Нийтлэл 07 сарын 04, 2019

К.Лагардын хүчирхэг үгc ба дэлхийн эдийн засагт үзүүлсэн нѳлѳѳлѳл

К.Лагард ОУВС-гийн тэргүүн байх хугацаандаа дэлхийн ѳнцѳг булан бүрт очиж, нийтдээ 200 орчим яриа илтгэл тавьсан байдаг. Дэлхийн 189 орныг нэгтгэсэн, олон улсын эдийн засгийн тогтвортой байдалд чухал үүрэгтэй санхүүгийн байгууллагыг удирддаг гэдэг утгаараа түүний хэлсэн үг бүр чухал нѳлѳѳтэй.

Сүүлийн 3 жил ярьсан зүйлийг нь дагаж уншиж байхад, зарим илтгэлийг нь бодитоор ойрхноос сонсоход дараах 3 зүйл ажиглагддаг:

1.Илтгэл нь ихэвчлэн 3 хэсгээс бүрдэнэ. Энэ нь логикийн хувьд их цэгцтэй, дараа нь сонссон хүний толгойд ч үлдэцтэй. Стив Жобсын Стэнфорд дээрх алдарт илтгэл ч бас "Би та нарт 3 зүйлийг л яръя" гэж эхэлдэг нь санамсаргүй биш болов уу. Ер нь хүний толгой 5-аас дээш зүйл тогтоодоггүй, 3 байвал оптималь байдаг байх.

2.Ѳгүүлбэрүүд нь маш энгийн, богинохон. Энэ нь сонсож буй хүнд ч ойлгоход хялбар. Уг нь заалны анхаарлыг ѳѳр дээрээ бүрэн татдаг харизматай хүн болохоор их урт ѳгүүлбэр хэлсэн ч асуудалгүй санагдсан. Өгүүлбэрүүд богино байдаг нь К.Лагард ихэвчлэн хэлэх үгээ цааснаас уншдагтай нь зарим талаар холбоотой байж магадгүй юм.

3.Заавал алдартай зохиолч, философич эсвэл тухайн нутгийн зүйр цэцэн үг сонгон иш татаж, хэлэх гэсэн санаагаа тодотгож тайлбарладаг. Энэ нь дараа нь ч үлдэцтэй. Токиод нэг яриаг нь сонсож байхад Японы зүйр цэцэн үг хэлж байсан (以心伝心) , Сѳүлд нэг илтгэлийг нь сонсож байхад Солонгос зүйр үг хэлж байв (97 оны хямралын дараа Азийн орнууд хэрхэн хатуужилтай болсныг "Борооны дараа газар хатуурдаг" гэдэг утгатай үгээр тайлбарлаж байсан).

Мѳн Харвард дээр хийсэн нэг яриандаа Ж.Кеннедигийн хэлсэн "Нар гийж буй үед дээврээ зас" гэдэг үгийг давтсан нь сүүлийн жил гаруй хугацаанд дэлхийн улс орнуудын бодлого тодорхойлогч нарт хүчтэй нѳлѳѳлж буй.

Одоо тэгвэл К.Лагард Европын тѳв банкны ерѳнхийлѳгч болсноор олон нийттэй хэрхэн харилцах нь санхүүгийн зах зээлийн экспертүүдийн анхаарлыг татаж байна. Нууцлаг гэдгээрээ алдартай байсан тѳв банкууд 2008-2009 оны хямралаас хойш бодлого, шийдвэрээ хэрхэн тайлбарлаж буй байдал нь "хувьсгал" гэж хэлж болохоор түвшинд шинэчлэгдэн ѳѳрчлѳгдѳж, нээлттэй болсон байдаг. Гэхдээ экпсертүүд, технократуудад итгэх итгэл Америк, Европт ихээр суларч популизмын давалгаа ширүүсч Тѳв банкны хараат бус байдал сорилттой тулгарч буй. Энэ эгзэгтэй цаг үед К.Лагард дахин нэг хувьсгалыг Тѳв банкинд авчрах уу гэдэг чухал бѳгѳѳд сонирхолтой асуулт гарч ирж байна.

Нэг сонирхолтой зүйл гэвэл К.Лагардийн бүрэн эрхийг баталгаажуулснаар Big 4 гэж нэрлэгддэг Америк, Европ, Япон, Английн тѳв банкны ерѳнхийлѳгч нараас 3 нь хуульч мэргэжилтэй хүн болох болно:

1.Америкийн тѳв банк FED - J.Powell хуульч (PhD)
2.Японы тѳв банк BOJ - H.Kuroda хуульч (BA)
3.Европын тѳв банк ECB - C.Lagarde хуульч (MA)

Макро эдийн засаг, санхүүгийн зах зээлийн хувь заяаг тодорхойлж буй хүн яагаад эдийн засаг, санхүүгийн PhD биш вэ гэдэг асуултад дараах 3 тайлбар бий:

1.Төв банкны бодлого боловсруулах, тооцооллын ажлыг Тѳв банк доторх математик, дата аналитик, эдийн засгийн мэргэжилтнүүд асуудалгүй хийчихнэ. 
2.Бодлогын оновчтой шийдвэрийг туршлагатай баг (Мөнгөний бодлогын хороо) хамтын зарчмаар хэлэлцээд гаргана.
3.Гол сорилт нь хэрэгжүүлэх бодлогыг олон нийтэд хүргэх, улстөрийн дэмжлэг авах явдал. Үүнд Тѳв банкны ерөнхийлөгчийн үүрэг роль маш чухал.

Европын тѳв банкны хувьд нэг талаас хэт бага/хасах хүүгийн бодлого болон актив худалдан авах хѳтѳлбѳр /APP/ нь нэлээд шүүмжлэл дагуулсаар ирсэн. Нѳгѳѳ талаас Брексит болон зарим гишүүн орнуудын ѳрийн асуудал, популист хѳдѳлгѳѳнүүд Евро бүсийн эдийн засагт сорилт учруулж буй. Харин тѳсвийн бодлого дээр хангалттай орон зайтай орон цѳѳн, мѳнгѳний бодлого дээр маш их ачаалал ирэхээр байгаа. Энэ эгзэгтэй үед Европын тѳв банкинд эдийн засгийн PhD гэхээсээ олон нийт, улстѳртэй харилцах чадвар маш чухлаар тавигдаж буй. Энэ хүнд даалгаврыг хамгийн сайн хийж чадах хүн магадгүй К.Лагард байх болов уу. Тийм ч учраас "ОУВС-гийн хувьд гарз, Европын тѳв банкны хувьд олз байх болно" гэдэг үгийг ОУВС-гийн No.2 Д.Липтон ѳѳрийн Твиттер хуудсандаа хэлсэн байсан.

Монголчуудын хувьд К.Лагард бол талархаж явах ёстой хүн. Манай эдийн засгийг дефолт, хүнд хямралтай нүүр тулахаас сэргийлж, нэг амсхийх боломж олгоход үнэхээр чухал үүрэг гүйцэтгэсэн. Монгол сүүлийн 2 жилд олон мянган хүн ядуурал руу орох эрсдэл, олон мянган хүний залуу нас хямралын шуурган дунд үрэгдэх эрсдэлийг тойрсон нь К.Лагардтай ихээхэн холбоотой. Цаашдын карьерт нь ѳндѳр амжилт хүсэхийн зэрэгцээ, "Нар гийж буй үед дээврээ зас" гэдэг түүний захиасыг монголчууд бид мартаж болохгүй.

К.Лагард ажлаа ийнхүү сольсноор "Монголд хэрэв ирсэн бол (уг нь ийм тѳлѳвлѳгѳѳ яригдаж байсан) манай ямар зүйр цэцэн үгийг яриандаа оруулах байсан бол?" гэдэг нэгэн тайлгагдахгүй оньсого/таавар болон үлдэж байна (Нүүдэлчин соёлын эко амьдрал, монгол хүчирхэг эмэгтэйчүүдийн талаар дэлхий нийтэд үлгэр дууриал болчихоор ямар үг байдаг билээ.

 

Сэтгэгдэл бичих

    • magnai
    • 2019-08-26

    Хадлангүй малчин өвөлдөө зүдэрнэ, Ханьгүй хүн өтлөхдөө зүдэрнэ

    • magnai
    • 2019-08-26

    Буруу замаар будаа тээвэл, Буцахдаа шороо тээнэ (populism)

    • magnai
    • 2019-08-26

    Эм хэдий гашуун ч өвчинд тустай, Үг хэдий хатуу ч явдалд тустай

    • magnai
    • 2019-08-26

    Хагархайгаа хатгавал уран, Хойдхоо бодвол цэцэн, Хөхүүрийн ам цаашаа, Хүйтний ам наашаа (winter is coming)

    • magnai
    • 2019-08-26

    Хавар таривал Намар хураана Хадгалж тавибал Хожим хэрэглэнэ

arrow icon