Нийтлэл 05 сарын 09, 2022

NIGHTMARE ALLEY: Хязгаарыг давсан медиум

Стэн Карлайл хожим хорвоод жаахан ч атугай "ул мөр" үлдээчих, өөрийн давгүй хийж дөнгөх үйлээ олохыг хамгаас ихэд хүснэ. Хувь тавилан түүнийг бадарчин циркчидтэй нийлүүлсэн нь шоу үзүүлбэр, хууран мэхлэлтийн салбарт өөрийгөө зориулахад нь түлхэц болжээ. Юманд давгүй няхуур, нухуур зантай, ажигч гярхайч, дээр нь бас гэмгүй цайлган хүмсүүдийн сэтгэл зүй дээр тоглолт хийчих заяамал бэлэн хүсэлтэй ч байж таарч. Ингээд тэрбээр бодол "унших", харагддаггүйг "харах", бүр сүнстэй "харьцдаг" далд авьяас, зөн мэдрэмж, оюун мэдрэхүй нь хальж асгарсан "үзмэрч" - илбэч, менталист болж хувирлаа.. Алдар хүндэд хүрэх замдаа хэдий олон хүмүүсийн итгэл үнэмшил дээр "цэцэг ургуулж", муухайгаар хэлэхэд "тархидах" тавилтай аюулт тоглоомоор тоглож дуусахаа тэр мэдээгүй. Мэдлээ ч аюултай байсаар эцэст нь аминд нь хүрэх давж үл болох шугам руу чамайг түлхэх нэгэн байхад алдар хүндийг бэлэглэгч "амтат" тоглоомоор тоглохоо болих нь тийм амархан байна гэж үү...

Өөрийн ихэнх бүтээлдээ (Pacific Rim, The Strain, Crimson Peak, The Shape of Water) фантастик элемент, хачир шигтгээг үл орхигдуулдаг Гуиллермо дель Торогийн найруулгын тавилтад хувьсал буюу бүхэлдээ реалист тавилттайгаар бүтээгдсэнээрээ "Хар дарсан зүүдний гудамж" онцлог бас шинэлэг юм. Жижиг деталиудад ч маш их анхаардаг, нарийн чимхлүүр зантай Мексик найруулагчийн бүтээл гэсэндээ зохиол, зураг авалт, костюм дизайн, продакшн гээд бүх зүйлдээ нэгд нэгэнгүй сайн анхаарсан нь илт, Оскарын энэ чиглэлийн номинацуудад нэр дэвшсэн юм. Ялах эсвэл нэр дэвшээд өнгөрөхөөс үл хамааран тус бүтээл Pan's Labyrinth-ын нэгэн адил найруулагчийн урын сангийн нэлээд дээгүүр залрах нь эргэлзээгүй гэдгийг нь томоохон кино шүүмжлэгч, найруулагч, шинжээч бүр зарим зохиолчдын алга ташилтаас харж болохоор...

Тэгээд ч ер нь энгийн хүмүүсийн ой тойнд цирк, илбэч аль эсвэл өөрийн заль мэхийг бусдын зугаа цэнгэл болгон ашиглагч үзүүлбэрч менталистууд хурсан газраас илүүтэйтэйгээр "жинхэнэ" ид шид нь багтаж ядсан газар л сонирхлыг нь илүүтэй татах нь дамжиггүй биз ээ.. Эд Курцын The Rib from Which I Remake the World зохиол, мөн Кристофер Ноланы Prestige кино ч үүний нэгээхэн илрэл юм. Ялангуяа "бадарчин" маягийн циркийн хамтлагууд, багт наадам, элдэв үзүүлбэрт "нүүдэлчин" үзэсгэлэнгүүдийн хувьд өнгөрөгч зууны эхээр болон дундуур Нэгдсэн улсад ихэд түгээмэл, алдартай байж.

Яг л үүн рүү Гуиллермо өөрийн шинэ бүтээлийн орон зайгаа хандуулсан юм. Хөдөлгөөнт циркийн тавил, дүрслэл, уур амьсгал гээд, найруулагчдын хийц "догь" болсон гэхэд болно.

Гайхширч, сэтгэл нь догдолсон олны бөөгнөрөл. Алсыг харагч, унадаг тойруулгууд, бусад үзвэр үйлчилгээнүүд, жүжигчдийн бүхээгт тэргүүд. Мөн мэдээж аймшгийн өрөө. "Эротик" бүжгүүд. Бас байж болох бүх л түвшний элдэв гаж, хэвийн бус зүйлс, үйлдлүүд. Эдгээрийн хамгийн содон бөгөөд урдаа барих үзэгдэл нь зохиолын өрнөлийн түлхүүр элемент болсон тахиатай "зүй бусаар" харьцагч, хүн араатан нь ялгагдахгүй болсон мангас.

Энэ бол Вильям Линзи Грешамын ижил нэрт романаас сэдэвлэсэн, анхлан 1947 онд, 2021 онд дахин дэлгэцнээ бууж буй дэлгэцийн бүтээл юм.

Гарын шаламгай дүй, хууралт, гудамжны сайн дурын уран сайханчдын "олон нийтийг унших" арга, "Cold reading" сэтгэл судлал болон багц аргууд, үзүүлбэр хөтлөгчид түүний туслахын (асистант) зүгээс "шидэж" өгөх бэлэн хариулт, тусламж болоод жорууд.

Хөгширч буй ч бас чиг сэтгэл татам хэвээрээ Зина (Коллетт) дива болон лонхонд толгойгоо улам бүр гудайлгах болсон түүний хамтрагч Пит (Стратэйрн) нарын шоу.

Ялангуяа "Бодол унших"-д Стэн Карлайл өөрийн авьяасыг хөгжүүлж, азаа атгаж авахаар шийдэн энэ үеэс л эхэлсэн. Сайны дохионд итгэх хүчин зүйлс ч түүнд байв. Ёс суртахууны онцгой хэм хэмжээгүй энгийн л нэгэн царайлаг залуу. Бор дарсанд уруул байтугай гараа ч хүргэдэггүй. Давгүй зураач. Юм сурах, ур чадвараа хөгжүүлэхэд бэлхэн. Новш шиг эцэг, галд шатах мэт ой санамж бүхий дурсамжууд түүнийг сэтгэлийг өвтгөж, зовоодог. Купер өөрийн дүр төрхийг маш сайн хөгжүүлж, бохир мөнгөний хор хөнөөлт нөлөө, "Цогц бурханлаг" өөртөө итгэх байдлын хамтаар жүжиглэлтээр уран чадварлаг гаргаж өгсөнийг мөн энд дурдахгүй өнгөрч болохгүй. Нээлттэй, бага зэрэг гэнэн, залуу хүний эрч хүчийг шингээсэн залуу эрээс киноны хоёрдугаар хагаст өөртөө хэт итгэлтэй, аманцар, сэтгэл зүйн энгийн ойлголтын талаар ч умартсан, дэгжин авч бага зэрэг эвгүй санагдам "муухай гар" болон хувирна.

Брэдли сайн байсан. Эхний хагаст өхөөрдөм, эв хавгүй, сурч мэдэх бүхнээр өлсгөлөн. Аймшигтай алдаа эсвэл санаатай харгислал үйлдэх үү, энэ хүн? Хоёр дахь хагаст өөртөө итгэлтэй, бардам, өөрийн гярхай ажигч байдлаа л таягдан хаялгүй авч үлдсэн ч чөтгөрийн шидээс шүүрч атгасандаа хатуу итгэлтэй. Үйлчлүүлэгчидтэй харилцах болон сүнснүүдтэй "харилцаж" байхдаа өөрчлөгдөж, жинхэнэ медиум (Тайлбар: https://en.wikipedia.org/wiki/Mediumship) болон хувирна.

Үйл явдлын халуун өрнөл 1941 онд Нью-Йоркт үргэлжилнэ.

Энд, гэхдээ, найруулагч 40, 50-иад оны үеийн Холливудын криминал драма-нуудад ашигладаг хар цагаан "нуар" илүүтэй нэмж өгсөн нь зураглалыг илүүтэй чимж өгсөн нэг тал нь болсон. Гоёмсог шляпууд, эмэгтэйчүүдийн дэгжин хувцас, загварлаг хослол, хэзээ ч амнаас салахгүй мэт янжуур тамхи, хааяа нэг дуртай дургүй орох цасаар солигдох "мөнхийн" бороо, бараан өнгө, үхлийн гоо үзэсгэлэн... Байх ёстой бүх зүйлс.

Төд удалгүй тэр гарч ирлээ. Хорт могой шиг бас нууцлаг сэтгэл судлаач доктор Риттер (Бланшетт). Торгомсог мэдрэмжтэй, бүх үйл хөдлөлөө нарийн тооцоолсон, гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Бас ч үгүй амьдрал үзэж хөхөрсөн нь, үнсэлт хувь заяанд нь төдийлөн нөлөөлөхүйц биш болсон нь илт мэдэгдэхүйц. Бүх зүйлийг өөрийн гараар залж, манипуляцдаж, хүмүүсийг "уншиж" дадсан.

Ингээд цаашлаад зангилаа бага багаар хөвөрч, тайлал хэсэг рүү дөхнө.. (Хэт спойл дэмий байх..)

Сайн жүжиглэлт, аялагч циркийн уур амьсгал, мандалт ба уналтын хар цагаан өнгө аяст түүх. Урьдчилан таамаглах чадвар, бүдүүлэг ёс суртахууны хэм хэмжээ.. Оргож зугтсан олиггүй босуул нэгнээс бусдын тархийг угаахдаа гаргууд араатанлаг эр болон хувирахад хэдий хугацаа, хэдэн үзүүлбэр хэрэгтэй вэ?

 

Сэтгэгдэл бичих

arrow icon