ДУРСАМЖ: Сайн бичнэ гэдэг гоё үгээр илбэдэхдээ биш, үнэн сэтгэлийн үгийг энгийн бичихийг л хэлдэг

Тэртээ 1980,90- он түүнээс ч өмнөх цаг хугацаанд дурлалт хосууд, аав ээждээ, найз нөхөддөө чин сэтгэлийн үгээ энгийн сайхан хэллэгээр захидал бичиж байсан нь өдгөө түүх болон үлджээ. Тухайн үеийн захидал бичиж буй хүмүүс өөрсдөө ч анзааралгүй, түүхийг бичиж үлдээж байдаг юм байна. Он цаг өнгөрөхийн хэрээр цаасан дээр бэхээр бичсэн эзнийхээ гарын хэвтэй үлдсэн тэр захидлуудад аз жаргал, зовлон гуниг, тухайн цаг үеийн нийгмийн байдал, гэр бүлийн сонин хачныг цөмийг багтаасан эргээд уншихад үнэхээр сайхан юм. Тиймээс уншигчиддаа Яруу найрагч О. Дашбалбар агсан ЗХУ-ын нийслэл Москвад Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд сурч байх үедээ гэргий Н.Борхүүхэндээ бичсэн захидлаас хүргэж байна.  

ГЭРГИЙДЭЭ

Хайрт минь сайн уу?

Охин, хүү хоёроо болон чамайгаа хайрлан үнсье. Би сайн. Захидал авч их баярлалаа. Би чамаас өнөөдрийнхтэй нийлээд найм дахь захидлаа аваад байна. Зураг чинь түрүүчийн захидалд ирсэн. Одоо ширээн дээр минь, миний өмнө, намайг харж байна. Гоё гарчээ, Хайрт минь. Чамайгаа намайг ямар их санаж байгааг төсөөлж л сууна. Очиход хоёр сар хүрэхгүй л хугацаа үлдлээ шүү дээ. Би архи уудаггүй шүү дээ. Хайрт минь айх хэрэггүй. Энэ сургуулийг л төгсчихвөл миний өмнө, чиний өмнө хүүхдүүдийн өмнө бүх зам нээгдэнэ гэсэн үг!

Номууд маань ч хэвлэгдэнэ. Сайхан орон сууцтай болж, ажил төрөл төлөвшиж, ая тохитой амьдрах болно доо. Би та нарынхаа өмнө хүлээсэн үүргээ ойлгож байна. Гагцхүү эрүүл саруул байхыг л бурхандаа залбирч бай! Хайрт минь, чи миний бичсэн захиаг аав ээж хоёрт уншуулдаг гэж үү?

 Хүү маань их яриа, сахилгагүй эр болж байгаа юм биз дээ? Би баярлаж л сууна. Хүү, охин хоёрынхоо ярьсныг, аавыгаа санаж суугааг уншаад сэтгэл их хөдөллөө. Санаж сарвайх үр хүүхдээс илүү юм орчлон дээр байдаггүй юм байна. Эцсийн эцэст хүн үр удмынхаа төлөө л амьдардаг юм байна шүү дээ. Охин хүү хоёрт минь захианд хийсэн ... төгрөгөөр чихэр авч өгөөрэй. Сугарт баярласныг минь дамжуулах биз. Энэ удаа захиа бичиж амжсангүй. Хичээлээ сайн давт захианд чинь үг үсгийн алдаа их байна гэж хэлээрэй. Конкүрс өгөхдөө бусдыг давахын тулд одооноос алдаагүй бичихийг эрхэмлэвэл зохино. Үүнийг чи аминчлан сайн хэлж байгаарай. “Бүх юм өөрөөс л болдог шүү” гэж ах нь чамд сургаж байна гэж хэлээрэй. Би ноднин хавар очихдоо “ЭРДЭМТДИЙН ТУХАЙ ЗУРАГЛАЛ” гэж маш сайн ном авсан. Чи санаж байна уу? Түүнийг өөрөө сайн уншиж, дүү нартаа бүгдэд нь уншуулаарай. Түвдэннямбуу, Балжинням, Отгонбаяр нарыг онц гарсанд маш их баярлав. Миний өмнөөс баяр хүргэж улам их амжилт хүсээрэй. Сугар, Дашням хоёрт ч гэсэн баяр хүргэе. Дараагийн улирлаар онц гарах биз? 9 дүгээр ангид сайн гарна гэдэг бага юм биш ээ. Маш сайн байна. Дүү нарын хаягыг тодорхой бичээрэй. Би бүгдэд нь захиа бичнэ. Алтай, Сумъяа, Энхээ, Галина, Ганбаа нарт бас мэнд хүргээрэй. Бор минь чи их сайхан захиа бичиж байгаа явдалд их баярлав. Сайн бичнэ гэдэг бол гол нь гоё үгээр илбэдэхдээ биш, үнэн сэтгэлийн үгийг энгийн бичихэд л юм шүү дээ. Дорнодоос надад захиа ирэхгүй л байна Бүгдээрэй надад гомдсон юм болуу? Намайг ойлгохгүй л байна даа! Бор минь чи захиа бичээрэй.

Аав ээж хоёрынхоо тухай захиандаа нэлээн тодорхой бичиж бай. Хөөрхий настай болж, гомдож баярлах нь амархан яваа шүү. Хамаг хайраа тэдэндээ зориулж намайгаа хүлээж байгаарай. Бие чинь гайгүй биз? Гэдэс чинь томорч байна уу? Сайн дулаалж байгаарай. Хүнд юм өргөж барьж ер болохгүй шүү. Хайрт минь чамайгаа дахин дахин хайрлагч Дашбалбар чинь ёслов. Гангаа, Мөнгөө хоёртоо мэргэн ахын нь зурсан зургийг явуулав. Тэднийгээ бас чамайгаа тэврэн үнсье. Зүрхний хайрт хань минь чамайгаа хайрлан мөрөөдөн суугаа Дашаа чинь.

10 дугаар сарын 25 Москва хот.

 

 

Миний захидлууд номоос


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4819

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%