Нийтлэл 10 сарын 17, 2019

Орчин үеийн гэм зэм

АА бүлгийн цуглаанаас хийсэн тэмдэглэл

Монголын одоогийн нийгмийг бий болгосон дээд үеийнхэн маань бидэнтэй ингэж чин сэтгэлээсээ ярилцаж, цаашдаа нийгмээ эрүүлжүүлэхэд залуу үедээ дэмжлэг болоосой хэмээн хүсэж энэхүү зохиолоо бичив. Зохиолд дурдагдсан болгон зөвхөн миний төсөөлөл бөгөөд эдгээр нь бодит зүйлтэй нийцэж байвал зөвхөн тохиолдлын төдий юм. Зохиолыг архины эсрэг АА бүлгийн хурлаас санаа авч хийсэн болно.

-Сайн уу? Намайг Баяраа гэдэг. Би популист.

-Сайн уу, Баяраа? /бусад популистууд/

-Анх 2008 онд хүнд уруу татагдаж популизм хийсэн. Одоо популизм хийгээгүй олон жил болж байна. Одоо популизм хийж байгаа хүн харвал тооцоо судалгаа, хор холбогдлыг нь асууж жиргэдэг болсон. Та бүхнийгээ зовоож, эдийн засгаа хорлож байсанд уучлаарай. Одоо цаашдаа би залуусдаа популизмийн хор уршигийг таниулж, өөрийн гунигт түүхээ хуваалцаж явах болно.

- Сайн уу, намайг Одбаатар гэдэг. Би непотист.

- Сайн уу, Одбаатраа

- Баатар учраас миний 3 зэмийг өршөөх болов уу гэж бодож непотизмд орсон. Ажилд ороод хүүдээ том төсөл өгсөн. Түүнийгээ буруу гэж огт бодоогүй. Манай найз Шодоргос хүүдээ хэдхээн зуун мянган долларын шахаа хийхэд нь тусалж байсныг нь мэднэ. Тэгсэн намайг шүүмжлээд эхлэхээр нь маш бухимдсан. Энэ тухай ярих бүрт үгүйсгэж хүмүүсийг лалар, бандь гэх мэтчилэн доромжилдог байсан. Сүүлдээ бүх нийгмийг шүүмжилж эхэлсэн. Ингүүлж байхдаа таарсан нийгэм, ард түмэн гэж нийтлэл ч бичиж байсан. Одоо бол засарсан. Ард түмэнд алдаа байхгүй харин ард түмэндээ зөв үлгэрлэл үзүүлээгүй бидний алдаа байсныг ухаарч байна. Мөн ардчиллыг өмчилж, түүнд үг хэлүүлэхгүй байсаар мөн чанарыг нь алдагдуулсандаа хүлцэл өчиж байна. Непотизм ардчилал 2 зохицохгүй, ардчилсан мерит зарчимд тохирохгүй юм байна гэдгийг олон нийтэд ойлгуулахад үлдсэн улс төрийн капиталаа зориулнаа.

- Сайн уу, намайг Том Нийтлэлч гэдэг. Би лоббист.

- Сайнуу, Том Нийтлэлч ээ

- Би анх итгэл үнэмшлээрээ Том Компаниудыг лоббидож эхэлсэн. Яваандаа Том Компаниудын буруу байсан ч нүдээ аниад лоббиддог болсон. Эхэндээ санаа зовдог л байсан. Сүүлдээ тэд ч улам томорсон, би ч тоохоо больсон. Том Компаниудын эрх ашиг хохироход ард түмнийг шоолж, ичээж эхэлсэн. Харин Ард түмний эрх ашиг хохироход ард түмнийг хохино хүртэх ёстойгоо хүртэж гэж бичдэг болсон. Миний лоббигоор Том Компаниуд намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ гэдэг хандлагатай болсонд их харамсаж байна. Тэд хүссэнээ хийдэг, тэднийг шүүмжилсэн нэгнийг нь би хувийн хэвшлийг хааж боодог, коммунист маанаг гэж дайрдаг байсандаа харамсаж байна. Одоо бодоход би тэднийг олон нийтийн эрх ашгийг бодолц гэж хэлж анхааруулж, өмөөрдөггүй байдаг байж. Цаашид хувийн хувшил, олон нийтийн эрх ашгийн ялгаа эрэмбийн талаар манай бодитой кэйс дээр тулгуурлан бичиж нийтэлж байнаа.

- Сайн уу, намайг Том Банкир гэдэг. Би луйварчин.

- Сайн уу, Том Банкир аа

- Би анх банкны ажлаа хийгээд амьдрах бодолтой байсан юм. Тэгээд үйл ажиллагаа явуулж байсан чинь бүх шийдвэр гаргагчид манай харилцагч болж, хамтарч ажиллаж эхэлсэн. Тэгээд бид хэд нэг нэгнээ хянахаа больсон. Нэгэнт хараа хяналтгүй дураараа юм хийж болдог болсон учраас харилцагчдынхаа тайланг харж байгаад хамгийн ашигтай бизнесүүд рүү орж эхэлсэн. Ингээд шуналдаа хөтлөгдөөд хэд хэдэн удаа шатсан ч шийдвэр гаргагчдаар хямд эх үүсвэр гаргуулж шархаа нөхсөн. Сүүлдээ улсын мөнгөөр бизнес хийдэг болсон. Нэг мэдсэн чинь улсынхаа талыг худалдаад авчихсан байсан. Түүнээс болж улс маань саарал жагсаалтад орсонд их харамсаж байна. Би бизнесээ өргөжүүлэхээ л бодсоноос урт хугацаандаа харилцагчдаа чанаржуулж, жижиг дунд бизнесүүдээ дэмжээгүйгээс одоо харилцагчид маань ч надад итгэхгүй, бизнесүүд маань ч олигтой явахаа байжээ. Цаашид зөвхөн банкны бизнесээ хийж, урт хугацаандаа нийгмээ чинээлэг болгоход анхаарч ажиллахаа амлаж байна.   

Сэтгэгдэл бичих

    • D
    • 2019-10-17

    Браво!

arrow icon