Нийтлэл 01 сарын 20, 2020

Путины санал болгосон ҮХНӨ бидэнд ямар хамаатай вэ?

 Путины санал болгож буй ҮХНӨ-үүдээс бидэнд хамаатай нь юу байна гэж нутгийнх нь хэвлэлийг ухлаа, нутгийн судлаачдыг уншлаа. Дараах хэдэн өнцөгийг онцолмоор байна.

1. Путин, түүний баг 2024 оноос хойш ч улс орноо удирдсаар байх нь. ҮХНӨ түүний энэ санааг хэрэгжүүлэх үндэс суурь болж өгөх юм байна. Тиймээс тэдний гадаад бодлого цаашдаа хэвээрээ үлдэх нь гэж ойлгож болно. Сайн мууг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ бидэнтэй нөгөө л мах, хийн хоолой, төмөр зам гэсэн асуудлуудаа тойрч ярьдаг уламжлал маань хэвээрээ үлдэх магадлал тун өндөр.

2. Путины санал болгосон өөрчлөлтүүдийн тэргүүн эгнээнд Олон Улсын гэрээ хэлэлцээрийг үл дагах, зөвшөөрөх, ОХУ-ын хууль тогтоомжоос дээгүүр ОУ-ын гэрээ хэлэлцээр байхгүй гэсэн заалтыг ҮХ-ндаа оруулах санал байсан. Энэ бол тун ноцтой заалт. Энэ заалт оросын ҮХ-д орсон тохиолдолд бидний орох гээд зүтгээд буй Евразийн Эдийн засгийн Холбоо, ШХАБ гэсэн байгууллагуудад элсэн орох эсэхээ дахин бодож үзэх нь зүйтэй болов уу. Учир нь бид тэнд элслээ ч ОХУ өөрт нь ашиггүй гэж үзвэл гэрээ хэлэлцээрээ дагахгүй байх хууль зүйн бүрэн боломжтой болно. Бид элсэнгүүтээ за танайх руу махаа татваргүй гарганаа, бензинээ рублиэр тооцноо гэхэд оросын тал наад чинь манай эрх ашигт нийцэхгүй юм байна, бид тэр заалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэхэд яах вэ?

3. Бас нэгэн санал болгосон өөрчлөлт бол ҮАБЗ-ын эрх мэдлийг нэмэгдүүлэх санал юм. Үүнийг баталсан тохиолдолд орос дах “хүчнийхний” нөлөө улам нэмэгдэнэ гэсэн үг. Учир зөвлөлд дан хүчнийхэн байдаг. Одоо даргаар нь ФСБ-н дарга байдаг. Магадгүй 2024 оноос хойш Путин даргалах байх. Оросын хүчнийхний удирдлага бол Брежневийн үеийн офицерууд буюу хүйтэн дайны үеийн сэтгэлгээтэй хүмүүс. Энэ хүмүүс асуудлыг эдийн засгийн өнцгөөс бус аюулгүй байдал, геополитикийн өнцгөөс хардаг. Тиймээс манай хойд хөрш бидэнтэй ийм өнцгөөр л харилцах нь. Бид ч асуудлаа тэдэнд тохируулж тавьж сурах хэрэгтэй болох нь.

Сэтгэгдэл бичих

arrow icon