13-р зууны Монгол ба өнөөгийн Монголын дүр төрх

13-р зуунд Монгол гэдэг жижиг аймгийн нэрийг дэлхийн түүхийн эзэн болгож чадсан агуу удирдагч бол яах аргагүй Чингис Хаан учир Монгол гэдэг нэр түүний л бүтээл. Тухайн үед нэг сая хүрэхгүй хүн амтай Монголчууд Евро Азийг багтаасан эх газрын арван зургааг хамарсан, 150 гаруй сая хүнтэй олон үндэстэн, ард түмнээс бүрдсэн эзэнт гүрэнг байгуулж, энх тайван цаг үеийг хүн төрөлхтөний түүхийн хуудсанд нэмсэн байдаг. Тиймээс дэлхийн түүхч, геополитикч нар Монголын тухай ярихдаа Чингис хааны бүтээсэн эзэнт гүрний талаар л ярьж бичдэг. Жишээ дурдвал:

Сүгияама Масааки гэдэг 20 гаруй хэлтэй Японы Киото их сургуулийн түүхийн профессор өнөөдрийн “Дэлхийн Тогтолцоо”г (World System) Монголчууд (тэрээр Монголчууд гэдгээр Монгол ба Чингис хаанаар овоглох бүх Монголчуудыг хэлсэн. Өнөөдрийн Ар Монгол бол түүний нэг л хэсэг) бүтээсэн тухай олон ном туурвисан байдаг. 13-р зууны Монголын түүхийг тухайн үеийн Хятад, Перс, Араб, Түрэг, Энэтхэг зэрэг хэлэнд дээр туурвигдсан эх сурвалжуудыг судалсаны үндсэн дээр бичсэн нь тун сайшаалтай. Түүний бүтээлүүдийг иж бүрнээр нь Монгол болон Англи хэл рүү орчуулж, Монголын түүх, соёлыг дэлхий дахинд сурталчилах ажил нь бидэнд үлдлээ.

Зарим Европ, АНУ-ийн түүхчид Монголын эзэнт гүрнийг Ромын эзэнт гүрэнтэй адилтган ярих нь элбэг. Европын соён гэгээрүүлэгч Жан Жак Руссо 1751 онд “A Lasting Peace through the Federation of Europe and State of War” гэдэг номоо туурвиж, Ромын эзэнт гүрний тогтолцоог сүйрүүлсэн асуудал бол Европын гамшиг гэж шүүрс алдан бичиж байсан. Монголын эзэнт гүрний тогтолцоо нурж унаснаас хойш Евро Азийн эх газарт өнөөдөр хүртэл хүний сэтгэлийг шившрүүлэм гамшиг болсоор байгааг ойлгосон нэгэн нөхөр бол АНУ-ийн ерөнхийлөгч асан Жимми Картерын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Збигнив Бирзэзински юм.

 Збигнив Бирзэзински Монголын эзэнт гүрнийг  дахин өөр нэрээр цоо шинэ зарчимд тулгуурласан дэлхийн тогтолцоо болгон яаж бүтээх, яагаад бүтээх ёстой тухай “Их Шатрын Хөлөг” (The Grand Chessboard) номондоо бичсэн байдаг. 1751 онд Европын ирээдүйн төлөв байдлыг төлөвлөсөн Жан Жак Руссогийн хүсэл эрмэлзэл Европын Холбоог байгуулсанаар биелэлээ олсон. Бирзэзинскигийн хэлсэнээр Евро Азийн эх газрыг нэгтгэсэн дэлхийн тогтолцоог бүтээх хүсэл эрмэлзэл хүн төрөлхтний хөгжил болон энх тайванд хэрэгтэй бөгөөд дэлхийн хүчирхэг эрх мэдлийн (Global power) амин сүнс нь Монголын эзэнт гүрний цар хүрээг хамарсан Евро Азид байна гэж онолдсон байдаг. Түүнийхээр Монголын эзэнт гүрэн нуран унасан шалтгаан нь авилгал, залгамж үеэ дэлхийн засаглагч байхаар бэлдэж чадаагүйгээс болсоноос гадна дэлхийн санхүүгийн тогтолцоог бүрдүүлж чадаагүйгээс болсон гэж дүгнэжээ.

Гэтэл өнөөдөр Дэлхийн түүхийн эзэн Монгол хаана байна вэ? Түүнд юу тохиолдоо вэ?

Өнөөдрийн Монгол 13-р зууны Монголоос долоондор болсон нь тодорхой. Өнөөдрийн Монгол гэсэн ойлголтоороо Их Монголын эзэнт гүрнийг ойлгох ерөөсөө өрөөсгөл, алдаатай хэрэг болжээ. Бид моралын хувьд доройтож, шүтээний хувьд клончлогдож, нандин зүйлийн хувьд хүн төрөлхтөний хөгжил, энх тайвны тухай хүсэл эрмэлзэлгүй болж, 13-р зууны Монголчуудтай холбогдох жим тун бага болсон. Агуу эзэнт гүрэнг бүтээсэн хүмүүс агуу хүсэлтэй, зоригтой, моралтай байсан нь абсолют үнэн. Мөнх тэнгэрийн доор газар, газрын ганц эзэн нь бид, Монгол хүн байна гэсэн өөртөө болон хүн төрөлхтөний төлөө хийж бүтээх агуу хүсэлдээ итгэх итгэлээ аль эрт оршуулчихжээ.

Тухайн цаг үеийн Монголчууд бол хүний зөвийг, тэгш эрхийг эрхэмлэгч, үнэн дэлхийг засаглагчид байсан. Тэд нийт хүн төрөлхтөний энх тайвны хариуцлагыг нуруун дээрээ үүрч явсан.

Их Монголын эзэнт гүрний хаанаас ч ганц морь унаад гарсан бүсгүй хүн хүссэн газартаа аюул, бартаагүй хүрэх тийм л энх тайвныг дэлхийг засаглагч Монголчууд цогцлоож чадсаныг Игор Рашевилц, Кон Игулдэн зэрэг олон түүхчид тэмдэглэжээ.

Харин өнөөдөр охид, бүсгүйчууд, хүүхдүүд гадуур ганцаараа явах байтугай гэртээ байхдаа ч аюулд өртсөөр байна.

Чингис хаан үнэнг, мэдлэгийг эрхэмлэгч байсан. Худал, хуурмаг, хоёр нүүртэн, бөгс долоогчийг тэрээр яс махнаасаа үзэн яддаг болохыг нууц товчоонд хангалттай дурдсан байдаг. Өнөөдрийн Монголын хамгийн том худал бол Монгол нэр зүүсэн, төвд болон харийн ламаар шүтээнээ хийсэн атлаа Монгол хүндээ дайсан адил, дээрэнгүй, амьдралыг нь сүйтгэж, доройтуулж байгаагаа юман чинээ боддоггүй, харин заяа нь тэр, таарсан амьтан гэж доромжлох Монголын төлөө юу хэний төлөө байгаа нь мэдэгдэхгүй хүмүүс. Тэд өөрсдөө цахилгаантай, дулаантай, халуун устай, олон өрөөтэй тансаг харшид амьдрах хэрнээ Монгол хүний амьдарч буй “Гэр” бол өндөр технологийн, инновацийн, дэлхийн барилгын хамгийн шилдэг шийдэл гэж хоёр нүүр гаргана. Өндөр технологийн инновацийн шилдэг шийдэлд амьдарч байгаа хүн хөлдөж үхэхгүйн тулд ямар нэг юм түлэх нь ойлгомжтой.

Бид өнөөдөр ёс суртахуун гэж нэрлэгдэх шашны, ламын ёс суртахуунтай. Ёс суртахуун гэдгээр тэд номхон, дөлгөөн, дуулгавартай, чих зөөлөнтэй, олон долоон юм асуудаггүй, шүүмжилдэггүй, хэлсэнийг дуугүй цээжлээд явдаг хандлага сайтай нэг үгээр хэлбэл төвдийн шарын шашны лам хүний чанарыг тодорхойлж байна. Харин үүний эсрэгээр моралтай хүн бол асууна, шүүмжилнэ, сайжруулахыг хүснэ, сайныг нь авч үлдээд үргэлжлүүлнэ,хар сохроор шүтэн бишрэхгүй, хүнийг лангууны бараа адил дорд үзэхгүй, ахан дүүсэг хүн байдаг.

Өнгөрсөн 30 жилийн дотор бидний Хужаа гэж нэрлэдэг Хятадын төр 600 сая гаруй ядуу иргэнээ өлсгөлөнгөөс салгаж, амьдралын урам, баяр, бахархлыг авчирч чадаж байна. Дэлхийн тогтолцоог (World System) бүтээсэн “Монголын ард түмэн” түүхэндээ байгаагүй 3 сая хүн амтай болжээ. Гэтэл өнөөдөр “Монголчууд” гурван сая хүнээ өлсгөлөн ядуугаас салгаж чадахгүй бусдаас гуйлга гуйсаар, бусдад хирээ халдаасаар, шалтаг тоочсоор. Гуйсаар гуйсаар жорлонгоо л шийдүүлэх шив дээ.

 Төр ард түмнийхээ хүн байх суурь эрхийг уландаа гишгээд зогсохгүй эдийн засаг, нийгэм болон соёлын эрх, эрх(Economic, Social and Cultural Rights) чөлөөг нь санаатайгаар боогдуулж ирлээ.

Монгол улс 1974 оны 11-р сарын 18-д НҮБ-ийн International Covenant on Economic, Social and Cultural Right (Эдийн засаг, Нийгэм болон соёлын олон улсын гэрээ) буюу НҮБ-ийн Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалд тулгуурлан боловсруулагдсан баримт бичиг, гэрээнд гарын үсэг зурж, үүрэг хүлээсэн байдаг.

Монгол улс тус гэрээний заалтуудыг ёс төгөлдөр хэрэгжүүлж ажиллахаа олон улсын өмнө андгай, тангараг өргөсөн боловч өнөөдөр шившигтэйгээр зөрчиж явна. Монгол хүний бүтээсэн баялаг, бизнес, эд хөрөнгийг булаах бол энүүхэнд, цаашлаад үндэсний аж үйлдвэр, эдийн засгийг хөгжүүлэхийн тулд дэлхийн мөнгөний зах зээлээс өртөг багатайгаар босгоод ирсэн мөнгий нь төрийн нэр барьж элдэв янзын шалтаг тоочин Монгол улсад нэвтрүүлэхгүй байх, өөрт нь ашиг хувь хүртээхгүй бол удаан хугацаагаар түгжиж хаях зэрэг хортой, үйлдлүүд гарсаар байна.

Өдийг хүртэл Монгол төрийн эрхийг барьсан улстөрийн намууд Монгол хүнийг моралгүй, мухар сүсэгтэн, ядуу байлгах, шинжлэх ухааныг уландаа гишгих, Монгол хүний ундарга болсон эмэгтэйчүүдийг ядуу, боловсролгүй, биеэ үнэлэхээс өөр аргагүйд хүргэх, шүтээний хувьд клончлолд оруулах, мэдлэгтэй Монголчуудыг Монголчуудаар нь үзэн ядуулах, шизотой солиотойгоор нь дуудах, нийт Монголын, Монголчуудын сайн сайхны төлөө бүтээсэн төрийг нь Монгол хүний хүн байх эрх, эрх чөлөө болон эдийн засаг, нийгмийн эрх, эрх чөлөөг хаах хэрэгсэл болгох, төрийн эрхэнд гарахын тулд худал амлах, би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн хүний мөс, чанараа алдсан нийгмийг бүтээж байгаа нь нийт Монголын эсрэг шударга бус үйлдэл ба цаашлаад гэмт хэрэг учир Монголчууд эрх чөлөө (Эдийн засаг, нийгэм болон соёлын эрх, эрх чөлөө бас үүнд багтана), тэгш байдлаа хамгаалахаар нэгдэн нийлэх цаг иржээ. Монголын эсрэг гэмт хэрэг үйлдэж буй улстөрийн намуудыг Голландын Хагт байрлах (Hague) Олон Улсын Шударга Ёс болон Олон Улсын Эрүүгийн Шүүхт (International Court of Justice and International Criminal Court) өгөх хэрэгтэй. Ард түмнийхөө эсрэг гэмт үйлдэл хийх нь нийт хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдсэнтэй ижил тул хүн төрөлхтөн эрх чөлөөгөө хамгаалахын тулд Хагийн Шүүхийг байгуулсан байдаг.

Тэгж байх зардал мөнгө, цаг байхгүй гэж шантрах хэрэггүй. Дэлхийгээр дүүрэн Монголынх шиг ард түмнийхээ эсрэг гэмт хэрэгтнүүдийг олон улсын шүүхээр оруулж, зохих ял, шийтгэлийг нь хүлээлгэн, буруутан этгээдээс их хэмжээний нөхөн төлбөрийг гаргуулж чаддаг, түүнээсээ ашиг олдог олон улсын хуульчид, хуулийн компаниуд байдаг. Тийм хуульчдын зардлыг нь ч санхүүжүүлдэг хүний эрхийн төлөө, хүний эрх чөлөөний төлөө байгууллагууд дэлхийгээр дүүрэн байна. Монголд ч олон улсын хүний эрхийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагуудтай хамтран ажиллаж, алдсан амьдрал, хугацаа, мөнгө, үр хүүхдийнхээ ирээдүйг эргүүлэн авахын тулд Монгол ахан дүүс нэгдэн нийлэх цаг иржээ.

Монгол хүнийг ядуу байлгаж байгаа нь эдийн засаг, санхүү, бизнесийн эрх чөлөөг санаатайгаар боогдуулж байгаа хэрэг. Монгол хүн эдийн засгийн эрх чөлөөгөө олж, хулгайчдаасаа салж чадаагүй цагт архи, хар тамхи, мухар сүсгэндээ мансуурсан тамын тогооны амьдралаасаа гарч чадахгүй.

Нэг ч сая хүрэхгүй хүн амтай байхдаа дэлхийн хүчирхэг тоглогч болж чадсан Монголчууд гурван саяуулаа болсон нь гурван ч эзэнт гүрэн байгуулах нөөц бололцоо байна гэсэн үг биш үү?

Түүх давдагдаг гэж Хегел философидсон байдаг. Монгол үндэстэн хулгайчдаасаа, худлаасаа салж, дахин хүн төрөлхтөний хөгжил, энх тайвны төлөө дэлхийн тоглогч болох абсолют логик харагдаж байна даа.

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4864

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%