“Анна Каренина” ном vs кино

Бүгдээрээ шударга л байцгаая! Лев Толстойн 816 нүүр урт, Оросын нийгэм, анги давхарга, тухайн үеийн эмэгтэйчүүдийн эрхийн тухай нягт нарийн өнгө аястайгаар хүүрнэх Анна Каренина зохиолыг уншиж суух цаг хүн болгонд байхгүй. Тэдгээр хүмүүст зориулан иймэрхүү сонгодог зохиолоос сэдэвлэсэн кино гарах нь жам юм. Гэхдээ зарим нь иймэрхүү төрлийн киног хэзээ ч эх зохиолоо гүйцдэггүй хэмээдэг. Үнэн байж болох л юм. 800 гаран хуудас, нэг ч жижиг зүйлсийг үлдээлгүй дүрсэлсэн, өргөн хүрээг хамарсан зохиолыг 130хан минутын кино уран бүтээл болгохын тулд зарим зүйлсийг алгасахаас өөр аргагүй билээ.

Анна Каренинагийн зохиол сүүлийн нэг зууны хугацаанд олон удаа дэлгэцийн уран бүтээл болж байсан ч Жо Райтын найруулсан Анна Каренина бол түүний хамгийн сайн уран бүтээл гэж хүмүүс үздэгээс гадна хангалттай амжилт олсон гэж хэлж болно.

Энэхүү нийтлэлдээ би та бүхэнд "Толстойн Анна Каренина" болон "Райтын Анна Каренина"-гийн томоохон ялгааг тайлбарлан хүргэх гэж байна.

Байршил, байршил, байршил

Киноны ихэнх үйл явдал хуучны театрт өрнөдөг. Харин Толстойн роман бодит байдалд буусан зохиол юм. Учир нь дүрүүд нь тухайн нийгмийн дэг жаягт тохируулан амьдарч, бодит амьдралын үйл явдал, үзэгдлийг хэлэлцэж ярилцдаг. Тэгвэл киног яагаад ихэвчлэн театрт өрнөж буйгаар дүрслэв? Яагаад гэвэл зохиолын үйл явдал, утга уянгын халил яг л жүжиг шиг тул энэ өнгө төрхийг хөрвүүлэн буулгах гэсэн зорилготой юм. Ийнхүү хөрвүүлснээр зохиолын утга санааг илэрхий харуулахад тус болсон байна. Өөрөөр хэлбэл дүрүүд олон нийтийн дунд өөрсдөдөө "оноогдсон дүрд" тоглох ёстой бөгөөд хэрэв чадахгүйд хүрвэл шившиг болно. Театрын жүжиг мэт... Гадаа орчинд авсан дүрс кинонд цөөхөн бөгөөд энэ нь хөдөө амьдарч байгаа хүмүүс хотын хүмүүсийг бодвол илүү эрх чөлөөтэй байгаа гэдгийг дүрслэн харуулах зорилготой.

Анна ба Левин

Номын гарчиг Анна Каренина боловч тэрээр энэхүү зохиолын хоёр гол дүрийн нэг юм. Аннагаас гадна Константин Левин гэх фермийн аж ахуйч эр зохиолд чамгүй их хүүрнэгдэхийг олж уншаад энэ ном үнэндээ зөвхөн Аннагийн тухай биш гэдгийг ойлгоно. Левин Кити хоёрын удаан үргэлжлэх ч аз жаргалтай төгсөх харилцаа Анна Вронский хоёрын гал халуун дурлалын эсрэгцэл хэлбэрээр өгүүлэгдэх агаад Левиний амьдрал зохиолын нэлээд хэсгийг эзэлнэ. Толстой Левиний дүрээр дамжуулан 1870-аад оны Оросын төр засаг, аж амьдралыг харуулахыг зорьсоноос гадна Левиний зан араншин зохиолчтой дэндүү адилхан тул тэрээр өөрийгөө ч төлөөлүүлсэн байж мэднэ. Харин киноны хувьд Анна дэлгэцийн ихэнх агшинг эзэгнэдэг. Зохиолд тэр хоёр дундын танилаараа дамжуулан ганцxан удаа уулздаг бол кинонд тэр хоёр хальт таарахаас цаашгүй.            

Хайр ба гэрлэлт

Анна болон түүний нөхөр Каренин нар кинон дээр бие биедээ тун бага хэмжээгээр ч хамаагүй татагддаг мэт ойлгогдоно. Номд харин эсрэгээрээ, тэдний дунд юу ч үгүй, оргүй хоосон. Номын хувьд Анна Вронскийтой учирсны дараа Каренин гарч ирдэг. Гэтэл киноны хувьд тэдний дунд ямар нэгэн мэдрэмж байдаг гэж ойлгогдохоор. Кинонд Каренины дүрд тоглосон Жүд Лоугийн жүжиглэлт, дүрийн байгаа байдлаас харахад түүнийг тийм ч муу хүн гэж итгэхээргүй бөгөөд Аннаг аз жаргалгүй байлгадаг гэж итгэхэд бүр ч хэцүү. Кинонд бол Анна Вронскийтой дотноссоны улмаас нөхрөө түлхэж буй мэт харагдана. 

Чухал зүйлсийг хассан нь

Хөдөө аж ахуй, боловсролын шинэчлэл, хот ба хөдөөгийн амьдрал, ажилчдын эрх, сонгууль, шашин шүтлэг болон бусад олон сэдвүүдийг Толстойн энэхүү зохиолоос та олж уншина. Харамсалтай нь кино нь тус романы асар том, олон янзын үйл явдал, хүмүүсийн харилцан яриа бүхий гүн гүнзгий мэдээллийг хасан эл зохиолыг зүгээр л нэг байдаг хайрын түүх болгон хялбаршуулсан нь тиймхэн сэтгэгдэл төрүүлэв. Угтаа Анна Каренина 19-р зууны сүүл үеийн Оросын нийгмийн үнэт зүйлсийн талаар чухал ойлголтыг өгч чаддаг зохиол юм.

Ээжийн хүү

Анна мэдээж хүүдээ маш их хайртай. Гэхдээ тэр охиндоо төдий хэмжээнд хайртай биш. Киноны хувьд Анна Вронскийгоог охинтой болсон ч төрсний дараагаас охин нь дахиж бараг л үзэгдэхгүй. Зохиолын хамгийн зөрчилдөөнтэй хэсэг бол Анна хайрттайгаа байхын тулд хүүгээсээ татгалзаж буй явдал юм. Гэтэл кинонд Анна хүүгээ хайрлаж байгаа нь гардаг ч хоёр дахь хүүхдээ эхнийх шигээ хайрладдаггүй гэсэн санаа огт гардаггүй. Анна мэдээж амин хувиа хичээсэн гэж кинонд гарах ч хүүхдээ мөн хангалттай хайрладаггүй гэж дүрслэгдэх нь түүнийг өрөвдөх сэтгэлийг багасгах шиг. Түүнийг ойлгохыг хүсэх авч нэг талаараа түүнийг бууруутгах олон шалтгааныг бий болгож байгаа юм.   

Ямар ч сонгодог зохиол тухайн үеийнхээ утга уран зохиолын хөгжил, нийгмийнхээ онцлог шинжээс тодорхой хэмжээний хамааралтай тул бид тэдгээр зохиолыг өнөөдрийн өнцгөөр харж дүгнэж огт болохгүй. Бид аливаа дүрийг ч өөрийнхөө өнцгөөс шүүмжилж болохгүй. Лев Толстойн ийм гайхалтай сонгодог бүтээлийг мэдээж хоёрхон цагт багтаан төгс илэрхийлэх ч боломжгүй. Бид энэхүү зохиолоос сэдэвлэсэн киног үзэхдээ бүхэл бүтэн агуу том зүйлийн нэг хэсгийг л томруулан харж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Гүн гүнзгий, бүрэн дүүрэн утга санаа, илэрхийлэмжтэй энэхүү романыг уншаагүй бол эхлээд киног нь үзэж өөртөө бүдэг тойм өгөөд дараа нь зохиолыг нь шимтэн, шимтэн уншаарай гэж зөвлөе.  

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5004

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%