Нийтлэл 02 сарын 26, 2015

Эмүжин - Хадны мангаа хашгирах цагаар...

Эрт урьд цагт эрх мэдэл нь хэтийдсэн Энхбаяр гэж байжээ. Тэр өөрийн гэсэн Хадны мангаатай болохыг хүссэн гэдэг. Үгэнд ордоггүйг нь айлгаж,үүдэнд сөхөрдөггүйг нь бөхийлгөхийн тулд өндөр сэнтийд нь үйлчлэх хүчирхэг Хадны мангаатай болохыг эрмэлзэн хууль боловсруулснаар Авлигатай тэмцэх газар сүр дуулиантай төрсөн юмсанж. Мэдээж, анхнаасаа сүүдэрт төрж,төлжсөн юм болохоор мөнөөх Хадны мангаа өсөх тусмаа өсөрхүү, томрох тусмаа догшин нэгэн болсон гэнэ. Аавынхаа араа шүд, алсын санаанд захирагдан айлган сүрдүүлэх донтой болсон Хадны мангаа хаяагаа хадарч, харснаа чичрүүлдэг том зантай, толгой гэдгэр аж. Хожим өөрийн тэлсэн эцэг болох Ц.Элбэгдоржийн дохио зангаагаар догширч, басхүү номхорч сурсан гэнэ.

АТГ-ын намтар ийнхүү үргэлжилж байна. Ерөнхийлөгчийн шууд удирдлагад ажилладаг гэх энэ байгууллага бий болсон цагаасаа эхлэн улс төр, бизнесийнхнийг айлгадаг араа шүдтэй аймшигт Хадны мангаагийн үүргийг гүйцэтгэсээр ирэв. Нэг үгээр хэлбэл АТГ улстөрчдийн хувьд сэлэм гялс, толгой бөндгөс гэхийн зуургүй гэтэн дайрдаг гэнэтийн гэсгээл болж хувирсан бол бизнесийнхний хувьд ч ялгаагүй тэргүүн дээр нь далайсан тэвчээрийн илд мэт ойлгогдсоор өнөөг хүрэв.

АТГ-ыг байгуулсан нь зөв эхлэл байсан боловч энэ бодлого хэрэгжихдээ хэн хүчтэйг нь даган улстөржих зарчмаар ажиллах болсон нь увайгүй урвагч, шарваачийн дүрийг бий болгосон хэрэг. Эрх мэдэлтнүүдийн нохойд барьдаг мод, ноцохдоо далайдаг ташуур болсноороо АТГ анхны зорилгоо умартаж, өнөөг хүртэл сайн нэр дуулсангүй, сайхантай үйл холбогдсонгүй удав. Нэг жишээ дурдахад УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр энэ асуудал хурцаар хөндөгдөн, нэг хэсэгтээ л чих халууцуулж, нэг хэсгийнхнийг нэлээдгүй хэлмэгдүүлсэн. МАН-ын Ё.Отгонбаяр, Б.Анандбазар нарын тойрогтоо ялах магадлалтай цөөнгүй залуу АТГ-ын сэлэмд хяргуулчих дөхсөнийг уншигчид санаж байгаа. Энэ мэтээр шийдвэрлэх мөчтэй уралдан шийдсэн дайралт хийж, хэн нэгэн эрх мэдэлтний тусын тулд Хадны мангаагаар хажуугаас нь архируулдаг явдал моод болтлоо ужиграв. Асуудал дуусангуут " Гэм буруугүй нь тогтоогдлоо " ч гэх шиг гэнэн тайлбар зүүдэг хөгийн зантай, хөгнө ишигний явдалтай гэх. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өөрийн өстөн дайсан болох У.Хүрэлсүхийг хэдэнтээ шалгуулж, хэсэгтээ тарчлаахдаа мөн л энэ мэтийн эгзэгтэй цаг үеийг сонгож байв.

Төрийн гурван өндөрлөгт АН-ынхан залрахад ард түмэн АТГ-аас өөрчлөлт хүлээсэн. Бодит агуулга, жинхэнэ зорилгоороо ажиллах болов уу гэсэн нийгмийн хүлээлт талаар болж, Хадны мангаа маань Ц.Элбэгдоржийн үед харин ч нэг халгаатай араншин гаргах болсон нь үнэн юм. Өмнөхөөс ч илүү улстөржиж, урьдахаасаа ч илүү уруудав. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг тойрсон саяхны үйл явдлууд үүнийг гэрчилдэг. АН-ын дарга асан тэрбээр Ерөнхий сайд байх үедээ ч энэ тухай нэгэнтээ ам алдан шүүмжилж, " Хүчний байгууллагууд бизнесийнхнийг дарамталж, нийгмийг шоронжсон сэтгэлгээгээр айлгахаа болимоор байна" хэмээн бухимдсан удаатай. Өдгөө өндөр албанаасаа буусны дараа ч бас энэ сэдвийг хөндөн, элэг зүрхээ уудалсан байх юм.

"АТГ-ыг улс төр, эрх ашигт үйлчилдэг ёс суртахуунгүй газар болгож болохгүй" хэмээн Н.Алтанхуяг зориуд цохон хэлэхдээ " Ардчиллынхан бид төрийн гурван өндөрлөг болсон энэ үед хуулийн нэрээр дээрэм тонуул хийж, гүтгэлэг доромжлол, айдас хүйдсийг нийгэмд тараадаг төрийн байгууллагатай байж болохгүй" гэж шулуухан үгийг шуудхан уруул давуулжээ. Үнэнийг хэлэхэд саяхнаас харснаа хадардаг, хадарснаа сүрдүүлдэг Хадны мангаа маань дэргэдээ харгис Ганнибалтай болсон нь Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба байлаа. Уг албыг АТГ-ын дээвэр дор багтааснаар хэнээс ч хараат бус байх ёстой шүүх, прокурорынхан Хадны мангаа, харгис Ганнибал хоёроос айн чичрэхдээ тулсан талаар мэргэжлийнхэн шүүмжлэх болов. Энэ хоёр байгууллагыг туурга нэгтгэснээр дээхнэ үеийн хэлмэгдлийн буюу махны машин бүрэн утгаараа тачигнаж эхэлсэн тухай дуугарсан хүн цөөнгүй. Энд зориуд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн үгнээс иш татдаг нь учиртай. Хадны мангаа, харгис Ганнибал хоёрыг эзэмшин, эрх мэдлийн сүлжээгээр хүссэнээрээ хөдөлгөн жолоодож буй нам дамжсан бүлэглэл болон түүнд өртөн хэлмэгдсэн өөрийн амьдрал, анд нөхрийн тухай ил тод ярьсан сүүлчийн " могикан" нь Н.Алтанхуяг болж таараад байгаа юм. Ерөнхий сайдын өндөр суудал нь ч, АН- ын даргын хариуцлагатай алба нь ч түүнийг болон хамтран зүтгэгчид, гэр бүлийнхнийг нь аварч чадаагүй гээд бодохоор мань мэтийг бол өнөөх Хадны мангаа зажлалгүй залгих нь мэдээж. Эрх барьж буй намын дарга байсан хүнээсээ эхлээд нийгэм бүхэлдээ Хадны мангаа, харгис Ганнибал гэгдээд байгаа АТГ, Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба хоёроос айж эмээх " аймшгийн киноны сэтгэхүй"- тэй болох шалтгаан энэ юм. Х.Тэмүүжин, Л.Гансүх нараас эхлээд олон хүн нэгэнт эрчимтэй ажиллаж байгаа махны машины золиос болсон талаар Ерөнхий сайд асан эрхэм,гашуухан үгийг гөжүүдхэн хэлсэн байна билээ. Эрх ашгаараа сүлбэлдсэн ганц хоёрхон хүний том эрх ашиг, том мөнгөний тоглолт явагдаж, тэдний мэдэлд АТГ, Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба хоёр айлгах тактик хэрэглэн араа шүдээ хавирч, арга замаа нарийсгаж байгаа тухай Н.Алтанхуягаас гадна УИХ-ын нэр бүхий гишүүд ил тод хэлсэн нь ч бий. Эндээс Н.Алтанхуягийг огцруулах бизнес хийгээд эрх мэдлийн, улс төрийн сонирхол хүчтэй үйлчилж ирсэн нь ч харагдана. Магадгүй, Л.Гансүх, эсвэл Н.Алтанхуягийн охин, нөгөө Дэнзэн хэмээх залуу бүгд буруутай байж болно. Хамгийн гол нь гол баатар буюу Н.Алтанхуягтай холбоотой баримт мэдээллээ улстөржүүлж гарган тавьж байгаа нь өөрөө АТГ-ын үнэн дүр төрх, цаад зорилгыг илчилсэн хэрэг гэдгийг энд зориуд дурдмаар байна. Ойрхны жишээ дурдахад Н.Алтанхуягийг огцруулах асуудал хөндөгдөөд эхлэнгүүт АТГ хэвлэлийн бага хурал хүртэл зарлан хөгөө дэлгэж байхав. Тэгээд асуудал шийдэгдэн, мань эрийг сандал суудлаа хүлээлгээд өгөнгүүт нам болж, таг дуугаа хураасныг бид бүгд харсан. Хадны мангаа, харгис Ганнибал хоёр хэн нэгний захиалгаар, улстөрийн зорилгоор ажилладаг нь эндээс тод харагдаж байж ч болох. Ямартаа төрийн хамгаалалтад байх учиртай Ерөнхий сайд асан маань хүртэл " Төрсөн үр хүүхэд, найз нөхөрлөлөөр нь барьцаалан ялладаг түүх надаар дуусаг" хэмээн үгээ хэлж, үнэнээ өчиж суухав. Эр хүн эр сур мэт хатуу үгээ нулимстайгаа залгин байж ийнхүү хэлсэн биз. Хэдэн муу улстөрчдөө бид урвалаа шарвалаа, уруудлаа доройтлоо хэмээн үг хайргүй зэмлэдэг. Зэвүүрхэн буруутгадаг. Магадгүй зарим нь энэ мэтээр эхнэр хүүхэд, эрхэлдэг бизнес, эндсэн алдсанаараа барьцаалагдан, өөрийн үзэл бодлын эсрэг саналаа өгөөд сууж байхыг үгүйсгэмгүй нөхцөл байдал Монголын улстөрд хэдийнэ бий болжээ. Энэхүү аалзны шүлсний нэгээхэн хор нь АТГ-аас ялгарч байдаг гээд хэлчихвэл махны машинд мань мэтийн сэтгүүлч өртөж балрах юм биш байгаа. Авлигыг анагаана хэмээн цагтаа ноён Элбэгээ том дуугарч, толгой гэдийлгэж байсан. Анагаадаг америк технологи нь энэ юм болов уу гэж сумын төвийн улстөржих дуртай өвөө нар асуугаад байж сонсогдсон. За яадаг ч байсан Алтанхуягийн " Төрсөн үр хүүхэд, найз нөхдөөр нь барьцаалан ялладаг түүх надаар дуусаг" гэж хэлсэн ерөөл байгаа юм хойно, хурайлаад сууж байхад болох байлгүй. Хурай, хурай...Хадны мангааг хамжааргадаж хайрла, харгис Ганнибалыг хазаарлаж хайрла....гэх юм уу,хаашаа юм.

 

Эх сурвалж: Эмүжин author page

Сэтгэгдэл бичих

arrow icon