Нийтлэл 03 сарын 16, 2024

Та нарыг л ирнэ гэж хүлээж байлаа...

Та нарыг л ирэх болов уу гэж хүлээж, харж байлаа... 11 сараас эхэлсэн намрын цасан шуургаас хойш бүх талаасаа цасанд боогдож суусаар хэдэн сар хүний бараа хараагүй Сүхбаатар аймгийн Асгат сумын малчин Э.Эрдэнэсувд ‘Дуулим Тал’ төслийн тусламжийн багийнхныг ийм үгээр угтсан юм. Хүн хүлээнэ гэдэг тал нутгаа ганцаар сахин суух нүүдэлчдийн мөнхийн тавилан билээ. Хүлээх нь тавилан гэвч хэдэн сараар хүний бараа харалгүй суусан хүмүүсийг харах нь ээ байгалийн цасан шоронд хоригдогсод ч юм шиг сэтгэгдэл төрнө. Ихэнх нь хэдэн сар ямар нөхцөлд байснаа хуучлахдаа хоолой нь зангирч, нүдэнд нь нулимс цийлэгнэх аж. Хэдэн арван жилийн хөдөлмөр, өсгөсөн мал сүрэг нь өдрөөс өдөрт нүдэн дээр хиарч байхад өөр зөвлөх түших хүнгүй урт өвлийн шөнүүдэд цаашид яаж амьдрах, зээлээ хэрхэн төлөх, нэгмөр бууж өгөөд төв бараадах эсэх, бараадавч юу хийх, бараадахгүй гэвч цаашид таван ямаагаар яаж амь зуулга хийх эсэх гээд түмэн бодол, мянган зовлонд унаж сэтгэл хямарсан нь нүднээ илт.

Тэдэнтэй уулзаж ярилцах тусам, зуданд нэрвэгдсэн нутгаар явах тусам энэ жилийн зудыг зуд болж байна гэж хэлэхэд зөөлдөнө гэсэн бодол өвөрлөхөд хүрлээ. Энэ өвлийн зуд бол зөвхөн зуд биш, байгалийн гамшиг, хүмүүнлэгийн хямрал!

Миний бие малчдад тусламж хүргэх ‘Дуулим Тал’ төслийн багийн хамт 3 сарын 1-нд Баруун-Урт хотоос гарсан. Аймгийн төвөөс гарав уу үгүй юу тэнгэр газрын хаяа үл ялгагдах цагаан ертөнц угтан авлаа. Их цас зөвхөн эх газрыг биш эцэг тэнгэрийг нартай нь бүрхээд тогтоо юу гэлтэй дэлхий ертөнц дөрвөн зүг найман зовхист нэлэнхүйдээ цавцайна. Уг нь гуравдугаар сар гэдэг ерийн дулаан болно гэгдсэн үе сэн. Цавцайсан их талаар бөртийсөн хэдэн хүн бөртийсөн хэдэн малчнаа зорьж явна. Замын хажуугаар байсгээд шуурганд осгож үхсэн малын эвэр, туруу цухуйж харагдана. Цасанд суусан газраа хаясан унаа машин байсгээд тааралдана. Тийм их цастай тал гэдэг алхам тутамдаа хүн байгалийн тэмцэл байдаг ажээ.

Тэмцэлдсээр үд хэвийхэд Асгат сумын төв оров. Сумын төв мөн тэр аяараа цасанд дарагджээ. Асгат сумын удирдлагуудтай уулзаж нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Анхныбаяр тэргүүтэй сумын удирдлагууд зуданд нэрвэгдсэн малчдаас дутуугүй аяншиж зутарсан харагдана. Өнгөрсөн жил засаг дарга нар болоод түргэн тусламжид шинээр нийлүүлсэн Тоёта 76 машинууд баталгаат засварын хугацаандаа хэдэнтээ эвдэрч, хот руу хэдэнтээ засварт буцжээ. Шинэ япон техник дийлээгүй их цасан шуурганд хүний бие сэтгэлийн тэнхээ барагдахыг бас ойлгож болом. Онцгой байдал, цэргийн ангиас ирсэн хуучин ЗИЛ31 зэрэг 6 машины 4 нь мөн эвдэрч суусан байв. Сумын төвд амьдарч буй хуучны сайн малчин Л.Дуламрагчаа тэргүүтэй өндөр настнуудаас мөн үг сонслоо. Бүгд л 1940-өөд онд, 1986 он гээд хэдэнтээ зуд үзсэн ч энэ жилийнх шиг зуд, ийм урт хахир өвөл үзсэнгүй гэлцэх аж. Бараа хангамж тасалдаж зутарсан, хашаа хороо дарж хунгарласан хөр цас бүхий буйд сумын төвийг хүйтэнд ажрахгүй тоглох хүүхдүүдийн инээд амь оруулна. Биднийг сумын төвд хоноглосон орой сумын уран бүтээлчдийн хандивын тоглолт боллоо. Сайхан дуулдаг нүдэндээ галтай шинэ үеийн залуус зуданд хямарч гундсан сумын төвийг нэг орой боловч дуу хуураар хөглөж, сэргээж өгөв. Евразийн агуу уудам тал нутагт тархан суусан монголчууд тартагтаа тулмагц ийнхүү тал талаасаа эрвийх дэрвийхээрээ нэгддэг юм байна. Цаг хатуу тусмаа урлаг, соёлын амьдрал өрнөж, хүмүүний сэтгэл мэдрэмжийг зөөллөж, итгэл найдвар төрүүлж байх учиртай.

Маргааш нь сумын төвөөс хөдлөөд л хэдэн сарын турш Асгат сумынхны өвөлжин үзэлцсэн их цас дийлэх үү, машин техник дийлэх үү гэсэн тэмцэлтэй бодитоор нүүр тулгарлаа. Сумын төвөөс цаашлах тусам цас гүнзгийрч, гүнзгий хунгарласан хөр цас машины дугуй зуурч элгэнд тулна. Хэдхэн км урагшилсан хэрнээ юу юугүй нар хэвийгээд өдөр дуусаад ирнэ. Их цасыг том машины дугуйгаар хагалж байж бусад машин араас нь дагаж явдаг юм байна. Цас хагалуулахаар найдаж гарсан цэргийн ангийн Зил 31 замдаа эвдэрч айлд орхиход хүрлээ. Манай улсын онцгой, цэргийн ангиуд техник, зэвсгийн элэгдэлд орж, яг хэрэг нь гарах үед паг суухаар болсныг энэ зуд шалгаж өглөө.

Ингээд цасанд сууж нэг, ухаж нэг, мөлхөж нэг явсаар олон сараар цасанд боогдож тусламж авч чадалгүй сууж байсан айлууд руугаа хүрч очлоо. Нэг айлд очоод нөгөө айл руу бас нэг 10 км явна. Явж байтал нар шингэж өдөр дуусна. Дарьганга зочид буудал, ‘Дуулим Тал’ төслийн баг энэ маягаар явсаар 23 өдрийн турш Дарьганга, Онгон, Асгат сумын 50 малчин өрхөд тусламжийн өвс, хивэг хүргэжээ. Очсон айлууд бүгд нийтлэг дүр зурагтай.

Гэрийн гадаах хот ихэнх нь хар, уяа эзгүй уйтай. Тэсэж үлдсэн хэдхэн мал тэнхээгээ барж, толгой унжуулан зүүрмэглэх нь урт хавар дахиад хорогдол нэмэгдэхийн дохио. Их цагаан талд хар цэг мэт харагдах малчны гэрүүд унь тооно хүртэл дарж хунгарласан цасан дунд бөөвийнө. Тойроод хаа сайгүй цасан шуурганд дарагдаж осгож үхсэн малын эвэр туурай цухуйна. Тооноороо гарч байж үүдэндээ малтаж гаргасан цасан гудам, цасан шатаар орж гарна. 500 толгойгоос 20-30 ямаа, 800 толгойгоос 20-30 ямаа, 1700 малаас 200 хонь ямаа үлдлээ гэсэн айлууд дийлэнх нь байв. 20-30 толгой ямаатай үлдсэн айл олон байгаа нь учиртай. 20-30 толгой гэдэг нэг илүү гэрт багтах малын тоо. Гэрт оруулж хүйтнээс хамгаалсан хэдэн толгой тэсэж үлдээд байгаа хэрэг. Зарим хот айл нэг гэртээ орцгоож нөгөөгийнхөө гэрт хэдэн ямаа авч үлдсэн байна. Намраас хойш хүнд жинтэй амьд үхсэн мал хунар чирч гулдарч, хөр цас хүрзээр малтсан малчид өөрсдөө турж эцээд хөөрхийлөлтэй. Нэг даажинтай нь Улаанбаатар хотод ажилгүй, арчаагүй малчид л малаа алдаж байна гэсэн буруу ойлголт үүссэн. Гэтэл ажилтай арчаатай тусмаа хашаа хороо өндөр, том. Хашаа хороо өндөр том тусмаа цас өндөр хунгарлаж, гэртээ ч орох аргагүй болдог юм байна. Зарим хашаа хотонд үс ноосгүй шалдан хонь мөн барьцалдаж хөлдсөн байна. Учрыг асуувал хоолгүйдээд ирэхээрээ ямаа ялангуяа хонины үс ноос зулгаагаад идчихдэг, ингээд улам нүцгэрч улам олноороо хөлдөж үхдэг аж.

Энэ мэтээр хэдэн арван жилийн хөдөлмөр, хоттой мал сүргээ нэгэнт хэдэн зуугаар нь алдсан хэрнээ 20 ямаа боловч авч үлдэхээр тэмцэж буй нь аж ахуй эдийн засаг гэхээсээ арга ухаант хүмүүний хувьд байгальд нэгмөр ялагдчихгүй юмсан, нэгмөр цагаан тугаа өргөчихгүй юмсан гэсэн хор шар, сэтгэлийн дуульдаа байх шиг санагдаж байлаа.

Нөхцөл байдал ингэтлээ хүндэрсэн шалтгааныг байгалийн ба системийн хүчин зүйлд хоёр хувааж авч үзье.

Байгаль, цаг уурын өөрчлөлт

Эхлээд монголчууд бид энэ жилийн зуд зарим нутгаар газар хөдлөлт, гал усны гамшиг шиг хүний хүчин чармайлтаас хэтийдсэн байгалийн давагдашгүй хүчин зүйл болж нэрвэснийг ойлгож, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болжээ. Асуудал ийм түвшинд хүрэхэд дэлхийн улс орнууд харилцан хүмүүнлэгийн тусламж илгээдэг. Манай улсад хөрш орнууд, Европын холбоо зэрэг олон улсын байгууллагаас зудад тусламж илгээж байгааг асуудал тийм хямралт түвшинд хүрсний баталгаа гэж үзэж болно. Энэ жилийн зуднаар намар эрт унасан цас нэг дулаарахад хайлж мөстөх, түүний дээрээс дахин цас орох, дахин мөстөх гэсэн цикл давтагдсаар олон мөсөн давхаргатай, чийглэг ихтэй хүн мал хүчрэхгүй цасан хуяг болж тогтжээ. Зарим малчид энэ үзэгдлийг “мөсөн зуд” гэж томьёолж байв. Олон жилийн өнтэй өвөлжөө малчдад бэлчээрийн өвсөөр өвлийг давж болно гэсэн ойлголт төрүүлж, өвс тэжээлийн бэлтгэл хангалтгүй байсан тал ч байна.

Байгалийн гамшигт төрийн ажлын хоёр алдаа нэрмээс болжээ. Нэгд, яг намаржаанаас өвөлжөө рүү нүүдэллэх үеэр улсад шатахууны хомсдол үүссэн. Үүний улмаас зарим айл намаржаандаа үлдэж задгай шуурганд олон мал хорогдоход хүрсэн. Хөдөө аж ахуйн сайд Х.Болорчулуун малчдыг намаржаанд нь шатахуунгүй хадчихаад УИХ-ын чуулган дээр  -Бурхан тэнгэр нь өөрөө зохицуулна гээд сууж байхыг сонсвол хоёр чихэндээ итгэмгүй. Малчид энэ үгийг мартаж болохгүй. Хоёрт, улсын хэмжээнд зуданд өртсөн бүсэд тусламж хүргэх төрийн шийдвэр удаашралтай цаг алдсан. Засгийн газраас улс даяар нийт хорогдлын 50% Сүхбаатар аймагт гарлаа гэж мэдээлсэн хэрнээ орон нутагт хуваарилсан 2000 тонн өвсөөс дөнгөж 30 тонн нь байдал хамгийн хүнд Асгат суманд хуваарилагдсан байх жишээтэй байв. Зудын гамшиг шийдвэр гаргах түвшний улстөрчдөд сонгуулийн тойрог услах боломж болж, баруун бүсээр хөлдсөн хонинд медаль зүүх нь холгүй суртал ухуулга хийх атал гол хохирол гарсан зүүн бүс рүү тусламж хангалтгүй хаягдсан гэх мэт Засгийн газрын тусламжийн улстөржилт, хэлбэрдэлт гамшгийн гарз хохирлыг улам нэмэгдүүлсэн байна.

Энэ удаагийн мөсөн зудны дараа малчдын нийгэм эдийн засгийн асуудалд оновчтой, шуурхай шийдэл олохгүй бол 2000-аад оны зудны дараах хотжих нүүдэл дахин давтагдаж, Улаанбаатар хотын асуудал дахин хоёроор үржигдэхэд хүрнэ. Богино хугацааны шийдлийн хувьд ерөөсөө нэн тэргүүнд дахин малжуулах. Тухайлбал мал худалдан авах сан бүрдүүлэх, худалдан авсан малыг малчдад зээлэх, өсөж үржсэн хойно нь эргээд малаар төлүүлэх, мал худалдаж санд буцааж төвлөрүүлэх маягийн схемээр тал талын эдийн засаг, санхүүгийн ачааллыг хуваарилах боломжтой. Цаашид малчдаас тайван цагт малын тоо толгойгоор даатгалын сан бүрдүүлэх, түүнээсээ зуданд өртсөн малчдыг малжуулдаг байх малын даатгалын тусгай тогтолцоо хийж болох юм. Цааш цаашдаа байгаль цаг уур улам эрс тэс болж ирэх магадлалтай тул ямар нэг тогтолцооны шийдэл хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Малчдын зээл тэглэх гэх мэт богино зайн, банкны эздийн эрх ашигт л үйлчилсэн популист шийдэл байх тусмаа иймэрхүү тогтолцооны шийдлүүд хаягдахад хүрнэ.

Системийн хүчин зүйл

Малын тоо толгой нэмэгдэж, бэлчээрийн даац хэтэрсний улмаас өвсний өндөр намсаж, ийм зузаан цас унамагц мал хоол олж идэх аргагүй болдог аж. Ингээд харахаар нээрээ л малчид мал сүргийн тоогоо хэтрүүлэн өсгөсөн хэрэгт буруутай мэт. Гэвч чөлөөт эдийн засагт хүч хөдөлмөрөөрөө хөрөнгөө өсгөсөн хэн ч буруутах ёсгүй. Жон Лок “Өмчтэй байх нь хүний язгуурын эрх” хэмээсэн буй. Хамаг асуудал малын тоо толгойг нэмэхээс өөрөөр хөрөнгө чинээгээ нэмэгдүүлэх боломжгүй тогтолцоонд байна.

  1. Зах зээл буюу махны үнэ. Монгол Улс пост-соц орнууд дундаа харьцангуй тайван замын шилжилт хийж яваа оронд орно. Шилжилтийн нийгэм улстөрийн аливаа хурц хямралаас зайлсхийж чадсан энэ амжилт мал сүргээ өсгөсөн хэрэгт орсон малчдын хөдөлмөр дээр тогтож буй гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй. Эрх барих нам мал махын үнэ хямд байх бодлого хэрэгжүүлж, зах зээлийн харилцаанд хөндлөнгөөс интервенц хийсээр ирлээ. Өөрөөр хэлбэл Монголын төрийн бодлого бүх алдаа дутагдлаа өнөөдрийг хүртэл “Малчдын хөрөнгө хямд байх, Улаанбаатарын иргэд хямд махаар цатгалан байх” гэсэн урьтач нөхцөлөөр нөхөж, хааж ирсэн. Саяхан гэхэд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мах экспортлогчдод өндөр ашиг олохгүй байх, иргэдийг хямд махаар хангах байж боломгүй коммунист үүрэг өгч байгаа нь зудын гамшгаар гаргасан алдаагаа бизнес эрхлэгчдэд үүрүүлж буй хамгийн тод томруун жишээ болно. Ийм нөхцөлд малчдад нэгжийн үнэлгээгээр биш нийт малын тоо толгойгоор хөрөнгөө нэмэгдүүлэх сонголт л үлдсэн. Тэр утгаараа бэлчээрийн даац хэтэрсэн асуудалд малчид биш талбайн хойдох байшинд суугаа хүмүүс буруутай. Махны үнэ чөлөөлж, төрийн оролцоог татахгүй бол “байгалийн болон бодлогын давхар зуд” дахин давтагдана. Улаанбаатарт ТҮЦ-т суугаа худалдагчид очоод хэдээр тамхи ширхэглэхийг заадаггүй хэрнээ хөдөө хөхөрч гадаа гандаж өсгөсөн нэг килограмм хөрөнгө хэд байхыг заах, оролцохоо одоо болих болсон.
  1. Нийслэл буюу орчин үеийн хөгжил. Хөдөөд мал аж ахуй хөгжихгүй байгаа нь нийслэлд технологийн хөгжил явагдахгүй байгаатай холбоотой. Нэрт түүхч МкНейл түүхэнд аливаа улсын хот хөдөө хоёр симбиоз харилцаатай хөгжиж ирсэн бөгөөд хөдөө нь түүхий эд, хот нь техник технологи нийлүүлэх үүрэгтэй хэмээн дүгнэсэн байдаг. Улаанбаатар хот хөдөөнөөс түүхий эд авдаг атал эргүүлээд мал аж ахуйн түүхий эд боловсруулах хөнгөн үйлдвэрлэл, техник технологи хөгжүүлж нийлүүлдэггүй. Энэ нь Монголын бизнес группууд инновац, R&D хийдэггүй, улсын орд уурхайгаас олборлож олсон ашгаар улстөр санхүүжүүлж, төрийн төсвөөр байшин барихаас хэтэрдэггүйтэй мөн холбоотой. Тиймд төсвийн реформ, зах зээлийн өрсөлдөөнийг хамгаалах хууль гээд 1990-ээд онд эхлээд дутуу хаягдсан эдийн засгийн реформуудыг зарчмаар нь хийж гүйцээж байж цаашид хөдөө аж ахуйн хөгжил ярих боломжтой болно. Энэ жилийн сонгуулиар сонгогчид намуудаас эдгээр асуудлуудад хандсан дорвитой бодлого, мөрийн хөтөлбөр нэхэх хэрэгтэй.
  1. Нэр төр. Мянгат малчин цолыг халах. Ямар ч нийгэмд нэр төрийн соёл үйлчилдэг. Энэ цол мал хувьчлалаас хойших цорын ганц нэр төрийн шагнал болохын хувьд малчдад мал сүргээ өсгөх мотивац болж ирсэн. Үүнийг одоо чанарын, технологийн агуулгатай болгож өөрчлөх цаг болсон.

Энүүхэн зайнд багтааж хэлэлцэх төдийд энэ мэт олон асуудал шийдлээ хүлээсээр. Энэ бүхний гүнд цаашид монголчууд бид нүүдлийн мал аж ахуйгаа ер нь хэрхэн авч явах вэ хэмээх соёл иргэншлийн суурь асуулт бий. Мал аж ахуйд шинэчлэл хийхийг эсэргүүцдэг хүмүүс Монгол Монголоороо байх хэрэгтэй гэдэг. Монгол Монголоороо байхын тулд харин ч малчид хөрөнгөлөг байх, хүчтэй байх, орчин үежиж хүмүүнлэг амьдралын хэв маягтай болох өөрчлөлт хөгжил зайлшгүй. Мал, малчин хоёр зуднаар шигшигдэж чанарждаг гэх сэтгэлгээ өөрөө хүмүүнлэг бус. Хориннэгдүгээр зуунд хүнээ зэрлэг ан амьтдаас ялгаагүй байгалийн шалгуураар шалгаж, амь бие тэнцүүлж явах юм бол улс байгуулж тоглох хэрэг юун. Хүний дэлхийд хүн шиг амьдрах гэж төр улс байгуулан суугаа бус уу?!

Тал нутагт хүлээсэн хүн ирэх сайхан. Хүн хүлээхээргүй хүчтэй, бүлтэй, хөрөнгөтэй бол бүр сайхан...

Нүүр гэрэл зургийг Д.Амараа

arrow icon