Нийтлэл 02 сарын 20, 2018

НОЙР ХУЛЖААМ САНСАР ОГТОРГУЙ: Хүн яагаад сансар огторгуйг бодно вэ?

Сансар огторгуйг анзаарах шөнө

Хэнд ч, нойр хулжсан үдэш гэж байдаг шүү дээ.

Тийм үдшээр сансар огторгуйн тухай эргэцүүлэн бодож үзэх нь зүгээр ч байж болох юм.

Ерөөс, хэрэвзээ шөнө гэж байхгүйсэн бол бид бүхэн “Сансар огторгуйг” олж анзаарах байсан гэж үү?

Учир гэвэл өдрийн тэнгэрийг өргөн тольдовч тэндээс, гялбах нарны туяанаас бусад оддын төрхийг олж эс чадна. Тэгээд ч хөхрөх тэнгэрийн хаяа хязгааргүй хол мэт атлаа, бас төсөөлсөнөөс хавьгүй ойрхон ч юм шиг санагддаг шүү дээ. Тиймдээ ч гэрэлт өдрийн тэнгэрийг хараад, хэдэн сая живаагаар тоологдом од галактикууд бэлчих тэрхүү уудам огторгуйн төрхийг төсөөлөн бодох ямар ч боломжгүй юм.

Америкийн уран зөгнөлт зохиолч Асимовын бичсэн “Шөнө ирэв” (Nightfall) зохиолыг та мэдэх үү?

 1941 онд анх олны хүртээл болсон, ном хэлбэрээрээ 60-аадхан хуудас бүхий богинохон зөгнөлт өгүүллэг боловч, уран зөгнөлт зохиолын ертөнцдөө өндөр нэртэй сонгодог бүтээлийн нэгд тооцогддог.

Үйл явдал 6 наранд хүрээлэгдсэн гариг “Лагаш”-д өрнөнө. 6 нарнаас ядаж нэг нь гарцаагүй тэнгэрт нь мандаж байдаг Лагаш нь мөнхийн зун төдийгүй, мөнхийн “өдрөөрөө” байдаг гариг тул, шөнө гээч ойлголт огтоос тэнд үгүй. Үүнээс болоод тэнд одон орны ухаан олигтой хөгжилгүй, тэндэхийн хүмүүс Лагаш гариг болон 6 нарнаасаа цааш ертөнц үгүй гэсэн итгэл үнэмшилийн дор өөрсдийн соёл иргэншилийг цогцлоон босгожээ.

Гэтэл 2000 жилд нэг удаа болдог “нар хиртэлт”-ээс үүдэх “шөнө” тэнд айлчлах үед эмгэнэл тохиох нь тэр. Тоогүй олон одод гарч ирэхэд одон орончид мухардан цочирдож, өөрсдийн өчүүхэн ертөнцийн тухай үзэл нь сууриараа нуран унасанд цөхрөн гашуудна. Ард иргэд анх удаагаа үзэх түнэр харанхуйд балмагдан, гэрэл хүсэхдээ хотоо галдаж орхих нь тэр. Ийнхүү Лагаш гаригийн соёл иргэншил ганцхан шөнийн дотор нуран унажээ…

Энэ бол дээрх зохиолын хураангуй юм. “2000 жилд нэг удаа айлчлах шөнө” гэдэг тавил төдийд л өөрийн эрхгүй автан сонирхмоор. Уран зөгнөл сонирхогчдын санал асуулгаар үргэлж дээгүүрт орж явдгийг нь аргагүй хүлээн зөвшөөрөх биз. Дашрамд хэлэхэд Лагаш гаригийн соёл иргэншил ганцхан шөнийн дотор нуран унасан бол, нэр нь үл мэдэгдэх 21 настай залуухан зохиолч Асимов ганцхан шөнийн дотор алдартануудын эгнээнд дэвшин орсон гэдэг.

Аз болоход бидний дэлхийд өдөр шөнө ээлжлэн айлчилдаг тул, хүмүүс уудам огторгуйг анхнаасаа л мэддэг байсан. Тиймдээ ч бидний нүдээр харвал “Бид юу ч мэддэггүй байжээ” гэлцэн шаагилдах Лагаш гаригийн одон орончид болон, харанхуйгаас айсандаа хотоо түймэрдэх Лагаш иргэдийн төрх марзан хийгээд хөөрхийлөлтэй мэт санагдах биз.

Гэвч, үнэндээ бид бүхэн Лагаш иргэдийг чичлэн шоолох болоогүй ч байж мэднэ. Учир гэвэл таны, бас миний мэддэг тэрхүү уудам огторгуй гээд байгаа нь, үнэндээ жинхэнэ сансар огторгуйн дэндүү өчүүхэн хэсэг ч байж мэдэх шүү дээ.

Бид хаанаас ирнэм? Бид хэн байнам?

Хүмүүс бид эрт балрын үеэс хойш огторгуйг сонирхож иржээ. Эртний хүмүүс нар болон сар, од гаригсын хөдөлгөөн, эсвэл нар сар хиртэлт зэрэг тэнгэрийн үзэгдэлүүдийг ажиглаж, тэндээс элдэв хууль дүрэм, зүй тогтолыг тайлж уншихыг оролдож ирж. Мөн, сансар огторгуй хаа хүртэл цэлийж, ямар бүтэцтэй оршин тогтнож буй болон, хэрхэн үүсч бий болсон талаар элдвийг төсөөлөн бодож иржээ.

Яагаад хүмүүс огторгуйн тухай мэдэхийг тэгтлээ хүснэ вэ?

Үүний шалтгааныг тунгаавал өдий төдий зүйлс санаанд буух боловч, ерөнхийлөөд үндсэн 2 том шалтгаан хэлж болно. Нэгдүгээр шалтгаан бол, хүмүүс “өөрсдийг нь тойрон хүрээлэх ертөнцийн үнэнийг таньж мэдэх” гэсэн туйлын хүсэлтэй нь холбоотой. Энэ нь сониуч зантай ч холбоотойгоос гадна, түүнтэй зэрэгцээд “эргэн тойрны ертөнцөөр дамжуулан түүнтэй холбогдох өөрсдийгөө хэн болохоо ойлгож мэдэх” гэсэн тэрхүү анхдагч сэдлээс үүдэлтэй байх учиртай.

Америкийн Бостоны урлагийн музей дэхь Европын уран зургийн галерейд нэгэн аварга бүтээл дэлгэгдэн тавигдсан бий. Францын зураач Гогены “Бид хаанаас ирнэм, бид хэн байнам, бид хаашаа явнам” гэх бүтээл. Төрөх, өсөх, өтлөх, тэгээд үхэх гээч хүний нэг насны амьдралыг, шар дэвсгэр дээр цэнхэр өнгөнд суурилан баруунаас зүүн тийш дүрслэн үзүүлжээ.

Paul Gauguin ''Where Do We Come From? What Are We? Where Are We Going?'' 1897

-    Би, яагаад төрсөн юм бол? Тэгээд үхэхдээ, хаашаа одох бол?

-    Би гэдэг, эцсийн эцэст ямар учиртай оршихуй юм бэ?

Иймэрхүү барих барьцгүй зүйлийн талаар, гэхдээ хүн төрөлхтний хувьд “туйлын” гэмээр асуултын тухай хэн бүхэн ядаж нэг удаа эргэцүүлэн боддог шүү дээ. Ялангуяа өөртөө итгэлгүй болж, өөрийнхөө амьдран буй учир шалтгаанаа ойлгохгүй болсон мэт санагдахаараа, өөрийн эрхгүй л энэ тухай боддог. Гоген ч эх орон Францдаа уран зураач хэмээн хүлээн зөвшөөрөгдөлгүй, хоёр дахь эх орон болсон Таити аралд ядуурал хийгээд өвчин эмгэг дунд зовж шаналан буй дундаа, нэг ёсны гэрээслэл болгон энэхүү бүтээлийг зурж үлдээсэн гэдэг.

Өөрөө өөрийгөө ойлгохоо больсон үедээ, хүн ер нь яах ёстой юм бэ?

Магадгүй, өөрийн эргэн тойрноо тогтоон харах учиртай биз.  Эргэн тойрон ямар байдалтай хийгээд, түүний дунд орших би эргэн тойронтойгоо хэрхэн холбогдон буйг тунгаан бодно. Тийнхүү өөрийн байрлалаа магадлан нягталж, өөрийгөө эргүүлэн олж авахыг зорих болов уу.

Тиймийн учир,

орчлон ертөнцийг мэдье гэх бодол нь, өөрийгөө хэн болохыг мэдэхийг хүсэхтэй ижил утгатай юм.

Харин тэр “орчин тойрны ертөнц”-ийг туйлд нь хүртэл тэлбээс сансар огторгуй болно. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн өөрийгөө мэдэхийн тулд сансар огторгуйг мэдэхийг хүсдэг, гэж хэлж болох биз ээ.

“Тэнгэрийн захиаг” уншиж тайлах ухаан

Гэлээ гээд, “Өөрийгөө хэн болохыг мэдэхийн тулд, хүмүүс сансар огторгуйг сонирхож ирсэн” маягийн юм хэлэх нь хэтэрхий философилог хэлбийлт болж сонсогдох биз. Тийм дээд төвшиний учир шалтгаан төдий бус, харьцангуй ойрын бөгөөд зайлшгүй шалтгаан ч бас байсан нь дамжиггүй. Хүмүүс сансар огторгуйг сонирхож ирсэн хоёр дахь том шалтгаан, тэр бол тэнгэрт болсон үйл явдал хүмүүсийн амьдралд шууд нөлөөлдөг гэж итгэж ирсэнтэй холбоотой юм.

Одон орны ухаан бол хамгийн эртнээс улбаатай шинжлэх ухааны салбар гэгддэг. Эртний хүмүүсийн “Тэнгэрийн захиаг тайлж унших”, “тэнгэрийн тааллыг олж мэдэх” гэсэн тэр хэрэгцээ хийгээд хүслээс анх одон орны ухаан үүсчээ.

Тухайлбал, нар болон сар, оддын хөдөлгөөнийг ажигласан эртний хүмүүс, одод эрхсийн хөдөлгөөн маш нарийн зүй тогтолтой болохыг анзаарч ирж. Тэрхүү зүй тогтол дээр суурилан бүтээсэн зүйл бол хуанли буюу цаг тооны бичиг юм.

Эртний Египетэд Огторгуйн чонын ордны нэгдүгээр од болох Сириус, нар ургахын чанх өмнө тэнгэрийн хаяанд үзэгдэх тэр өдрийг “нэг жилийн эхний өдөр” болгосон хуанлитай байжээ. Өвлийн шөнийн тэнгэрт анивчин гялалзах Сириусыг, нарыг эс тооцвол бүрэн тэнгэр дэхь хамгийн тод од гэдгээр нь бид мэддэг. Эртний Египетийн үед, Сириус од нар ургахын чанх өмнө үзэгдэх тэр үе нь, Нил мөрөн үерлэх борооны улиралын эхлэлтэй давхцдаг байсан байж. Нил мөрөн үерлэвэл урсгалын эхээс зөөгдөн ирэх баялаг хөрс шороо хавийн газрыг бордоно. Тэнд нь хүмүүс үер татарсаны дараа үр тариагаа суулгадаг байв. Энэ мэтээр, газар тариалангийн тохиромжтой цаг үеийг хэлж өгдөг нь “тэнгэрийн захиа” байсан юмсанж.

Мөн, нар болон сар хиртэж, сүүлт од үзэгдэх зэргээр “тэнгэрийн гэнэтийн үзэгдэл” болоход эх газар дээр ч ямар нэгэн онцгой зүйл болох учиртай гэлцэн сэтгэцгээдэг байж. Тэнгэрт болох ховор сонин өөрчлөлтүүд нь хаан хүүгийн үхэл ч юм уу, өлсгөлөн эсвэл тахал зэрэг эх газрын гамшигийг зөгнөсөн тэнгэрийн анхааруулга гэж ойлгогддог байсан хэрэг. Ингэж явсаар тэндээс Тэнгэрийн одон зурхай бий болж, ялангуяа дорно зүгээр тархан дэлгэрчээ.

Харин өрнө зүгт гэвэл нар ба сар, мөн бархасбадь санчир зэрэг од гаригсын байрлал болон хөдөлгөөн нь хувь хүний төөрөг тавьланг зохьцуулдаг гэгддэг байв. Тэр нь өнөөгийн өрнийн зурхай буюу Төөрөг тавилангийн одон зурхай юм. Эртний Ромын үед, Ромын эзэн хаанаас жирийн албат иргэн хүртэлх бүхий л хүмүүс чухал шийдвэр гаргах үедээ заавал төөрөг тавьлангийн одон зурхайг ашиглан тэнгэрийн тааллыг мэдэхийг зорьдог байсан гэдэг.

Тэнгэрийн захианд чих тавьдаг байсан тэр үед, хүмүүсийн хувьд сансар огторгуй гэдэг туйлын ойр дотно орон зай байсан биз. Эртний хүмүүсийн төсөөлөн баримжаалдаг сансар огторгуйн хэмжээ нь одоогийн бидний мэддэгээс хамаагүй жижигхэн байсан учир, тэнгэрт болсон явдал эх газрын бидэнд шууд нөлөөлж таарна хэмээн эгэл шулууханаар итгэдэг байжээ.

Тэр үетэй харьцуулахад орчин үеийн сансар огторгуйн талаарх мэдлэг гайхалтай гүнзгий болсон ч гэлээ,

“уудам огторгуй” гэсэн зөв баримжаатай болохын хэрээр ихэнх хүмүүс сансар огторгуйг төдийлөн ойшоодоггүй болж орхисон нь битүүхэн харамсал төрүүлэх билээ.

Галактик огторгуйн хязгааргүй уудам

Тэгвэл орчин үеийн шинжлэх ухаан сансар огторгуйг хаа хүртэл тайлж мэдээд байгаа юм бол?

Одон орон судлал дотор Сансар судлал гэх салбар бий. Энэ нь сансар огторгуйн “орон зайн тэлэлт” болон “цаг хугацааны тэлэлтийг” тайлж судалдаг салбар юм.

-   Сансар огторгуй хэзээ, хэрхэн үүссэн бэ?

-   Сансар огторгуй дотор орших зүсэн зүйлийн бодисууд яаж бий болсон юм бол?

-    Сансар огторгуй бүхэлдээ ямар бүтэц механизмтай юм бол?

зэрэг асуултуудад хариулахыг зорьдог.

Юуны өмнө, сансар огторгуйн орон зайн тэлэлтийн талаар сонирхъё. Таны мэддэгчлэн, бидний амьдрах Нарны аймаг нь Сүүн зам галактик гэгдэх оддын том бөөгнөрлийн нэг гишүүн юм. Галактик дотор нар шиг одод ойролцоогоор 200 тэрбумаараа бий гэгддэг. Галактик нь зээрэнцэг хэлбэртэй бөгөөд, тэр зээрэнцгийн радиус нь ойролцоогоор 50,000 гэрлэн жил (1 гэрлэн жил нь 10 их наяд километр) хэртэй. Нарны аймаг маань өөрийн галактикийнхаа төвөөс 30,000 гэрлэн жилээр алслагдсан газар, зүйрлүүлж хэлбэл зах хязгаар хөдөөд нь оршиж байдаг.

200 тэрбум одод гэж сонсох төдийд л дотор харанхуйлж магадгүй боловч, иймэрхүү оддын том бөөгнөрөл буюу галактик нь бидэнд харагдах хязгаар дотор л гэхэд 100 тэрбум гаруй байгаа нь мэдэгдээд байна. Тэгээд одод нь галактик гэдэг бөөгнөрөл үүсгэдэгтэй адилаар, галактик ч бас бөөгнөрөл үүсгэх хандлагатай байдаг. Хэдэн арваад тооны галактикийн бөөгнөрөл нь Галактикийн сүрэг, 100-аас олон тооны болоод ирэхээр Галактикийн бүлэг гэж нэрлэгдэнэ. Бидний галактик бол, алдарт мушгиа галактик болох Адаг чуулганы галактик (Andromeda) зэргийн хамтаар, нийт 30-аад тооны галактикаас тогтох дэд галактикийн сүрэг гэсэн бяцхан бөөгнөрлийг үүсгэдэг.

Галактикийн сүрэг болон галактикийн бүлэг нь ахиад хэдэн тоогоороо цугларахад Супер галактикийн бүлэг гээчийг үүсгэнэ. “Охины ордны супер галактикийн бүлэг” нь, 2000 тооны галактикаас тогтох “Охины ордоны галактикийн бүлгээр” төвөө хийсэн, 300 сая гэрлэн жилээр тоологдох хэмжээ бүхий “супер галактикийн бүлэг” юм. Харин бидний орших дэд галактикийн сүрэг нь Охины ордны супер галактикийн бүлгийн захад байрладаг.

Цаашлаад, супер галактикийн бүлгүүд нь хоорондоо тасралтгүйгээр холбогдон, зөгийн үүр шиг 6 талтархуу хэлбэр үүсгэн тогтдог болох нь мэдэгдээд буй.

Тэр зөгийн үүрний нүхэнд харгалзах орон зай нь хэдэн 100 сая гэрлэн жилийн дайтай бөгөөд төдийлөн галактик оршин байдаггүй бүс газар учир, хоосон гэсэн утгаар Войд гэж нэрлэгдэнэ.

 

Үүнээс өргөн орон зай болон үүнээс цаашхи хэсгүүдэд сансар огторгуй нь ямар бүтэцтэй болох талаар одоо ч хэмжилт судалгаа хийгдсээр л байна. Одоогийн байдлаар олж тогтоогоод буй хамгийн холын галактик бол, биднээс ойролцоогоор 12.9 тэрбум гэрлэн жилийн чанадад оршдог. Японы Субару одон орны дуран авай зэрэг, дэлхийн аварга том өндөр технологийн дуран авайнуудын ажиглалт одоо ч үргэлжилж буй тул, цаашид энэ рекордууд улам бүр арчигдан шинэчлэгдэх биз ээ.

Хэт халуун бичил өндөг байдлаар төрсөн огторгуй

Үргэлжлүүлээд сансар огторгуйн цаг хугацааны тэлэлт, өөрөөр хэлбэл сансар огторгуйн түүхээс товчхон хөндье.

Сансар огторгуй нь одоогоос ойролцоогоор 13.7 тэрбум жилийн өмнө, атомоос хамаагүй өчүүхэн бичил “өндөг” хэлбэрээр төржээ гэж үздэг. Тэгээд дөнгөж төрмөгцөө хэт бичил огторгуй маань огцом тэлэлт хийн, эгшин зуурын дотор хэдэн 10 оронтой тоо дахин томорч, бидний нүдэнд харагдахуйц болтлоо бойжжээ. Түүнтэй зэрэгцээд огторгуй нь бүхэлдээ туйлын хэт өндөр дулаанд чанагдаж, нялх бяцхан огторгуй маань зунгааралдсан “гэрлэн шөл” шиг төлөвтэй болсон гэгддэг. Энэ бол, огторгуй нь хэт халуун бичил биет хэлбэрээр төрж, тэр нь тэлсээр өнөөгийн уудам төрхийг олж авсан гэдэг Их тэсрэлтийн онол (Big bang сансрын онол) юм.

Ингэхэд сансар огторгуй нь 13.7 тэрбум жилийн өмнө үүссэн юм бол, түүнээс өмнө, өөрөөр хэлбэл огторгуй бий болоогүй байхад ер нь юу байсан юм бол?

Үүний хариултыг одоогоор сайн мэдэхгүй. Сансар огторгуй үүсэхээс өмнө цаг хугацаа ч, орон зай ч, ер огтоос юу ч байгаагүй гэх судлаачид байдаг. Өөрөөр хэлбэл сансар огторгуй маань “хоосон”-оос бий болсон гэж байгаа хэрэг. Гэвч нөгөөтэйгүүр, сансар огторгуй бий болохоос өмнө түүнд эх огторгуй байсан бөгөөд, бидний энэ ертөнц маань эх ертөнцөөс төрсөн хүүхэд ертөнц юм, гэж хэлэх тайлбар ч бий. Огторгуй үүссэнээс хойшхи явдалын талаар бол нэлээдгүй гүнзгий ойлголттой болоод байгаа хэдий ч, яг огторгуй үүсэх агшин болон түүнээс өмнөх явдалын талаар төдийлөн сайн мэдэгдээгүй байгаа гэхэд болох юм.

Ингээд төрөөд удаагүй хэт халуун бяцхан огторгуй маань аажмаар тэлэнгээ, бага багаар дулаанаа буулгаад явав. Явсаар огторгуйн дунд атом болон молекул төрөн гарч, татах хүчний үйлчлэлээр харилцан таталцалд орон, бага багаар цугласаар “хийн үүлнүүд” огторгуйн энд тэндгүй тогтов. Огторгуй нь бүхэлдээ тэлсээр өөрийн дулаанаа буулгаад явах боловч, хийн үүлнүүд нь улам цуглаж нягтарсаар, орчин тойрноосоо эсрэгээр дотоод дулаанаа ихэсгэв. Тэр нь явсаар цөмийн урвалд орон шатаж эхлэхэд, тийнхүү гэрэлт одод болжээ. Огторгуйд анхны одод бий болсон нь, огторгуй мэндэлснээс ойролцоогоор 200 сая жилийн дараах явдал гэгддэг.

Од нь шатсаар түлшээ барж дуусахад нас эцэслэнэ. Нас барахдаа алгуурхан хөрсөөр огторуйд уусан одох тохиолдол байхад, сүүлчийн удаа ганц том тэсрээд орчин тойрондоо хий болон хэлтэрхийгээ цацаж тараагаад сүржин төгсөх явдал ч байна. Тэдгээрийн үлдэгдлүүд сансрын уудамд хөвсөөр урт удаан хугацааг элээж дахин цуглахад, дахин цоо шинэ од болон гялалзана. Бидний нар ч бас ийм байдлаар одоогоос 5 тэрбум жилийн өмнө мэндэлжээ. Нарны эргэн тойронд хэдэн тооны гариг бүрэлдэж, түүний нэг болох бидний дэлхий маань ойролцоогоор 4.6 тэрбум жилийн өмнө үүсэн тогтжээ. 3.8 тэрбум жилийн өмнөөс дэлхийд анхны амьдрал бий болж, хувьсал мөхлийг ээлжилсээр тийнхүү бидний хүн төрөлхитөн төрөн гарч өнөөдөртэй золгоод байна.

Тэрхүү хүн төрөлхтөн бид сансар огторгуйн оршин тогтнол хийгээд дотоод механизмыг ингэтэл нарийн таньж чадсан явдалыг, 20-р зууныг төлөөлөх нэрт физикч Эйнштейн ингэж илэрхийлсэн байдаг

Энэ ертөнцөд хамгийн ойлгох боломжгүй зүйл, тэр бол энэ ертөнц өөрөө ойлгох боломжтой явдал юм.

Ойлгох боломжгүй гэдэг бол ойлгоцыг давах явдал, өөрөөр хэлбэл ИД ШИД гэсэн үг юм. Ертөнцийн булан тохойгоос төрсөн бидний өчүүхэн энэ тархи, уудам огторгуйн бүтэц механизм хийгээд үүх түүхийг ингэтэл нарийн мэдэж чадсаныг нээрээ л ИД ШИД гэхээс өөр юу гэлтэй билээ дээ.

Огторгуйн 95% нь үл мэдэх биет

Гэх боловч, бид бүхэн сансар огторгуйн бүхий л нууцыг тайлж нээчихээд байгаа юм уу гэвэл үгүй. Харин ч эсрэгээрээ бидний мэддэггүй зүйлс нь хавьгүй их юм.

2003 онд Америкийн NASA (Америкийн үндэсний сансар судлалын төв) “Сансар огторгуйн 96% нь үл мэдэгдэх матери болон энергиэс бүрэлдэж байна” гэсэн судалгааны дүнг зарласан (2008 оны 3 сард дээрх тоог 95% болгон шинэчилсэн). Энэ нь сансар судлаачдын хувьд ерөнхийдөө төсөөлсний дагуух үр дүн байсан боловч, жирийн хүмүүст шоконд орохоор мэдээ байсан ч байж магадгүй. 95% нь үл мэдэгдэх гэхээр, сансар огторгуйн талаар огт юу ч мэдэхгүй гэж байгаатай л ижил шүү дээ.

Юу болох нь мэдэгдээд байгаа 5% (2008 оны 3 сарын илтгэл дэхь нарийвчилсан тоо нь 4.6%) нь бидний бие болон эрхэс гариг зэргийг бүрэлдүүлж буй, бидэндээ бол туйлын ижил дасал болсон энгийн бодисууд юм. Харин сансар огторгуйд бидний ойр тойронд оршин байдаггүй бодисууд болон энергиүд бялхаж байдаг гэнэ. Үүнийг сансар судлалын сүүлийн үеийн онолууд зөгнөж байсан бөгөөд, NASA-гийн хайгуулын роботуудын ажиглалтаар батлагдаад байгаа юм.

Үл мэдэгдэх 95%-ийн 20% илүү нь “гэрэл болон цахилгаан долгион үл ялгаруулах тул ажиглах боломжгүй боловч хувийн жинтэй бодис” гэгддэг. Гэрэл ялгаруулдаггүй харанхуй бодис учир түүнийг Хар матери гэнэ.

Бидний галактикийн дотор болон эргэн тойронд, нүдэнд үзэгдэх жирийн бодисоос 10 дахин их жин бүхий хар матери оршин байгаа болов уу гэсэн таамаг тооцоо бий.

Үлдсэн 70% илүү нь “бүх сансар огторгуйг дүүргэн буй үл мэдэгдэх энерги” бөгөөд түүнийг Хар энерги хэмээн нэрлээд буй. Хар энерги нь татах хүчний эсрэг харилцан түлхэлцэх нөлөөг ойр тойрондоо үзүүлж, түүний нөлөөн дор сансар огторуйн тэлэлтийн хурд улам бүр хурдасч байна гэж үздэг.

Одоогийн байдлаар сансар судлал дахь хамгийн анхаарал татсан асуудал бол дээрхи хар матери болон хар энергийг таньж мэдэх явдал болоод байна. Хар материд нэр дэвшигчээр, хамгийн сүүлийн үеийн Эгэл бөөмийн физикийн салбараас (Particle Physics) зөгнөөд байгаа үл мэдэгдэх эгэл бөөм зэрэг зүйлс нэрлэгддэг бол, хар энергийн тухайд гэвэл одоогийн байдлаар огт ямар ч таамаг сэжүүр байхгүй гэхэд болно.

Сансар огторгуйн ихэнх хагасыг дүүргэх хар матери, хар энерги гээд ярих төдийд л хангалттай догдлуулах боловч, сүүлийн хэдэн жилийн хооронд өдийг хүртэлх ердийн мэдлэгийг үндсээр нь хөмрүүлэхүйц цоо шинэ сансрын онол мэдлэгийн салбарыг цочоон хуйлруулж буй. Түүнийг Brane сансрын онол гэдэг. Brane гэдэг нь “нимгэн хальс” гэсэн утгатай бөгөөд, бидний амьдарч буй сансар огторгуй маань 10 хэмжээст орон зайн дунд хөвөх нимгэхээн хальс шиг орон зай юм гэж энэхүү онолд тайлбарладаг.

Бид өндөр, урт, өргөн гэх 3 зүг (буюу хэмжээс) бүхий орон зай дотор амьдардаг. Гэтэл үнэндээ бол, бидэнд үл анзаарагдах 4 дэх хэмжээсээс 10 дахь хэмжээс хүртэлх 10 хэмжээс бүхий орон зай цаана нь цэлийн байгаа гэх нь ёстой л нэг уран зөгнөлт зохиол шиг яриа байгаа биз? Гэсэн ч, Brane сансрын онол нь хар материйн үнэн төрх болон огторгуйн эхлэхийн тухай шинэ моделийг дэлгэн үзүүлэх боломжтой гэдгээрээ олон одон орончид болон сансрын физикчидын анхаарлыг татаж, нухацтай судалгаа мэтгэлцээнүүд өрнөсөөр байгаа билээ.

Огторгуйн тухай үзлийг эргэн тольдох аялал руу

Сансар огторгуйн талаар мэдэх тусам л мэдэхгүй шинэ оньсогууд ар араасаа хөврөн гарна. Үүнийг бөмбөлөгийн “эзлэхүүн” ба “гадаргуун талбайн” холбоогоор зүйрлүүлж болно.

Бөмбөлөгийн эзлэхүүн ихэсвэл түүнийг дагаад гадаргуун талбай ч бас ихэсдэг шүү дээ. Харин тэр бөмбөлөг бол бидэнд байгаа сансар огторгуйн тухай мэдлэгийг төлөөлж буй юм. Тэгээд бидний мэдлэг болох тэр бөмбөлөг томрох тусам түүний гадаргуу болох үл мэдэгдэх хэсгийн талбай ч бас даган ихсэх болно.

Магадгүй, сансар огторгуйн талаар “бүгдийг мэдчихлээ” гэх цаг хэзээ ч ирэхгүй болов уу. Түүхэн нээлтүүд болон эргэлт хийхүйц шинэ онолууд сансар огторгуйн шинэ үнэнийг ил болгоход, тэр бүрийд дахин шинэ асуулт оньсогууд төрөн гарч, хүмүүс тэр асуудлын учрыг тайлахаар шамдан мэрийцгээнэ, гэсэн өрнөл цаашид ч ээлжлэн давтагдахаас зайлахгүй биз. Тиймийн учир, хүн төрөлхтний хувьд сансар огторгуй гэдэг мөнхийн “талбар” юм.

Энэ номонд бидний хүн төрөлхтөн сансар огторгуйг хэрхэн төсөөлж ирсэн, тэрхүү огторгуйн тухай үзлийн түүхийг эхнээс нь аялан сонирхох болно.

Огторгуйн тухай үзлийн хувьсалыг мэдэх явдал бол тэрхүү талбар буюу хүний мэдэх мэдэхгүйн тэр заагийн хувиралыг олж харах явдал бөгөөд, тухайн цаг үе болгон дахь “хүний мэдлэгийн оргилуудыг” дамнуулах харах явдал юм.

Ингэж хэлэх төдийд ч хангалттай сонирхол татам боловч, үүнтэй зэрэгцээд огторгуйн тухай үзлийн түүх нь бид бүхний “хүнийг үзэх үзлийн түүх” ч бас болно гэж санагдана. Сансар огторгуйгаар дамжуулан “өөрийнхөө” тухай тасралтгүй бясалгаж ирсэн бид бүхний өчүүхэн боловч өөр юугаар ч орлуулж үл болох ахуй, түүний хязгаар үгүй гайхамшгийг та бүхэнтэйгээ хуваалцаж чадах аваас энэ номны маань зорилго биелэх билээ.

Сэтгэгдэл бичих

    • big
    • 2019-05-30

    tnx

    • big
    • 2019-05-30

    tnx

arrow icon