Нийтлэл 02 сарын 16, 2015

Баатар хотын баатар дарга танаа

Үндэстний Тойм сэтгүүлийн 2012 оны 7-р сарын 9-ний дугаарт нийтлэгдсэн.

УИХ-ын сонгуультай хамт явагдсан Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн сонгуулийн үр дүнд АН олонх болсон бөгөөд шинэ УИХ-ын гишүүд тангаргаа өргөсөн өдөр хуулийн дагуу Э.Бат-Үүл УИХ-ын гишүүн биш болж Нийслэлийн засаг даргад нэр дэвших эрх нь нээгдэх учиртай. Нийслэлийн иргэдийн хурал эмхлэгдэн байгуулагдаж, УИХ-ын гишүүний статустай хүн Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч болсон сонин хууль эрх зүйн байдал бий боллоо. Хүүе хаая гэхээр сүйдтэй юм биш, гэхдээ хууль тогтоогчид үүн дээр анхаарах биз. Ямар ч байсан үүнээс болоод шинэ УИХ байгуулагдахаас нааш Баатар маань иргэдийн хурлаа хуралдуулах, хуралд оролцох эрх зүйн чадамжид нь асуудал үүсч болзошгүй.

Тахимаа өгч буй Г.Мөнхбаярт сайшаамаар зүйл чамгүй бий. Эдийн засгийн боломжтой үе таарсан тул үе үеийн Засаг дарга нараас хамгийн их ажил хийсэн нь гэвэл магтсан болохгүй. Гэрэлтүүлэгт маш их ач холбогдол өгч ажилласан нь Баянхошуунаас Шар хад хүртэл, Дамбаас Яармаг хүртэлх гудамжаас харагдана. Одоо асч байгаа эсэх нь тусдаа асуудал. Хотын төвд нэмж тавьсан гэрлүүд нь лав асч байгаа. Бас нэг дэвшилттэй тал нь зам тавьсан компанид гэрэлтүүлгийг хамт нь даалгачихдаг болсон. Харин ойр ойрхон явган хүний замын чулууг солиод байгаа харагддаг, шаардлагагүй байсан гэмээр. Замд хамаг төсвөө бардаг, даанч тэр замуудын нас богино нүх гүнзгий. Товчхондоо алдаа оноо ихтэй, ямарч байсан шүүмжлүүлэх хэмжээнд юм хийсэн дарга байлаа.

Хотынхон Э.Бат-Үүлээс хуруу дарам цөөхөн зүйл харж байгаа болов уу. Хамгийн нэгдүгээрт утаа. Зун мартаад өвөлдөө санадаг дарга цэрэггүй бүгдийг хордуулдаг утааг бүрэн шийдэхгүй ч,  бууруулах цор ганц арга бол иргэдийг орон сууцжуулах.Гэхдээ татвар төлөгчдийн мөнгөөр  цөөхөн хэдэн айлд  хоолой татаж өгөх нь либерал үзэлтэй нь хэр таарч байгаа юм бол. За татаад өгчихлөө гэхэд байшин барих нь хэд вэ. Бүр байшин барих мөнгийг нь зээлэх бололцоогоор хангаад өгөхөд зээлээ төлдөг нь хэд вэ?. Хэдэн жилийн дараа “ нүүрсээ түлээд бултаараа хордож суухдаа өргүй байсан сан даа Баатар минь” гэдэг дуу гарах вий. 100 айл, Дэнжийн 1000, Дарь Эх хотын төвд ойрхон гэж эхний ээлжинд  холбогдож, Баянхошуу, Толгойт, Хайлааст, Чингэлтэй бахь байдгаараа үлдэх үү. Үнэндээ барилгажилт зах зээлийн жамаараа явагдаж газраа зарсан авсан аль алиндаа өлзий учрал бүрдэж, төсвийн мөнгөөр биш, орон сууц эзэмшигчдийн мөнгөөр инженерийн шугам сүлжээгээ татсан бол шудрага болох байсан юм.

Хотын төвд ойрхон гэр хорооллынхон газраа үнэд хүргэж амьдрал ахуйгаа өөд нь татах тэдний эрх. Аливаа нэгэн албан тушаалтан сонгуультан, аж ахуй нэгж элдэв башир аргаар хямдхан газар авч барилгажуулах, хүчээр нүүлгэх гэх мэт ардчилсан улсад тэвчиж болохгүй үйлдэлтэй тэмцэх нь зөв, гэхдээ зах зээлийн жамаараа өгөх авахад нь гаднаас нөлөөлж, битгий зар гэх нь буруу биш үү. 13-р хороололын шинэ зам нэртэй замын хойд талд хашаатай хоёр айл бий. Цагтаа эргэн тойрныхон нь 40 саяар хашаа хороогоо зарж байхад илүү өндөр үнэлсэн. Гэтэл одоо газар нь сохор зоосны үнэгүй болжээ. Эргэн тойронд нь орчин үеийн байшин сүндэрлэж байхад хашаандаа жорлонтой үлдсэн хоёр гэрийг хараад янз бүрийн л юм бодогддог. Тэр үед төр засаг айл, компанийн дунд зуучилж гүйгээгүй, зах зээлийнхээ жамаар явсаар ийм болсон. Айхтар боломжтой айл тэр бүр гэр хороололд нүүрс түлж суухгүй нь мэдээж. Хоосон хонохгүй хоёр идэхгүй хоног өдрийг барж суугаа тэднийг утаа гаргалаа, гал түлэхээ боль , байшин барь гэж хүчээр тулгах аргагүй. Май зээл аваад байшингаа барь гэж өрөнд унагаж бүр болохгүй. Үнэндээ Баатар маань сайхан зүйлсийг мөрөөдөж, магад 20-30 жилийн цаадхыг харж байж болно. Гэхдээ өнөөдөртөө газраа байраар сольж, зөрүү хэдэн төгрөгөө авах нь хүмүүст илүү ашигтай хувилбар.

Баатрын мөрөөдөөд байгаа хувийн орон сууцтангуудыг бий болгоход төсвийн хөрөнгөөр татсан шугам биш, харин шугам оруулж болно гэсэн баталгаа л хэрэгтэй. Тэгвэл 15 давхар байшин барих компанитай өрсөлдөж газрыг нь худалдаж аваад хувийн орон сууцаа барих иргэд олон гарах байх шүү. Хот хөдөөгийн амьдралын түвшин зөрүүтэй байхад хөдөөнөөс хотыг чиглэсэн нүүдэл үргэлжлэх л болно. Монгол гэрт төрж, өссөн, насаа барах хүмүүс өдрөөс өдөрт нэмэгдсээр байхад гэр хороолол буурна гэсэн ойлголт байхгүй. Бүгдэд нь байр авах хүсэл, хатуухан хэлбэл санхүүгийн боломж ч үгүй. Барилгажуулалт утааны асуудлыг бүрэн шийдэхгүй гэж хэлсэн минь ийм учиртай.

Гадныхан хотоо тэлж төлөвлөдөг, зам харгуй, ахуйн үйлчилгээ, сургууль соёл бүгдийг цогцоор нь шийдэж байхад Улаанбаатар маань дотогшоогоо хумьж, улам бүр шавах юм. Хот төлөвлөлт гэж цаасан дээр гоё сайхан зураг л байдаг. Амьдрал дээр арга чаргатай нь дуртай газраа хашаа хатгаж дамлан худалдаж байна.Том жижиг гэлтгүй уул усаа тахиж хүндэлдэг монголчууд уулын оройд хашаа хатган амьдарсаар. Чухам үйлчилгээндээ, ажилдаа ойр байх гэж, унаа уншинд мөнгө бага зарах гэж аль боломжит газраа амьдарч буй иргэдийг буруутгах хэцүү.

Хот төлөвлөлтийг нийтэд нээлттэй зарчмаар шинэчлэн боловсруулж, иргэдийн хурлаараа батлуулахдаа аливаа аж ахуйн нэгжид оноож, бүсчилж өгөхөөс аль болох татгалзаж, уралдуулан өрсөлдүүлэх замаар олон нийтийн оролцоотойгоор газар олголтыг шийдэх нь зүйтэй. Миний аавын, миний төрж өссөн 40 мянгатын байшингууд үнэхээр хуучирч муудлаа. Газартай тэгшлээд шинээр барилга барих нь зөв. Харин яагаад, хэн,  хаана ямар байшин барих эрхтэй болчихов гэдгийг олон нийт мэдэх эрхтэй. Барилгын цөөн хэдэн компанид хотын төвийг хуваагаад өгчихсөн зураг бий, та заавал олж үзээрэй.  Энэ хуваарилалтыг ил тод нээлттэйгээр дахин хийх хэрэгтэй. Яармагт зориудаар өдөөн хатгаж газар авах гэсэн хүмүүсийг дэврээн үймээн дэгдээснийг харсан биз. Тэр шуугиан дуулианаар очиж газар хатгагсад дунд далимдуулагч, газар авч дамлан худалдаж амтшсан хүмүүс цөөнгүй байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Шинээр газар олгохдоо үнэхээр хэрэгцээтэй хүмүүст нь өгөөсэй, ашиг хонжоо хайгчдад боломж битгий олгоорой доо, Баатар минь.

Өвөл зунгүй хотынхныг залхаадаг зүйл бол замын түгжрил. Шалтгааныг нь энд тоочвол барахгүй. Харин түгжрэлийг буруулах хэд хэдэн боломжийг энд дурдъя. Нэг сая гаруй хүний өдөрт идэж уудаг, хэрэглэдэг хүнс барааг шөнийн цагаар түгээх. Шөнө түгжрилгүй тул хүргэлт хийх газартаа хурдан очиж олон цэгт хүргэж амжих, түлш хэмнэх, ажлын байр нэмэгдэх гэх мэт олон талын ашигтай энэ аргыг захиргаадалтын аргаар бус уяан хатан цагийн хуваариар шийдэж болмоор санагдана. Зайлшгүй өдөр хүргэлт хийдэг унаанууд татвар төлбөл бас нэг төрлийн сонголт болох юм. Үзвэр үйлчилгээний газруудыг хааж нээх цагийг нь хэн нэгэн мяндагтан албан тасалгаандаа гаргадаг зарчмыг халбал энэ том хотын хүн ам яг таг хоёр хуваагдаггүй юмаа гэхэд зарим хэсэг нь шөнө сэрүүн байж өдөр унтах нь дамжиггүй. Гэртээ унтаж байгаа хүн замын түгжрил үүсгэх магадлал багатай. Сайн ч, муу ч нийслэл хот учраас гадна дотны хүмүүс ирээд 24 цагт бүх юм хаагддаг гэхээр ахин дахин нягталж асуухаар би лав ичдэг. Тэгсэн мөртлөө гарын таван хуруунд багтах тооны газар шөнө ажилладаг гэхээр хуулийн тэгш үйлчлэх зарчим алдагдаж, шудрага бус өрсөлдөөн, хээл хахууль, тал тохой татах үзэгдэл гарч байна уу гэмээр. Эсвэл тэр газруудад зарсан сархад рашаан болдог увдистай хэрэг үү. Дуртай нь ажилладаг зарчим баривал хэн нь хэндээ хахууль өгч гүйхэв дээ. Саяхнаас шөнө ажилладаг нэг ч дэлгүүргүй болгосон нь аргаа барсан хэрэг гэлтэй. Өргөн утгаар нь авч үзвэл 24 цагаас хойш архи зарахгүй, дэлгүүр гуанзаа нээ хаа гэдэг нь үнэхээр коммунизмын нэвширсэн үлдэгдэл юм. Архи үйлдвэрлэлийг бүх шатанд дэмждэг мөртөө нүглийн нүдийг гурилаар хуурав гэдэг шиг 24 цаг гэдэг утгагүй шалгуураа больчихвол харин согтууруулах ундааны зохистой хэрэглээний тухай ярилцаж болно.

Төр захиргааны зарим байгууллагыг тараан байрлуулах нь бас үр дүнтэй арга. Засгийн газартай тохирч чадвал Дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Цөмийн энергийн газар болон бусад заавал Улаанбаатарт байх албагүй олон байгууллагыг Ховд, Дорнод, Говь-Алтай, Увс, Сүхбаатарт тараах гарц бий. Төрийн албанд зүтгэмээр байгаа бол, сэтэр зүүж дарга болмоор байгаа бол тийшээгээ яв. Үгүй бол тэнд бас ажиллах чадвартай хүн бий, хот руу нүүхгүй тэндээ ажилла гэвэл хот руу нүүх их нүүдлийг бага ч гэсэн сөрж болно. Их дээд сургуулиудыг дагуул хотууд руу нүүлгэх сураг гарсаар хичнээн ч жилийн нүүр үзэв дээ.

Аргамжаатай унаагаа шөнө явуулаач дээ. Өдөр цахилгаан үнэтэй, түгжрэлтэй ядаж явахад дээр доор хоёр зам харж явдаг унаа хотын гудманд чихэлдэхээ боливол том оврын автобус нь арай хурдан урагшилмаар. Хотын дөрвөн захыг холбож шөнөжин хямд цахилгаанаар давхих троллейбус байхад шөнийн ээлжинд ажиллах хүмүүст ч амар. Эргээд л нөгөө хүмүүсээ шөнө өдрөөр нь хуваах тухай  яригдаж байна. Гадны том хотууд давхар зам барих, зөвхөн чигээрээ ба баруун гар тийш зарчмаар авто тээврийг зохицуулах, нийтийн тээврийн хэрэгслийг богино эргэлтэнд оруулах, нийтийн тээврийн нэгдсэн тарифтай болох гээд олон арга хэргэлдэг юм билээ. Түрүүчийн мээр Долоон буудлаас нисэх хүртэл түгжрэлгүй явах нийтийн тээврийн зам хийх тухай шийдвэр гаргасан. Пүү паа гэлгүй тэрийг нь хийгээд үзвэл хувийн машинаас нийтийн тээвэрт шилжвэл наандаж эдийн засагт, цаанадаж байгальд ээлтэй юм даа. Ер нь замын түгжрэл манай эдийн засагт их хохирол учруулж байгааг тоон утгаар илэрхийлэн тооцоолж гаргавал сонин тоо гарна даа.

Баатар хотын Баатар даргад гэж нэрлээд нийтэлчихдэг, үнэндээ дарга болгох ч юм уу үгүй ч юм уу, юутай ч хотын иргэн би дээрх асуудлуудыг амжилттай шийдвэл дахин дахин сонгохоо илэрхийлж, амжилт хүсье дээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon