Өчүүхэн хүсэл өчүүхэн хүнийг бүтээдэг

Хүн төрөлхтөний агуу философич Артур Шопенхаур “Ертөнц чинь зөвхөн хүсэл ба төсөөлөл” гэсэн сонгодог зохиолдоо, өчүүхэн хүсэл болон төсөөлөлтэй хүн хүн төрөлхтөнд аюултай, цаашлаад заналхийлэл учруулна шүү гэж анхааруулсан нь өчүүхэн хүн төр болон үндэстэнд аюул заналхийлэл авчирдагт л учир бий.

Хүн гэдэг угаасаа ямар нэг хүсэлгүй амьдрах боломжгүй ба өчүүхэн хүсэл амархан биелэгддэг тул үргэлж нэг хоёр жижиг хүсэлд хөтлөгдөн амьдрах жамтай. Үүний үр дүнд, жижиг хүсэл нь хүнийг тогтворгүй, найдваргүй болгож, олны дунд орон гарангаараа дуудуулж, урваж шарвадаг цол хүртэж, хүн болж амьдарсны утга учир нь алдагддаг эсвэл хэзээ ч ойлгож амжилгүй дуусгавар болдог. Уулзах бүрт л танихын аргагүй төрөл арилжсан мэт өөрчлөгдсөн байдаг учраас өчүүхэн хүнд итгэж найдна гэдэг амьдралын там юм. Өчүүхэн хүсэлтэй хэдий ч хэрээсээ хэтэрсэн шуналтай, тачаалтай хүмүүс тамын тогооны жинхэнэ эзэд.

Өчүүхэн хүсэлтэй хүн ертөнцийн тухай төсөөлөл нь бяцхан, амьдрал нь өшөө хорсол, үзэн ядалтаар цалгиж байдаг учраас өөртөө болон олны амьдралд аюултай бөгөөд заналхийлэлтэй байдаг. Тэд аливааг аль болох л хайрцаглаж, нутаг ус, жалга дов, хөдөө хот, орц хонгилоор талцан ялгаварлан гадуурхаж байдаг.

Өчүүхэн хүсэлтэй хүнийг танихад маш амархан. Ийм хүмүүс улс орны төлөө юм хийж бүтээе гэвэл өөдөөс чинь өчүүхэн зүйлээс эхэлье, багаас эхэлье, жижгээс эхэлье гэж ярихаас гадна, өөрийн хүчээр амьдрах чадваргүй учир сэргэлэнтэх, залилан мэхлэх, гол гаргах, бусдыг ашиглаад хаях, мэддэг царайлах, бусдаас зай барих, хуйвалдаанд шунахайрах, өөрийгөө товойлгож өрөөл бусдыг золиосонд гаргах, авилгалаар амьдрах нь тэдний түгээмэл онцлог байдаг.

Өчүүхэн хүсэлтнүүд Монгол хөгжихгүй ээ гэнэ. Их гүрнүүдийн дунд шахагдсан тоглоомын улс болохоор энэ хувь тавилантайгаа эвлэрээд амьдаря гэнэ. Өнөөдрийн өндөр хөгжилтэй Швейцарь улс ч гэсэн их гүрнүүдийн дунд хавчигдсан жижиг улс ба түүнийг тойрсон их гүрнүүд хил, боомтоо хаах зэргээр шахалт үзүүлэх тохиолдол олон байсан ч гэсэн хутга, цаг зэрэг хил давуулан экспортолж болох бүхнээ зарсаар зарсаар өнөөдөр мэдлэг экспортолдог мэдлэгийн том улс болж чадсан. Харин өчүүхэн хүсэлтнүүд үүнд юу гэж хариулах вэ гэвэл Монгол бол өөр л дөө гэнэ. Өнөө үе тухайн үеээс өөр болсон л доо гэнэ. Эсвэл зөв бичиж сурчихаад олон юм яриа гэнэ. Өчүүхэн хүсэлд шалтаг мундахгүй. Өчүүхэн хүсэл өчүүхэн асуудалд л хамгийн их ач холбогдолыг өгнө. Тйимээс буруу асуудалаа өчүүхэн шийдэлээр шийдэх гэсэн бүтэлгүй оролдлого нь дуусахгүй.

Өчүүхэн хүсэл хулгайчийг л бүтээдэг. Хулгайч хулгайчдаа ахан дүүсээсээ, ард түмнээсээ, өөрийн хойч үе, ирээдүүгээсээ амьдрал, мөнгө, боломжийг нь хулгайлдаг хамгийн адгийн шаар хулгайч нар байдаг. Жирийн хүн бол өөрчлөгдөж болох хэдий ч хулгайч, хүний хулгай хийх дадал өөрчлөгдөхөд тун бэрх болохыг психологийн антропологийн (Psychological anthropology буюу хүний танин мэдэхүй, эмоц, персепц,  мотиваци зэрэг оюуны функцуудын хөгжилд соёл болон хүрээлэн буй орчин хэрхэн нөлөөлдөгийг соёлын болон психологийн үүднээс судалдаг мэдлэгийн дэд салбар) судалгаанууд нотолсон байдаг. Яаж вэ гэхээр өчүүхэн хүсэлтэй хулгайчид нь амьд организмын эволюцийн хэдэн зуун сая жилийн туршид зөвхөн амьд үлдэхийн тулд улаан шард хувирах, зүс хувиргах, жүжиглэх, дүр исгэх, хуурах, мэхлэх зэрэг техникүүдийг гаргууд эзэмшсэн учир би л болж байвал бусад нь хамаагүй гэх аминчхан үзэл генийн төвшинд төлөвшсөн байдагтай холбоотой. Харин өнөөдөр Монголд өчүүхэн хүмүүсийг боловсролын системээр дамжуулан масс массаар нь үйлдвэрлэж байна. Өчүүхэн хүсэлтнүүдийн гаргууд эзэмшсэн хуурах, зайлах, мэхлэх, хуйвалдах, шантаажлах, сүрдүүлэх, заналхийлэх, дүр исгэх, жүжиглэх зэрэг үйлдлүүдийг дайны үед эсрэг талынхаа моралыг устгах, дотоодын үймээн, самуун үүсгэх, хүчийг сулруулах зорилготойгоор зөвхөн дайсандаа л хэрэглэх дайны арга мэхүүд байдаг. Гэтэл өнөөдөр Монголд дайны үед дайсны эсрэг хэрэглэх ёстой арга мэхүүдийг Монгол хүн нэг нэгэндээ, бүр ойр дотныхондоо өдөр тутам хэрэглэх нь хэвшмэл үзэгдэл болж төлөвшөөд удлаа. 

Өчүүхэн хүсэлтнүүд аливаа зүйлийн үнэн худал, зөв буруу, сайн муу, сайхан муухайг ялгах мэдлэгийг ойлгох чадваргүй учир бусдаас сонссон, уншсанаа хар сохроор цээжлэн давхина. Тэд үнэн худлыг, сайн мууг, зөв бурууг ялгаж, салгаж, муу муухай, буруу, алдаатайг нь сайжруулан улам өсөн дэвжиж хөгжихийн тулд асууж, шалгаасан жинхэнэ мэдлэгийн хүмүүсийг шизотой, солиотойгоор нь дуудаж, ард түмний соён гэгээрэх боломжийг хааж, мухар сүсэг, мухар сүсэгжсэн шашин, худал мэдлэгийг тахин шүтнэ. Гаднаас жинхэнэ мэдлэг орж ирэх нүх сүв, боломжийг бүрэн хаах ба орж ирсэн байлаа ч мэдлэгийг мухар сүсэгжүүлэх, худал алдаатай орчуулах зэргээр гуйвуулан, оюуны доод түвшний бөөлжис цутгам, баталгаатай мэдлэгийн үнэр ч үгүй ном, зохиолдоо оюуны оргил, ноён оргил, оюуны сор, үндэстний эрхэм зэрэг цол гуншин өгөх ажлаа гаргуун хийдэг.

Өчүүхэн хүмүүс шүүмжлэлд хамгийн дургүй учир нэгнийгээ хэнд ч хэрэггүй төмрийн хаягдал болсон одон тэмдэг, цол гуншин, магтаал, уянгын халил зэргээр бялдуучлахаас өөр сонголт үгүй.

Тэдний шалгаруулах шилдгийн шилдэгүүд, оргилын оргилууд, түмний манлайнууд, эрхэмийн эрхэмүүдийн бүтээсэн өнөөдрийн Монгол яг ямар байдалтай байна вэ гэвэл 10,000 жилийн өмнөх балар эртний зан үйлийг төрийн хэмжээнд явуулж, хүн төрөлхтөний бүтээсэн мэдлэгийн ачаар бий болсон хүний хөгжлийн төлөөх орчин үеийн институцийг ард түмнээсээ хулгай хийх, ард түмнээ хооронд нь талцуулах, мухар сүсэгжүүлэх, ядуу гуйлгачин байлгах зэрэг бүхий л увиагүй үйлдэлдээ ашигладаг дүр зураг байна.

Тэд хэлэхдээ жам ёсоороо хөгжөөд явж байгаа юмыг зөнгөөр нь орхи гэнэ. Гэтэл, жинхэнэ мэдлэгийн амин сүнс болсон “критик” нь (худлаас үнэнийг, муугаас сайныг, буруугаас зөвийг ялгах гэсэн утгатай эртний Грекээс гаралтай мэдлэгийн ойлголт) тэдний оршин байгаа шалтгааны эсрэг талд нь байдаг.

Бүхэл бүтэн үндэстний төлөө бүтээгдсэн төрийн эрх мэдэлд өчүүхэн хүсэлтэй хүмүүс гарвал ард түмний амьдрал хаягдаж, төрийн гамшиг нүүрлэж, нийгэм тэр чигээрээ хийж бүтээх зүйлгүй болж, өшөө хорсол болон хилмэгдэл нь нийгмийн түгээмэл амьдрал болж, муу муухай оргилдоо тулах болно.

Эцсийн эцэст өчүүхэн хүслийг биелүүлэхэд өчүүхэн эрдэм, өчүүхэн мэдлэг, өчүүхэн шийдэл, бага зэрэг хулгай хийх ширэн нүүр л хэрэгтэй учир тийм хүмүүс нийт улс орон, нийгэм, албан байгууллагыг удирдах албан тушаалд очсон бол чадал мөхөсдөх нь ойлгомжтой. Хүсээд хүсээд чадахын тулд жинхэнэ мэдлэг хэрэгтэй учир амьд организмийн эволюцийн шатанд үүссэн өчүүхэн хүсэлтэй бүх шатны хулгайчдаас хөгжилийг хүлээвэл 1000 жил  өнгөрсөн ч бүтэхгүй. Коко Горил хэдий (Koko the Gorilla, Hanabiko Koko – хэл судлал болон антропологи судлалынхан дунд алдартай, дохионы хэл сурсан горилла) хүнд дохионий хэлээр идье, ууя зэрэг энгийн ойлголтуудыг дамжуулж сурсан ч горилла хэвээрээ л үлдэнэ. Хүнтэй эн дүйцэхүйц интэлижэнсийг Коко шиг чадвартай гориллануудаас бид хэзээ ч хүлээхгүй нь мэдээж. Хэдэн зуун сая жил үргэлжилсэн эволюцийг хэрхэн өөрчилж чадах билээ?

Хүн төрөлхтөний хамгийн энэрэнгүй, хүнлэг, өгөөмөр ёс суртахуунтай гэх шашны нэрийг барьсан шашинг Монголчууд 300,400 жил мухар сүсэглээд яг ямар ёс суртахуунтай байгаагаа л нэг харахад хангалттай.

 


avatar
    • Зочин
    • 172.69.254.*

    Bravo moraltai mongol san.

    • Зочин
    • 172.69.254.*

    Hudal huurmag, hend ch hereggui ene olon show tsengee shashin mashnaas zalhaj bnaa. MMC sain shuumj bichjee

    • Зочин
    • 162.158.88.*

    Yg l bichjee. Haa saagui yg iim uzegdel gazar awlaa. Gaigui ni daijaad, gaitai ni enuugeer zugeer hud dur esgej guigeed hereg alga.

    • Demjigch
    • 108.162.226.*

    Bayarlalaa. Yag minii bodoj yavdag zuiliig bichjee. Odoo mongold ene uchuuhencuud het gazar avah shinjtei. Ene bol ayul. Ter tusmaa daraa uyedee udamshih tuluvtei.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5005

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%