Нийтлэл 03 сарын 26, 2018

ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨРТ: Цэнгэг усны нэг балгыг цэн алттай ч зүйрлэх аргагүй

Монгол улсад ундны усны чанар стандарт нь зайлшгүй анхаарвал зохих асуудлуудын нэг. Өөрөөр хэлбэл хүний биеийн анхдагч хэрэгцээ гэгддэг усаар дамжин олон халдварт өвчин үүсэх магадлалтай байдаг. Нийслэлийн хэмжээнд 8700 гаруй зөвшөөрөлтэй гүний худаг байдаг. Эдгээрээс өнгөрсөн онд л гэхэд хувийн мэдлийн 4 худгаас авсан дээж нянгийн илүүдэлтэй болох нь тогтоогдсон байна.

8700 гаруй цэгээс нийслэлийн гэр хорооллын иргэд ундны усаа авч хэрэглэдэг. Гэтэл эдгээр худгаас иргэд ус авахдаа ус авах резинэн хоолойг бохирдсон гараараа барих, өнөөх хоолой нь хувинтай ус руу нь орох гээд эрүүл ахуйн шаардлага хангахгүй үйлдлүүлийг их гаргадаг байна. Тиймээс ундны усны чанар стандарт ямар байдаг талаар  НМХГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч М.Нэргүйгээс тодруулахад:

“Сүүлийн үед иргэд хувиараа худаг нээн ажлуулах болсон. Тиймээс бид иргэдийн хувиараа ажлуулж буй худагт хяналт шинжилгээ хийлээ. Нийтдээ 163 байгууллагыг хамруулж 353 дээж авч шинжилснээс 4 худагт нянгийн тоо их, 3 худагт хатуулгын хэмжээ  хэвийн төвшнөөс их байна гэсэн дүн гарсан. Хатуулгын агууламж байгалийн тогтцоос шалтгаална харин нянгийн тоо бол хэрэглэгчээс өөрөөс нь шалтгаалах зүйл. Тийм учраас худгийн уснаас нян илэрнэ гэдэг тухайн хэрэглэгч усаа ямар нэгэн байдлаар бохирдуулсан байна гэсэн үг” гэлээ.

Мөн бас нэгэн тулгамдаад буй асуудалд бол цэнгэг усны нөөцийн асуудал. Хүний бодлогогүй ажиллагааны балгаар томоохон гол мөрөн, нуур ус бохирдож, улмаар загас жараахай, жигүүртэн шувууд нь сүйрч байгаа баримт элбэгших болжээ. Хүн ам  өсөн нэмэгдэхийн хэрээр  манай аж үйлдвэр улам хөгжиж, барилга байгууламж уул уурхай эрчимтэй хөгжиж байна. Угаас усгүйгээр барилга барих, үйлдвэр ажиллуулах, тээвэр хөгжүүлэх бололцоо байхгүй. Гэвч алтыг биш усыг уух учраас цэнгэг усны нэг балгыг цэн алттай ч зүйрлэх аргагүй юм. Манай улсын хувьд  гэр хорооллын иргэд өдөрт 7-14 литр ус хэрэглэдэг бол орон сууцны оршин суугч 140-160 литр ус хэрэглэдэг.  Нэг тонн тариа авахад 800-1200 шоо метр, нэг тонн Болд хайлахад 250-330 шоо метр, нэг тонн цаас хийхэд 550-730 шоо метр ус тус тус хэрэгтэй. Хэдийгээр дэлхий усаар баян боловч дөнгөж 2.5 хувь нь цэнгэг эзэлдэг. Ундны усаа цэвэрлэж чадаагүйгээс одоо дэлхий даяар маш олон хүн өвчилж байна.


Усны ассоциацийн тэргүүн, доктор Д.Батмөнх "Монгол орны усны нөөц, ашиглалт, ус хэрэглээ" өгүүлэлдээ "Манай улсын хэмжээнд байгаа усныхаа нөөцийг хэрхэн зохистой ашиглах, усны үнэ, тариф ямар байх зэрэг асуудал тулгамдаж байдаг. Үүнд: 

 

Нэгдүгээрт бид  хэрэглэж байгаа усныхаа нөөцийг бүртгэж, тоолж  байна уу, хэдий хэмжээний усыг газрын дороос, хэдий хэмжээтэйг гадаргын уснаас ашиглаж байгааг нарийн тооцоолохгүй байна.

Хоёрдугаарт усыг зохистой хэрэглэдэггүйгээс усны алдагдал их хэмжээтэй гардаг.

Гуравдугаарт усны үнэ бодитой биш байгаа нь усыг хэмнэх тухай ойлголтыг хэрэглэгчдэд төрүүлж чаддаггүй их хэмжээний нөөцийг алдаж байна" хэмээн дүгнэсэн байдаг. 

 

 Үнэхээр бид хэрэглэж буй усаа гамтай хэрэглэж зөв зарцуулахгүй бол хэдхэн жилийн дараа цэнгэг усны нөөцгүй болж, ургамал амьтан хатаж хорчийх энүүхэнд болж. Хамгийн харамсалтай нь гол руу хог хаягдал хийсээр цэнгэг ус бохирдож, эрүүл мэндэд ч заналхийлсээр байгааг хаа хаанаа бодох хэрэгтэй байна.

 Мөн Улаанбаатар хотын хувьд хөрсний бохирдлын асуудал тулгамдаж буй асуудлын нэгээр нэрлэгддэг. Хөрс бохирдсоноор агаар орчноо бохирдуулаад зогсохгүй гүний усыг бохирдуулах боломжтой гэдгийг судлаачид хэлж байна. Ялангуяа  манайх шиг гүний усаа  замбараагүй хэрэглэдэг улсын хувьд дээр нь нэмээд гүний ус нь бохирдчихвол үндэстний гамшиг болж хувирах нь энүүхэнд. Тиймээс иргэдийн хувьд эрүүл ахуйн шаардлага хангаагүй хувийн худгаас ундны усны хэрэглээгээ хангахгүй байх, усны саваа тогтмол ариутгаж халдваргүйжүүлж хэрэглэх, худгаар үйлчилгээ үзүүлэгчид эрүүл ахуй халдвар хамгааллын асуудлаа сайтар нягталж тогтмол хяналт шинжилгээнд хамрагдах шаардлагатай юм.

Сэтгэгдэл бичих

arrow icon