Нийтлэл 09 сарын 04, 2019

КАБИНЕТИЙН ЗАРЧИМ: Олон толгойтой Засгийн газраас одоо ангижиръя!

Японд Абэ Шинзогоос өмнө Коизүми Жюничиро гэж их харизматай Ерөнхий сайд байлаа. “Жапан Пост” буюу Шуудан банкны хувьчлал Коизүмигийн кабинетийн нэг гол зорилго байв. Харин хувьчлах хуулийн төсөл нь парламентаар ороод Зөвлөхүүдийн танхим дээрээ унадаг юм. Коизүми парламентаа тарааж дахин сонгууль явуулаад үнэмлэхүй ялалт байгуулснаар шуудангаас гадна хадгаламж даатгал гээд санхүүгийн үйлчилгээ ч багтаасан мега нэгдэл хувьчлагдсан түүхтэй. Төлөөлөгчдийн танхимыг тараасан оройноо орон даяар хэлсэн хүчирхэг спийч нь ээлжит бус сонгуулийн хувь заяаг шийдсэн ч гэгдэнэ.

Үүний нөгөө талд манай улсын жишээ. 2014 оны 10 сард Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах саналыг Д.Хаянхярваа нарын 28 гишүүд өргөн мэдүүлж, 36 гишүүн дэмжсэнээр огцорч байв. Чухам ямар бодлого явуулах гэж байгаад хэний таалалд нийцээгүй болоод огцорсныг дараа дараагийн үйл явдлуудаас баримжаалж болдог. Ч.Сайханбилэгийн кабинет ба Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын комби дор Монголын төр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авах давуу эрхээсээ татгалзаж, Оюутолгой дээр Дубайн гэрээ хийж, Тавантолгойн ордын хувьд Энержи Ресурс нарын консорциумд ашиглуулах тендерийг зүтгүүлж үзсэн.

Дээрх хоёр жишээнээс хууль тогтоох ба гүйцэтгэх засаглал хоорондын эрх мэдэл хуваарилалтын эрс тэс ялгааг харж болно. Эхнийх нь гүйцэтгэх засаглалын тэргүүн, хүчтэй лидер Ерөнхий сайд бодлогоо хэрэгжүүлэхийн тулд хууль тогтоох парламентаа тарааж, ард түмнээр хайнаа хагалуулсан нэг сонгодог жишээ. Дараагийнх нь бол үүний нөгөө туйлд буюу Ерөнхий сайдаа юу ч хийлгэхгүй буланд шахаж ноолж унагадаг, улмаар явцуу эрх ашигт нь үйлчлэх утсан хүүхэлдэй тавьж санаа амардаг Монголын улстөр.

Монголын Ерөнхий сайд гэж шүдгүй арслан шиг гэж Хүрэлсүх Ерөнхий сайдын хэлдэг их онож хэлсэн үг. Ерөнхий сайд нь сайдуудаа томилох эрхгүй, УИХ-аас томилдог. Тэр нь Ерөнхийлөгчийн болоод эсэн бусын эрх ашгийн эрээвэр хураавар нэгдэл маягтай. Улсын төсвөө бас УИХ-аар батлуулна, сайд болгож өгсөн УИХ-ын гишүүдэд тойрог тордох төсөв нэмж өгөх ажилтай. Ингээд  олон эрх ашгаас хараат байдлын улмаас нэг л тэнцвэр алдаж ямар нэг эрх ашгийн сонирхолд нийцэхгүй бол унадаг, төсөв хэт олон тойрогт хуваагддаг. Одоогийн Үндсэн хуульд зааснаар бол гишүүдийн ердөө дөрөвний нэг санал нэгдээд огцруулах төсөл өргөн баривал хуралдаанд суусан гишүүдийн ердийн олонхийн саналаар огцруулах боломжтой. Нэг удаа бүр 36 гишүүн буюу нэг дунд анги дүүргэхгүй тооны гишүүд Засгийн газрын хувь заяаг шийдэж байсан гэгдэнэ.

Нөгөө талаар УИХ нь хууль тогтоох ажлаа хийхийн оронд гүйцэтгэх ажил руу ордог, энд тэндэхийн сумдын сонгогчдыг хашаа хороо, зам жим татаж хахуульдах ажилтай. Гишүүн асан М.Батчимэгийн хэлснээр Ерөнхий сайд нь хүний нөөц, мөнгө хоёроо шийдэх эрхгүй компанийн захирал шиг. Харин хууль тогтоогчид нь бол ТУЗ-аас бодлого, стратеги гаргах үүрэгтэй хэрнээ өдөр тутмын ажилд хутгалдаж, хүнээ ч ажилд аваад л, цонхоо ч шиллээд л давхиад байгаа маягийн холион бантан болсон.

Ингээд төргүй Монгол буюу 1,8 жилийн настай Засгийн газрууд, залгамж чанаргүй бодлого, төсвийн өр, үрэлгэн зардал тоймоо алдсан байдал үргэлжилж ирлээ. Түүхэн болон соёл уламжлалаас гаралтай өөр олон хүчин зүйл бий ч хууль ба хэрэгжилт хоёр холилдсоны улмаас бодлого БОЛОВСРУУЛАХ ба ХЭРЭГЖИХ аль аль шатандаа төрийн чадамж доройтож, эдийн засаг болон нийгмийн хямрал дагуулсан 30 жил улирч байна. Яг өнөө маргааш хэлцэгдэж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэг ирэх 30 жил ч энэ маягаар үргэлжлэх эсэхийг шийднэ. Монголд Ерөнхий сайд нь Ерөнхий сайд шиг, кабинет нь кабинет шиг ажиллах уу, үгүй юу? Угийн бага хаадын өвчтэй дээрээ УИХ-аас томилогдсон бяртай сайдууд дургүй нь хүрэхээр Ерөнхийлөгчтэй нийлж Ерөнхий сайдаа “заналтайгаар” огцруулж хаяад, халаа солионых нь  өртгийг нийгмийн хамгийн ядруу буурай хэсэг төлөөд явах уу?

Энэ асуултад МАН, АН-ын гишүүд хэрхэн хандаж байгааг одоо л сонгогчид нягт ажиглах, хянах, олон нийтийн сүлжээ болон бусад хэлбэрээр үзэл бодол дуу хоолойгоо идэвхитэй илэрхийлэх хэрэгтэй байна. Үндсэн хуулийг тэр бүр өөрчлөх боломж ойр ойр гарахгүй. Одоогийн байдлаар эхэнд дурдсан хоёр экстримийн дундуур буюу Ерөнхий сайд нь парламентаа тараах хэмжээнд хүчирхэг биш боловч өөрөө кабинетээ бүрдүүлдэг, огцруулах төслийг заавал шинэ Ерөнхий сайдын нэртэй хамт өргөн барьдаг конструктив механизм оруулахаар хэлцэгдэж байна.

Эрх барих нам МАН-ын хувьд ч засаг бүрдүүлэхдээ жижиг дундыг дэмжих санг гишүүддээ хуваагаад өгөх жишээтэй авилгажсан тогтолцоог өөрчлөх улстөрийн эр зориг, алсын хараа байгаа эсэхээ шалгуулна. Иргэдийн хувьд ч энэ төсөл буюу Ерөнхий сайд кабинетээ бүрдүүлдэг байхын эсрэг идэвхитэй улстөр хийж байгаа  Ц.Мөнх-Оргил тэргүүтэй гишүүдээс юуны төлөө, хэний төлөө гэдгийг асуух хэрэгтэй. Ямар нэг бизнес группийн эрх ашгийг хамгаалахын тулд гарал үүсэл нь тодорхойгүй мөнгөөр жижиг тойрог усалж байгаад УИХ-д сонгогддог, улмаар яамдын сайд, гүйцэтгэх засаглалд гар хөлөө томилдог, тэднээрээ дамжуулан тендер, элдэв тусгай сангаас онцгой давуу эрхтэй зээл авч клиент бизнесээ торддог, эрх ашигт нь харшилбал засаг огцруулдаг ийм хорт хавдар мэт эрх мэдлийн гажуудлыг хамгаалж үлдэх нь хэнд ашигтай байх вэ? Олон толгойтой тогтворгүй Засгийн газраар төсвөө, бодлогоо, дэлхий дахины өмнө нэр нүүрээ, ирээдүйгээ үрэн таран хийлгэж одоо боллоо биш үү? 

arrow icon