Нийтлэл 03 сарын 30, 2020

XXI Зуун – “Монголын Зуун”

Өнөөдөр дэлхий дахин 21-р зууныг “Азийн Зуун” болно гэж ярьж байна. Энэхүү улс төр, эдийн засаг, шинжлэх ухааны томоохон шилжилтийн тэргүүн эгнээнд жагсахын тулд Азийн улс орон бүр өөрийн стратегиа боловсруулж, аль хэдийн ажилдаа оржээ. Энэ зуун бол хүний оюуны, мэдлэгийн ширүүн өрсөлдөөнтэй зуун болох нь нэгэнт тодорхой болсон учир улс орон бүрийн стратегийн цөм нь хүнээ хөгжүүлэхэд л оршиж байна.

АНУ-ын Сити Группын гаргасан судалгаагаар 2050 он гэхэд дэлхийн эдийн засгийг Энэтхэг улс 86 их наяд долларын ДНБ-тэйгээр тэргүүлж, Хятад улс 80 их наяд долларын ДНБ-тэйгээр удаалахаар тооцоо гарчээ. Орос улс л гэхэд 7.8 их наяд, харин Япон улс 6.5 их наяд долларын эдийн засгийн чадавхитайгаар эхний 10-т жагссан байна. Зөвхөн Азид Монгол улсыг тойроод 200-аас хол илүү их наяд долларын эдийн засаг, зах зээл бүрэлдэн тогтох дүр зураг гарч байна.

Мэдээж 21-р зуун бол “Азийн Зуун” гэдгээр олон улсын мэргэжилтнүүд Хятад төвтэй Азийн Зууныг хэлсэн хэрэг.  Хэрэв Хятадын Зуун болно гэвэл дараах асуултууд зайлшгүй урган гарах талаар тэд мэтгэлцэж байна:

1.Хүн төрөлхтөн Коммунист идеологид шилжих үү?

2.Хүн төрөлхтөний зөвүүд (Human rights) болон тэнгэрлэгийн (Human dignity) асуудлуудыг хэрхэх вэ?

3.Хятад бол XXI зууны цөөн хэдэн колончлогч улсуудын нэг. Тэгэхээр клончлол дахин сэргэх үү?

Тиймээс XXI зууныг “Хятадын Зуун” болно гэдэг нь эдийн засгийн өсөлтийн л үүднээс барууныхны гаргасан хөнгөн дүгнэлт болохоос улс төр, шинжлэх ухаан, технологийн талаас нь ул суурьтай хийсэн дүгнэлт биш гэх нэгэн ч бас байна. Хятад улс бүс нутгийн гол төв байж чадах боловч дэлхийн төв болоход олон бэрхшээлүүдтэй тулгарах нь мэдээж.

Тэгвэл Монгол үндэстэн энэхүү түүхэн боломжийг хэрхэн ойлгож, хүлээж авч, бэлдэх ёстой вэ? Агуу түүхийн эзэн Монгол хаана байх ёстой вэ? Бидэнд ямар нэг төсөөлөл байна уу?

Барууны зарим түүхчид XIII, XIV зууныг “МОНГОЛЫН ЗУУН” (PAX MONGOLICA) гэж нэрлэдэг. Яагаад гэвэл хоёр зууны турш хүн төрөлхтнийг жолоодон чиглүүлж, дэлхийд энх амгаланг тогтоож, чөлөөт худалдааг тэтгэж, орчин үеийн даяарчлалын үндэс суурийг тавьсан болохоор тэр. Энэ бол Монгол үндэстний хүн төрөлхтний төлөө хийсэн агуу үйл хэрэг.

Өнөөдөр Монголчууд цаг үргэлж л Чингис хаанаа дурсан ярьж, үргэлж л дэндүү том, агуу явсан XIII зуун, “Дэлхийн Эзэнт Гүрэн” байгуулсан үеэ санамжиндаа хадгалж, түүнийгээ гарган ирж, магтан ярилцаж байгааг юу гэж ойлгох вэ? Хэрхэн тайлбарлах вэ?

Энэ л агуу түүхийн агуу санамжаа сэргээж, Монгол үндэстэн сүүлийн 6 зуун жилийн гүн нойрноосоо өндийн босох цаг нь болсон. Босох босохдоо 21-р зууныг Монголын Зуун болгохын төлөө босох ёстой. 21-р зууныг Монголын Зуун болгохын төлөө бүгдээр, хамтаар босох ёстой.

21-р зууныг “Монголын Зуун болгоно” гэдэг нь Монгол улс дэлхийн тэргүүлэгч улсын нэг болно гэсэн үг. Монгол улс хүн төрөлхтний сайн сайхны төлөө ажиллана л гэсэн шууд ойлголт. Үүнийг сонсоод, сайхан мөрөөдөл юм, гэхдээ бүтэхгүй байхаа” хэмээн эргэлзэх хүмүүс олон байх. Эргэлзээ үргэлж байдаг. Дэлхийн тэргүүлэгч улс байхад хүн амын тоо, далайд гарцгүй байдал, хоёр том улсын дунд байрлалтай зэрэг хүчин зүйлүүд харин ч бидний давуу тал болох болно гэж харах хэрэгтэй. Монгол улс бол шашны экстрэм урсгалгүй, үндэстний зөрчил үгүй бөгөөд хүн төрөлхтний түүхэн дэхь хамгийн том Эзэнт Гүрнийг байгуулж байсан агуу санамжтай ард түмэн. Агуу санамжтай үндэстэн агуу ихийг бүтээхийг эрмэлзэх нь дамжиггүй.

Энэ зууны гол үйл явдлууд Ази тивд явагдана. Тэгэхээр дэлхийн гол тоглогч болон дахин сэргэн мандах түүхэн боломж ирж буй тул Монголчууд бүтээлч санаачлагуудыг гарган хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэрэв энэ боломжийг алдвал хэзээ ч дахин боломж олдохгүй болов уу.

XXI зууныг “Монголын Зуун” болгож Монгол үндэстэн сэргэн мандах бололцоо байгааг гурван цуврал сэдвийн хүрээнд дэлгэрэнгүй тайлбарлан та бүхэнд хүргэнэ.

Үргэлжлэл бий

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon