Монгол, Япон Улсын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэгдсэн асуудлууд

Япон Улсын Ерөнхий сайдын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Токио хотноо албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний дүнгээр дараах Хамтарсан мэдэгдлийг гаргасан. Энэхүү хэлэлцээрт ямар ямар ажил төлөвлөгдөн, шийдвэрлэгдсэнийг тоймлон хүргэж байна.

1.Хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг цаашид улам бэхжүүлэхээр тохиролцов.

2. Хоёр улсын Засгийн газар “Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр”- ийн хэрэгжилтийн талаарх танилцуулгыг олон нийтэд зориулан гаргав.   Цаашид  хоёр улсын харилцааг энэхүү Дунд хугацааны хөтөлбөрт тулгуурлан үргэлжлүүлэн хөгжүүлэх эрмэлзлээ хоёр тал нотлов.

3. Хоёр улсын Ерөнхий сайд нар энэ оны 12 дугаар сарын 12-ны өдөр Япон, Монголын төр, хувийн хэвшлийн хамтарсан IX зөвлөлдөх уулзалт амжилттай зохион байгуулагдсаныг сайшаахын сацуу энэхүү зөвлөлдөх уулзалтын механизмд тулгуурлан хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг улам бүр бэхжүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн хөгжүүлнэ гэдэгт санал нэгдэв.

4. Мөн хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар нь гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нээж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр болсныг сайшааж, тус төвөөр дамжуулж Монгол дахь Японы хөрөнгө оруулалтыг тэлэх чиглэлд  дэмжлэг үзүүлж ажиллахаа нотлов.

5. Хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн Хамтын ажиллагааны дэд хороо 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр анхдугаар хуралдаанаа амжилттай зохион байгуулсныг сайшааж,хэлэлцээрийн хүрээн дэх хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор тус дэд хороог тогтмол хуралдуулж байхаар санал нэгдэв.

6. Монгол Улсын Засгийн газар болон Японы консорциум хоорондын яриа хэлэлцээ бодитоор урагшилж, ойрын хугацаанд тохиролцоонд хүрэхэд хоёр улсын Засгийн газар үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ нотлов.

7. Монгол Улсын Засгийн газар 2019 оны 1 дүгээр сард багтааж Концессын гэрээг эцэслэн тохиролцох, түүнчлэн олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг ирэх онд багтааж шуурхай ашиглалтад оруулах чиглэлээр ажиллаж буйгаа мэдэгдэж, Япон Улсын Засгийн газар Монгол Улсын Засгийн газрын баримталж буй чиглэлийг хүндэтгэн дэмжиж, нисэх онгоцны буудлын аюулгүй үйл ажиллагааны менежментийг хангах нөхцөлтэйгээр аль болохуйц богино хугацаанд ашиглалтад оруулах чиглэлд Японы консорциумын үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа мэдэгдэв.

8. Монгол Улсын Засгийн газар шинэ нисэх онгоцны буудлыг саадгүй ашиглалтад оруулахад гэрээний дагуу бэлтгэл ажлыг эрчимжүүлж, Монгол Улсын Засгийн газар хариуцаж буй холбогдох байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгаж, үйл ажиллагааны менежментийн бүрэлдэхүүнийг байгуулж, олон улсын болон дотоодын бүхий л арилжааны нислэгийг нүүлгэн шилжүүлэх болоод шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагааны менежментэд шаардлагатай холбогдох яам, агентлаг, байгууллагыг нүүлгэх ажлыг нээлтээс өмнө бүрэн дуусгахаа нотлов.

9.Хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх  үлэмж нөөц бололцоо байгааг тэмдэглэж, аялал жуулчлалын салбар дахь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээ илэрхийлэв.

10. Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлд хоёр тал хамтран ажиллахаа нотлов.

11. Хоёр улсын Ерөнхий сайд нар энэ оны 11 дүгээр сард болсон Хамтарсан кредит олгох механизмын Хамтарсан хорооны 6 дугаар хуралдааны үр дүн болон энэ онд зохион байгуулагдах хоёр улсын Байгаль орчны яам хоорондын Бодлогын 12 дугаар зөвлөлдөх уулзалтын механизмаар дамжуулан глобаль түншүүдийн хувьд уур амьсгалын өөрчлөлт болон байгаль орчны салбар дахь бусад холбогдох асуудлаар хоёр талын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхээр тогтов.

12. Хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд хөдөө аж ахуйн салбарыг улам бүр хөгжүүлэхийн чухлыг онцолж, энэхүү салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтов. Энэ хүрээнд монголын талаас санал болгосон “Хөдөө аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх замаар нэмүү өртгийн сүлжээг бий болгох мастер төлөвлөгөө” төслийг хэрэгжүүлэхээр албан ёсоор шийдвэрлэснийг талууд хүлээн авав.

13. Хоёр улсын Ерөнхий сайд нар2020 оны Олимп, Паралимпийн наадамд оролцох баг тамирчиддаа амжилт хүсэхийн сацуу тус наадмыг биеийн тамир, спорт, иргэд хоорондын солилцоог улам бүр гүнзгийрүүлэх талбар болгоно гэдэгт санал нэгдэв.

14. Хоёр улсын Ерөнхий сайд нар “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай”-г  цогцлоох чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдэв.

15. Хоёр улсын Засгийн газар олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн хамт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийн асуудлаарх Засгийн газар хоорондын яриа хэлэлцээг эрчимжүүлж, уг шинэчлэлийг ойрын хугацаанд хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана. Япон Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болохыг Монгол Улсын Засгийн газар цаашид ч тууштай дэмжинэ.

16. Хоёр улсын Ерөнхий сайд нар НҮБ-ын Далайн эрх зүйн тухай конвенц (UNCLOS)-д тусгагдсан зүйлсийг хамруулсан олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд нийцүүлж, хуульд суурилсан эрх чөлөөт, нээлттэй далайн дэг журмыг дэмжих амлалтаа нотлов.

17. Хоёр улсын Ерөнхий сайд нар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Монгол Улсын чадавхийг бэхжүүлэхэд үргэлжлүүлэн хамтран ажиллахаа нотлов.

18. Монгол Улс эдгээр зорилтын хүрээнд “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлж, олон улсын бага хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд  японы тал бүс нутгийн асуудлуудыг хэлэлцэх Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” зэрэг Монгол Улсын санаачилга, байр суурийг ойлгон хүлээн авч байгаагаа илэрхийлэв. 

 

 

 

  Монгол Улсын Ерөнхий сайд                        Япон Улсын Ерөнхий сайд

   Ухнаагийн Хүрэлсүх                                        Абэ Шинзо  

 

Япон Улс Токио хот 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр    

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4688

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%