СЭТГЭЛИЙН ХҮҮРНЭЛ: Люмпений туужууд буюу нүд гялбам нүцгэн үнэн

Өсвөр насны хүүхдүүдэд л тод ажиглагддаг нэг л учраа олоогүй, томчуудын энэ тоймгүй ертөнцөд уурссан, тэрсэлсэн, тэгсэн хирнээ нууцаар хүртсэн гэнэн ч юм шиг тэнэг ч юм шиг үеийг үгээр гоёж чимэхгүйгээр өгүүлбэл нэг иймэрхүү байж мэдэх болов уу гэж бодогдуулсан богинохон тууж уншихад амттай байлаа.

Испани хэлтний уран зохиолд Dark Night of Souls гэсэн нэг ойлголт байдаг. Энэ нь гэнэтийн зовлон бэрхшээл хагацал гунигаас болж эсвэл дандаа сэтгэл ханамжгүй байснаас болж нэг л өдөр өөрийн чинь итгэж үнэмшиж байсан бүхэн нуран унаж амьдралын утга учир үгүй болохыг хэлдэг. Мэдээж үүнийг даван гарч чадвал Шинэ өглөөг угтаж дахин өөрөөр амьдралыг харж ойлгож хүртэж болдог.

Роберто Боланьогийн бичсэн энэ зохиолын гол дүр болох Бианкагийн хувьд харин аав ээж хоёроо алдсан 15 настай охинд шөнө нүд сохлом гэрэлтэй мэт санагдаж, харанхуйд харж чаддаг болсноос өөр өөрчлөлт гараагүй юм шигээ. Гэхдээ утга учир хайж уншвал энэхүү нүд гялбам гэгээтэй шөнүүдээр бүх зүйл нь ил тод мэт боловч хэн нь хэндээ тусладаггүй хоосон цэвдэг нийгмийг төлөөлсөн мэт санагдана. Бианкагийн тухай энэ туужийн туршид харанхуйд хардаг чадварынх нь тухай дурдсан байдаг. Тэрээр харанхуйгаас гялбам гэрлийг мэдэрдэг. Яагаад гэдгээ ч өөрөө тайлбарлаж чаддаггүй. Тэр хүүхэд болохоороо харанхуйд биш харин гялбам гэрэлд төөрсөн шиг бодогдоно. Аливаа дэмжлэг, хязгаарлалт, сургамжгүй ирээдүй тийм биш гэж үү. Зохиолын нэгдүгээр бүлгийн төгсгөлд

... Үүрээр, дөрвөн цагийн алдад би гэнэт сэрдэг байв. Суудлаасаа босч, ширээн дээрх бохир аяга тавгаа хурааж угаагаад, том өрөөгөө янзалж, гал тогоогоо цэвэрлэн, дүүгээ хөнжлөөр хучиж, цонх руу очиж машинуудыг хоёр эгнээ болгон хураасан гудамж руу харна. Үүр цайгаагүй шөнө хэвээр үргэлжилсээр байгаа, энэ тод цагаан гэрэлтэй байдал шөнө гэдэгт итгэмээргүй санагдана. Нүдээ нээсэн ч, аньсан ч ямар ч ялгаагүй... гэсэн хэсэг бий. Үүнээс хойш л би энэ харанхуй гэрэл хоёрын үл ойлгогдом учир холбоог хөөж уншсан юм шигээ.

Дүү болон хоёр залуугийн дүр харин энэ зохиолд гарч байгаа байдлаар нь Бианкагийн “ би ухамсар”-ын өөр өөр хэлбэрүүд юм шиг санагдав. Яаж ч хичээж уншаад, дотроо харж дүрслэх гэж оролдоод энэ гурван дүр надад Бианкагийн өөрийнх нь амьдралын төлөө тэмцсэн оролдлого өөрийнхөө өөр өөр талын тухай өгүүлсэн мэт санагдаад байсан. Ор хөнжлийн явдал нь хүртэл зүгээр л ямар ч амт шимтгүй тэр байтугай дүрслэл ч үгүй. Галзуурсан байхаа ер нь гэмээр. Гэхдээ анзаараад уншвал тэр гурав гурвуулаа нэргүй. Зүгээр л дүү, зүгээр л Болоньягаас ирсэн залуу, бас зүгээр л нэг Ливи залуу. Тэгээд л болоо.

Харин тэр Мачистегийн дүр шөнө нь хүртэл гялбам гэрэлтэй ертөнц дэх сохор хүний дүр. Хаа ч явсан үнэрлээд тэмтрээд олоод ирдэг халуун, хөлстэй гартай бүдүүн эр. Бүр жинхэнэ нэрийг нь мэдэхийг бодоход Бианкагийн хувьд хайрлаад байгаа хүн нь тэр байх. Гэхдээ л залуургүй төөрсөн түүний хувьд хажууд байгаа хүнээ сохор гэж амьдрах нь хялбар мэт. Учир нь өөрөө харанхуйд ч хараад байгаа шүү дээ. Байнга л идэх, унтах, мөнгө хайх, нууцхан мууг сэтгэж, түүнээсээ айж нуугдахыг нуршин дурдсан сүүлийн бүлгүүдээс одоогийн хүмүүсийн энгийн амьдралын үнэн буюу жинхэнэ утгагүй амьдралын зүйрлэлийг олж харах мэт. Хүмүүс ер нь ингэж л амьдраад байгаа юм биш үү. Гайхалтай нь чухам эндээс л Бианка өөрийгөө олж зохиолын эхэнд байх гэр бүлтэй эх хүн болох өөрөөр хэлбэл хайрлах амьдрах утга учиртай нэгэн болох эхлэлийг бага багаар олж харах болно.

Аав ээжийнхээ дараа ( уламжлалт соёл, итгэл үнэмшлээ алдсаныхаа дараа гэж ойлгомоор ) залуураа алдсан Бианка дүүгийнхээ ( хүүхэд наснаас том хүн болох хувирч хайр, мөрөөдөл, хүсэл, тачаал, тэмүүллийн утгыг олох аялал гэмээр ч юм уу) хамтаар даван туулж байгаа амьдралыг товч тодорхой, энгийн , хамгийн гол нь гоёл чимэггүй хэлээр бичжээ. Нээрээ л амьдралын нүд гялбуулан дальдчуулах нүцгэн үнэнийг өгүүлсэн мэт. Тэгээд амьдрал ийм нүд гялбам хуурамч, хорсолтой, утгагүй юм гэж үү гэхээр зохиолын эхэнд байгаа “ Хэдийгээр би одоо өөрийн гэсэн гэр бүлтэй, эх хүн ч гэсэн гэмт хэргийн ертөнцөөс салаад удаагүй байгаа нэгэн” гэсэн өгүүлбэр бага ч гэсэн итгэл найдвар тайтгарлыг өгөх мэт.

Төгсгөлийн өгүүлбэр нь бас гайхалтай.

“ Манай дэлхийг тойрон эргэлдэж буй хиймэл дагуулууд ч олж мэдэхгүй тэрхүү өөр ертөнцөд нэг газар байх нь миний газар, нэг сүүдэр байх нь миний сүүдэр ажээ. “ Шөнийн харанхуй эргэж ирсэн бололтой. Одоо тэрээр гэрэл сүүдрийн ялгааг таньжээ гэсэн мэт санагдлаа. Бүгд болно гэсэн гялбам гэрэлт ертөнцөд биш харин болох болохгүй, гэрэл сүүдэр нь сүлэлдсэн ертөнцөд амьдрал үргэжилнэ ээ.

 

Сэтгэлийн Хүүрнэл бүлгэм


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4467

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%