Нийтлэл 12 сарын 22, 2017

Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ, Япон, Канад улсад суух элчин сайд нарыг шинээр санал болгохыг хүслээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас гадаадын зарим улсуудад суух Элчин сайд нарыг томилох асуудал удааширч байгаа тул үүнийг ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлага байгаатай холбогдуулан  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнөөдөр албан бичиг хүргүүлээ. Уг албан бичигт Монгол Улсыг төлөөлөн гадаад улс оронд ажиллах Элчин сайд нарыг яаралтай томилоход анхаарал хандуулж, Засгийн газрын зүгээс томилуулах хүмүүсийн нэрсийг холбогдох хуулийн дагуу ойрын үед шинээр санал болгоно уу гэсэн байна.

Мөн сүүлийн үед олны анхаарал татаад байгаа ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар явуулах эсэх асуудалд ч хүлээзнэх шаардлага үүссэн. Учир нь Б.Хурцыг Элчин сайдаар томилох тухайд УИХ-тай зөвшилцөх явцад анхаарал татсан олон асуудал яригдсан тул энэ бүхнийг тодорхой болтол Ерөнхийлөгчийн зүгээс түүнийг томилж явуулах боломжгүй гэж үзсэн байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд илгээсэн уг албан бичигт :

“Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Тэнгэрийг, Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Чимгүүндарийг, Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ё.Отгонбаярыг тус тус тохоон томилох тухай асуудлыг Улсын Их Хурлын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн зөвшилцсөн. Гэвч Элчин сайдаар ажиллахаар болсон эдгээр нэр дэвшигчид нь тухайн албыг хаших насны шалгуурыг хангаагүй, тэднийг томилохдоо төрийн албаны мерит зарчмыг зөрчсөн болон Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” орнуудад суух Элчин сайдын өндөр хариуцлагатай албыг зохих түвшинд хашиж чадахгүй гэж үзэж байгаа зэргийг харгалзан тэднийг тохоон томилох тухай зарлиг болон Итгэмжлэх жуух бичгийг гаргах боломжгүй байна.

Түүнчлэн Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр, Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан нарыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр Улсын Их Хуралд хандсан байгаа. Элчин сайд С.Баяр нутагтаа бүрмөсөн буцах өргөдлөө өгснийг Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн бол Элчин сайд М.Энхсайханыг өнөөг хүртэл эгүүлэн татах асуудлыг Улсын Их Хурал хэлэлцээгүй байна. Иймд эл асуудалд анхаарахын сацуу дээр дурдагдсан дөрвөн улсад суух Элчин сайдад томилуулах хүмүүсийн нэрсийг холбогдох хуулийн дагуу ойрын үед шинээр санал болгоно уу” гэжээ.

Эх сурвалж: President.mn

Сэтгэгдэл бичих

arrow icon