Нийтлэл 10 сарын 15, 2022

Гартаа цэцэг барь

Энэ жилийн номын баяраас хуучны ном нэлээн цуглуулсан дунд Зөвлөлт, Украйнийн сурган хүмүүжүүлэгч Сухомлинскийн "Хүүдээ бичсэн захидлууд" гэсэн ном багтсан юм. Уншиж үзвэл коммунизмын суртал ухуулга, шашингүйн үзлийн хүйтэн цасан хунгар дор ёстой л Оросын их зохиолчдоосоо өвлөсөн болов уу гэмээр зуны цэцэгс шиг гүн гүнзгий хүмүүнлэг үзэл суулгаж үлдээжээ. Тэр дундаа 21-р зууны хүмүүнлэг ардчилсан гэгдэх Монголоос ч илүү хүнийг дээдлэх үзэл, хүнийг хүн болгодог сайн сайхан ба гоозүйг чухалчлах захиас олноор бичигджээ. Жишээ нь нэг захидалдаа "Сайхан гэдэг нь ихээхэн хүнлэг шинж юм" гэсэн бол нэг захидалдаа "Гартаа цэцэг барьж байгаа хүн муухай юм хийх ёсгүй" гэсэн Солоухины шүлгийг эшлэсэн байв. Сайхан гэдэг нь ихээхэн хүнлэг шинж юм гэж юуг хэлж байнав? Өнөөдөр монголчууд бидний гарт цэцэг байна уу?

Энэ зуур Баруун-Урт хотод үзэсгэлэнтэй, ганган залуустай уулзаж ирсэн минь санаанд оров. Сүхбаатар аймаг Дарьганга гэж нэг гоё буудалтай юм байна. Дарьганга гэж босоо монгол бичгээр бичсэн ресепшн хэсэг нь их гоё, тэнд хүн болгон зургаа авахуулдаг. Би ч зургаа авахуулсан. Сургалтад ирсэн залуус бас гоё газар ирж байгаагийнх хамаг гоё дээрээ тавиад иржээ. Чехов "Хүн сэтгэл санаагаараа ч, зүс царайгаараа ч, өмссөн зүүснээрээ ч гоё сайхан байх ёстой" гэжээ. Гоё газар ирэх гээд гоёод ирсэн хүний хандлага ч, сэтгэл санаа ч харваас гоё. Тэнд ямар нэг муухай юм алга. Муухай үг хэлж байгаа хүн алга. Муухай зан авир гаргаж байгаа хүн ч алга. Ерөөсөө хайр. Ганц буудалдаа ч бас биш байх. Дарьганга соёл өөрөө угаасаа асар ганган, чамин юм. Ямар сайндаа

"Эх нутаг минь шүлэг шиг сайхан

Эх орон минь дуу шиг сайхан

Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан

Эрээнцавд бороо орох сайхан..."

гэж төрсөн нутаг, Монгол орныхоо сайн сайхныг яруу сайхнаар магтан дуулсан их найрагч тэндээс төрөхөв.

Бүх юмыг тэгшитгэх тэгш эрхийн үзэл, радикал зүүний солиорол хүн төрөлхтнөөс чухам яг энэ гоё сайхныг нь, хайр ургадаг хөрсийг нь дээрэмдэж болзошгүй тухай олон сэтгэгч хэчнээн зууны турш анхааруулж бичсээр ирэв. Монголчууд ч тэр ёсоор болж коммунист байсан үеэсээ ч илүү бүх юмыг тэгшитгэн хувааж идэж, бүх юмыг бор саарал өнгөтэй болгох адын хүсэлтэй боллоо. Алтан шаргал бурхан барина гэхэд хүртэл дургүйцэж, бүгдэд нь жигдхэн бор саарал жорлон барь гэж орилолдох болов. Ийм болгох суртал ухуулгыг элдэв зүүний сангуудаас санхүүжсэн төрийн бус байгууллагууд, ард түмний сэтгэл зүрхийг гоё сайхан юм бодох, мөрөөдөх, гоё сайханд хөрөнгө оруулах зай завгүй болтол нь ядуу амьдралын лаиваар дарамтлан хандив татагчид голлон гүйцэтгэсэн. Ялангуяа Улаанбаатартчууд гоё сайхан байх, гоё сайхны ач холбогдлыг мартсан. Хүний дэлхий уг нь бурхнаа бариад тэндээс хайраа, юмыг бүтээж босгох хүчээ олоод жорлон байтугайг барьж байгуулж ирсэн түүхтэй. Энэ талаар Жанцанноров гуай бид хоёрын ярилцсан гоё ярилцлага уг нь байгаа. Ингэхэд Херо Баатар, бичлэг өгөөрэй!

Зууны тахлын дараах шинэ Хүйтэн дайны дэлхийд угаасаа ч хөлөө олохгүй явж байсан Монгол улам бүр төөрч будилах болов. Тэгээд яах вэ гэдэг асуулт хүн бүрийн толгойд байгаа нь дамжиггүй. Энэ дэлхий түүхэндээ иймэрхүү бэрхшээл зовлон олныг үзсэн. Тэр болгонд гоё сайхны хүчээр л давж гарсаар ирсэн билээ. Монголчууд уламжлалт гоё сайхны ойлголтоо сэргээх, түүндээ хөрөнгө оруулах(за тэр Чингисийн музейн шар товч хадсан дөрвөлжин саарал байшин бол Монголын гоозүй биш шүү, сэтгэлээр унамаар брутал, банал), халамж хандивчид, элдэв тэгш эрхийн солиорол дороос өндийж оюун санаандаа анхаардаг болох хэрэгтэй байна. Гартаа цэцэг барь монголчуудаа!

"Хамаг юм сайн сайхнаас эхэлнэ

Хаа холоос хүү минь ирэхээс эхэлнэ

Хайр дурлал инээмсэглэлээс эхэлнэ

Хаврын бороо, цэцэгнээс эхэлнэ..."

Дорнын их яруу найрагч Данзангийн Нямсүрэн

arrow icon