Нийтлэл 08 сарын 29, 2022

Үндсэн хуулийн хулгайн Засгийн газар огцор

Хүн болсоор Монголын их уудамд гишгэх газаргүй болж ч үзлээ. Нэг өглөө сэрсэн чинь Оосакад суух ерөнхий консул болцон байв. Ялааг цохиураар, улстөрчийг сонингоор алдаг гэдэгсэн. Сонин гэдэг нь мэдээ шүү дээ. Намайг алах гэж хуурамч мэдээ гаргахыг бодоход улстөрч гэдэг нь болцон юм байлгүй. Гэтэл нөгөө мэдээ нь эсрэгээрээ орцон. Хүмүүс шууд итгэж хүлээж аваад, баяр хүргээд унадаг юм билээ. Тэрнээс хойш -Чи Монголд юу хийж яваан? гэж асуух хүмүүс одоо ч байсаар байна гээд бод.

Дэмжсэн хүмүүсээс илүү эсэргүүцэгчид хөөрхөөн. Уг хүн нь өөрөө бол гэсэн ч болох сонирхолгүй зүлгэн дээр зүгээр хэвтэж байхад сайн дураараа дарга болгочоод санаан дотроо шатаж үхээд л, биеэ зовоогоод л. Ерөөсөө хэн хаана дарга болов гэдгийг хэлэлцэж байгаа монгол хүн шиг аймар бодгаль ховор. Хоолой нь чичрээд л, гар нь салгалаад л, атаа жөтөөндөө хордоод бараг ходоодноосоо шатаж уугиж байна уу гэмээр уур нь хүрч уушиг савсайж, нүд гурвалжилж нүүр ногоорох нь холгүй. Монгол хүний хамгийн том мөрөөдөл: Дарга болох.

Миний бүр инээд хүрээд үнэт зүйл дээр нь тоглоом хийнэ. Хувийн ажлаар Тоокио явахдаа -Оосакагаас ажлаа авах гэж ирлээ, ширээгээ суллаж бай гэж хэл гэж цаашлуулсан юм. Оосакад суугаа Элдэв-Очир гэж бас л MCS-ийн лоббигоор энд тэнд заавал томилогдож явдаг төрийн бөөсний нэг. Япон хэл ч үгүй байж тэндээ сурсан, амьдарсан мянга мянган залуусын урдуур орцон сууж байгаа юм чинь ичсэндээ нойргүй хоноо биз. Тэр мэт эрх ашгийг хамгаалж байдаг хямдхан сэтгүүлч хүүхнүүдийн тэрррр тоглоом ч ойлгохгүй үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байгааг ээ хахаха. Шууд л драмын жүжиг, инээдмийн зохиол. Хүний жигшүүрт натурыг дүрслэхдээ гойд Вольтер ч, Чехов ч төсөөлж бичээгүй тийм гүн гүнзгий албан тушаалын донд живсэн ийм нийгэм бас байдаг байна. Коммунизмын сүнс Монголын нийгмээр амь бөхтэй хэрэн хэсүүчилсээр...

Сайдууд солигдох сураг гарсан энэ хэдэн өдөр тэр ком синдром нь аймар хурцаар илэрч байгааз? Хэн сайд болох гэж байна, болчих гээд байна, болих гээд байна үхэлдэн шүлэнгэтэн хэлэлцэнэ. Хэдэн гишүүний сайд болох амбиц дор нам төрийн бүх институц нийлээд оршихуйн баталгаа Үндсэн хуульд нь халдчаад байхад тэр хамаа ч алга. Одоо суугаа 76 гишүүн 2020 онд асар их мөнгө зарж гишүүн болсон. Гэтэл 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр төсөв нэмэх, сайд болж мөнгө зурах боломж хаагдцан байсан, ингээд хийх ажилгүй болсон. Бичиг үсэггүй юм чинь ядаж хууль ч бичиж чадахгүй. Ингээд Үндсэн хуулийг уландаа гишгээд ч хамаагүй сайдын гарын үсэг зурахын төлөөх улстөр эхэлсэн. Доржханд тэр улстөрд нь нохойд барьдаг модны үүрэг гүйцэтгэж сонгуулиар зарсан мөнгөө олж авсан.

Оюун-Эрдэнэ харин энэ улстөрөөр маргаашийн лидер мөн эсэхээ шалгууллаа. Биш юм байна. Сайд болох амбицтай гишүүдээс УИХ руу Ерөнхий сайдад итгэл үл үзүүлэх төсөл оруулж ирэхээс, өөрөөр хэлбэл унахаас айсандаа Үндсэн хуулиар золиос хийлээ. Ийм аймхай лидер гэж байхгүй. Оюукыг залуу хүн 50, 60аад оны коммунист бүүмэрүүдээс өөрөөр явна гэж найддаг байв. Түүнд энэ удаа залуу улстөрчийн хувьд парламентаараа үл итгэх төсөл оруулаад, унасан ч боссон ч зөв замаар улстөрийн карьерээ үргэлжлүүлэх боломж хангалттай байсан. Үндсэн хуулийг ч илүү тулхтай, ардчилсан механизмаар нь хөтлөөд явах бүх эрх мэдэл, цаг хугацаа, нөөц нь бсан. Өөрт нь харин нөгөө алсынхараа2050 гэдэг нь байдаггүй юм байна. Нөгөө тэмцэж явсан хулгайч ах нартайгаа адилхан, эсвэл тэрнээс ч аюултай арга замыг, маргаашийг биш өчигдрийг тэр өөрөө л сонголоо. Ямар адгуу яаруу, ямар их эрх мэдлийн шуналтай, ямар агуу мунаг юм хийдэг юм?!

Цахиагийн Элбэгдорж Үндсэн хуульд халдаж, эсэн бусын Үндсэн хуулийн бус эрх мэдэл өөртөө нэмж хамаа намаагүй эдэлсэн учраас л монголчуудын хараалыг үүрд идэх болсон. Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ хар залуугаараа Ардын намын Элбэгдорж болон тодорч, Үндсэн хуульд халдсан хар нэртэй Ерөнхий сайд болж байна. Амарбаясгалан харин шинэ Баярцогт, Засгийн газрын хэрэг эрхлэх дээр очиж байгаа бололтой. Ялалт шиг ялагдал, ялагдал шиг ялалт бий. Монголын улстөрд тодорсон 80аад оны хоёр маань өнөөдөр бадрангуй ялалт байгууллаа. Гэхдээ урт хугацаанд Элбэгдорж, Баярцогт хоёр ялсан уу ялагдсан уу, бүгд мэднэ. Хамгийн муу мэдээ гэвэл эдгээр шинэ хуучин эбинүүд Үндсэн хуулиасаа илүү албан тушаалтан авч хэлэлцэх дуртай монголчуудын нийгмийн захиалга, өөрсдийнх нь толин тусгал юм байна. Толинд өөр дүр хармаар байвал, Элбэгдоржтой хамт тэнэж төөрсөн 30 жилийн алдааг дахин давтмааргүй байвал иргэн бүр энэ хулгайн Засгийн газрыг унатал нь шүүмжлэх, Цэцийн болон бусад Үндсэн хуулийн институцүүдээс хууль ёсны шинэчлэл шахаж шаардах хэрэгтэй. Ямар ч агуу сайхан Засгийн газар Үндсэн хуулийн хулгай дээр тогтох ёсгүй! Суралцаж чаддаггүй тэнэгүүд байхаас сургамж болдоггүй түүх гэж уг нь байхгүй.

arrow icon