Нийтлэл 01 сарын 07, 2018

Камбожийн хөгжил

Камбожийн хурдацтай хѳгжил нь хѳрѳнгѳ оруулагч нарын анхаарлыг татах болж, гайхалтай түүх, үзэсгэлэнтэй байгаль, хямд үнэ нь сая сая жуулчдыг дуудах болжээ. Олон хүний зүрх сэтгэлийг татаж, нүдийг нээсэн аялал болдог учир аяллын зѳвлѳгѳѳ ѳгдѳг сайтууд дээр Камбож тогтмол топ байруудад жагсаж буй. Анжелина Жоли Камбож иргэншилтэй болсон нь санамсаргүй хэрэг биш болов уу.

Нийслэл Пном Пеньд шинээр баригдах барилгууд Камбожийн эдийн засгийн хурдтай ѳсѳлтийг илэрхийлнэ. Харин гудамжаар нь том том Land 200 эсхүл Range Rover, G-классууд мотоцикль, хуучин Camry, Prius-тай зэрэгцэн хѳлхѳлдѳх нь бий болж буй ѳсѳлт тэгш бус хуваарилагдаж буйг харуулна. Хачирхалтай нь цагдаа, гэрлэн дохиогүй уулзварууд дээр ч барагтай бол түгжрээ, мѳргѳлдѳѳн гарахгүй эвтэйхэн зохицоод явчихна. Энд цаг агаар ч, хоолны амт ч, хүний ааш зан ч зѳѳлѳн.

Тайланд, Вьетнам, Лаосын дунд орших 15 сая хүнтэй энэхүү эдийн засаг сүүлийн 20 жилийн турш жилд дунджаар 8% ѳссѳн. Үр дүнд нь Камбож орон бага орлоготойгоос – дундаж орлоготой улс болох томоохон шилжилтийг хийжээ. Ѳдгѳѳ Пном Пений тѳвѳѳр Япон их дэлгүүр, Хятадын 5 одтой буудлууд ашиглалтанд орж, хѳдѳѳгѳѳр хурдны зам гүүрүүд ар араасаа баригдаж байна. 2010 оноос хойш Камбож рүү орох Японы хѳрѳнгѳ оруулалт 10 дахин ѳссѳн бол Хятадын хѳрѳнгѳ оруулалт цаашид огцом тэлэх хүлээлттэй байна.

Камбожийн экспортын 70%-ийг хѳнгѳн үйлдвэрлэл буюу хувцас бүрдүүлнэ. Marks & Spencer, Zara, H&M болон Nike, Adidas, Puma-ийн бүтээгдэхүүнүүд Made in Cambodia гэсэн шошготой байдаг нь үүнтэй холбоотой. Далайд гарцтай хямд тээвэр, будаа тарьдаг соёлын нэг хэсэг болох хѳдѳлмѳрч зан чанар, хямд ажиллах хүчин зэрэг нь энэ тѳрлийн үйлдвэрлэл хѳгжихѳд нѳлѳѳлжээ. Цаашид дэлхийн үйлдвэр гэгддэг Хятадад дундаж цалин ѳсч, үйлдвэрлэлийн ѳртѳг нэмэгдэхтэй зэрэгцээд илүү ѳндѳр түвшний үйлдвэрлэлүүд ч Зүүн Ѳмнѳд Азийн орнууд руу нүүж буй. Энэ нь Камбож руу орох хѳрѳнгѳ оруулалтыг нэмэгдүүлж, үйлдвэрлэл хѳгжих боломжийг олгоно гэж хүлээгдэж байна.

Хэдийгээр үйлдвэрт цалин маш бага, ажиллах нѳхцѳл маш хүнд ч, эдгээр нь Камбож хүмүүсийн даван туулсан зовлон бэрхшээлийн хажууд юу ч биш юм. Бараг 100-аад жил үргэлжилсэн Францын колончлол (дундуур нь 2- р дайны үед Японы түрэмгийлэл) 1953 онд дуусч, Камбож тусгаар улс болсон ч ээдрээтэй түүх дѳнгѳж эхэлсэн байдаг. Үргэлжлээд иргэний дайн, аймшигт геноцид, Вьетнамтай хийсэн дайн ѳрнѳж 90-ээд он гартал энэ улсад амар тайван он жил байгаагүй юм.

Тэр дундаа 70-аад оны сүүлээр 2 сая гаруй иргэн буюу хүн амынхаа ¼-ийг устгасан их хэлмэгдүүлэлт нь Камбож тѳдийгүй, хүн тѳрѳлхтний түүхэнд нэгэн том хар толбо болон үлдсэн. Тухайн үеийн удирдагчид нь эртний домогт түүхээ сэргээнэ гээд Барууны үзлийг бүрмѳсѳн халж, сургууль, номын сангуудыг хаан, хүн бүрийг уламжлалт аж ахуйгаа эрхэлж амьдар хэмээн хотоос хѳѳж байв. Нүдний шилтэй, ном уншсан хүн бүр буудуулсан гэдэг. Мѳн лам нар, сүсэгтэн олон ч ѳртѳж, сүм хийдийн 90% гаруй нь устаж үгүй болсон байна…

Харин алдарт Ангкор Ват сүм үүний гадуур үлджээ.

800 жилийн тэртээ одоогийн Тайланд, Вьетнам, Лаос, Камбож, Мьянмарыг нийлүүлсэн газар нутгийг (Indochina) эзэгнэж байсан Хмерийн эзэнт гүрний тѳв болсон энэхүү байгууламжийг ѳдгѳѳ жил бүр 2 сая хүн ирж үздэг. Камбожид Ангкорын зураг, нэрийг улсынхаа далбаанаас эхлээд пивоныхоо лаазан дээр хүртэл тавина. Гэхдээ гадныхны хувьд түүхээс илүүтэйгээр Lara Croft: Tomb Raider кинон дээр гардгаар нь илүү олон хүн мэддэг ч байж магад. Оргил үедээ Ангкор хотод 1 сая хүн амьдарч байсан бѳгѳѳд, аж үйлдвэржилтийн ѳмнѳх дэлхийн хамгийн том хот байсан гэдэг. Хмерчууд буюу одоогийн Камбож орны ѳвѳг дээдэс ѳѳр хаана ч хийгдээгүй тэр бүх дэд бүтэц, инженерчлэлийг хийх мэдлэг чадвартай мундаг хүмүүс байж. Тийм ч болоод эзэнт гүрний хааныг "хаадын хаан" гэж нэрлэдэг байсан бѳгѳѳд, хаадууд Пирамид барьдаг шиг том сүм хийд барьдаг байсны нэг нь одоогийн Ангкор Ват юм. Сонирхолтой нь, Монголын эзэнт гүрний (Юань) цэрэг Хмерийн эзэнт гүрнээс татвар авч, элчин сайд суулгаж байсан түүх бий.

Ангкор Ват-аас гадна, Камбожийн цагаан элс ногоон цэнхэр устай үзэсгэлэнтэй далайн эргүүд, арлууд нь жилдээ 5 сая жуулчин татаж, валют олох том эх үүсвэр болдог. Нэг гайхмаар зүйл гэвэл Камбожид дэлгүүрийн үнэ, хоолны газрын меню гээд юмны үнэ ам.доллараар илэрхийлэгдэж, тѳлбѳр тооцоог ч доллараар хийнэ. Харин ѳѳрийн мѳнгѳн тэмдэгт нь бутархай мѳнгѳний үүргийг гүйцэтгэдэг нь үймээн самуун, эдийн засгийн тогтворгүй он жилүүдээс үлдсэн зүйл юм. Жишээ нь 1.5 долларын Angkor пиво авахад 1 доллар, 2000 риель тѳлнѳ.

Сүүлийн нэг үйл явдал гэвэл, саяхан Камбожийн тѳрийн ѳндѳр албан тушаалтнууд болон тэдний гэр бүлийнхэнд АНУ визний хориг тавьсан. Үүний шалтгаан нь эрх баригч нам гол сѳрѳг хүчнээ тарааж, гишүүдийг нь 5 жил улс тѳрд орохыг хориглож, удирдлагыг нь барьж хорьсонтой холбоотой. Түүнчлэн чѳлѳѳт хэвлэлүүдийг хааж, тѳрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг ч зогсоожээ. 30 гаран жил энэ орныг удирдаж буй ерѳнхий сайд Хун Сен дараа жилийн сонгуульдаа ингэж бэлдсэн нь ардчилал, хүний эрхийг хамгаалагчдын зүгээс ч нэлээд шүүмжлэл хүлээсэн.

Визний хоригоос гадна гадаадад байгаа байшин, машин гэх мэт хѳрѳнгийг царцаах арга хэмжээ авахыг баривчлагдахаас зугтаж гарсан зарим улстѳрчид уриалж буй. Харин ерѳнхий сайд Хун Сен офшорт хѳрѳнгѳгүйгээ мэдэгдэж, чаддаг юм бол царцаа гэж. Хятадаас орж ирж буй их хѳрѳнгѳ оруулалтууд, дэмжлэг туслалцаа түүнийг ийнхүү АНУ тэргүүтэй барууны орнуудын эсрэг зоригтой дуугарч байгаа гол шалтгаан гэж яригдаж байна.

Ѳнѳѳдѳр Камбож орон Хмерийн эзэнт гүрний уналтаас хойшхи эргэн сэргэлтээ хэр тогтвортой үргэлжлүүлэх вэ гэдэг эгзэгтэй цаг үе дээрээ явна. Үүний тулд эдийн засгийн таатай орчныг бүрдүүлж чадах улстѳрийн орчин, сайн засаглалыг бүрдүүлж чадах уу гэдэг нэг том сорилттой тулж буй. Харин нѳгѳѳ талаас боловсролын чанараа сайжруулж, бүтээмж сайтай ажиллах хүчнийг бэлдэж чадах уу гэдэг бас нэгэн том сорилттой тулж байна.

Хэрэв улстѳрийн нѳхцѳл байдлаас болоод барууны үйлдвэрлэгчид үйлдвэрээ хаагаад гараад явбал 700 мянга гаруй хүн ажилгүй болж, эдийн засагт хүнд цохилт болно. Тэдгээр үйлдвэрийн ажилчид ихэвчлэн мэдлэг боловсрол бага, хѳрвѳх чадвар султай тул дахин ѳѳр ажил олох амаргүй тул нийгэмд ч хүнд цохилт болж, тогтворгүй байдал үүсэх эрсдэлтэй юм.

Сэтгэгдэл бичих

arrow icon