Нийтлэл 06 сарын 03, 2020

Хүүхэд нас ба санхүүгийн боловсрол

Хүүхэд нас бол мөнгөнд санаа зовох үе биш, тийм байх ч ёсгүй. Гэхдээ мөнгөний талаар зөв ойлголт мэдлэгийг эрт олж авах нь хувь хүний амьдралд ч, улс орны эдийн засгийн хувьд ч олон эерэг өөрчлөлтийг бий болгож чадна. Ковид-19 дэлхийн олон улс орны иргэдэд мөнгөний асуудал үүсгэж, санхүүгийн боловсрол хэзээ хэзээнээс илүү чухлыг мэдрүүлж байна.

Мөнгийг оновчтой удирдах нь зөвхөн мэдлэгээс гадна дадал зуршилтай холбоотой учраас энэ чадварт аль болох эрт суралцах нь илүү үр дүнтэй байдаг. Санхүүгийн мэдлэг боловсролтой холбоотой энгийн ойлголтууд, тоо баримт, сонирхолтой судалгааны үр дүнг энд эмхэтгэе.

Мөнгө ба аз жаргал

Зан төлөвийн эдийн засаг, сэтгэлзүйн ухаанд мөнгө болон аз жаргалын хоорондох холбоосын талаар түгээмэл авч үздэг. Тухайлбал, жилийн орлого $75 мянга давахад мөнгөнөөс аз жаргал мэдрэх нь багасдгийг Нобелийн шагналт эдийн засаг Д.Канеман, A.Дитон нар 500 мянган америкчуудын дунд хийсэн судалгаагаар тогтоожээ. Японы 1958-1987 оны хурдтай хөгжлийн 30 жилд нэг хүнд ногдох орлого $500-аас $25000 болж өссөн ч, япончуудын сэтгэл ханамж өсөөгүй, аз жаргал нэмэгдээгүй байдаг. Компаниудын хувьд ч цалин хөлс ажилтныг сэтгэл хангалуун байлгадаг фактор бус, харин “сэтгэл ханамжгүй байхаас л сэргийлдэг хүчин зүйл” гэдгийг хүний нөөцийн судалгаанууд харуулдаг.

Эдгээр үр дүн “мөнгө бол аз жаргал биш” гэдгийг л харуулж буй. Мэдээж дэлгүүрт зардаггүй зүйлсийг мөнгөөр авах аргагүй. Эрүүл бие, гэр бүл, сайн нөхөд, хайр дурлал, зорилго, үнэлэмж гээд худалдаж авч болдоггүй олон зүйлийг нэрлэж болно. Харилцаа, хүндлэл, зорьсон зорилго гэх мэт хүнд хамгийн их аз жаргал мэдрүүлдэг гэгддэг зүйлсийг мѳнгѳѳр авч болдоггүй. Гэхдээ зах зээлийн эдийн засагт мөнгөөр сольж авч болох зүйлс ч олон бий. Хоол хүнс, хувцас хунар, гэр орон гээд амьдралд шаардлагатай олон зүйлд мөнгө шаардлагатай. Эдгээр нь ихэвчлэн материаллаг зүйлс буюу хүний анхан шатны л хэрэгцээ байдаг.

Иймд мѳнгѳ хэдийгээр аз жаргал биш боловч орчин үеийн нийгэмд энгийн хэрэгцээгээ хангахын тулд мөнгөний утга учрыг таньж мэдэх, санхүүгээ зөв удирдаж сурах нь зайлшгүй юм.

Санхүүгийн боловсрол яагаад чухал вэ?

Мөнгийг зохистой удирдах, зээл, даатгал гээд санхүүгийн зах дээрх бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдлэгтэй байх, гэнэтийн хэрэгцээнд зориулсан бага ч гэсэн хуримтлалтай байх нь олон зовлон, асуудлаас сэргийлнэ. Санхүүгийн асуудал бол зөвхөн ядуу буурай орнууд, орлого багатай хүмүүсийн проблем биш бѳгѳѳд хөгжсөн орнуудад ч тулгамддаг, чинээлэг хүмүүст ч тулгардаг. Жишээ нь, Америкт гэхэд хүн амын 40% нь $400-ын гэнэтийн асуудал тулгарахад шийдэх мөнгөгүй, 25% нь тэтгэвэрт гарахад ямар ч хуримтлалгүй гэсэн статистик бий. Японд жилдээ 16,000 санхүүгийн залилангийн тохиолдол гарч, 36 тэрбум йен буюу $330 саяын хохирол учирдаг бөгөөд ихэвчлэн санхүүгийн боловсрол тааруугаас болж залиланд өртдөг байна. Жилдээ дунджаар $6 саяын цалинтай NBA-ийн тамирчдын 60% нь зодог тайлаад 5 жилийн дотор санхүүгийн асуудалд орж, дампуурлаа зарладаг.

Санхүүгийн боловсрол гэдэг мэдлэгээс гадна хандлага, дадал бөгөөд үүнийг эзэмшээгүй цагт "мөнгөтэй л болчихвол санхүүгийн асуудалгүй болчихно" гэвэл том эндүүрэл юм. Aль ч төрлийн сайн дадлыг эзэмшихэд, муу зуршлыг хаяхад хялбар биш байдгийг бид мэднэ. Хүн тамхи хортой гэдгийг мэддэг ч, муу зуршлаа хаяж чаддаггүй. Яг үүний адилаар санхүүгийн буруу шийдвэрүүдийг мэдсээр байж гаргадаг нь мөн л санхүүгийн сахилга бат үгүй, зөв дадлыг хэвшүүлээгүйтэй холбоотой. Тийм ч учраас санхүүгийн мэдлэг боловсрол олгох сургалт, программууд төдийлөн үр дүнд хүрэхгүй байх тохиолдол цөөнгүй. Насанд хүрсэн хүмүүс мэдлэгийг олж авлаа ч амьдралдаа хэрэгжүүлэхгүй нь олон тул санхүүгийн буруу шийдвэрүүд гаргасаар байдаг. Иймд зөв дадлыг аль болох бага насандаа л суулгах нь илүү үр дүнтэй байх магадлалтай.

Мэдлэг боловсролыг бага насанд олгохын ач холбогдол

Санхүүгийн боловсрол бол ямар ч ажил мэргэжлийн хүнд байх ёстой суурь мэдлэг юм. Яг л хүн өвдөхгүй байхын тулд эрүүл мэндийн боловсролтой, хүнтэй харилцахын тулд сэтгэлзүйн талаарх ойлголттой байвал тустай гэдэг шиг мөнгөтэй харьцах тоолонд санхүүгийн суурь мэдлэг чухал болно. Ялангуяа, Ковид-19-ийн үеийн эдийн засгийн хямрал хүндрэл олон хүнд мөнгөө зохистой удирдах, санхүүгийн зөв шийдвэр гаргах, хуримтлалтай байхын ач холбогдлыг мэдрүүлж байна.

Санхүүгийн зөв дадалтай болохын тулд бага наснаасаа эхлэх хэрэгтэй гэдгийг олон судалгаа нотолно. Хүний тархины 80% нь 3 нас гэхэд бүрэлдэн тогтсон байдаг бөгөөд 4-5 настайдаа мөнгөний тухай ойлгохоор болж, 7 нас гэхэд ирээдүйд чухал дадал зуршлуудаа эзэмшсэн байдгийг Кэмбрижийн их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Тэрбумтан хөрөнгө оруулагч В.Буфет хүртэл “ихэнх эцэг эхчүүд хүүхдүүддээ өсвөр нас хүртэл нь мөнгөний талаар ярьж өгдөггүй нь том алдаа” гэсэн байдаг. Түүнчлэн, бага насны боловсролд оруулсан хөрөнгө оруулалт хамгийн өндөр өгөөжтэй байдгийг Нобелийн шагналт эдийн засагч Ж.Хэкман нотолсон байдаг. Энэ зѳвхѳн шинжлэх ухааны нарийн техник мэдлэг, ирээдүйн ѳндѳр бүтээмжийн тухай биш юм. Ѳѳр олон тѳстэй үр дүнг энгийн жишээнээс харж болно. Гадаад хэлийг багадаа сурсан хүнийг “унаган хэлтэй” гэж бид нэрлэдэг. Спорт ч мөн адил багаасаа хичээллэх үед аливаа техник, мэхийг өндөр түвшинд эзэмшдэг бол хөгжимчдийн хувьд гүйцэтгэл сайтай болдог. Иймд санхүүгийн мэдлэг боловсролыг ч бага насанд олгосноор мөнгөтэй харьцах сайн дадлыг амжилттай эзэмших магадлал өндөр юм.

Хүүхдүүдийн санхүүгийн мэдлэг боловсролд анхаарснаар хувь хүн талаасаа санхүүгийн хувьд оновчтой шийдвэрүүдийг гаргах дадалтай болох, санхүүгийн залиланд хялбар автахгүй байх ач холбогдолтой. Иргэд нь санхүүгийн мэдлэг боловсрол сайтай байвал улс орны хувьд элдэв популизмын давалгаа түгэхгүй, эдийн засаг нь илүү тогтвортой, илүү сайхан нийгэм бий болоход тустай.

 

Сэтгэгдэл бичих

    • Сүрэн
    • 2020-06-05

    Маш зөв санаа байна хүүхдийг багаас нь мөнгөтэй харьцах арга барилд сургах хэрэгтэй энэ асуудлыг эцэг эх бид ч мэддэггүй мэргэжлийн хүмүүс ч огт ярьдаггүй шүү анх удаа сонирхолтой зүйл уншлаа

arrow icon