Нийтлэл 02 сарын 23, 2015

Сөрөх үү, зөрөх үү?

Өнөөдрийн үйл явдлыг тэртээ 12 оны сонгуулийн өдөр харсан гэж хэлэхээргүй ч өнөөдрийг зөгнөсөн мэт оносон ч юм их байна, зөрсөн ч юм их байна.  12 оны сонгуулийн дүн гардаг өдөр бичсэн нийтлэлээ толилуулъя, оносон алдсаныг  мэргэн уншигчид шүүнэ буй заа. 2012 оны 7-р сарын 12-ны Үндэстний Тойм сэтгүүл дээр хэвлэгдсэн:

Сонгуулийн пи арын утаа униар дарагдаагүй, ялсан нь баярлаж амжаагүй, ялагдсан нь гомдож дуусаагүй байхад Засаг яах бол гэсэн асуултууд босож ирнэ. Гомдогсод нь нийлээд хувьсгал хийж, улмаар иргэний дайн болгочихдоггүй л юм бол шинэ парламент тангаргаа өргөж хуучин нь тахимаа өгнө шинэ засаг эмхлэгдэж л таарна. Харин чухам ямар засаг байх бол гэдгийг эргэцүүлж үзвээс хэд хэдэн хувилбар гарч ирнэ.

Хамгийн эхний вариант АН дангаараа засаг барих. Энэ хэдэн мөрийг хэлхэж суухад сонгуулийн эцсийн дүн гараагүй байсан бөгөөд 2008 оныг эргэн дурсвал эцсийн дүн 11 сард ч гарч мэднэ. Гэхдээ сайхан мөрөөдөөд 39 суудал өгч байгаад анализ хийе. Ерөнхий сайдын асуудлыг энд түр орхиж байгаад сүүлд нь хэлэлцэнэ. Засгийн газрын гишүүний тоо хязгаартай. АН-ын сайд горилогчдын тоо харин жинхэнэ тоо шигээ хязгааргүй байж мэднэ. Данхайсан том засгийн газар байгууллаа гэхэд 15 яамнаас хэтрэхгүй, дээр нь их хурлын гишүүн засгийн газрын гишүүн байх нь зохимжгүй гээд байдаг хүмүүс өөрсдөө засаг барихаараа 100 хувь гишүүд болж арай л зүрхлэхгүй, ичих биз. 1998, 2000 онуудад яаж тоглуулснаа одоо мартчихсан гүйж яваа, дангаараа, дангаараа гэдэг үгийг маани мэгзэм болгосон шинэхэн гишүүд намынхаа байранд багтахгүй багширч аргагүй л зовлон үзсэндээ хашир хэд нь дангаараа ч хэцүү дээ гэж санаа алдана.

Гучин есүүлээ байхад эрхбиш нэг ерөнхий сайд томилчхож дөнгөнө. Харин Засгийн газар байгуулчихсан хойно нь хамгаалж дийлэх үү? Өөрийгөө огцруулахгүй ээ гээд ичихгүй кноп дарах уу? Дээр нь сайд болгоогүйд битүүхэн гомдсон өөрсдийн гишүүнээ гуйх уу, гөвших үү? Нөгөө талд МАН, МАХН, ИЗНН (босго давсан байгаасай гэж залбиржихуй) хэдэн бие даагч нар өчүүхэн төдий алдаа гарваас хариуцлага нэхнэ. АН-ын Ерөнхий сайд өөрөө бөөн зөвшилцөл хэлцэл, дажингийн торгон үзүүрт Ерөнхий сайд болох тул их л эмзэг Засгийн газрын тэргүүн байх болно. Нам харгалзахгүй гишүүдийн ангайсан болгоныг биелүүлдэг Алладины шидэт дэнлүүний джин шиг бүгдийнх нь боол байх болно. Боол байх мөрөөрөө байхгүй л дээ, гишүүдийн нэхсэн мөнгийг төсөвт дуулгавартай суулгаж, Алтан загасны 75 эмгэнийг Монголын ард түмэн дөрвөн жил үүрэх нь тэр. Дөрвөн сар тэсвэл шүү дээ.

Энэ хувилбар хэнд ашигтай вэ. Хамгийн түрүүнд сайд л болж байвал улс, нам, бурхан ч хамаагүй хүмүүсд ашигтай. Бас хамтрахгүй л бол чөтгөр ч яахав гэдэг хүмүүст сэтгэлийн таашаал эдлүүлнэ. Хамтраагүй бусад намуудад бас ашигтай. Шүүмжилж суух амархан, хийх хэцүү шүү гэж өөрсдөө 90 жил хашгирсан хүмүүс амархан гэдгийг нь амьдрал дээр үзэх завшаан тохиох нь. Засаг нь байсхийгээд ганхаад байдаг, хавар болгон солигдоод байдаг бол дараачийн сонгуулиар сөрөг хүчинд аштай юу?

АН+МАХН хувилбар. Хэрэв ийм засаглал яригдаж эхэлбэл маш сонин асуулт надад лав төрнө. Н.Багабанди шүүхийг атгаж байна, Н.Энхбаяр шүүхийг базаж байна гэдэг шиг Ц.Элбэгдорж шүүхийг мэдэлдээ бүрэн авсан бол МАХН-ын жагсаалтаар гишүүн болох магадлалтай хүмүүс Ч.Улаанаас бусад нь АН-аас угшилтай байгаа нь тохиолдол уу? Жагсаалт анхнаасаа ийм байгаагүй, дотроос нь сугарсан уу, сугалсан уу гэж хардаж болохоор.

За манай Ээбээ юу гэж тэгдэг юм, МАХН нэрийг ч гэсэн Дээд шүүх Ээбээгээс асуулгүй өгсөн за юу, асуух алба ч байхгүй гэсэн ч, олон тохиолдол нэг доор цуглахаар эрхгүй асуултууд ургана. Жагсаалтын тэргүүн Ч.Улаан Шадар сайд хийх эрх эдэлнэ. Алба зиндаа өндөр, хариуцлага гэж ноль ийм сайхан албан тушаалд очихыг мөрөөдөгсөд олон ч эрх мэдэл нь бас ноль руу тэмүүлсэн нэгэн болсноос Сангийн сайд нь Ч.Улаанд дээр л дээ. Угаасаа С.Баярцогтоос Ч.Улаанд өгчихсөн бол МАХН руу яваа ч уу, үгүй ч үү... М.Батцэрэг, Н.Сономпил арга ядахнаа Ц.Цолмонг шадар хийлгэж болох л юм. С.Чулуунбат шадар хийхэд болохгүй гэх газаргүй. Д.Тэрбишдагва Хүнс хөдөө аж ахуйд их хайртай. Идэх юманд хайртай байхаас ч аргагүй, бүгд л хайртай байдаг. Н.Сономпилд нэг юм зуулгана. Г.Уянга Нийгмийн хамгааллын сайд. Ингээд үнсэндээ таван суудлаар хайр зарлаж болно.

Үлдсэн хэдэн суудлыг АН дотроо эв найртай хуваарилж дөнгөнө. Харин МАН, ИЗНН ын дайралтыг няцааж дийлэх үү, дотоод сөрөг хүчин хэр хүчтэй байх вэ гэдгээс шалтгаалж Засгийн газрын нас бас богинохон байх магадлал өндөр. МАН-ыг хэн ч биш болгох төлөвлөгөөний эхлэл нь ийм амжилттай байгаа юм чинь АН-ын эсрэг чиглүүлбэл О.Цолмон эгчийн толгой бас л хөөрхөн ажиллах байх шүү. Гэхдээ Баабарын хэлснээр арай ч АН-ын толгойг залгичих эвсэл биш байх гэж найдъя. Энэ хувилбар хэнд ашигтай вэ? МАНАН-г сарниулна гээд байсан Н.Энхбаярт л ашигтай. Бүр хэзээ хэзээгүй ял уншигдахаас ч аварч мэднэ. 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын хүнийг дэмжих шахааг эс тооцвол  МАХН-д хамгийн ашигтай хувилбар. Цоо шинэ нам байгуулаад шууд засаг барилцана гэдэг нь 1933 онд Гитлер канцлер болсонтой эрхгүй жишмээр амжилт. Социал демократууд коммунистуудтай үзэлцэж байх завсар коммунистуудыг хараасаар Гитлерийн нам цөөнх болсон мөртлөө Хиндэнбург ерөнхийлөгчийн туслалцаатайгаар канцлер болж дөнгөсөн сонин түүх давтагдах шахаж байна. Шоронд хэсэг сууж ном бичээд, байшин шатаагаад Гитлер дарангуйлагч болсон бол Монголд шоронд суусан хүн нь ч байна, шатсан байшин нь ч байна. Биш ээ, байхгүй болчихсон, гэхдээ байшин шатсан.

Хэн ч биш, бүлэггүй хэдэн жил суусан байдалдаа бүр дасаж орхиод дурлаагүй л бол ИЗНН жилээс жилд дэмжигч нь нэмэгдэж байхад дэндүү чамлалттай амжилт гаргаж байна. С.Зоригт С.Оюуныг АН-д эргүүлж авчрах намын даалгавраа биелүүлж чадаагүй ганцаараа төрхөмдөө эргэж ирсэн ч өөрөө нам солиод гишүүн болсонд ИЗНН-аас дэвшсэн Р.Буд МАН-аас дэвшсэн Р.Буд нарын ижил нэр нэмэр болсон л байх. МАН-д ашигтай АН+МАХН тандем хэврэг тул хүссэн үедээ эгзэгтэй газар нь хатгаад хөмөрчихнө. 2016 онд МАХН-тай тохироо хийгээд орж болно. 2013 онд МАН-аас дэвшүүлсэн хүний саналыг МАХН хуваахгүй гэх мэт ашигтай байх талтай. Сөрөг хүчин төрөл бүрийн ашигтай гэж “мөнхийн сөрөг хүчин” нэгэн эрхэм айлдсан нь юутай үнэн.

АН+ИЗНН мөрөөдлийн баг. Цаасан дээр л бичихээс амьдралд нээрээ л мөрөөдөл болоод биелэхгүй үлдэнэ. Бие даагч нараас С.Ганбаатарыг ИЗНН татаж чадвал АН-д дэмжлэг болж болно. Гэхдээ гурван хүний дэмжлэг АН-д удаан настай дэмжлэг болохгүй, дээр нь С.Ганбаатар улс төрд найдваргүй түнш ангилалд багтах учраас энэ хувилбарыг айхтар задалж ярих бараг утгагүй. Гэхдээ МАН сөрөг хүчин хэвээр байж МАХН-ыг засаг бариулахгүй гэсэн бодлого баримталбал гурвалсан гэрээ байгуулаад ИЗНН-д засаг барих виз дарж өгч болох юм. Гэхдээ энэ бол С.Баярын зиндааны стратегич л хийж дөнгөх хувилбар. Баталгаа нь МАН-ынстарая гвардия” буюу “50+” насныхан. МАН-ын “50-“ хэсэгт удаан ярьж өгч байж ойлгоно, гэхдээ тэд зөвшөөрөхгүй.

Ганц хоёрхон яамаар өргөл барина. Эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй, манантлаа гэж хараалгахгүй, ганц гэм нь 16 онд ИЗНН-д санал алдана. Гэхдээ үүнийг 16 онд эвсэнэ барина гэж шийдэж болох л доо. МАН-д ашигтай хувилбар. МАХН-ыг давраахгүй, өөрсдөө сөрөг хүчин хэвээр үлдэнэ, дуртай үедээ АН-ын засгийг унагана. ИЗНН-д ашигтай. Засаг барилцана, нэр хүндээ нэмнэ. МАХН-д ашиггүй. Тэд хэнд ч хэрэггүй болоод АН угшилтай улс нь АН руу урвах магадлалтай. Гэхдээ АН угшилтангууд жагсаалтаар гарсан тул нам нэрийг нь татаж болох болохгүй тухай маргаан дэгдэнэ... Хуулинд чухам чингэвэл яах тухай заалт байдаг эсэхийг мэдэхгүй юм. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт эсвэл хуулийн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй байх....

АН+МАН хамгийн их маргаан дагуулах хувилбар. Хамгийн олон эсэргүүцэгчтэй ч байж мэднэ. 2004 оноос хойш өвөр түрийндээ орж гарч өссөн хоёр гэдэг шиг бие биеэ андахгүй болсон. Ч.Сайханбилэг бүлгийн дарга болохоор тэгдэг юм уу, угаасаа хүн нь тийм юм уу, яс хавталзтал түгжил түгжил мэдэгдэл хийдгийг нь эс тооцвол эв эеэ олоод байдаг нөхдүүд. Зурагтаар гарахдаа чи би хуц уль гэчхээд танхимаас инээлдсээр тэврэлдсээр  гарч явах нь олонтаа. Монголын уул уурхай гэв гэнэт дэлхий анхаарлын төвд орсноос хойш Монголын эдийн засгийг бурхан ч ойлгохоо байсан энэ үед засаглалын хамгийн тогтвортой хувилбар. Н.Алтанхуяг хэнтэй ч зөвлөлдөхгүй нэг өглөө засгаас гарсны хариуг МАН 2016 онд барих боломжтой. 2008 онд сонгуулийн дараа МАН, АН эвсэхэд зарим нэг судлаач нар ингээд 8 жилийн гэрээ батлагдлаа гэж байсан. Энэ үнэн ч бай, худлаа ч бай МАНАН Оуютолгойг гацаанаас нь хөдөлгөж Таван толгойг төрүүлсэн гавьяатай. МАН засгийн хямралд авталгүй сонгууль хүргэсэн нь бас л МАНАН. Төсвийг харин исгэсэн гурил шиг өсгөж, эдийн засгийн халуурлыг ажиг ч үгүй хийсэн гай бас л МАНАН. Албан тушаалтны хариуцлага алдахыг нүд аньж өнгөрөөдөг бас л МАНАН.

МАНАН-гийн хамгийн том гавьяа нь гадаадын хөрөнгө оруулагч нарт Монголд итгэх итгэлийг төрүүлсэн. Энэ монголчууд чинь сэлэм эргүүлэхээс өөр юм мэдэхгүй, байнга түгжилддэг нөхдүүд гэдэг төсөөллийг сольж хамгийн том хүндэтгэлтэй Төрийн айлчлалыг ХБНГУ үзүүлсэн, бас хамгийн ихээр сонирхож буйгаа илэрхийлсэн явдал. Сонгууль дөхөөд оноо авах гэсэн хэдэн нөхөд яаруу сандруу хязгаарлах хууль баталсан ч Монголд шингэх гэсэн хөрөнгө цагаа хүлээгээд дэлхийн халааснаас суга үсрээд хонож байгаа. Одоо харин АНМАН болох цаг нь ирсэн байж мэднэ. АНМАН-ы танхимыг харин тааж ярих хэцүү. АН, МАН сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор удирдлагаа яахав гэдгээс шалтгаална. Н.Алтанхуяг эвээр өөрөө өгнө үү гэхээс хариуцлага тооцох маягаар авах гэвэл шударга бус. Эвээр өгнө гэвэл С.Баярцогтод л өгнө. Фракцдаа олон сайд авч наймаалцаж болох л юм. Тэгвэл Алтангадасын биш хэнд өгөх вэ? Х.Баттулга нам авч явж барахгүй, гэхдээ Ерөнхий сайд хийж дөнгөнө. Нэг л компанийн төлөө улс ажиллаж байна гээд унтууцаад байсан юм чинь нэг л компанитай тэмцээд унах аюултай тул Ерөнхий сайд болгохгүй байх. Уг нь ажил хэрэг урагшлуулахдаа сайн юмсанж. З.Энхболдод намын дарга авах мөрөөдөл, амбиц аль аль нь бий. Харин нам доторх дэмжлэг юу л бол. Өөрийнх нь зуумхай чанар хүмүүсийг өөрөөс нь үргээдэг. Яг энэ хэсэгт би хатуу хэлэх гэсэн боловч шүүхэд дуудагдах төвөг гээд болив. Хэрэв З.Энхболд намын дарга болбол намаасаа гарна гэсэн хүнийг сайн танина. Хэрхэхийг тэнгэр мэднэ биз.

Дараачийн кандидат Р.Амаржаргал. Нэр цэвэр, сайн эдийн засагч. Муу улс төрч, өөрийнхөөрөө, хүмүүстэй цэрвэж харьцдаг. Намын даргад тэнцэх ч муу улс төрч учраас удахгүй онхолдох эрсдэлтэй. Ерөнхий сайд хийвэл цэвэрхэн аваад явчих ухамсартай. Танхимаа бүрдүүлэхдээ өөрийгөө ч, өрөөлийг ч зовоох нигууртай. Фракц нь жижигдээд намын дарга авах магадлал бага. Хэдийгээр ерөнхийлөгч болоод намаас татгалзсан ч Ц.Элбэгдорж Н.Алтанхуягаас илүү нөлөөтэй лидер. Явж явж АН-ын Ерөнхий сайдыг Ээбээ сонгож гаргаж ирнэ. Удаахан настай засаг өөрт нь ч хэрэгтэй. МАН удирдлагаа солино. Ө.Энхтүвшин, Н.Энхболд хоёр боломжит хувилбарууд. Ө.Энхтүвшин арай консерватив учраас МАН-ын массын дэмжлэгийг авна. Н.Энхболд харин реформистуудын дэмжлэг авах магадлалтай. Явж буй удирдлага реформист бүлэглэлд хамаарах тул Н.Энхболдыг санал болгох магадлалтай. С.Баярцогт+Н.Энхболд мөрөөдлийн тандем. Энд хамгийн өөдрөг Засгийн газар байгуулж бүрнээ болно. Гэхдээ мөрөөдөл шүү дээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon