Кино тэмдэглэл: BABEL

Хүн бүрийн амьдрал өөрийн гэсэн зовлонтой, жаргалтай. Хэдэн настай, хаана амьдардаг, хэн байх нь хамаагүй. Бүгд өнгөрсөнтэй, туулсан зовлонтой, сэтгэлийн шархтай. Бүгд өөр өөрийн хүсэл тачаалтай, хүршгүй харуусалтай.

Дөрвөн өөр газар өрнөх, дөрвөн өөр хүмүүс, дөрвөн өөр үйл явдал. Гэвч бүгд аль нэг сэжмээр өөр хоорондоо холбогдоно. 4 өөр зовлон. Гэвч аль зовлон нь илүү хүнд хэцүүг хэлж мэдэхгүй юм.

1.Япон охин
Кафед сууж байгаа залуус, шүдний эмч, хэрэг шалгахаар ирсэн цагдаад сээтэгнэж байгаа нь өөрийгөө эмэгтэй хүн гэдгээ мэдрүүлэх, өөрөө бас түүнийгээ мэдрэх, эр хүнээр хайрлуулах, гэсэн хүслийг нь харуулна. Гэвч тэдний хэн нь ч охиныг хүсэхгүй. Ид цэцэглэж яваа хориод настай бүсгүй, ер эмэгтэй хүний хувьд хэн ч өөрийг нь хүсэхгүй байна гэдэг юу гээч мэдрэмж вэ? Ичгүүртэй, доромжлогдсон, хаягдсан мэт.

Ээжийгээ толгойруугаа буудаж амиа хорлохыг нүдээр харсан өсвөр насны охин. Киноны эхлэлд аавруугаа уурсаж, "Ээж л надад анхаарал тавьдаг байсан. Та надад огт анхаардаггүй" гэж хэлсэн нь аавыгаа ээжийнхээ үхэлд, өөрийнхөө дүлий байдлаас болж нийгэмд гадуурхагдсанд, ер бүх зүйлд буруутгаж байгаа мэт. Гэвч үнэндээ дотроо аавыгаа өмөөрч, өрөвдөж байдаг.

2. Хүүхэд асрагч хижээл насны Мексик эмэгтэй

Өөрийн хүүхдээс хол өрөөлийн хүүхдийг асран харийн нутагт байх эмэгтэй. Хүүгийнхээ хуримд ч очиж чадахгүй хүний хүүхдүүдийг харна. Гэвч тэр бас л хүний хүүхэд гэж бодохгүй. Төрснөөс нь хойш харсан учир өөрийн мэт хайрлана, хамгаалах гэж оролдоно.

Эр нөхрөө эрт алдаад, амьдралын хүндийг ганцаар үүрч буй нас тогтсон эмэгтэй. Нас тогтсон ч түүнд ч бас эр хүний хайр, үгүйлэгдэнэ.

Ганцхан удаа, ганцхан удаа хүүгийнхээ хуримд очоод 16 жил хичээж зүтгэж хөдөлмөрлөж босгосон бүхнээ алдана. 50-иад насандаа өөрийн 2 дахь гэр бүлээ, өндийх завгүй хичээж босгосон бүхнээ алдаад буцаад л нөгөө ядуу дорой, биеэ үнэлэлт, хар тамхиар бугшсан газраа гар нүцгэн эргэж очихоос өөр аргагүй байдалд хүрнэ.

3. Мароккогийн малчин хөвгүүдийн

Эгчийгээ нүцгэн байхыг нууцаар харна, үүнээсээ ичнэ...

Жинхэнэ буугаар ахтайгаа буудалцан тоглоно. Ердөө л тоглоом. Ямар ч үр дагавар, юу ч бодоогүй хүүхдийн гэнэн зан нь нэг хүнийг үхэлд хүргэнэ.

Буудсан хүн нь үхэхвий? Түүнээс илүү өөрөө баригдчихвий гэх айдас. Бас гэр бүлээ хамгаалах гэсэн хүсэл. Гэвч хамгаалж чадахгүй. Хайрт ахынх нь үхэл түүнд хожуу ухаарал авчирна. Арваадхан настай хүүд ахадсан зовлон.

4. Америк хосуудын тухайд

Нэг хүүхдээ алдсан. Алдсандаа нэгнээ буруутгана. Амьдралаа, гэрлэлтээ авч үлдэх гэсэндээ аялах боловч аялал нь азгүйтлээр дуусна. Тэдний хувьд үр хүүхдээ алдах, өөрөө үхэх, эсвэл гэртээ үлдсэн 2 балчир хүүхдээ орхиод одохын аль нь илүү хэцүү байсан бол?

Өчүүхэн төдий ч найдлага үлдээгүй тэдний гэрлэлт үхлийн ирмэг дээр ирээд өөрөө шээж ч чадахгүй болоод, эр нөхрийнхөө өвөр дээр өмдөндөө шээхэд эргэн асдаг. Хамгийн арчаагүй байдалд хайр, эргэн амилдаг нь гайхалтай.

Үйлдэл бүхэн үр дагавартай ч үйл явдал бүр учир шалтгаантай байх нь юу л бол?

Хүн бүрийн амьдрал өөрийн гэсэн зовлонтой, жаргалтай. Хэдэн настай, хаана амьдардаг, хэн байх нь хамаагүй. Бүгд өнгөрсөнтэй, туулсан зовлонтой, сэтгэлийн шархтай. Бүгд өөр өөрийн хүсэл тачаалтай, хүршгүй харуусалтай.

Дөрвөн өөр амьдрал. Дөрвөн өөр зовлон. Гэвч аль зовлон нь илүү тарчлаантайг хэлж үл чадна.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5401

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%