Нийтлэл 02 сарын 25, 2015

СИСТЕМ ба ОЮУТАН

           Манай улсад 17-22 насны 160.000 гаруй оюутан буюу нийт хүн амын 12 хувь нь оюутан, Сонгуулийн насны буюу ажиллах боловсон хүчний 30 хувийг тэд давхар эзэлдэг. Өнөөгийн оюутан залуус тэтгэврийн насны хөгшид, эсвэл дунд сургуулийн дүү нараасаа ухамсар дорой болжээ. Энэ нь тэдний буруу биш СИСТЕМ-ийн хийсэн зориудын ажиллагаа юм байна.

СИСТЕМ бол ах дүү Бачковскийн хийсэн киноны МАТРИКС орон зай. Систем тэднийг өөрийн хяналтад байлгах гэж оролдоод боломжгүйгээ мэдээд зориудаар "хордуулж, сэтгэх тархины бойжилтыг" саатуулсаар өнөө үед иржээ. Оюутан ахуй цаг бол "заяанаасаа хувьсгалч" хамгийн эрч хүчтэй хөдөлгөөнтэй давхраа. Нийгмийн эрх баригчид тэдэнд таалагдахын тулд, эсвэл тэднийг бүрэн хяналтдаа байлгахын тулд уураг тархиа гашилгаж ирсэн. Мөнхийн хувьсгалч, өөрчлөгч, худалдаж авч болдоггүй энэ залууст алдах зүйл бол улиран өнгөрөх цаг хугацаа, олох зүйл бол амьдралдаа алхах бүрдээ ойлгох туршлага байдаг. Монголын СИСТЕМ харин өөрийн оюутнуудаасаа цаг хугацааг булааж аваад мансууруулчихжээ. 

Ардчилсан хувьсгалыг одоо дурсамжаа хачиртай ярьдаг энэ хэдэн "ардчилагчид" биш тэдний ард байсан "УЛААН ШУГАМ" дээгүүр алхаж гарсан, ачаалал даах чадвартайгаа олон зүйлээр баталсан Их сургууль, Техникумийн ОЮУТАН-ууд ухамсартайгаар бат зогсож байсан болохоор тэд ялсан юм. Яагаад гэвэл УТТ-ынхан номхон хүлцэнгүй ард түмнээс биш ЗГ-ын ордныг тойроод байрласан ИХ СУРГУУЛИУДААСАА айж байсан.

Одоо ч Солонгос найз нар ирээд УБ-ыг үзэхдээ танай ЗГ чинь их сургуулиудтайгаа тун ойрхон байрлах юм? Аймшигтай биш үү? гэж асуудаг юм. 

Өнөөдрийн "оюутан улс" 1993 оноос эхлэлтэй. Гадаад паспорт аваад ачаа даах чадалтай хүн бүр наймаанд явж эрсдэлийг даалгүй архи, айдаст автсан. Эрчүүд сэтгэлийн тэнхээ муу, наймаа архи 2 нэг шугамд байсан учир 2-р ээлжийн наймаачид эмэгтэйчүүд боллоо. Харин 3-р ээлжийнхэн 10 жилийн аттестатаа авсан, амьдралын амтны чихэр - давсыг мэдэж амжаагүй хүүхдүүд болох байлаа. Наймаанд явсан эднээс тун цөөхөн нь хөл алдалгүй сэлж гарсан. Тиймээс алдарт УЛААН ШУГАМ-ыг татан буулгаж толгойтой бүрийг хувийн зардлаар Их сургуулийн оюутан болгож боловсрол анх удаа хувьд шилжиж хувийн Их сургууль, Дунд сургуулиуд байгуулагдав. Ингэж Монгол улс "оюутан улс" болсон доо. Гэхдээ худгийн ус шиг юм хэмжээтэй болохоор Монголчууд бидний оюуны нөөц боломж ч бас хэмжээтэй.

Монгол урьд нь 2О.ООО оюутантай байсан тэдний 8000 шилдэг оюутан байсан, Одоо Монгол 160.000 оюутантай болсон ч тэдний 8000 л шилдэг оюутан байна. Тэднийг УЛААН ШУГАМ ЗААГЛАДАГ байжээ. 

СИСТЕМ яаж оюутнуудыг ийм байдалд оруулав? 
          1. Оюутнуудыг сонгуулийн манипуляцдаа оруулж “эрхлүүлсэн”. Жилдээ 15 тэрбум ₮-ийг тэдний цалинд, 13 тэрбумыг нийтийн тээвэрт зарцуулдаг. Тэдний сургалтын төлбөрийг инфляцтай уялдуул гэсэн харгис бодлого нь Их сургуулийн чадварлаг багш нарыг хувийн хэвшилд “биеэ үнэлэхээс” өөр аргагүй байдалд оруулж Их сургуулийн профессор багш нарын 60-аас илүү хувийг эмэгтэйчүүд болгож хувиргасан. Их сургууль массын буюу ард түмний сургууль болж хувиран сургалтын төлбөрийн хэмжээ улс төрийн шийдвэр болов. Сүүлдээ СИСТЕМ өөрсдийн хүнээ их сургуульд ажиллуулах болсноор одоо нийтийн салбарын хувьчлалын тухай идэвхтэй ярилцаж эхлэв. Системийн хүүхдүүд бүгд тусгай дунд сургууль, гадаадын их дээд сургуульд сурдаг. Яагаад гэвэл бид ирээдүйн Системийн залуур дээр өөрсдийн гэр бүлийг хамгаалах хатуу үүрэгтэй. 
        2. Боловсролд нийтийн СТАНДАРТ мөрдөлтийг чөлөөтэй болгосноор сайхан нэртэй мэргэжил, сургуулиуд борооны дараах мөөг шиг олшров. Гаалийн байцаагч, Мэдээллийн системийн менежмент, Барилгын менежмент, Уул уурхай менежмент, Компютерийн удирдлагатай системийн менежмент, Пи Арын мэргэжилтэн зэрэг урдаа юмуу хойноо удирдахуйн ухаантай ямар нэг мэргэжилрүү улсын сургууль л бол хошуурч эхлэв. Учир нь социализмын сүүл үеийн хүн амын өсөлт буюу 1980-аад оны сүүл үед төрсөн хүүхдүүд “оюутан Монгол” улсын бодлогыг дэмжиж өгсөн явдал байлаа. Олон гоё мэргэжил, улсын сургуулиудын ачаалал хэтрэв. Анх 6.000 оюутанд үйлчлэх зориулалтаар байгуулагдаж байсан ШУТИС 26.000 оюутантай болж даац хэтэрч боловсролын систем дамжлага бааз буюу конверын хэлбэрт шилжлээ. Монголын түүхийн жирийн нэг багш жилдээ 400 оюутанд лекц, семинар уншина. Багшид зориулсан анги, Багшид өмчлөгдсөн хичээл, мэргэжлүүд энэ олон зуун оюутан залуусыг төөрүүлж орхилоо. Товчоор хэлбэл 30 дунд зэргийн оюутан дээр 5 сайн оюутан орж ирээд 35 дунд зэргийн мэргэжилтэн болж төгсөнө. Систем боловсролын системээрээ дамжуулж оюутан залуусын 4-5 жилийг хулгай хийж эхлэлээ. Та зүгээр л суралцаж байхад л болно гэж.
         3. УЛААН ШУГАМ-д багтдаг арай гайгүй оюутнууд Үндэсний мэргэжилтэн бололгүй гадагшаа урслаа. 1960-1970 оны дэлхийн хүн амын тэсрэлт Эх газрын болон Америк боловсролыг кемпийн загварт оруулж том том сургуулийг дагасан том үйлчилгээ, “тархи сорох” төвүүд байгуулагджээ. Асар их, бүр асар их мөнгө Их сургуулиар дамжин элдэв сангийн нэрээр “угаагдаж” байгаад олон зуун доктор, мастер үйлдвэрлэдэг туузан дамжлага хоосрох аюулд оров. Тэдэнд шинэ цус хэрэгтэй. Тэр нь хөгжиж байгаа болон ядуу буурай орны “УЛААН ШУГАМ” давсан оюутнууд. Жил бүр олон төрлийн тэтгэлэг, зардлаар Монголын уураг тархи болсон залуус Системийн хүүхдүүдтэй хамт гадагшаа явдаг. ШУТИС-ийн уураг тархи болсон Математикийн болон Холбоо Мэдээллийн сургуулийн залуу багш нар бараг ажлаа хаяад хоoсрох аюул нүүрлээд байгаа Солонгос, Японы лабораториудад суудаг болсон. Тиймээс оюутнуудаа уриалан дууддаг оюутнууд ганцаарддаг, цөөнх болжээ.
    4. Систем нь Оюутнуудыг баяр цэнгэл, найр, дуу хуур, идэж уух, шоунд хачин их дуртай гедонист сэтгэлгээтэй болгов. Тэдэнд олдох ажил хэдхэн, тэдний үгийг хэн ч тоохгүй, тэд найдваргүй этгээдүүд, тэд зүгээр л цаг хугацааг илээж байгаам шиг урсгалаараа явна. Цөөн хэдэн олимпиад, тэтгэлэгт өрсөлдөнө. Тэдний амьдрал загварлагдсан МАТРИКС. Өвөрмөц сэтгэдэг, хийдэг залуучууд их ховор, эсвэл их хэлбэр төдий. Тэд ядаж сонсдог дуу, стилийнхээ сонгодгийг мэдэхгүй, зүгээр л сонсоход гоё гэнэ. Яг л мансуураад хүлээлгийн танхимд байгаам шиг... Тэдний эрхийн өдрөөр жагсаал цуглаан биш шоу цэнгэл болдог. Тэднийг оюутан болсон анхны өдөр тангараг гэж сонин баяр хийнэ. Тангаргаа хэрхэн биелүүлснээ тэд Чингисийн талбай дээр харуулдаг.
        5. Орчин цагийн оюутнууд зуудаг багш, хүнд хичээлээс л цаг хугацааны чанартай айна. Тэр айхтар багшийн хэлсэн үг бүрийг дагадаг. Хэзээ ч уншихгүй шахааны номыг нь дуугүй авна, эсвэл Шөнийн 2 цагт шалгалт авахад тэд зогсож л байдаг "дуулгавартайчууд". Хүнд хичээл, хатуу багшийн цаана ширүүн амьдралд үхэн үхтлээ сэлэх хөлгүй их ус хүлээж байгааг ойлгодог “хүүхдүүд” их цөөхөн. 
Эрх чөлөө нь өөрт нь байсаар байхад эрх чөлөөнөөс зугтдаг, түүнийг хэрэглэхээс айдаг\Хаек "Боолчлолд хүрэх зам"\ хөлд, хэлд бүрэн ороогүй анд найз нар минь амьдралд чинь ганцхан дохиох хамгийн сайхан цаг үеэ хамгийн сайхнаар дурсаж явахын төлөө СЭРЦГЭЭ, ДУРТАЙ, ЗӨВ ЮМАА ХИЙ, НАЙЗАЛЖ НӨХӨРЛӨ, ХАМТРАН АЖИЛЛА. УНШ – УНШ – УНШ. Энэ хүртэл уншсан чамд баярлалаа.

Сэтгэгдэл бичих

arrow icon