Нийтлэл 01 сарын 13, 2020

Бодлого боловсруулагчдад: Тэтгэвэр тэглэсэнээс метро тавьбал иргэдийн амьдралд илүү тустай!

Тэтгэврийн зээл тэглэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг УИХ хэлэлцэн баталлаа. Монголбанкныхаар 228.7 мянган зээлийн дансанд 757.9 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй байгаа ажээ. Зарим хүмүүс хүү, торгууль нь нэмэгдээд 1 их наяд төгрөг байгаа гэх (~365 сая ам. доллар).

Харин эдгээр зээлийн дансны цаана хэдэн хүн байгаа нь сонин санагдав. Монгол улсад өндөр насны тэтгэвэр авагсдын тоо 2012 онд 205 мянга байснаа 7 жилийн дотор 50%-аар нэмэгдэж, одоо 309 мянга болсон. Уг нь хүмүүсийн насжилт уртассантай холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 65 насыг залуу нас хэмээн тогтоосон, 2018 оны байдлаар 60 болон түүнээс дээш насны хоёр зуун арван таван мянга долоон зуун гучин нэгэн  монгол хүн байсан.  Энэ тоо ингэж хурдтай өсмөөргүй.

Нийт зээлийн үлдэгдлийн 71 тэрбум нь 10 сая төгрөгөөс дээших зээлтэй дансанд харъяалагдаж байна. Тэдний ард ямар хүн байгаа нь бүр ч сонирхолтой. Тэтгэврийн зээл нь авдаг тэтгэврийн хэмжээтэй холбоотой, маш өндөр цалин авдаг байсан болон тэтгэврийн хуулийн цоорхойг ашиглан тэтгэвэрт гарахынхаа өмнөхөн асар их хэмжээгээр шимтгэл төлөөд өндөр тогтоолгочихсон овсгоотой хүмүүс л ийм зээл авна.

Зээл тэглэхэд баярласан, магадгүй өөрсдөө лоббидсон хүмүүс олон байж болох ч өөрийнх нь гаргасан санхүүгийн шийдвэрт хөндлөнгөөс муйхарлан оролцож, эрх чөлөөнд нь халдаж байгаад нь болон ижил тэгш биш, шударга бус, талцуулсан үйлдлийн хамсаатан болж буйдаа дургүйцэх хүмүүс ч  байна. Тэд бидний зээлийг тэглэх эрхгүй бид өөрсдөө зээлээ төлөх үүрэгтэй гэх хүмүүс маш олон.

Уул нь үр хүүхдээ сургууль, цэцэрлэгт явуулах гэж, орон байртай болох гэж хичээнгүйлэн ажиллаж буй эдийн засгийн идэвхитэй хүн амынхаа бүтээмжийг нь сайжруулахад энэ мөнгийг зарсан бол үр ашигтай байхсан. Ажилгүйдлийн түвшин 10%, ажил хийж буй 1.1 сая монголчуудын маань 8% нь хөдөлмөрийн хөлсний доод түвшингээр буюу сарын 420 мянган төгрөгийн цалинтай байна, тэд ч гэсэн зээлтэй.

Уг энэ их халамжийн мөнгийг хүний хөгжил сангаас тараасан 3.3 их наяд төгрөгтэй нийлүүлбэл  Офицеруудын ордноос Сонсголонгийн гүүр хүртэлх 1.5 тэрбум долларын өртөгтэй 17.7 км-ын, магадгүй долларын ханшийн өөрчлөлтөөс болоод нэмээд босоо чиглэлийн метро ч тавьсан хангалттай мөнгө. Шийдвэр гаргагчид маань ийнхүү шийдсэнсэн бол эдийн засаг маань өсөж, үр ашиг нь нэмэгдэн, тэтгэврийн зээлийг ийм олноороо авах шаардлагагүйгээр тэтгэврийг нийтээр нь нэмэх суурийг бүрдүүлэн, бид бүгдэд хамаагүй дээр байх байлаа (км нь 80-100 сая ам. доллар, Оюу Толгойн гүний өрөмдлөгийнхөн оролцвол бүр хямд байх).

ЖДҮ сангийн луйвар илрэх үед уг сангаас зээл авсан 132 компаний 110 нь улс төрчид болон тэдний хамаатнууд, УИХ-ын гишүүдийн бараг 2/3, Засгийн газрын 16 гишүүний 3-тай нь холбогдож, бүр Ерөнхий сайдын маань дүү хүртэл энэ мөнгөөр компаниа санхүүжүүлж байсан байна хэмээн олон улсын хэвлэл мэдээллээр цацагдсан. Тэдэнд одоо хамсаатан хэрэгтэй.

Үр дүн нь ч тодорхой, зээл аваагүй хүмүүс нь эдгээр хүмүүсийг дахин сонгох юм бол амласан 1.1 сая төгрөгийн ваучераа авах юм байна хэмээн барьцаалагдана, жилд 1 их наядаар л өсдөг мөнгөний нийлүүлэлт маань хэдэн минутад асар ихээр өсч, банкны сектортоо итгэж төгрөгөөр хуримтлал хийсэн хүмүүсийн хадгаламж үнэгүйднэ, үнэ өсөж, ам. доллараар ДНБ маань хумигдаж, энэ жилээс эхлэн ирэх 4 жилд төлөх ёстой 13.3 тэрбум ам. доллараа төлөхөд улам бүр хэцүү болж, буланд шахагдана.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon