Нийтлэл 02 сарын 28, 2020

Өрх айлын эдийн засаг

Засгийн газар, Монгол банк онцгой үеийн эдийн засгийн бодлогын “багц”-аа танилцууллаа.  Эдийн засагчид, онолчид нь тун удахгүй шүүмжлэлээ хэлнэ биз. Зөв бурууг ядаж 3 жилийн дараа л хэлэх боломжтой. Сайханбилэг ерөнхий сайд асны хэлдэгчлэн “цаг хугацааны хайчин”-д орсон гэж тэр цагт мэлзэхгүй, тоо, статистик, өгөгдөл ийм байсан гэж тайлбарлаж чадна гэдэгт  итгэж байна.

Коронавирус 2019 дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлнэ гэдгийг бүгд шуугиж эхэллээ. Эхлээд хөрш Хятадууд тэрхэн хавьдаа дарчих болов уу гээд найдсан, цаг хугацааны давхцал, бюрократ шийдвэр гаргах системийн хөшүүн байдал нь нөлөөлж, улс даяараа цагаан сардаад тавиад туучихсан. Үүн дээр нь дэлхий даяар мэдээллийн дайн өрнөж, дайны хажуугаар дажин болж байна. Манай төр засаг халдвар тархахын өмнөх “боломж олгох цонх үе”-ийг маш сайн ашиглаж ажиллаж байна. Иргэд ч хурдан хугацаанд зохион байгуулалтад орлоо. Бүгд хичээж байна. Мэдээж том системийн хувьд швейцарь цаг шиг яв цав ажиллахгүй, алдаа, завхрал гарна. Тэр алдаа завхралыг дор нь засах нь бидний өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн утга учир юм.

Дэлхийн эдийн засагт яагаад том доргилт гарах вэ гэхээр халдвар тархахаас сэргийлж  бүс нутаг, улс хооронд тээвэрлэлт хөдөлгөөнд хязгаарлалт хийж байгаа нь бараа үйлчилгээний чөлөөт солилцоог хүндрүүлнэ. Дэлхий дээрх хоёрдахь том эдийн засаг Хятад гэхэд Ухань, Хубэй мужийг хаахад л маскны хомсдол дэлхий даяар үүсч байгааг бид харлаа. Бараа, бүтээгдэхүүний хангалт нийлүүлэлтийн сүлжээ доголдов. Мөн тодорхойгүй байдал нь өрх айл, жижиг бизнесийн зарцуулах мөнгийг хумьдаг. Хүмүүс зугаа цэнгэлд зарцуулах мөнгөө танаж эхэлдэг.  Манай улирлын чанартай аялал жуулчлал салбар тун чиг тодорхойгүй нөхцөлд орчихлоо. Үүний дараагийн хэмнэлт автомашины борлуулалт, орон сууцны зах зээлд нөлөөлөх байх. Хэдий амны хаалт, эмнэлгийн хамгаалах хэрэгсэл үйлдвэрлэгчдийн хувьцаа өсөж буй ч нийт дүндээ хөрөнгийн биржийн индексүүд унаж эхэллээ. Ингэж эдийн засагт давалгаа үүсэн нийт дүндээ сөрөг нөлөөлж хямралд хүргэдэг.

Энэ бүх зүйл өрх айлд яаж буух вэ?

Бид мөнгөний эргэлт хамгийн хурдан байдаг манай улсын дундаж болон түүнээс доош давхаргынхны хэрэглээг дэмжих стратеги баримтлах нь энэ үед зөв юм. Үүний тулд айл бүр хамгийн ойрын дэлгүүрээсээ хүнс, хангамжаа авах хэрэгтэй юм. Энэ нь эдийн засгийн төдийгүй эрсдэлийн хувьд хамгийн рационал шийдвэр болно.

  1. Хол явах тусам халдвар авах, тараах магадлал ихсэнэ.
  2. Олон хүн дамжин өнгөрдөг газарт халдвар тархах эрсдэл өндөр тул танай хавийн 300 хүн л орох магадлалтай жижиг мухлагаар үйлчлүүлэх нь халдвараас сэргийлэх зөв шийдэл
  3. Бөөнөөр бус, бага багаар авах нь мөнгөний болон бараа бүтээгдэхүүний эргэлтийг хурдасгана. Энэ нь цаанаа нийт эдийн засагтаа эерэг өгөөжтэй.
  4. Орцны жижиг дэлгүүр буюу өрхийн бизнест эдийн засгийн хямралын үед амьд үлдэх боломж олгоно. Хямралд хамгийн эхэнд сөхөрдөг нь тэд шүү дээ.
  5. Бараа нийлүүлэлтийн сүлжээ жамаараа хамгийн зөв хэмнэлттэй горимдоо орно. Өөрөөр хэлбэл бараа таваараа том дэлгүүрт нийлүүлснээс жижиг дэлгүүрт нийлүүлсэн нь борлуулалтын орлогод жин дарж эхлэнэ.

Иймд гараа сайн угаа, амны хаалтаа зүү, гадуур битгий тэнэ, олон хүнтэй газраас зугтаа, ЯМАР Ч ТОХИОЛДОЛД ЭРҮҮЛ БАЙХЫГ БАЙДАГ ЧАДЛААРАА ЧАРМАЙ!

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon