Нийтлэл 11 сарын 06, 2017

Т.Зориг: Эрэгтэй хүнийг хамгийн гоё харагдуулдаг хувцас бол хослол

VTV HD телевизийн нийгэм улс төрийн хүрээн дэх тулгамдсан асуудлыг хөндөж ярилцдаг “De Facto” нэвтрүүлэг энэ удаагийн дугаарын зочноороо Примьер Тайлор компанийн үүсгэн байгуулагч Т.Зоригтой ярилцсаныг trends.mn тоймлон хүргэж байна.

Д.Жаргалсайхан: Эрэгтэй хүний ажил хэрэгч хувцас загварын тухай ярилцъя. Энэ чиглэлээр компани байгуулаад 3 салбартай болчихлоо. Яагаад эрэгтэй хүний хувцасны компани байгуулах болов. Яагаад энэ зах зээлийг боломжтой гэж үзсэн вэ?

Т.Зориг: Багаасаа хувцас загварт сонирхолтой хүүхэд байсан. Америкт сурч байх хугацаандаа Европ оюутнуудтай нийлдэг байсан. Америкийн төвөөс нэлээд хойш хөдөөний гэж болохоор тийм мужид сурч байсан. Европ оюутнууд бусдаасаа арай гоё хувцасладаг байсан тэр нь манай сургуулийнханд харагдаад сургуульдаа загварын зөвлөгөө өгдөг болсон. Түүнээс хойш ер нь загварын салбар сонирхолтой юм байна гэж шийдээд бас хэд хэдэн хичээлийнхээ сүүлийн прожектыг дандаа хувцас загварын брэндүүд дээр юмуу онлайн худалдааны вэб сайтууд дээр хийж байсан. Энэ чиглэлээр сонирхолтой болохоор монголд ирээд нэгэн компанид маркетингийн чиглэлээр ажиллаж байсан. Тэгээд хүн болгон костюм пиджак өмсдөг байсан. Яагаад гэвэл оффис хувцаслалт гэдэг утгаараа. Гэтэл монголд тийм олон брэнд байдаггүй. Худалдан авах сонголт цөөхөн байдаг. Гадаадад бол нэг дэлгүүрт ороод надад таарахгүй байлаа гэж бодоход нөгөө дэлгүүрт нь ороход таарах магадлал өндөр байдаг. Монголд тийм биш 4, 5-хан дэлгүүр байдаг. Ийм учраас хүмүүс худалдан авсан бүтээгдэхүүнээ оёдолчин дээр очиж янзлуулдаг тэр нь чанарын өндөр түвшинд оёх эсэх нь эргэлзээтэй иймэрхүү асуудлууд өөр дээр минь тулгарч байсан. Тэгээд сүүлийн жилүүдэд бүх л тансаг зэрэглэлийн брэндүүдэд бизнес хэмжээ авч үйлчилдэг үйлчилгээ дэлгэрч байсан. Азид Солонгос, Тайланд, Хонконг зэрэг том хотуудад энэ үйлчилгээ дэлгэрч эхэлж байсан. Монголд яагаад энэ үйлчилгээг үзүүлж болохгүй гэж бодоод анх нээж байсан.

Д.Жаргалсайхан: Тэгэхээр ийм үйлчилгээ байдаг юм байна, болно гээд 5 жилийн өмнө хийж эхэлсэн байна. 5 жилийн дараа болж байна уу?

Т.Зориг: Би ер нь бол өөрийнхөө хийж байгаа ажлыг бизнес гэж харахгүй өөрийнхөө сонирхлоор л хийж байгаа гэж боддог. Энэ салбарыг монголд хөгжүүлье ажил хэрэгч хувцасыг бас энэ соёлыг л түгээе гэж бодож байгаа. Мэдээж бид нар 3 өөр дэлгүүртэй 3 өөр зах зээл дээр өрсөлдөж байгаа. Энэ салбартаа бол хамгийн том нь гэж хэлэхэд буруудахгүй байх гэхдээ эдийн засгийн байдлаас хамааралтай, гадаад худалдаа явуулдаг болохоор ханшийн зөрөө гэдэг зүйл хэцүү байдаг. Гэхдээ энэ соёлыг түгээе гэсэн сонирхолтой залуучууд нэгдсэн учир үйлчлүүлэгчид сайтай байдаг.

Д.Жаргалсайхан: Олуулаа ажилладаг уу?

Т.Зориг: 12-лаа ажилладаг. Тэрний 6,7 нь мэргэжлийн дизайнерууд. Бусад нь загварын чиглэлд сонирхолтой маркетингийн чиглэлээр төгссөн залуучууд ажилладаг.

Д.Жаргалсайхан: Эрэгтэй хүний ажил хэрэгч загварт анхаарах хамгийн чухал асуудал нь юу байдаг вэ? Энэ тухай зөвлөгөө өгөөч?

Т.Зориг: Хамгийн чухал нь хувцас гэдэг бол хүнийг илэрхийлж байгаа хамгийн том илэрхийлэл байдаг. Хүн өөрөө зөв хувцаслан гэдэг бол орчин тойрноо хүндэтгэж буй нь нэг илрэл байдаг. Юун түрүүнд зөв хувцаслалт гэдэг ойлголт чухал байдаг. Та өөрөө хэн бэ, хэдэн настай вэ, ямар ажил эрхэлдэг, энэ хувцасыг хаана өмсөх гэж байгаа вэ энэ хувцастай ямар орчинд уулзалт хийх гэж байгаа вэ гэдгээс хамаараад материал, өнгөө сонгодог. Үүнийгээ цогцоор нь шийдэж байж зөв хувцаслан гэсэн үг. Зөв хувцаслаж байгаа хүн тухайн цаг үед өөрийгөө зөв илэрхийлж байна гэж ойлгох хэрэгтэй.

Д.Жаргалсайхан: Ер нь ажил хайж байгаа хүн, ярилцлаганд анх удаа орох гэж байгаа хүнд хувцас аль зэрэг чухал вэ?

Т.Зориг: Америкт сурч байсан болохоор багш нарынхаа зааснаар ажилд орох гэж байгаа залуучууд хувцаслалтандаа маш сайн анхаарах ёстой. Мөн хэл ярианыхаа өнгөн дээр анхаарах ёстой. Яагаад гэвэл анхны сэтгэгдэл 1-2 минутанд төрдөг. Тэр нь та ямар хувцас өмссөн байна, үсээ яаж янзалсан байна хоолойны өнгө, алхаа гишгээ ямар байна гэх зэрэг зүйл дээр үндэслэж тэр ажилтанг ажилд авахуу, үгүй юу гэдгийг шууд тодорхойлдог.

Д.Жаргалсайхан: Цамцны ханцуй пиджакны ханцуйнаас аль зэрэг урт байвал тохиромжтой байдаг вэ?

Т.Зориг: Цамцны ханцуй пиджакны ханцуйнаас 1-2 хуруу гарсан хэмжэээтэй байх нь хамгийн тохиромжтой байдаг. Гэхдээ бугалганы яс дөнгөж даваад эрхий хурууны адаг бугуй хоёрын завсарт л пиджакны ханцуй таарч байх ёстой.

Д.Жаргалсайхан: Яг зохицуулж өмсөх гэж зүйл байна. Жишээлбэл зарим оронд онгоцонд биеийн тамирын хувцастай явж байх юм. Үүнийг яаж зохицуулах ёстой вэ?

Т.Зориг: Хослол гэдэг эрэгтэй хүний хувцасны шүүгээнд 120 гаруй жил болж байгаа хувцасны нэг төрөл. Сүүлийн жилүүдэд үүнийг гудамжны стиль рүү оруулж хувцаслаж болох юм байна гэдгийг гаргаж ирээд байгаа. Хослол гэдэг бол ажил хэрэгч хувцас. Загвар гэдэг зүйл өөрөө дүрэмд баригдахгүй хүн өөрөө өөрийгөө илэрхийлж байгаа бусдаас содон харагдах ёстой гэдэг зүйл бас яваад байна. Эрэгтэй хүнийг хамгийн гоё харагдуулдаг хослол гэдэг зүйлийг бид нар арай гудамжны стиль, өдөр тутамдаа хэрэглэдэг хагас бүтэн сайнд хослолынхоо доогуур пүүз кет өмсөх зэрэг иймэрхүү зүйл гарч ирдэг. Үүнийг бас үгүйсгэж болохгүй.

Д.Жаргалсайхан: Ямар үед эрэгтэй хүн дотуураа хантаазтай, ямар үед зөвхөн пиджактай байх ёстой вэ? Энэ хоёрын ялгаа нь юун дээр харагдах ёстой вэ?

Т.Зориг: Жилетик буюу хантааз гэдэг зүйл аль эрт хослол гэдэг зүйл байх үеэс л байдаг байсан. Жилетик өмссөн бол үүнийг яг бүрэн хувцаслалт гэж үздэг. Сүүлийн жилүүдэд  2 хос болоод байгаа нь загвар өөрчлөгдөж байгаагийн илрэл.

 Д.Жаргалсайхан: Өвөл цагаан өнгийн хослол өмсөж болох уу?

Т.Зориг: Цагаан өнгийн өмд, хослол өмсөж болохгүй ш дээ. Тухайн хувцсыг юунд өмсөх гэж байгаа нь хамгийн чухал. Цагаан хослолыг гудамжаар өмсөөд явах нь тохиромжгүй.

Д.Жаргалсайхан: Та Италийн өндөр үнэтэй, тансаг брэндтэй хамтарч ажиллаж байна. Яаж тэр брэндийг үүсгэн байгуулагч нартай танилцсан вэ?

Т.Зориг: Би бол монголд бизнес хийх амархандуу гэж хардаг. Яагаад гэхлээр зах зээл нь жижигхэн учир гадны брэндүүд өөрсдөө орж ирье гэж хэзээ ч бодохгүй. Мөн хүн амын тоо ямар байгаа билээ. Манайхаас яг энэ чиглэл дээр өрсөлдөж байгаа компаниуд цөөхөн болохоор энэ компани монголдоо бүх эрсдлээ туулаад монголдоо манай брэндийг нээе гэж байгаа болохоор нээлгэчихье гэсэн байр суурьтай байдаг.

Энэ чиглэлд сонирхолтой болохоор судалгаа сайн хийсний үндсэн дээр ISAIA гээд брэндийг монголд албан ёсоор оруулж ирсэн.

Д.Жаргалсайхан: Итали шиг хэцүү зах зээл дээр нэлээд амжилттай яваа брэнд юм байнэ лээ. Та маркетинг тал дээрээ хэр анхаардаг вэ?

Т.Зориг: Манай бүтээгдэхүүн өөрөө чанартай болохоор хүмүүст аль болохоор их өмсүүлдэг. Эрэгтэй хүний худалдан авалт өөрөө сонин байдаг. Эрэгтэй хүн нэг зүйлд үнэнч байдаг. Өөрт таарснаа л өмсдөг.Тийм ч учраас чанартай бүтээгдэхүүн оруулж ирдэг.

Сэтгэгдэл бичих

arrow icon