Нийтлэл 08 сарын 20, 2017

ДЭЛХИЙ ЮУ УНШИЖ БАЙНА ВЭ? Куликовын тулалдаан: Орос үндэстний эхлэл

Оросууд Монголчуудын байгуулсан Алтан ордны улсын ноёрхлын эсрэг тэмцэж, өөрсдийн бүрэн эрхээ олсон нь өнөөгийн Оросын нэгдмэл соёл, удирдлагын үндэс болжээ. 1380 онд болсон Куликовын тулалдаан энэ үйл явдалд эргэлтийн цэг байв. Энэ талаар өгүүлсэн Оросын тоймч Алексей Тимофеевийн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

“Оросууд Куликов руу өөр өөр вант улсуудыг төлөөлж яваад нэгдсэн Орос үндэстэн болж эргэн ирсэн” гэж 20-р зууны Оросын алдарт түүхч Лев Гумилев бичиж байв.

Нэгэн домгийн дагуу тулалдааны өмнө хоёр цэрэг халз тулалдсан гэдэг. Зурсан: Михайл Авилов, 1943 он. Эх сурвалж: Global Look Press

Айдасгүй хоёр үе

1380 онд Оросын янз бүрийн нутгуудаас ирсэн Оросууд Москвагийн Ханхүү Дмитрийн удирдлаган дор Мамай хааны цэргүүдийг ялав. Мамай Монголчуудын 13-р зуунд байгуулсан Алтан ордын хүчирхэг хаан байв. Алтан ордын Монгол удирдагчид Оросын вант улсуудыг 150 жилийн турш засаглажээ. Вант улсууд өргөл барих ёстой бас хязгаарлагдмал эрх мэдэлтэй байв.

13-р зууны дунд үед болсон Монголчуудын байлдан дагуулалт Оросуудыг цочроов. Гэхдээ 1380 он гэхэд хүний хоёр үе өнгөрч Монголчуудын довтолгооны таагүй дурсамж алга болсон байсан гэж түүхч Васили Ключевский байв.

Азийг ялан дийлсэн нь

Куликовын тулалдаантай холбоотой маш олон түүхэн үйл явдал тодорхойгүй, түүхчид тулалдаанд яг юу болсон, ямар үр нөлөөтэй байсан зэрэг асуудлаар маргаж байна. Гэхдээ Куликовын тулалдааныг тайлбарладаг үндсэн хандлагын дагуу Оросууд 150 жилд анх удаа Монголчуудын эсрэг тулалдаж, үндэсний чөлөөлөх үйл явцыг эхлүүлсэн гэж үздэг.

Ханхүү Дмитрий. Зурсан: П.Митяшин. Эх сурвалж: Global Look Press

Түүхч Сергей Соловьев Куликовын тулалдааныг дээрхээс ч илүү нөлөөтэй байсан гэдэг. Тэрээр тулалдааныг “Европ Азийг ялан дийлсэн явдал” гээд МЭ 451 онд Ромчууд болон Визиготууд Хүнчүүдийн Атиллаг Каталауны хөндийд ялсан алдарт тулалдаантай харьцуулсан.

Үүнээс гадна Ханхүү Дмитрий Монголын бүрэн эрхийг унагаах гэж оролдоогүй гэх үзэл байдаг. “Уламжлалт хандлагын дагуу дарлалыг алга болгох нь гол зорилго биш”. Харин “тэрээр Владимирт байсан Оросын Их ван цолыг Москвад үүрд авчрах зорилготой байв” гэж түүхч Антон Горский мэтгэжээ. Дмитрийн засаглалаас өмнө Алтан орд Оросын Их ванг сонгодог байв. Энэ хандлагын дагуу Мамай Мосвкагийн удирдагчид цол олгоогүй нь байлдах шалтгаан болсон гэж үздэг. Дмитрийгийн ялалт Москвагийн ирээдүйн ханхүү нарт Их ван цол өвлүүлж, Москвагийн вант улсыг Оросын газар нутгийн гол хэсэг болгосон.

Дмитрий хэрхэн ялав?

Куликовын тулалдаан, Зурсан: Сергей Присекин, 1980. Эх сурвалж:Global Look Press

Түүхчид Куликовын тулаан хаана болсон, яаж өрнөсөн талаар маргалддаг. Гэхдээ ерөнхийдөө Куликовын талд Ханхүү Дмитрий дайсныхаа зохион байгуулалтыг эвдэн, Литвын ханхүү, Оросын Рязаны ван зэрэг Мамайгийн холбоотнуудыг Монголын цэргүүдтэй нэгдэх боломжгүй болгов. Ингээд Дмитрий Дон мөрнийг гатлан зөвхөн Мамайгийн цэргүүдтэй тулалдах болов.

Хоёр талаас хэдэн арван мянган цэрэг оролцсон ширүүн тулалдаан болжээ. Монголчууд Кримээс ирсэн Генуягийн явган цэргүүдийн дэмжлэгтэй Оросын цэргийн зүүнээс довтлон, гол хүч рүү дотроос нь дайрч эхэлжээ. Монголчууд өөрсдийгөө бараг ялчихлаа гэж бодож байтал, ар талд үлдсэн Дмитрийгийн тусламжийн цэргүүд ирж, Мамайн цэргүүдийг ухархад хүргэжээ. Дмитрий шадар хүнийхээ хуягийг өмсөн тэргүүн шугамд тулалдаж, хожим Донский гэдэг цол хүртсэн байдаг.

Москва ба Оросын хувь заяа

Лев Гумилев хэлсэнчлэн “Куликовын тулалдаан газар нутгийн төлөө тулалдаан гэхээсээ соёл, уламжлалаа хамгаалах зорилготой байв”. Тэрээр Мамай Исламизм (Исламын шашинтай Монголчууд), Католицизмын (Геноя болон Литвачууд) аюулыг агуулж байсан гэж үзсэн юм.             

Куликовын талд ялсан нь Оросын нэгдмэл байдлын суурийг тавьжээ. Тулалдаан Оросыг өөрчилсөн. “Эр зориг, мятрашгүй тэмцлийн хүчинд Москва Алтан орд болон түүний холбоотнуудын эсрэг босож чаджээ.” хэмээн Лев Гумилев бичжээ. Цаашлаад тулалдаан хүмүүсийн сэтгэлгээг өөрчилж, тэд өөрсдийгөө бие даасан Орос гэж үзэх болсон юм гэжээ.

100 жилийн дараа 1480 онд Оросын төвлөрсөн төр улсыг байгуулсан Дмитрийн удам гуравдугаар Иван Монголчуудын ноёрхлыг эцэслэв. Түүхэн бичвэрүүдэд бичсэнээр тэрээр Куликовын тулалдааныг дурсамжийг санан Монголчуудын ноёрхолыг төгсгөжээ.

 Орчуулсан: Ш.Билгүүн

Эх сурвалж: www.rbth.com 

Сэтгэгдэл бичих

arrow icon