Нийтлэл 11 сарын 17, 2017

НОМТОЙ НӨХӨРЛӨЖ АМЬДАР!

Таны амжилтын нууц юу байсан бэ? Та яаж амжилтанд хүрсэн бэ? Таныг амжилтанд хүрэхэд хамгийн их нөлөөлсөн зүйл юу вэ? Эд бол дэлхийн хамгийн алдар цуутай,  баян чинээлэг, эрх мэдэлтэй эрхмүүдээс бараг сурвалжлагч болгоны асуудаг асуултууд. Мэдээж хариулт нь маш олон төрөл. Гэвч тэдний хариулт дунд нэг нийтлэг зүйл бий. Тэр нь юу гээч? Тэр бол НОМ. Тэд бүгд ном идэвхийлэн уншсан нь тэдний амьдралд хамгийн томоохон өөрчлөлтүүдийг авчирсан, тийм ч учраас амжилтанд хүрэхийг хүсч буй бүхэнд ном унш гэж, бүр ямар ном уншихийг хүртэл зааж зөвлөдөг. Гэвч тэд нууцаа хэлж өгсөөр атал бид байсан байрандаа байсаар л байгаа нь бас л сонин. Уул нь бол бид нууц жорыг нь олоод авсан болохоор одоо бүх зүйл хялбар болох учиртай. Гэвч нэг л болдоггүй. Яагаад гээч? Нэг хялбар жишээгээр тайлбарлъя. Өрөөнд буй 10 хүнд нэгэн амжилтанд хүрсэн эрхэм заавал унших номнууд гээд 10 ном хэлж өглөө гэж бодъё л доо. Тэгвэл тэр 10 хүн дараах төрлүүдэд хуваагддаг аж.

  1. 3 хүн нь өрөөнөөс гараад л тэр номнуудын тухай мартдаг аж.
  2. 3 хүн нь 10 номыг худалдаж авдаг ч дөнгөж 1-ийг нь эхлүүлээд, дунд нь оруулаад бууж өгдөг аж.
  3. 3 хүн нь 10 номыг худалдаж аваад 10-ууланг нь уншчихаад номынхоо шүүгээнд маш гоё өрж тавиад мартдаг аж.

Харин нэг л хүн бүх 10 номыг нь худалдаж аваад 10-ууланг уншчихаад 10-уулангаас сурсан бүх зүйлсээ жагсааж бичээд амьдралдаа хэрэгжүүлж эхлэхийн зэрэгцээ дараагийн унших ёстой 10 номоо худалдаж авдаг аж.

Эндээс яагаад цөөн хэдэн хүн л үнэхээр амжилтанд хүрээд маш олон хүн бахь байдгаараа, байгаа газраа амьдардаг гэдгийг харж болж байна. Магадгүй чиний бодолд одоо дараах бодол эргэлдэж байгаа байх. Заа ном уншаад л амжилтанд хүрчихдэг гэж юу байсан юм,  үлгэр ярьж байх юм. Тэгвэл би нэг зүйл асууя. Үнэхээр хүрдэг бол яах уу? Хэрэв ном амжилт хоёр хамааралгүй бол амжилтанд хүрсэн хүн бүхэн худалч болж таарах нь. Тийм байж болох уу?

За мэдээж ном уншаад шууд ухаантай болоод бүх зүйл өөрөө өөрчлөгдөөд, чи мундаг болоод амьдрал гайхамшигтай болчихно гэж үгүй. Харин номноос олж авснаа амьдралдаа хэрэгжүүлээд эхлэх тэр мөчид сая чиний амьдрал өөрчлөгдөж эхлэх болно, сая чи амжилтын зүг алхаж эхлэх болно. Амжилтын хаалга бол НОМ. Харин тэр хаалгыг онгойлгох тэр түлхүүр бол ҮЙЛДЭЛ.  Чамд маш олон мундаг хүмүүс хаалга хаана байгааг зааж өгөөд байна харин тэр хаалгыг онгойлгох түлхүүр зөвхөн чамд байгаад байна. Одоо харин чи бэлэн үү?

Манай цаг үеийн шилдэг бизнесийн зөвлөхүүдийн Жим Рон хэлэхдээ "Чиний уншаагүй, уншиж чадаагүй ном бүхэн ирээдүйд амжилтанд хүрэхэд чинь саад тотгор болно" гэсэн байдаг. Ном бол мэдлэгт хүрэх хамгийн том гүүр. Аа харин мэдлэг гэдэг зүйл бол чи толгойдоо оруулж чадсан л өөр хэн ч, хэзээ ч чамаас булааж авч чадахгүй тийм л зүйл.

Ном дэндүү агуу л даа. Зүгээр л төсөөлөөд үз. Хэн нэгний 10, 20 бүр 30 жил судалж байж туурвисан асар их мэдээлэл, мэдлэг агуулсан бүтээлийг 10 хоногийн дотор өөрийн болгож танилцах боломжийг НОМ чамд олгодог. Нэг талаасаа энэ бол цаг хугацааг товчлох цорын ганц боломж.

Ямар ном унших уу? Миний бодлоор хүн төрөлхтний түүх соёл, алдартай хүмүүсийн амьдралын түүх намтар, эртний филисофичдын бичсэн бүтээлүүд, амжилтанд хүрэх арга замууд болон хувь хүний өөрийгөө хөгжүүлэх арга замууд дээр бичигдсэн номнууд амьдралд илүү тус дөхөмтөй байдаг гэж би боддог.

За тэгээд л ном унших гэхээр тэгээд л өдөр шөнөгүй суугаад, найз нөхөд, гэр бүлдээ цаг гаргаж чадахгүй бүр нэг дэндүү хэцүү зүйл гэж боддог улсууд бас байна аа. Тийм биш л дээ. Энэ чинь маш хялбархан. Захын хүн нэг жилийн дотор 18 ном уншиж чадна. 18 шүү. Яаж гээч?

Дундаж ном 200 хуудастай. 18 ном гэдэг бол 3600 хуудас гэсэн үг. Тэгэхээр жилд 365 өдөр байдаг учраас энэ нь чи өдөрт 10 хуудас унших хэрэгтэй л гэсэн үг. 10 хуудсыг уншихад чамд 30 минут буюу түүнээс бага хугацаа орно. Хэрэв чи өдөрт зөвхөн 10 хуудас ном уншаад үүнийгээ нэг жилийн турш хийж чадах юм бол жилийн дараа 18 ном. Амархаан байгаа биз.

Ингээд эцэст нь хэлэхэд унших уу, эс унших уу гэдэг бол чиний л сонголт. Гагцхү чиний уншсан эсвэл уншаагүй тэр 18 ном чиний амьдралд ямар өөрчлөлт бий болгох бол? Хариултыг нь чамд үлдээе.

Оюун ухааны мэдлэгийн сан чинь олон, маш олон сайхан номоор дүүрэн байх болтугай.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon