Н.Намуунтөгс: Аялалд та 1 өдрийг зарцуулахад Аялал танд 100 жилийн дурсамж үлдээнэ

Өнөөдрийн байдлаар Монгол улсын энгийн пасспорттой иргэд дэлхийн 23 улсад визгүй зорчдог. Хэдийгээр визгүй зорчдог улсын тоо бага хэдий ч монголчууд маш их аялж, үзсэн харсан шинэ содон зүйлсээ бусадтай үргэлж хуваалцаж чаддаг болж 2018 оны байдлаар гэхэд л 2,5 сая монгол иргэн гадаад зорчсон  байна. Тэгвэл бид энэ удаа эдгээр аялагч нарын нэгэн төлөөлөл  аялагч Н.Намуунтөгстэй ярилцлаа. Тэрээр 23 насандаа Зүүн Өмнөд Ази болон Европ тивийн нийт 23 улсаар аялж, хариуцлагатай, аз жаргалтай, ухаалгаар аялахыг уриалсаар иржээ.

Сайн байна уу. Уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

Намайг Н.Намуунтөгс гэдэг. Олон улсын худалдааны менежер мэргэжилтэй. Одоо нэг хувийн компанид маркетинг борлуулалтын менежер хийдэг. 

Аялагч хүнээс хамгийн түрүүн асуух ёстой асуулт бол мэдээж анхны  аялалын тухай байх гэж бодож байна. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцвал?

Манай гэр бүл ерөнхийдөө маш их аялдаг. Тэгэхээр хамгийн анхны аялал Монголоос эхэлсэн гэсэн үг. Аав Архайнгайнх, ээж маань Өмнөговийнх учир эхлээд аав ээжийн болон өөрийн төрсөн нутгуудаар аялсан. Дараа нь оюутан байхдаа сурагч солилцооны хөтөлбөрөөр Тайваньд сурахдаа ойр орчмын хотуудаар аялж үзээд тэндээс ганцаараа аялах сэдэл төрсөн. Тухайн үед сургуулийнхаа оюутнуудтай нийлээд ойр орчмын хотуудаар аялсан дурсамж үнэхээр гоё байсан. Тэр аяллаас л би цаашид тууштай, зорилготой аялах урам зоригийг олж авсан.  Яг ганцаараа үүргэвчээ үүрээд Европын   5 улс  8 хотоор  15 хоног аялсан. Дараа нь Зүүн Өмнөд Азийн 9 улс 14 хотоор 1 сарын турш аялсан.

23 насандаа 23 орноор аялсан гэсэн?

Миний нийт аялсан орон 23. Их сонин тохиолдлоор ингэж таарсан л даа. Бас сонин давхцал байсан. Нэг л мэдэхэд би 23 нас хүрч миний аялсан орон ч 23 болсон байсан.

Iphone X авах уу, аялах уу гэдэг сонголттой тулсан гэсэн. Хаашаа явахдаа ийм сонголттой тулсан бэ?

Европ руу явж ирсний дараа.  Гоё утас авна гээд мөнгө цуглуулж байсан. Тухайн үед цоо шинэ iphone X –ийн үнэ нь 3 сая байсан. Харин би утас авахаа болиод Зүүн өмнөд Азийн 9 улс 14 хотоор 3 сая төгрөгөөр аялаад ирсэн. Энэ үнэхээр зөв сонголт байсан шүү.

9 улсын 14 хотоор аялахад зарцуулагдах бүх зардал 3 сая төгрөг л болсон гэсэн үг үү?

Тийм. Бүх зардал ороод л гурван сая төгрөг. Ер нь аялалд зориулсан мөнгөний талаас илүү хувь нь замын зардалдаа явдаг. Машинаар, автобусаар, завиар, дугуйгаар, онгоцоор гээд л хямд явах боломж юу байна бүгдийг нь судалсан. Миний хувьд бараг 2 сая төгрөг нь замын зардалд явсан. Үлдсэн сая нь буудал үзвэр үйлчилгээ, идэж уух зүйлд зарцуулагдсан. Тэгэхээр яаж хямдаар аялах вэ гэвэл ердөө л замын зардлаа хэмнэх. Яаж зардлаа хэмнэх вэ гэхээр эртнээс төлөвлөж билетүүдээ эрт захиалах. Эдгээр аяллуудын зардал болоод бусад дэлгэрэнгүй мэдээллийг I LoVe TraVel N&T пэйж хуудсандаа байршуулсан байгаа. 

Олон орноор зэрэг аялахад нэг улсаас нөгөө улсын хилээр нэвтрэх, унаа тэргээ зохицуулах гээд асуудал маш их байх. Энэ бүхнийг хэрхэн зохицуулдаг байсан бэ?

Ерөөсөө л эртнээс тооцоолох, төлөвлөх. Нэг явахдаа олон орноор аялах гэж байгаа бол мэдээж хэрэг хамгийн түрүүн нислэгийн тийзүүдээ эрт захиалах хэрэгтэй. Зарим тохиолдолд газраар явснаас нислэгээр явсан нь хямд байдаг.

Миний аялсан улсуудын зарим нь онлайнаар визээ захиалж байсан. Зарим шууд хил дээр нь очоод авчихдаг, зарим нь Монголоосоо аваад явдаг.  Би жишээлбэл Вьетнамын визийг Монголоос, Камбожийн визийг хил дээрээс нь, Мьянмар улсын визийг онлайнаар авсан. Мэдээж энэ бүх виз нислэгийн билетүүдийг аяллаас өмнө маш нарийн төлөвлөх хэрэгтэй. Дараа нь тухайн орны онцлогуудыг судал. Нийтийн тээвэр нь хэдэн төгрөг байдаг, хот хоорондын автобус унаа нь хаанаас хэдэн цагт, хэдэн төгрөгөөр явдаг гээд л бүгдийг судалж, төлөвлөөд бичиж тэмдэглээд магадгүй эрсдэлтэй зүйлс тохиолдоход Б хувилбар чинь ч төгс байхаар төлөвлөх нь чухал.

Мөнгөн тэмдэгтээ яаж зохицуулсан бэ?

Аяллын А Б хувилбар заавал байх ёстой шиг мөнгөн тэмдэгтээ ч бас карт болон бэлэн гэсэн хоёр хувилбартай байх хэрэгтэй. Зарим улсад зөвхөн картаар үйлчилдэг газрууд байдаг.

 Зүүн Өмнөд Азийн орнуудаас аялсан төлөвлөгөөнөөсөө сонирхуулбал?

Би Европоор аялж ирээд л дараа жил Зүүн өмнөд Азиар аялна гэж төлөвлөсөн. Тэр үеэс эхлээд л үзэх ёстой газруудаа тооцоод хаана, хаана очоод, юуг нь үзэх ёстойг судалж эхэлсэн. Тодруулбал яг аялал эхлэхээс гурван сарын өмнө очих буудал, нийтийн тээврийн үнэ, хэрэглэдэг мөнгөн тэмдэгт, визээ хаанаас хүсдэг  зэрэг мэдээллүүдээ цуглуулж, бичиж тэмдэглэж эхэлсэн. Ингээд замын зардлын задаргаандаа орсон. Мэдээж би Монголоос шууд нисэх юм бол үнэтэй учир Замын-Үүд, Эрээн, Бээжин гэсэн маршрутаар вагон болон автобусаар явсан.

Тэгээд Бээжингээс Вьетнам явахаар төлөвлөсөн. Надад бол Бээжингээс Вьетнам руу очих хамгийн хямд боломж нь Хятад Вьетнам хоёрын хил залгаа Наннинг гээд хотруу яваад  цаашаа автобусаар Вьетнам руу явах нь хамгийн боломжтой хувилбар байсан.  Тэгээд Бээжингээс Наннинг рүү вагоноор явсан. Цаг давчуу олдсон билет нь л тэр байсан учир яах аргагүй босоо хатуу суудалд 24 цагийн турш явж очсон. Тэнд л нөгөө шороон түмэн хятадууд гэдгийг үзсэн. Шалаар хэвтэх нь хэвтээд, ариун цэврийн өрөөнд хүртэл хүн явсан. Агаар гэж авах юм байхгүй. Юун Монголд автобусанд чихэлдэх. Харин ч бид жаргалтай явдаг юм билээ. Гол нь тэр хүмүүс юу ч болоогүй юм шиг үргэлж л ийм байдаг гэсэн шиг тоож байгаа ч шинжгүй.

Төлөвлөсөн төлөвлөгөө өөрчлөгдөх, саад учрах эрсдэл мэдээж байгаа байх?

Тийм шүү. Аливаа аялал яг төлөвлөснөөр явахгүй үе байна. Тийм учраас үргэлж Б хувилбартай аялах ёстой. Эрсдэлээ үргэлж тооцож байх хэрэгтэй. Хамгийн түрүүнд онгоц, автобусны тасалбар захиалахдаа үргэлж нэгээс хоёр хоног илүү тооцоолж байх хэрэгтэй. Нэг л нислэг, нэг л автобуснаасаа л хоцорвол цаашаа бүх төлөвлөгөө худлаа болох тул маш сайн төлөвлөлт хэрэгтэй.

Зүүн Өмнөд Азийн орнуудаас хамгийн их таалагдсан нь аль улс вэ?

Мэдээж бүгд гоё байсан. Би очсон газар бүртээ сонирхолтой экстрим аялал хийхийг зорьдог. Зүүн Өмнөд Азийн орнуудаас би Тайландыг сонгон тэнд жинхэнэ экстрим аялалаа хийсэн. Seawalker гээд усан доогуурх аялал нь маш сонирхолтой байсан. Бас их адал явдалтай. Би өмнө нь далай дээгүүр завинд суугаад зөндөө явсан ч Тайландад явж байхад завин дээр удаан явахаар л дотор муухайраад болдоггүй. Тэгсэн далайн өвчтэй хүмүүс тэгдэг юм билээ. Тэгээд л өөрийгөө тийм өвчтэй гэдгээ мэдсэн. Уг нь тийм өвчтэй хүмүүс  далайгаар аялахаасаа цагийн өмнө нэг эм уух ёстой байдаг юм билээ. Энэ мэт маш их адал явдал шинэ содон зүйлсээр дүүрэн байсан болохоор Тайланд таалагдсан. Бас Мяньмар болон Камбож улс таалагдсан. Эдгээр улсууд Тайланд Сингапур, Малайз зэрэг шиг өнөдөр хөгжилтэй биш ч тэнд амьдарч байгаа хүмүүсийн байгаа байдал хандлага нь маш их таалагдсан. Мөн Дэлхийд томоохонд тооцогддог Ангкор Ват буддын сүм. Хэдэн мянган км үргэлжлэх тэр байгууламжийг үзэх үнэхээр гайхалтай байсан. Энэ сүмийг дэлхийд таниулж аялал жуулчлалыг хөгжүүлэх нөлөөлсөн гол хүн бол холливүүдийн алдарт жүжигчин Анжилина Жуллиа гэдэг юм билээ. Тэр байгууламжид орохын тулд 36 доллар төлөөд тэндээс дугуй эсвэл мотоцикл хөлслөөд явдаг юм билээ. 

Аялсан улс орнуудаа Монголтой харьцуулахад юу анзаарагдаж байна. Хүмүүсийн амьдрал, соёл сэтгэлгээ, хөгжил зэрэг нь?

Мэдээж  Тайланд Сингапур, Малайз, Швед гээд өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулшгүй. Гэхдээ бас Монгол ийм хөгжилгүй, бүдүүлэг, амьдрах аргагүй гэж бодох бол үнэхээр өрөөсгөл ойлголт гэдгийг ойлгосон. Тэр хятадын 24 цагийн вагоны аялал, Камбожийн галт тэрэгний зам дагуу гэртэй, гадаа нь хүүхдүүд тоглоомын талбай гээд байх юмгүй жижигхэн талбайд тоглож байгаа, хоёр хүн зөрөх байтугай, нэг хүн арай гэж багтах нарийн гудамжнуудыг хараад Монгол улс маань хөгжиж байгаа юм байна гэдгийг маш их мэдэрсэн. Гол нь үнэхээр орон зайн эрх чөлөөг Монголд мэдэрч байдгаа ойлгосон.  Зарим хөгжингүй орнуудад нэвтрээгүй сайн систем манайд ч байна. Хамгийн энгийн жишээ гэвэл манай нийтийн тээвэр кондуктор гэж байхаа болиод картын системд шилжчихсэн байхад Вьетнамд кондуктор мөнгөө хураагаад л явдаг юм билээ.

Европын хэдэн хотоор аялсан бэ, аяллын сониноос дурдвал?

Европ тивийн арваад хотоор аялсан байна. Анх Шведэд эгч дээрээ очоод тэндээс аяллаа эхэлж байсан.  Зарим хүмүүс Европ тив үү аялахад хэцүү, үнэтэй гэж ярьдаг үгүй шүү. Би бол Европын арваад хотоор 2 саяар аялаад ирсэн.  Европын хотууд хоорондоо маш ойрхон байдаг. Би анх Швэдээс Унгарын Будапешт ороход монгол мөнгөөр 30 мянгаар л нисээд оччихсон.  Бас 99 Евро төлөөд Европын хүссэн таван хотоороо аялах боломжтой үйлчилгээ ч байдаг.  Унгарын Будапешт маш их үзэх юм ихтэй хот. Дараа нь Австрийн Вена орсон. Үнэхээр гайхалтай хот. Ялангуяа Хатан хаан Сисигийн ордон. Дараа нь Милан, Венец хотуудаар явж, түүх дурсгалын бүхий л зүйлсийг үзэхийг хичээсэн.

Миланд хөл тавих ямар байсан бэ загварлаг хүмүүсээр дүүрэн үү?

Үнэхээр загварын хот гэж нэрлэхээс ч аргагүй юм билээ. Метронд нь суугаад л янз янзын этгээд, сонин загвартай хувцас өмссөн хүмүүс угтсан. Энд тэндээс дэлхийн одууд их ирдэг, урлагийн хот гэмээр. Ер нь их шинэлэг, загварлаг үүнийгээ дагаад маш их өртөг өндөр хот юм билээ. Венец хот надад маш их таалагдсан. Усан дээр байрладаг. Олон нийтийн тээвэр нь зөвхөн завь. Маш их жижигхэн газар нутагтай. Нарийнхан гудамтай, их хөөрхөн хот санагдсан. Бас нэг гайхмаар зүйл нь айлууд хогоо цонхоороо унжуулаад хаядаг юм билээ. Түүнийг нь хүмүүс ирээд л ачаад аваад явчихна.  Ер нь Европоор явахад зүүдлээд байна уу гэж бодмоор кинонд тоглоод ч байх шиг.

Аялж буй хүмүүсийн онцолдог зүйлсийн нэг нь яах аргагүй тухайн улс орны гайхамшигт байгаль түүх соёлоос гадна өөр өөрсдийн онцлогийг харуулсан зочид буудлыг онцолдог. Чиний хувьд хамгийн гоё зочид буудалтай газар гэвэл?

Мьянмар улсын Баган хотын “Баймбо хаус” гээд буудлыг нэрлэмээр байна.  Хулсан байшин гэсэн үг. Баганд буугаад л таксидаад буудал руугаа явж байсан чинь нэг л сонин газраар яваад байсан. Гэтэл яг очсон чинь бүр үнэхээр гоё. Нэг өвөө өөрөө бүх ногоо, жимсээ тарина, тахиагаа тэжээнэ тахианы мах өндөгөөрөө өөрөө зочиддоо хоол бэлддэг нь их таалагдсан.

Монголд хаагуур хаагуур аялсан бэ?

Ойролцоогоор 17 аймгаар аялсан. Зэргэлдээх сумдуудаар. Удахгүй 21 аймгаараа бүгдээр нь явна.

Монголоос болон Дэлхийн хотуудаар хамгийн их сэтгэлд үлдсэн хотуудаа нэрлэвэл?

Ер нь бүгд л гоё л доо. Яахав заавал нэрлэ гэвэл би Архангайг нэрлэнэ. Тэр тусмаа Цэнхрийн Халуун Рашаан. Дараа нь Өмнөговийг нэрлэмээр байна. Говь газарт Хангайд байхгүй “Говь гурван сайхан” гээд сайхан нуруу бий. Европоос Швейцарыг нэрлэмээр байна. Латебүрн гээд тосгон үнэхээр гоё. Бүр хэлэх үг олдохгүй байна. Алмайраад л. Альфийн нуруугаар хүрээлэгдсэн тэр тосгоныг зүгээр очиж үзэж байж л тэр мэдрэмжийг мэдэрнэ. Би мянга гоё гэж хэлээд илэрхийлж чадахгүй байна.  Бас Шведээс хойшоо хойд туйл буюу Керунад байрлах Ice hotel –ийг нэрлэмээр байна. Бүх зүйлс нь мөсөөр хийгдсэн. Миний мэдэхгүй цоо шинэ ертөнц тэнд байсан. Жил бүр өрөөнүүдийнхээ загварыг шинэчилдэг. Өрөөнийх нь загварыг хийсэн хүмүүсийн нэрийг гадна бичдэг юм билээ. Тэгсэн тэнд Кингконгийн нэрэмжит нэг өрөөг Монгол хүн хийсэн байсан. Энэ мэт дэлхий дээр бидний мэдэхгүй маш олон зүйлс байна. Түүнийг заавал өөрийн биеэр үзэх хэрэгтэй шүү залуусаа.

Аялахдаа санхүүгээ хэрхэн зохицуулдаг юм бэ?

Би багаасаа л маш их мөнгө цуглуулдаг байсан. Хамгийн анх цуглуулж байсан задгай мөнгө маань 3 сая болоод анх удаа өөрийн цуглуулсан мөнгөөрөө Швед рүү явж байсан юм.    Одоо ч цуглуулсаар байгаа. Хамгийн сүүлд хуримтлуулсан мөнгөөрөө сая 2019 оныг Москвад угтсан. Шинэ жилийг тэмдэглэнэ зугаацна хөгжилдөнө гэдэг энийг л хэлдэг юм байна гэж бодсон.  

Нээрээ аялж байх явцад тухайн улсын уламжлалт баяр ч юм уу соёлын томоохон арга хэмжээний үеэр таарч байсан уу?

Уламжлалт баяртай бол таарч байгаагүй юм байна.  Харин Зүүн өмнөд Азийн хамгийн сүүлийн цэг Жакарта байсан. Би Зүүн Өмнөд Ази руу үеэлтэйгээ аялсан л даа. Бид хоёрыг очиход Азийн наадам болоод яг тэр үед Монголын сагсан бөмбөгийн баг  Индонезтой тоглохоор байсан.  Тэгээд л үзэх гээд очсон бүх тасалбар нь дуусчихсан орох боломжгүй гээд гаднаас лайв үзээд сууж байлаа. Тэгсэн тоглолт эхлээд үүдний хяналт жаахан сулраад, ирэхээр ариун цэврийн өрөө хаана вэ гээд асуусан чинь ийшээ ороод байгаа гээд бид хоёрыг оруулчихсан.  Их азтай. Тэгээд ороод л Монголиа, Монголиа гээд л хоёулханаа орилоод л байсан. Тэгсэн нэг ах бид хоёрыг олж хараад

“Хүүе ээ та хоёр чинь яасан хөөрхөн юм бэ? битүү Индонез гэсэн дуун дундаас хоёулахнаа Монгол гээд л орилоод л хөөрхөн юм”

гээд л өхөөрдөж байсан юм. Тийм тоглолт үзэж Монгол улсын багаа дэмжинэ гэдэг нэг бодлын үнэхээр бахархал юм билээ. Тэр мэдрэмжийг мэдэрсэн болохоор би заавал 2020 оны олимпыг Японд очиж үзнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

Хариуцлагатай аялцгаая гэдэг  трэнд  явж байна. Энэ энэ хүрээнд бусад аялагчдадаа юу хэлмээр байна?

Аялал гэдэг тухай орныг үзэж соёлыг нь мэдрэхээс гадна өөрийн улс орны тухай мэдээллийг бас түгээж байдаг. Чи ямар монгол байна чамаар л бусад орон Монголыг төсөөлнө тэгэхээр маш хариуцлагатай байх хэрэгтэй. Одоо бас Тайландад хулгай гараад хил гааль чангарсан гэсэн. Нэг болон хэсэг бүлэг хүмүүсийн хийсэн муухай үйлдлээс болж ард нь байгаа 3 сая монголчууд хулгайчаараа дуудуулж болохгүй. Мөн гаднын оронд чиний мэдэхгүй хэл ус мэдэхгүй орчин байгаа. Мэдээж улс орон бүр осол гэмтэл, гэмт хэрэг байгаа энэ бүхнээс өөрийгөө маш сайн хамгаалах хэрэгтэй. Гадаад пасспортоо маш сайн хадгал. Зөвхөн алдаж хаяж гээхээс гадна ус нэвтрэхгүй байх талаас ч анхаарах хэрэгтэй. Аяллаас нэг ч гэсэн сайхан зүйлсийг өөртөө шингээж авахыг бод. Хариуцлагатай аялна гэдэг маш том хүрээний асуудал. Чи гаднын орны хилийг давсан л бол хувь хүн биш Монгол хүн гэдгээр тэдэнд танигдах учир хариуцлагатай байх зайлшгүй шаардлагатай.

Чиний хувьд аялал ямар ямар давуу талуудыг бий болгосон бэ?

Хамгийн түрүүн намайг зорилго тэмүүлэлтэй болгосон. Нэгийг үзээд ханахгүй дахиад нөгөө үзэх дэврүүн их хүслийг бий болгосон. Мөн аялал аливааг төлөвлөх,  судлах, мэдээллээ багцлах, ачаалал даах чадвар, хэмнэлт хийж сурах, цаг барих, хүнтэй зөв боловсон харьцаж сурах гэх мэт маш олон давуу талуудыг бий болгож өөрийнхөө олж хараагүй чадваруудаа нээн боломж олгосон.

 Ер нь чи юунд хөрөнгө оруулалт хиймээр  байна түүндээ зориулж хэмнэлт хийж сурах хэрэгтэй.  Аялмаар л байгаа бол судлаад үз. Битгий залхуур. Зугаа цэнгэл мөнгө үрнэ гэж битгий бод. Маш сайн төлөвлө. Аялал хүнд маш олон чадварыг төлөвшүүлдэг. Зүгээр аялаад байгаа юм шиг боловч маш их хэмжээний мэдлэг, мэдээлэл өөртөө хуримтлуулж чадна.  Зүгээр битгий суу. Амралтын өдрүүдийг унтаж битгий өнгөрөө. Аялна гэхээр заавал хол явах биш. Богд уул руу гарсан ч аялал шүү.

Ер нь ийм урт хугацааны аялалд юу юу авч явбал тохиромжтой вэ?

Олон хэрэгтэй, хэрэггүй зүйл авч явбал чи л өөрөө ядарна. Тэгэхээр Нэг зүйлийг маш олон хувилбараар ашиглаж болох зүйл авч яв гэж зөвлөмөөр байна. Эмэгтэй хүмүүст бол олон талаар нь ашиглаж болох алчуур их зүгээр. Жишээлбэл зарим улс орнууд шашнаасаа хамаараад гуя, шагай эгэм зэрэг гарч болохгүй тохиолдол алчуураа урт юбка болгочихно. Буудлынхаа мөнгийг хэмнээд шөнийн автобусаар явах үед заримдаа их сэрүүхэн байна энэ үед хөнжил болгоод нөмөрчихнө. Өөр мэдээж хаашаа аялах гэж байгаагаасаа шалтгаалаад бэлдэх зэхэх юмаа сайн судлах хэрэгтэй. Нарны тос, шумуулын тос, эм  гээд л.

Цаашид аяллын төлөвлөгөө юу байна?

Удахгүй мөрөөдлийнхөө 4 дахь аялалд гаргах гэж байгаа. Мэдээж миний ирээдүйн зорилго бол Таван тивээрээ аялах. Бас шинэ жил бүрийг өөр өөр улс оронд гаргахыг хичээж байгаа. 2020 оныг халуун оронд угтах төлөвлөгөөтэй байна.

Хүсэх л юм бол үнэхээр боломжгүй зүйл гэж байдаггүй. Ганцаараа тэр бүхнийг үзээд явж байхад бас маш их зүйлийг ойлгож ухаардаг юм билээ.  . Би багаасаа л дэлхийгээр аялна гэж мөрөөддөг хүүхэд байсан өдөр болгон өдрийн тэмдэглэл хөтөлдөг тэмдэглэл бичиж дуусаад дэлхийг тойрно гээд гарын үсгээ зурсан байсанаа саяхан олж уншсан. Гэтэл одоо ингээд харсан чинь мөрөөдөл маань захаас биелж байна. Бодол биеллээ олно гэдэгт үнэхээр итгэх хэрэгтэй.

За хоёулаа ингээд яриагаа өндөрлөе. Төгсгөлд нь аялж эхлэхээр төлөвлөж байгаа залууст юу зөвлөмөөр байна?

Олон залуучууд ямар нэг эд баялаг, материаллаг зүйл авах гэж мөнгөө цуглуулах биш аялалд явах гэж цуглуулдаг байгаасай. Аялалд явсанаар өөрөө өөртөө хөрөнгө оруулалт хийхээс гадна танин мэдэхүйн ертөнцөөр аялж мэдээж маш олон гайхалтай мэдрэмжийг авч, эд хөрөнгөөр биш дурсамжаар баян болно шүү. Гол нь битгий залхуур. Гэртээ зүгээр битгий суу. Төлөвлө, судал, аял мэдэх гэж хичээ. Нэг л амьдрах юм чинь. Хүссэн бүхнээ хий гэмээр байна. 

Мөн одоо аялах гэж байгаа хүмүүст зөвлөхөд Rome2go гээд аппликэйшныг санал болгомоор байна. Энэ дээр явах газар болон очих газраа оруулангуут ямар замаар яаж явах, нислэгийн хуваарь автобусны хөдлөх цаг зэрэг бүх зүйлс гараад ирдэг. Захиалж болох линкүүд нь гарч ирнэ шүү.

За баярлалаа.

 


avatar
    • saraa
    • 172.68.253.*

    mundag ohin shu ulger jishee awdagaa amjilt husie

    • Beautiful mind
    • 172.69.252.*

    Мөнгө цуглуулаад аялдаг гэсэн байна. Тогтсон ажил хийдэггүй гэж ойлгож болох уу?

  • ажил хийдэг шүү. Хувийн компанид маркетинг борлуултын менежер хийдэг. Цалингаа хураахаас гадна задгай мөнгө цуглуулдаг гэсэн.

    • soko
    • 162.158.89.*

    fb haygn yu ym boloo?

    • soko
    • 162.158.88.*

    ymar mundag ohin be amjilt husie

  • Nami t ugs

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4982

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%