Нийтлэл 01 сарын 20, 2023

МАН-ын гишүүдийг МАНгар гэж хэлэх эрхийг минь үлдээ!

 Олон нийтийн нийгмийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах гэсэн гоё нэртэй хуулийг Монгол Ардын Нам 3 хоногийн дотор хүчиндээд баталчихлаа. 2018 онд Кибер аюулгүй байдлын тухай хуулийн олон нийтийн хэлэлцүүлэг дээр сууж байхад тухайн үеийн хуулийн төсөл дээр өнөөгийнх шиг агуулга буюу олон нийтийн сүлжээнд хуурамч мэдээлэл тараасан байвал тэрийг нь зогсоох ёстой гэсэн утгатай заалтууд орж мань мэтээс эхлээд олон нийт хүчтэй эсэргүүцэж болиулж байсан юм.

Хаалгаар гаргаад явуулахаар тооноор ордог ирдэг гэгчээр олон нийтээр хэлэлцүүлэхээр уначихдаг юм байна гээд одоо гоё нэрээр халхавчилж хүүхдийн эрх ярьсаар байгаад ямар ч олон нийтийн хэлэлцүүлэггүйгээр үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн нэрийн доор яаралтай горимоор баталчихлаа.

Хуулин дээрхи асуудалтай заалтууд гэвэл (өөрсдийнх нь хассан гээд байгаа заалтуудаас гадна):

1. "Монгол улсын төрийн бэлгэ тэмдэг, үндэсний өв соёл зан заншил болон түүх соёлын үнэт зүйлийг гутаан доромжилсон" гэж цахим яамны хүмүүс үзсэн агуулгыг зөрчилтэй контент гэх юм байна. Соёмбо тэмдэг дээр янз бүрийн юм зурсан меме, егөө эд нар бүгд энэ ангилалд орж таарна. Дээрээс нь МАН100 гэдэг новшийн ПиАр-ыг нь шоолвол түүх соёл гутаасан гэдэг ангилалд орох бололтой.

2. "...үндэсний эв нэгдлийг бусниулах..." гэсэн утгатай агуулга байвал бас зөрчилтэй контентонд тооцох тухай бас нэг заалт байна. МАН болохгүй байна гэж хэлвэл үндэсний эв нэгдлийг бусниулсан болох уу? Ер нь эв нэгдэл гэдэг нь коммунизм шиг бүгд адилхан сэтгэж байхыг хэлэх үү?

3. Зөрчилтэй контент гэж тооцохдоо "...хувь хүн, хуулийн этгээдийг чиглэсэн байвал" гэнээ. Тэгэхээр бичиж буй пост эсвэл меме-дээ хүний нэр оруулж болохгүй болох нь

4."контентийг илэрхийлсэн хэлбэр хэв маяг, ашигласан үг хэллэг"-ийг бас харгалзаж зөрчилтэй эсэхийг нь шийдэх юм байна. МАН-ы улаан логог хар өнгөөр будчихвал эсвэл шүгэлддэг данх гм үг ашиглавал шууд зөрчилтэй болох нь байна. Ардын Намын гишүүнийг МАНгар гээд бичихэд л хэлбэр нь муухай байна гээд цензурдэх нь.

5. Олон нийтийн сүлжээ хэрэглэгчид нь зөрчилтэй контент нийтлэхгүй түгээхгүй байх үүрэгтэй гэнэ. Түгээчихвэл яах хариуцлагыг нь харин хайгаад олсонгүй

6. Энэ хуулийг дагаад Кибер аюулгүй байдлын тухай хуульд 2 өөрчлөлт орсон байна. Үүнд:

6.1. Үндэсний CERT гэх тагнуулын харъяа байгууллага "...зөрчилтэй контентийг олж илрүүлж таслан зогсоох зорилгоор мэдээллийн сүлжээнд хяналт тавина" гэнэ. Үндэстний хэмжээний кибер халдлага зөрчилтэй тэмцэх ёстой газар нь интернет цензур хийдэг байгууллага болж хувирах юм байна. Тэгээд тагнуулын харъяа учир бүх ажиллагаа нь нууц, маниусыг Big Brother болоод чагнаад сууж байх боломжтой болжээ.

6.2 Нийтийн CERT гэх цахим яамны харъяа байгууллага гомдсон улстөрчдийн гомдлыг хүлээж авч Facebook-т ховлоод хаалгаж байх ажлыг нь хийх юм байна. Уг нь кибер аюулгүй байдлын хуулиар бол олон нийтийг цахим халдлагаас сэргийлэх ёстой институци байсан юмсан.

7. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд хүний өөрийн зөвшөөрөлгүйгээр мэдээллийг нь болосвруулж болохгүй гэсэн байсныг нэмж нийтэлж болохгүй болгосон байна. Өнөөдөр Учрал, Эрхэмбаатар хоёр нь матрын нулимс унагаад хүний зөвшөөрөлгүйгээр мэдээллийг нь нийтэлж болохгүй гэсэн заалтыг хасч хаялаа гээд байсан, өөр хуулинд эвтэйхэн шингээчихсэн л байгаа юм

Энэ засаг, энэ УИХ арай л дэндүү байна даа. Өнгөрсөн намар өөрсдийнхөө саяхан өөрчилсөн үндсэн хуулиа хутгалж хаясан, үр дүнд нь засгийн газар нь парламентынхаа дээр гараад суучихлаа. Одоо ардчилсан зарчмууд руу нулимсан ийм хууль гаргаад сууж байна.

Уг нь засаг төр тогтвортой байгаасай гэсэн бодолтой байсан юмсан, одоо бол бүгд зайлцгаа гэж хэлмээр санагдаж байна. Хүүхдийн мөнгө авах авахгүй бол жижиг асуудал, үг хэлэх, үзэл бодолтой байх, шүүмжлэх эрхүүд рүү халдаад эхэлвэл би лав энэ улсаас зайлах минь...

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2023-01-21

    Тэртээ тэргүй бид наад захын хүний эрхээ эдлэх боломж маруухан л амьдарч байна, дээр нь үг хэлэх эрх чөлөөгөө хасуулвал за тэгээд Монгол Улсад амьдрах боломжгүй болох биз!! Социалист нийгэм биш дээ, үг хэлэх, бодол санаагаа илэрхийлэх эрхээ хэн нэгнээр хянуулах айдастай амьдармааргүй байна аа…! Үндсэн хуулиар хамгаалагддаг хүний үндсэн эрхээ эдэлж амьдармаар байна!!! Ямар ч хууль үндсэн хуулийн үзэл санаа, заалтыг давсан зохицуулалт байх ёсгүй!

arrow icon