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлсэн байна.

Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин БНАСАУ тив алгасах пуужин харвах асуудлаар “Хойд Солонгос тив алгасах пуужин бүтээж, цөмийн хошуу байрлуулж байгааг улаан шугамд ойртож буй гэж тодорхойлно.” гэжээ. Цаашлаад “Хойд Солонгос илүү үйлдэл хийж аюул үүсгэхгүй” байхыг сануулжээ. Мөн хэрвээ “Хойд Солонгос өдөөн хатгалгаагаа зогсоовол тусгай төлөөлөгч илгээнэ.” гэсэн байна.

Өмнөд Солонгост олон жилийн турш улс төрийн эмзэг асуудал болоод байгаа Үндсэн хуулийг өөрчлөх асуудалд Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин “ирэх жилийн зургадугаар сард болох орон нутгийн сонгуультай зэрэгцэн Үндсэн хуулийг өөрчлөх санал асуулгыг эхлүүлнэ.” гэж мэдэгдсэн байна. Мүүн Жэ Ин сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Ерөнхийлөгч 5 жилийн хугацаатай нэг удаа сонгогдох хязгаарыг өөрчлөн 4 жилээр хоёр удаа сонгогдох боломжийг нээнэ гэж амлаж байсан юм.

Gallup Korea байгууллагын судалгааны дагуу Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин зургадугаар сарын үед Өмнөд Солонгосчуудын 84%-ийн дэмжлэгийг авч байсан бол наймдугаар сарын хоёрдугаар долоо хоногт 78% руу буурчээ. Хэдийгээр түүнийг үл дэмжих хандлага нэмэгдэж байгаа ч сонгуулийн үеэр амласан амлалтуудаа биелүүлж байгаа юм.

Ерөнхийлөгч Мүүн Жэ Иний эхний 100 хоногийн дэмжлэг. Эх сурвалж: Gallup Korea

Тэрээр сонгуулийн амлалтынхаа дагуу өндөр орлоготой иргэд, хөрөнгө оруулагч, компаниудад ноогдох татварын хэмжээг нэмэгдүүлсэн. 129 корпорацийг хамруулсан татварын хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийн үр дүнд татварын орлого жилд 200 тэрбум вон буюу 176,1 сая ам.доллараар нэмэгдэх аж.

Мөн тэрээр ажлын байрыг нэмэгдүүлэх, хүүхэд, хөгшдийн халамжийн үйлчилгээг сайжруулахаар 11 их наяд вон буюу 9,7 тэрбум ам.долларын төсөв батлуулж чаджээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon