Нийтлэл 10 сарын 31, 2026

МИНСКТ ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Манайхаар дахин дахин ирээрэй

Энэ тэмдэглэл улстөрийн буюу геополитик, үзэл суртлын санаагүй ердийн замын тэмдэглэл болохыг эхлээд дурдъя. Галзуу хүмүүсээс айх юм. Энэ намар Питерт, Берлинд, Хельсинкид хаа ч буусан бороо орж байх тул сүүл сүүлдээ хур борооны бурханд хөтлөгдөн явах мэт, эс бол дагуулан явах мэт болж ирлээ. Газар газрын тэнгэр газартаа өөрөөр унаж, өөрөөр уйлдаг билээ. Хельсинкид Балтийн тэнгисээ дүүргэх гэж орж байсан бороо Минскт тэнгэрт тэмүүлсэн хус моддоо услах гэж орж байна уу даа. Хүүхэд байхаас уншсан, төсөөлсөн хус моддын уянгыг энд ингэж утгаар нь харах байжээ. Мөн байна, уран байна, цагаан байна, жигд агаад цэх шулуун эгнээд тэнгэрт тэмүүлэн байна. Европын уушиг гэгдсэн их ой, мөстлөгөөс үлдсэн нуурууд, нам дор их талууд,тэр их тэгш талаар тааваараа тэнүүчлэн урсдаг голуудаа тэтгэх гэж Беларусьт бороо орж байна.

Ингээд Европын хотгор гүдгэр баруун талаас уудам тэнэгэр зүүн тал руу нь гармагц зам тэнийж өргөсөөд, дөрвөн зүгтээ илт цэлийгээд ирэх тул тал нутгийн монгол хүнд хараа бэлчээхэд таатай. Төв зам ба хус моддын хооронд замын өргөн зурвас гаргасан байх ба манай төрийн тэргүүний зурагтай самбар, хоёр улсын төрийн далбааг цувуулан байрлуулжээ. Миний бие анх удаа төрийн айчлалыг дагалдан яваа тул хормын зөрүүгүй төлөвлөгдсөн хөтөлбөр ба яг түүнийхээ дагуу хэрэгждэг протоколын гүйцэтгэлийг гайхаж, бас тэрүүхэндээ зутарч явлаа. Минскт онгоцны буудалд төлөвлөгөөний дагуу 17 цагт газардсан ба  сэтгүүлч, зураглаач, нийтлэлчид ердөө 10 минутын дотор ачаа бараагаа аваад машиндаа сууж хөдлөв. Тэрүүхэн 10 минутын дотор Ерөнхийлөгчийг угтах ёслолыг газар дээр нь сурвалжилж, нэвтрүүлж амжихыг сэтгүүлчийн мэргэшил гэдэг байх. Яаран хөдлөхийн учир нь 17.45д төлөвлөгдсөн Минск хотын ялалтын талбай дахь мөнхийн галд цэцэг өргөх ёслолыг мөн амжиж сурвалжлах ёстой.

Цэцэг өргөх ёслол протоколын дагуу эхэллээ. Бараан тэнгэрээс унаж байсан бороо яг ёслол эхлэхийн өмнөхөн татраад агаар тунгалаг, хот нь машид цэлгэр агаад цэмцгэр, мөнхийн гал улбар. Ерөнхийлөгч хүндэт харуулын цэргээс хэдэн алхам зайд зогсох вэ, хэддэх алхмаас хаашаа алхаж эхлэх вэ, дагалдан яваа нөхөд хаана, хэдэн алхам зайд зогсох вэ бүх үйлдэл протоколын дагуу цагийн зүү шиг хөдөлцгөөх аж. Мэдээж хоёр улсын төрийн дуулал эгшиглэнэ. Гадаад яамныхан Хүрэлсүх Ерөнхийлөгчийг протокол сайн баримталдаг гэлцэнэ. Хүн гэдэг зүйл зүйлийн сонин хачин зүйл сэдэж хийдэг уйдсан амьтад. Төрийн протокол бол тэр дундаа бас л сонирхолтойдоо орно. Юун төлөө энэ мэт дэг жаяг тогтоож, юун төлөө энэ бүхнийгээ чанд сахина вэ? Нэгдэх гэж, нэгдсэнээ хамгаалах гэж, хамгаалалт дотроо хамтран амьдрах гэж бус уу? Беларусийн хувьд энэхүү зорилгын тулд үйлдэх ёслол, дэг жаяг нь төгсөрчээ. Хоёр ч хүчирхэг улсын цэргийн жагсаал үзээд ирсэн бидний нүдэнд слав хөвгүүдийн зөвхөн шулуун шугам ба хурц өнцгөөр л зурагдсан пооз, эрс ярс алхаа, жагсаалын их эрчим эрхгүй сэтгэгдэл төрүүллээ. Цэргийн форм хувцаслалт, малгай толгой, эрүүг хагас өргөсөн өнцөг, алхах жагсах хөдөлгөөнд гол нь нэг ширхэг ч мөлгөр буюу дугуй өнцөг, сул хаясан байдал байхгүйг хэлж байна. Шув шулуун, цэв цэх, эв эрс. Тэр мэт сүр жавхлантай ёслол, тэгш шулуун өнцгүүд дотор дөнгөж эрийн цээнд хүрэх гэж яваа ээжийн хөвгүүдийн булбарай царай, булцгар хацар яахын аргагүй ялгарч байна. Тэднээсээ хэдэн саяар нь зольж дайнд ялсан хотын ялалтын талбайн уур амьсгал ялгуусан, бардам байлаа.

Маргааш өглөө нь босвол Минск хотод битүү манан бууж, манангийн ширхгээр шилмүүс моддын анхилуун үнэр таржээ. Бүтэнсайн өдөр таарсан тул боломжийг ашиглан дэлхийн хоёрдугаар дайны түүхийн музей үзэхээр явлаа. Хамт яваа нөхдийн нэг энэ музейг үзэлгүйгээр Минск хотыг ойлгохгүй гэж хэлсэн нь үнэн байж таарлаа. Нацист дэглэм 1941 оны зургадугаар сараас 1944 оны наймдугаар сард чөлөөлөх хүртэл гурван жил орчим хугацаанд энгийн иргэд 1,547,000, дайнд олзлогдсон цэргүүдээс 810,000 гаруй нийтдээ 2,357,000 орчим беларусчуудыг хядаж хөнөөжээ. 400,000 гаруй иргэдийг албадан хөдөлмөр эрхлүүлэхээр Германд илгээж, 130,000 орчим том жижиг хот тосгон сүйдэлснээс 12,000 орчим нь нэгмөр эргэн сэргээгүй ба тэдгээр тосгодод дайны дурсгал самбарууд босгосон байдаг гэв. Ийм харгис, гамшигт хядлагын түүхийг нэгд нэггүй дэлгэн толилуулсан, дайнд бодитоор ашиглагдаж байсан зэвсэг техникээс эхлээд видео дэлгэц тайлбар, хот тосгоны дуураймал бүтэц, мөн уран зураг баримлууд бүхий бүрэн төгс том музей ажээ.

Энэ бүх түүхийг бидэнд тайлбарлаж буй музейн ажилтны хоолой үе үе зангирч байна уу гэмээр сонсогдох ба орчуулагч маань ч эцэстээ уйлахад хүрэв. Музейд дэглэмийн үеэр цоо буудуулсан Пушкины уран зураг байна. Тэгээд бодлоо. Энэ цаг үеийн шинэ Хүйтэн дайны хуваагдал зүгээр нэг өнөөдрийн Путин, Лукашенко, өнөөдрийн Трамп, эсвэл Такаичи мэдээд хуваачихдаг хуваагдал биш юм байна гэж. Хүнээ алдаагүй айл гэж үгүй, тэднээс нь өдгөө ч зарим нь амьд сэрүүн буй үндэстний сэтгэл зүрхний аниагүй шарх, тайлаагүй өсөрхөл, дайны хохирлоос болж дараагийн дайн дэгддэг хүний дэлхийн зовлонт түүхийн үргэлжлэл энэ цаг үед ч бичигдэж буй ажээ. Пушкиныг нь цоо буудсан түүхийг эд хэзээ мартаж, хэзээ өршөөх юм ай бүү мэд. Монголчууд бид ер нь өөрийн улсдаа өөрсдөө сайтар зохицон сууж чадахгүй атал хүний улсын өмнөөс хагаралдаж, тэдний жаргал зовлонг шүүж, дэлхийн хэргийг заах санаатай агуу ихийн дэмийрэл, хийрхэл солиоролд бүрнээ автжээ. Бидний мэдэх заах хэрэг ч биш, бидний туулсан зовлон ч биш байна. Музейгээс гарахдаа ялалтын тэмдэгтэй пивоны гүрүүшиг авлаа. Манай Монгол ч бас хүйтнийг давах дулаан бээлий, уналга нийлүүлэхээс эхлээд дайнд хамт ялсан орны нэг, ийм тэмдэгтэй аяганаас уух эрхтэй гэж бодов.

Тэндээсээ худалдааны төв орж үзвэл хувцас хунар, гоёл чимэглэл, хоол хүнс гээд үйлдвэрлэгч улсын давуу тал болох хямд үнэ, өргөн сонголтоор Хятадтай өрсөлдөхгүй юм гэхэд дэлхийн хотуудад эгнэх глобал шоппингийн хот байна. Өргөн хэрэглээний хүнс, жимс ногооны хувьд манайхаас 2-3 дахин хямд байна. Хүнсээ үйлдвэрлэх, амандаа юу хийхээ өөрийн гараар удирдана гэдэг тусгаар тогтнол, аюулгүй байдлын анхны шалгуур. Хотын зам найман эгнээ бөгөөд ширхэг хоггүй, басхүү түгжрэлгүй, хэрүүлгүй, хаос үгүй харагдана. Гэвч эрх чөлөө бол эрх чөлөө. Илүү удаад, илүү ойлгоод ирэхээр үүлс зангидсан тэнгэрийн дор хүний ухамсар, сэтгэл ч зангиран байж мэдэх юм. Юутай ч дахин давтан хэлэхэд хүний улсын хэргээр хийрхэж улстөржиж амьдрахаас өмнө эхлээд бид эднээс суралцаж, хүнсээ хангачихдаг болж, хоолыг ядаж аятайхан хийгээд сурчих хэрэгтэй байна.

2026 оны аравдугаар сарын 26, Даваа гараг. Беларусь улсын Тусгаар тогтнолын ордонд хоёр улсын Ерөнхийлөгч хэлэлцээ, хамтарсан мэдэгдэл хийх албан ёсны хөтөлбөртэй. Хөтөлбөр эхэлтэл мөнөөх шулуун шугам ба хурц өнцөгт төрийн хүндэт харуулын цэрэг манай Ерөнхийлөгчийг угтах бэлтгэл жагсаал хийлээ. Бэлтгэл жагсаалаас эхлээд ер нь ордны дотоод хяналт харьцангуй чөлөөтэй, хаа сайгүй чөлөөтэй явж зураг бичлэг хийх боломжтой байв. Ер нь зам зуурт эрх чөлөөт баруунд бидний хөдөлгөөн, хөтөлбөр харьцангуй хатуу хяналттай байсан бол авторитар зүүн тал руугаа ирээд хамаагүй чөлөөтэй болсон нь сонирхолтой. Баабар нараас авахуулаад амьдралыг, тэр дундаа агуу их түүх, түүний шалгуурт тэсэн үлдсэн ард түмнүүдийг ангилж шошголж, үүгээрээ унтавч сэрэвч Монголчуудыг үзэл суртлын ангалд хувааж сууна гэдэг туйлшрагчид, фанатууд, эсвэл авсан даалгавраа хийж байгаа үзэл суртлын агентуудын ажил байдаг. Улс орныхоо гадаад бодлого руу үзэл суртал хийж цалинжина гэдэг нэгэн төрөл урвалт, улаан пасспортоо зарж идэж амьдрахын нэр болохыг дурдах юун.

Тусгаар тогтнолын ордон гэвээс агуу том бөгөөд нүсэр. Аа харин тансаг уу, урлаглаг уу гэвэл хоёрдмол болж ирнэ. Ямар ч л гэсэн асар их хөрөнгөөр зодож барьсан нь илт бөгөөд албан мэдэгдлийн дараа хажуугийн нөхөр хэлж өгсний ачаар дээш харвал таазнаас унжсан нүсэр том том гэрэл чимэглэлийн нүд болгонд маргад эрдэнэ шигтгэсэн байх шиг. Мадридын хааны ордон, Хятадын хориотой хот, Төвдийн Бодлын ордон, Францын Толин танхим, Оросын хааны өвлийн ордонтой өрсөлдөх буюу эгнэх амбицтай юм уу гэмээр харагдана. Ордноор дүүрэн уран зураг өлгөж, хаа сайгүй уран баримал байрлуулсан байна. Манайхан эргэж очоод дуурайж барина гэх вий гэж айж явлаа. Төрд төвлөрсөн мөнгө, дангаар эрх мэдлийн дур зорго үнэртэм байгууламж ажээ. Энэ сүрлэг ордондоо айлын Ерөнхийлөгч Лукашенко манай Ерөнхийлөгчийг ёслол төгөлдөр угтаж авав. Өмнөх өдөр нь буюу бүтэнсайнд хоёр төрийн тэргүүн Лукашенкогийн гэрт ярилцжээ. Төрийн арга хэмжээ боловч албан мэдэгдлээс хүртэл хоёр хүний нөхөрсөг, ойрын харилцаа илт уншигдаж байлаа. 72 настай Лукашенко 32  жил төрийн улс удирдаж, эрх барьж буй хүний сайнаар хэлбэр лидерийн харизм, муугаар хэлбэл дарангуйлагчийн төрх байдлыг илтэд тодруулан байхыг ингэж өөрийн нүдээр үзвэй. Тэрээр албаны мэндчилгээ, илтгэлээ дуусгаад төгсгөлд нь -Та бүхэн манай сайхан оронд дахин дахин зочлон ирээрэй гэлээ. Дахин зочлоорой гэх нь хүний ёс, дахин дахин зочлоорой гэх нь цэлгэр  Беларусийн тэнэгэр сэтгэл шиг сонсогдлоо.

Манант Минск ээ…!Чи ямар цэлгэр, тайван, басхүү цаанаа гүн гүнзий уйтай вэ. Чамайг орхин явахад хэдхэн цаг үлдлээ. Аз болж шахуу хөтөлбөрөөс үлдсэн хоёрхон цагт Беларусийн үндэсний номын сан орох завшаан гарлаа. 20 жилийн өмнө баригдсан 23 давхар шил толь болсон нүсэр байгууламж аж. Угтах танхимын ханыг тойруулаад асар өндөр гэгээн Мари болон Христийн шашны сэдэв уран зургаар чимэглэсэн байх нь аргагүй нэг үнэн алдарт орны аястай. Монгол Улсын төрийн тэргүүн айлчилсан гурав хоногт Минск хотоор хаа сайгүй угтах самбар байрлуулж “Чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье” хэмээх үгс хоёр хэлээр солигдон гарч байлаа. Чин сэтгэл үү… чин сэтгэлийн тухай бид юу мэдэх билээ. Бамбар шиг хэлбэртэй бөмбөгөр номын сангийн гадаах ханыг ч Монголын далбаагаар чимэглэж асаасан байв. Номын сангийн менежер эмэгтэй чухамхүү чин сэтгэлээр өгөгдсөн богино хугацаанд хамаг бүхнээ үзүүлэхээр биднийг хөтлөөд гүйлээ. Гадаад хэлнээ орчуулагдсан Монголын нууц товчооны хамгийн залуу орчуулга, энэ номын санд байх цор ганц хувийг гартаа барьж адис авлаа. Нэрт академич Куликовичийн тав, зургаан жилийн хөдөлмөр ажээ. Өмнөх үгийг У.Хүрэлсүх бичжээ. Уг хүн алдаа оноотой улстөрч авч энд бол түүхэнд үлдэх сайн ажил бүтээлцжээ. Гэвч энэ номын санд хамт очиж үзсэн болоосой гэж бодлоо. Үүнийг бичиглэгч бээр Сэлбэ голын чийгтэй эрэгт булан тохой олж барьсан шорон мэт саарал байшинг Монголын үндэсний номын сан хэмээн үзэхээс жигшиж нүд хорсож явдаг билээ. Манай үндэсний номын сан, танай номын сан хоёр тэнгэр газар мэт байлаа манант Минск ээ.

Манант Минск ээ… тэнгэрт тэмүүлсэн хус моддоо, түүнийг тэтгэгч хүнд усан бороогоо, улбартан асаж байдаг мөнхийн галаа, түүнийгээ чандлан сахигч цэцэг шиг хөвгүүдээ, дайнд шархалсан сэтгэл зүрхээ, хотоор нэг хөглөрсөн агч моддын төгс шар навчсаа, ном судраа, хүний сайхан сэтгэлээ харамгүй дэлгэн үзүүлсэнд баярлалаа. Явах цаг боллоо. Манайхаар дахин дахин ирээрэй. Бид ч дахин дахин очно.

Минск хот

2026/10/24-10/2

 

arrow icon