70 мянгын төсөв

Оюутнуудад цалин олгоно гэсэн нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн 2009 онд өгсөн томоохон амлалтуудын нэг юм. Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ эзэн болж 2011 онд “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль”-ийг УИХ-д өргөн барьж, батлуулсан. Ингээд, 2012 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс уг хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн билээ. Өөрөөр хэлбэл энэ оноос эхлээд төсвийн ачааг 100 гаруй тэрбум төгрөгөөр нэмэх болсон юм.

Халамжийн бодлого “хавтгайрсан” гэж шүүмжлэгдсээр байхад бүх оюутанд тэтгэлэг өгөх нь зөв үү гэдэг асуулт анхнаасаа л яригдсан. Түүнчлэн, өнгөрсөн гурван жилд хуучраагүй сэдвүүдийн нэг. Байн, байн сөхөх шалтгаан нь мөнөөх төсвийн ачаалал. Тийм ч учраас “оюутны 70” гэдэг асуудал УИХ дээр жил болгон хэлэлцэгдэж байна.

Ер нь, хууль өөрөө анхнаасаа бүрэн дүүрэн мөрдөгдөөгүй юм. Тухайлбал хуульд үндэсний тэтгэлэг, болон урамшууллын тэтгэлгийг сард нэг удаа олгох заалттай. Гэвч бодит байдал дээр ийм боломж байгаагүй. Тэтгэлэг олгох процесс нь дамжлага ихтэй, мөнгө оюутны гар дээр очих явц удаан байсан тул улиралдаа нэг удаа олгож байгаа.

Түүнчлэн, үндэсний тэтгэлэг нь цалингийн доод хэмжээний 50 хувьтай тэнцүү байх ёстойг хуулинд тодорхой заасан. Хуулийг батлах үед цалингийн доод хэмжээ 140 мянган төгрөг байсан бол одоо 192 мянган төгрөг болжээ. Гэвч цалингийн өсөлтийг дагаад үндэсний тэтгэлгийг нэмэх чадал төсөвт байсангүй. Тийм ч учраас “Шинэчлэлийн” Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг үндэсний тэтгэлгийн хэмжээг төсвийн ачааллаас хамааран жил бүр Засгийн газраас тогтоодог байх санал дэвшүүлж байсан. 

 

Оюутнуудад цалин олгох нь амар ажил биш гэдгийг хуулиа зөрчин байж, хичээнгүйлэн гүйцэтгэж байгаагаас харж болох юм. Монголын оюутнууд 200 мянга хүрч сар бүр 10 тэрбум, жилд 100 тэрбум төгрөг төсвөөс зарлагадаж байна. Тэдний хэд нь тэтгэлгээ сургалтын төлбөртөө өгч, хэд нь ном, сурах бичиг авах, өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулж, хэд нь зугаа цэнгэлд үрж байгааг хэн ч үл мэднэ. Ямартай ч өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүний 0.6 орчим хувийг оюутны тэтгэлэг эзэлж, нийт халамжийн 20 орчим хувийг дангаараа бүрдүүлж байна. Эдийн засгийн байдлаас үүдээд төсөв энэ хүнд ачааг цаашид дааж дийлэхгүй болжээ.

 

Харин энэ удаад “оюутны 70” гэдэг сэдвийг хаах цаг нь болсон бололтой. Учир нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганы үеэр хийсэн мэдээлэлдээ сүүлийн жилүүдэд төсвийн орлого тасалдаж, эдийн засаг муудсан учир халамжийн бодлогоо шинэчлэх асуудлыг дэвшүүлсэн юм. Үүний дотор оюутны тэтгэлгийг оюутан бүрт биш, зөв зохистой хэрэглэж чаддаг, өөртөө, оюундаа хөрөнгө оруулалт хийдэгт нь өгье гэсэн саналыг Ерөнхий сайд дэвшүүлээд байна. Оюутны тэтгэлгээс гадна алдарт эхийн одонгийн мөнгө, хүүхдийн мөнгийг ч танах тухай санал гаргасан. “Одонгийн” болон “хүүхдийн” мөнгөний тухайд эсэргүүцэл ширүүн байгаа учраас хасаж, таналгүй хэвээр үлдээхээр болж байна. Ингэхлээр төсвийн ачаанаас хөнгөлөх үлдсэн боломж нь "70 мянга". Үндэсний тэтгэлгийг бүр мөсөн зогсоовол жил бүрийн төсвөөс 100 гаруй тэрбум төгрөг хэмнэх юм. Харин оюутны тэтгэлгийн тухайд хэрхэн яаж, танах, хэнд яаж олгох тухай саналыг Монголын оюутны холбооноос Ерөнхий сайдад дэвшүүлжээ. Саналд оюутны сурлага, идэвх болон нийгмийн байдлыг харгалзах тухай тусгажээ. 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4689

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%