Нийтлэл 02 сарын 15, 2015

Украйнд гал зогсоох гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ

ОХУ, Украйн, Франц, Германы төрийн тэргүүнүүд 17 цагийн туршид Минскт хэлэлцсэний дүнд хийгдсэн Украйнд гал зогсоох гэрээ хэдхэн цагийн өмнөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. Олон улсын агентлагуудын мэдээлж буйгаар хоёр тал гэрээний заалтуудыг мөрдөж буй шинжтэй байна. Уг хэлэлцээрийн гол дүгнэлтүүдийг тоймловол:

  1. Хоёр тал яаралтай, бүх галыг зогсоох, 2015 оны 2 сарын 15-ны 00 цагаас эхлэн
  2. Хоёр тал бүх галт зэвсгийг буцааж татах
  3. Дээрх хоёрын хэрэгжилтийг хиймэл дагуул, радар зэргийг ашиглан үр дүнтэй мониторинг хийх
  4. Гал зогссон эхний өдрөөс Донецк болон Луханскад орон нутгийн сонгууль явуулах тухай хэлэлцэж эхлэх
  5. Донецк, Луханскийн зөрчилд холбогдсон хэнийг ч бай яллахыг хориглох
  6. Хууль бусаар барьцаалагдсан, хоригдсон бүх хүнийг суллах, өршөөх. Бүх галт зэвсгийг буцаан татсанаас 5 хоногийн дотор хэрэгжүүлж дуусгах
  7. Хэрэгцээтэй газарт хүмүүнлэгийн тусламжийг цаг алдахгүй хүргэх
  8. Дайнд өртсөн бүс, хотуудын нийгмийн болон эдийн засгийн бүх үйлчилгээг дахин сэргээх
  9. Зөрчилтэй бүсүүд, улсын хилийн дотор Украйнын засгийн газрын хяналтыг бүрэн сэргээх. Донецк, Луханскийн бүсүүд Украйнын хуульд захирагдана, 2015 оны дотор
  10. Бүх төрлийн гадаадын арми, зэвсэг, элчүүд олон улсын хяналт дор Украйнын газар нутгаас гарах
  11. 2015 онд багтаж Украйнд үндсэн хуулийн шинэчлэл хийх, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх

Харин зөрчил хамгийн гүнзгий цэгийн нэг Дебалцев хотын талаар тодорхой зөвшилцөлд хүрээгүйн улмаас гал зогсоогүй байгаа агаад оросыг дэмжигчдийн тал хяналтад авах оролдлогоо зогсоохгүй бол уг гэрээ бүхлээрээ амжилтгүй болж, дахин дайны гал эрчимжих эрсдэл ч бий.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зургийн эх сурвалж: bbc.com

Гэрээний үр дүнг үзвэл Европын дэмжлэг дор Украйнын шаардлагыг Оросын тал  хүлээж авсан мэт харагдаж буй ч үндсэн хуулийн реформ хийх зэрэг ярвигтай нөхцлүүдийг Украйнын талд үлдээснээр Путин стратегийн давуу талтай хэвээр үлдлээ.    Европын тэргүүнүүд гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс цөөн цагийн өмнө Путинтай утсаар ярьж, хэлэлцээрийн заалтуудыг амжилттай хэрэгжихэд анхаарал тавих хүсэлт тавьжээ. 

 АНУ-ын ерөнхийлөгч Обамагийн хувьд Украйнд цэрэг армийн тусламж үзүүлэх санаагаа бүрэн хойш тавиагүй гэж мэдэгдсэн нь Путин гэрээний хэрэгжилтэд ямар хүчин чармайлт тавихаас хамаарна гэсэн дохио гэж үзэж болно. Дайны гал зогсоох дипломат хэлэлцээр одоогийн байдлаар үр дүнтэй харагдаж буй ч амжилттай хэрэгжиж дуусах эсэх нь хараахан тодорхойгүй байна.

Гэрэл зургийн эх сурвалж: bbc.com

Гэрэл зургийн эх сурвалж:buzzfeed.com

Сэтгэгдэл бичих

arrow icon